“Ерөнхий сайдыг огцруулах бичигт АН-аас нэг хүн гарын үсэг зурсан”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 11 секунд
“Ерөнхий сайдыг огцруулах бичигт АН-аас нэг хүн гарын үсэг зурсан”

“Ерөнхий сайдыг огцруулах бичигт АН-аас нэг хүн гарын үсэг зурсан”

УИХ дахь АН-ын бүлгийн  өнөөдрийн ээлжит хуралдаанаар төсөв тойрсон асуудлыг голлон ярьсан байна. Бүлгийн хуралдаанаар намын даргын мэдээлэл, Ерөнхий сайдын мэдээллийг тус тус авч хэлэлцсэн бөгөөд төсөвтэй холбоотойгоор байгуулсан ажлын хэсгийн ахлагчийн мэдээлэл, тариалангийн тухай шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг авч шийджээ.

Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Ардчилсан нам хуваагдаж, гишүүд өөр нам байгуулан гарч байгаа тухай мэдээлэл сүүлийн үед хэвлэлүүдээр цацагдах болсон. Тэгвэл ийм зүйл болоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Намын зүгээс төрийн бүтцийн өөрчлөлт, төсвийн реформ хийж байгаа гэдгээ түрүүн албан ёсоор зарласан. Үүнтэй холбогдуулан чөлөөглөгдөж байгаа хүмүүсийг давтан сургалтаар нэг хэсгийг нь сургах, нөгөө хэсгийг нь хувийн хэвшилд ажиллах боломжийг нь нээж өгье гэж шийдвэрлэж байгаа" гэж онцолсон  юм. 

Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар дараах хариултыг өглөө. 

 Төсөв хэмнэнэ гэж яриад байгаа хэр нь 3000 хүнийг давтан сургалтад суулгавал түүнээс ч их хэмжээний мөнгө зарцуулна. Дээрээс нь эдийн засаг нь хүндхэн байгаа хувийн хэвшилд 3000 хүнийг шингээх боломж байгаа юу?

- Төсвийн реформ, бүтцийн өөрчлөлт хийх гэж байгаа. Тийм учраас бүтцийн өөрчлөлтөд 3000 орчим хүн хамрагдах нь гэсэн тооцоо гарч ирсэн учраас энэ асуудлыг ярьж байна. Энэ Засгийн газар болон өмнөх Засгийн газрыг байгуулж байхад “төсөв хэтрүүллээ, маш олон хүнийг ажилд авч байна, яам тамгын газарт танил тал болон бусад хүмүүсийг маш ихээр авч байна” гэхчилэн сөрөг хүчин шүүмжилж байсан.

Гэтэл үүнийгээ засч залруулаад бүтцийн өөрчлөлт хийе гэдэг энэ асуудлыг оруулж ирэхээр “одоо энэ хүмүүсийг чөлөөлж яах юм” хэмээн ярьж байна. Энэ асуудлыг яаж шийдэж байгаагаа би сая хэллээ. Нэг ёсондоо давтан сургаж болох юм байна. Энд төсвөөс ямар нэг зардал гарахгүй. Дараагийн асуудал нь хувийн хэвшилд шилжүүлэх асуудал. Тэгэхдээ хувийн хэвшилд шилжүүлнэ гэдэг нь энэ хүмүүс зах зээлийнхээ жам ёсоор хувийн хэвшилд ажиллах боломжийг нь нээж өгч байгаа. Тухайн хүмүүс өөрсдөө аж ахуй нэгж эрхлээд явах боломжтой гэсэн саналыг ярьж байна. Энэ асуудал ингэж шийдэгдэх боломж байна гэдгийг Ардчилсан нам харж байна гэсэн үг.

- Бүтцийн өөрчлөлтийн талаар Засгийн газраас оруулж ирсэн асуудлыг бүлэг дэмжсэн гэсэн үг үү. 3000 хүн өөрчлөлтөд хамрагдана гэдэг нь бүрэлдэхүүний хувьд авч үзвэл яг ямар албан тушаалтай хүмүүс байгаа вэ?

- 3000 хүнд төрийн захиргааны албан хаагчид байгаа. Төрийн улстөрийн албан хаагчид цалин нь 30 хувиар хорогдож байгаа. Давхардсан орон тоонууд мөн хамрагдана. Сангийн яамнаас төсвийг анх өргөн барихдаа бүтцийн өөрчлөлтийг тусгаж оруулж ирсэн. Агентлагуудын хувьд ялгаагүй зарим давхардлуудыг арилгах зорилгоор өөрчлөн зохион байгуулах шаардлагатай байгаа. Сангийн яамнаас нэмээд тодруулга авч болно. Б.Болор сайд энэ талаар нэлээд тодорхой хариултууд өгсөн байсан.

- Ерөнхий сайдыг огцруулахад танай намын гишүүд гарын үсэг зурсан уу, зурж болохгүй гэсэн сануулга бүлгээс өгсөн байгаа юу?

- Өнөөдрийн байдлаар 14 гишүүн гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл бий. АН-аас нэг гишүүн гарын үсэг зурсан байгаа.

- Танай намын зарим гишүүд нам байгуулсан тухай мэдээлэл гарч байна, энэ үнэн үү? 

- Хэвлэлээр гарч байгаа мэдээллээр бол АН гурван хэсэг задарчихаад байна. Өнөөдрийн байдлаар нам байгуулсан гэх нэр заагдсан гишүүдтэй уулзаж бүлгийн даргын хувиар тодруулга авсан. Ардчилсан нам өөр нам байгуулж, зохион байгуулалтад орсон зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.

- Гацууртын ордын асуудал УИХ-д хоёр удаа орж ирээд буцаагдсан. Одоо Засгийн газраас дахин өргөн барих болж байгаа юм байна. Үүнийг танай намын бүлэг дэмжиж байгаа юм уу?

- Гацууртын орд ямар байгаа талаар мэдээллийн хэрэгслүүдээр олон удаа гарсан. Тус хуулийг гаргаад, Гацууртын ордыг ашиглаагүйн улмаас улс хэрхэн хохирч байгаа талаар цуврал нэвтрүүлэг гарч байгаа. Дахин эдийг засгийн хүнд байдалд руу шилжүүлэхгүйн тулд зайлшгүй ашиглах хэрэгтэй гэдэг нь тодорхой байгаа. Тийм учраас Засгийн газар “Бороо гоулд”, “Сентерра гоулд” компанитай УИХ-ын гаргасан шийдвэрийн дагуу гэрээ хэлэлцээрт ороод асуудал нь тохиролцоонд хүрсэн гэдгийг Ерөнхий сайд албан ёсоор хэлсэн. Тийм учраас УИХ буцаан оруулж ирэх шаардлагатай болсон гэдгээ мөн хэлсэн. Үүнийг АН-ын бүлэг дэмжиж байгаа. Түүнчлэн хамт Ноён уулыг тусгай хамгаалалтад авах хуулийн төслөө оруулж ир гэсэн шаардлага тавьсан.

- Ирэх оны төсөв хүнд байна гэж ярьж байгаа. Гэтэл Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөө 2016 оны 1-р сарын 01-нээр хийхээр оруулж ирж яагаад чадахгүй байгаа юм бэ, ирэх 8-р сарын 01-нээс гэхээр дараагийн Засгийн газрын эрхэнд халдахгүй юу?

- Дараагийн Засгийн газар, УИХ-ын эрхэнд халдаж байна гэдгийг нэг талаараа хүлээн авах боломжтой. Нөгөө талаараа хүлээн авахгүй байх нөхцөл бүрдсэн байна. Нэг үгээр 2016 оны төсвийн төсөл дээр бүтцийн асуудал яригдаагүй байна.  ЗГХЭГ-ын даргын өгч буй мэдээллээр 2015 оны төсвийн тодотголыг дагалдаж бүтцийн өөрчлөлт орж ирж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдээд явчихвал 2016 оны Засгийн газар өөр бүтцээр ажиллах боломжийг бүрдүүлж байна гэж тайлбарлаж байгаа. 1 дүгээр сарын 01-нээс болгох эсэх тухай МАН яриад эхэлчихсэн байгаа. Энэ бол  цэвэр тоглолт.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn
 
2021 оны төсвийн тодотголын төслийг өргөн барилаа
2021 оны төсвийн тодотголын төслийг өргөн барилаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.