Өчигдрөөс эхлэн төрөөс авлагатай ААН-үүдийн векселийг (өрийн бичиг) дахин бичиж эхэлснийг зарласан. Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга З.Мэндсайханаас векселийн санхүүжилтийн талаар тодруулахад “Энэ оны нэгдүгээр сарын 23-нд УИХ-ын 7 дугаар тогтоолыг батлан гаргасан юм. Үүнд 2012 оноос хойш төрийн захиалгат ажлыг хийсэн боловч санхүүжилт авч чадаагүй ААН-үүдийн санхүүжилтийг вексель гарган, олгохыг Засгийн газарт даалгасан юм. Энэ дагуу энэ оны долдугаар сарын 7-нд Засгийн газрын 287 дугаар тогтоолоор вексель бичих ажил эхэлсэн. Гэтэл наймдугаар сарын 4-нд УИХ-ын Төсвийн байнгын хорооноос вексель бичигдэж байгаа ААН-үүдийг шалгах шаардлагатай гэж шийдвэрлэсэн. Улмаар Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг томилсноор ААН-үүдэд арилжааны 8 банкаар дамжуулан олгох санхүүжилт түр зогссон юм. Өнгөрөгч сард Төсвийн байнгын хорооны дарга Б.Болороос вексель бичиж болно гэсэн агуулгатай албан бичгийг Сангийн яаманд ирүүлсэн. Иймд өнөөдрөөс эхлэн төрөөс авлагатай, гэрээнд заасан ажлынхаа 80-аас дээш хувийг гүйцэтгэсэн компаниудад вексель бичиж эхэллээ. Нийт 283 ААН-д 176.1 тэрбум төгрөгийг олгоно” гэв.
- ГУРВАН КОМПАНИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ТҮР ХОЙШЛУУЛЖЭЭ-
Төсвийн байнгын хорооноос 3 компанийн санхүүжилтийг түр хойшлуулж, шүүхийн шийдвэр гарсны дараа санхүүжилтийг нь олгохоор болсон байна. Үүнд MCS групп, Алтай трэст, Очир төв гэсэн компаниуд багтжээ. Энэ 3 компанид нийт 70 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох ёстой байсан аж. Сангийн яамнаас векселиэ бичүүлж авсан компаниуд өнөөдрөөс эхлэн арилжааны банкаар дамжуулан төлбөрөө авах юм байна. Зээл авах замаар, дээрх төлбөрөө барагдуулах бөгөөд энэ нь арилжааны банкуудаас авах зээлээ ААН-үүдэд тараана. Зээлийн хугацаа нэг жил, хүү нь жилийн 5 хувь байх юм. Ингэхдээ Сангийн яам дээрх санхүүжилтийг векселээр баталгаажуулж буюу өрийн бичиг гаргах замаар хийх юм. Векселийн тухай хуулийн дагуу Сангийн яам арилжааны банкуудтай гэрээ хийнэ. Мөн Монголбанкнаас үнэт цаас буюу өрийн бичиг худалдан авч, 283 ААН-д өрийн бичиг олгох юм. Хуульд зааснаар Монголбанк л өрийн бичиг гаргах эрхзүйн чадамжтой. ААН-үүд холбогдох буюу 8 банкаар дамжуулан өрийн бичгээ мөнгөжүүлэх аж. Сангийн яам бүх арилжааны банкинд санал гаргахад 8 банк өрийн бичгийн нөхцөлийг хүлээн зөшөөрсөн байна.
Э.БҮҮВЭЙ