О.Эрдэнэбулган: Хөрөнгө оруулагчдаа гүтгэж байгаа нь хамгийн хариуцлагагүй үйлдэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
31 минут 38 секунд
О.Эрдэнэбулган: Хөрөнгө оруулагчдаа гүтгэж байгаа нь хамгийн хариуцлагагүй үйлдэл

О.Эрдэнэбулган: Хөрөнгө оруулагчдаа гүтгэж байгаа нь хамгийн хариуцлагагүй үйлдэл

-Шинэчлэлийн засгийн газарт ажиллаж байсны хувьд Шийдлийн засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн харж байна?

- Зарчмын хувьд Шийдлийн Засгийн газрыг байгуулсанд би хувьдаа дуртай биш байгаа. Яагаад гэвэл сөрөг хүчинтэйгээ нийлээд Засаг барьдаг тогтолцоо цаашдаа  үйлчлэхээр болж байх шиг байна. Өөрөөр хэлбэл парламентын зарчим алдагдаж байна. Яах гэж тэгвэл сонгууль явуулдаг юм. Олон санал авсан нам нь засгаа байгуулаад хариуцлагаа хүлээгээд дөрвөн жил ард түмэндээ амласнаа хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүй замын дунд амласан зүйлээсээ "муриад", ард түмний итгэж өгсөн саналыг хөсөр хаяад сөрөг хүчинтэйгээ нийлээд засаг барьж  асуудлыг шийднэ гэвэл энэ шийдэл буруу. Эдийн засгийн ганц хоёр асуудлыг шийдэхийн тулд засгаараа оролдоно гэж байж болохгүй асуудал .

-Тэгвэл Шийдлийн Засгийн газрын хамгийн түрүүнд хийх ёстой алхмуудын талаар та юу гэж харж байна?

- Хамгийн түрүүнд зарим нэг хуулийг яаралтай батлах хэрэгтэй байна. Нэгдүгээрт урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмыг өөрчлөх шаардлагатай.Ойролцоогоор 3000 -д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл энэ хуулийн үйлчлэлд ороод хүлээгдэж байна. Тэгэхээр энэ хуулийг байгаль орчинд ээлтэй байдлаар шийдээд явбал манай эдийн засаг огцом сэргэх боломж харагдаж байгаа. Хуулийн үзэл баримтлал зөв зүйтэй боловч  хууль гарахаас өмнө олгосон байсан тусгай зөвшөөрлүүд тухайн үеийн Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд олгогдсон хайгуулын зөвшөөрлүүд байгаа. Тэгэхээр үүнийг шинэ хууль гаргаж ирээд хаагаад байвал энд бизнес хийх хөрөнгө оруулагч гадаад дотоодгүй байхгүй болно. Тэр утгаараа энэ асуудлыг нэгдүгээрт шийдэх ёстой. Хоёрдугаарт хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох явцаа эрчимжүүлэх шаардлагатай. Манай улс дөрвөн улиралтай,  уулын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хавар, зун, намар л явагддаг. Тэгэхээр маш богино хугацаанд их ажил явуулах шаардлагатай байдаг. Уулын үйлдвэрлэл маш хүнд, их хөрөнгө, хугацаа шаарддаг ажил учраас үүнийг аль болох эрт эхлүүлэх тусам үр өгөөж нь бидэнд хэрэгтэй. Мөн яаралтай Оюутолгой Рио Тинтотой асуудлаа тохирч хоёр дахь шатны үйлдвэрлэлээ эхлүүлэх шаардлагатай. Түүнчлэн Тавантолгойн асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх хэрэгтэй байна.

-Уул уурхайн дэд сайдаар хоёр жил гаруйн хугацаанд  ажилласан хүний хувьд эдийн засгийн гол хөшүүрэг болох томоохон төслүүдийн үйл явц хэрхэн өрнөж  байгааг ажиглаж байгаа байх.  Энэ талаар ямар  мэдээлэлтэй байна?

-Дэлхийн зах зээл дээр гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ унасан эдийн засаг таатай биш байгаа нөхцөлд манай гол төслүүд хэлэлцэгдэж байна. Ялангуяа Таван толгойн төслийн хувьд хоёр оролцогч хамтарч ажиллах саналаа өгсөн. Шинхуа Митсубиши Энержи ресурс компаниудын нэгдэл, Пий боди Энержи компаниуд. Миний ойлгосноор Засгийн газраас Хятад, Япон, Монголын хамтарсан консерциумыг шалгаруулж хэлэлцээрүүд ид явагдаж байна гэж ойлгож байна.

- Таны харж байгаагаар явагдаж байгаа хэлэлцээрээс ямар үр дүн гарах бол?

-М.Энхсайхан сайд туршлагатай хүн . Гэхдээ анхаарах ёстой хэд хэдэн зүйл байна. Эрдэнэс таван толгой үйл ажиллагааны хувьд муу байгаагүй сайн ажиллаж байсан компани. Тэрдундаа туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Монголын уул уурхайн олборлогчдын нэгдэл амжилттай сайн ажиллаж байсан. Ер нь бол гаднын хөрөнгө оруулагч оруулж ирэх асуудал дөрөв  таван жилийн өмнөөс яригдаж байсан . Тэр үед зөвхөн баруун Цанхийн хэсэг дээр дэд бүтэц ,олборлолт борлуулалтыг асуудлыг гаднын хөрөнгө оруулалт, туршлагатай компаниар хийлгүүлж монголчууд туршлагажиж авах бодлого байсан шүү дээ. Одоо бол Тавантолгойн орд бүхлээрээ гадныхны мэдэлд шилжих гэж байна. Яах аргагүй энэ бол манай улсын хувьд эдийн засагт чухал нөлөөтэй том төсөл. Гэхдээ энэ хэлэлцээр явагдах нөхцөл байдал ямар байсныг бид эргэн санах  нь зүйтэй байх. Ер нь 2010 онд тухайн үеийн хамтарсан Засгийн газрын үед энэ уурхайг олон улсын түвшинд өрсөлдөхүйц том хэмжээний уурхай болгож гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оруулсан томоохон  бүтээн байгуулалтыг бий болгох зорилгоор олон улсад нээлттэй тендерийг зохион байгуулсан байдаг. Түүнээс хойш компанийн үйл ажиллагаанаас шалтгаалж энэ хэлэлцээр амжилттай явагдаагүй өнөөдрийг хүрсэн. Энд  эдийн засгийн болон уулын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар ярих ёстой . Эрдэнэс Тавантолгой компанийн хувьд уулын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг маш сайн явуулж ирсэн. Ил аргаар ашигладаг уурхай. Монголчууд бид энэ тал дээр арвин баялаг туршлагатай. Тухайлбал Багануур, Шивээ овоо, МАК уурхайгаа өөрсдийн хүчээр ашиглаж байсан чадвар туршлагатай. Компанид  хүндрэл үүссэн шалтгаан нь үйл ажиллагаанаас  бус зөвхөн компанийн санхүүгийн байдал доройтсон явдал. Санхүүгийн байдал нь хэрхэн доройтсоныг бүгд л мэднэ шүү дээ. Тухайн үед БНХАУ-ын Чалко компанитай  бүтээгдэхүүн худалдах гэрээ байгуулаад урьдчилж 250 сая доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг авч улсын төсөвт өгөөд түүнийгээ халамжид тараачихсан. Олсон ашгаараа  компанийнхаа чадавхийг сайжруулж дараагийн шатанд үйл ажиллагаа нь дэвшиж явдаг нь зарчим биз дээ. Тэгээд л компани нэгэнт бүтээгдэхүүн зарах гэрээ байгуулж мөнгөө урьдчилж аваад улсын төсөвт өгчихсөн болохоор цаашдын үйл ажиллагаагаа гадаад дотоодын банкнаас зээл авч үргэлжлүүлэээс өөр аргагүй байдалд  орсон. Эрдэнэс Тавантолгой компани өнөөдрийн байдлаар  850 тэрбум төгрөгийн өртэй болж дампуурлын эрмэгт ирчихсэн байна. Энэ нь цэвэр компанийн буруу гэхээс илүүтэйгээр тухайн үед засаг барьж байсан улс төрийн  бүлэглэл зарим улстөрчдийн буруугаас болсон гэдгийг бид бүгд мэдэж байгаа.Миний сонссоноор Пий боди Энержи компани бол тухайн компанийг 5 жилийн хугацаанд санхүү болон үйл ажиллагааны хувьд хөл дээр нь босгоод дараа нь компанийг нээлттэй хувьцаат компани болгож ард иргэдэд өгсөн хүн тус бүрийн 1072 ширхэг хувьцааг үнэ цэнэтэй болгох сайн саналыг өгсөн байдаг. Мөн нөгөө талын консерциумын өгсөн саналд авах сайн саналууд ч байна. Тухайлбал ШинХуа бол хятадын төрийн өмчит нүүрсний гол компани. Тиймээс тэдэнтэй хамтраад ажиллабал манайх нүүрсний борлуулалт дээр санаа зовохгүй байх бүрэн боломж байна. Дээр нь Сумитоми корпораци 30 орчим хувийн бүтээгдэхүүнийг авч гуравдагч зах зээлд гаргая гэсэн саналууд явж байгааг сонссон. Шинхуа бүлэглэл энд байгаа боловч хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Бүтээгдэхүүний хүссэн хэмжээгээрээ авч чадаж болно. Гэхдээ үнийг Шинхуа дангаараа удирдана. Тэгэхээр Монголд ганц Тавантолгой нүүрсний уурхай байхгүй учраас бусад нүүрсний уурхайнууд Шинхуагийн монополийг дааж давж гарах эсэхийг мэдэхгүй байна. Тухайлбал МАК, Саус Гоби Сэндс, Монголиан Энержи корпорэйшн зэрэг олон компанийн үйл ажиллагаа доголдох байдал гарахыг үгүйсгэхгүй байна. Яагаад гэвэл Шинхуа нэг үнээр бүх бүтээгдэхүүнийг аваад эхлэхээр бусад компаниуд нүүрсээ тэдний тогтоосон үнээр өгөхөөс өөр аргагүй болно. Энэ бол нэгдүгээр том асуудал. Хоёрдугаар асуудал нь энэ консерциум ороод ирэхэд дотоодын аж ахуй нэгжүүдийн бүтээн байгуулалтад оролцоод татвар төлөөд үйл ажиллагааг дэмжээд явж байсан Монголын уул уурхайн оператор Мера холдингийн үйл ажиллагааг цаашид яаж хангах юм бэ. Гуравдахь нь ард иргэдэд өгсөн 1072 ширхэг хувьцаа хэрхэх нь тодорхойгүй. Одоо бол үнэгүй цаас дансанд байж байгаа тоо. Үүнийг зайлшгүй биежүүлж хөрөнгөжүүлэх ёстой, үндсэн зорилго энэ л байсан. Одоо бол байдал арай өөр тийш хандах гээд байна. Дөрөвт нь би төмөр замыг хэлнэ. Манай улсын төмөр замаас баримтлах бодлогод үндсэн сүлжээ бол төрийн өмч байна гэж заасан. Гэтэл одоо төмөр замын үйл ажиллагааг тухайн консерциумд ашиглуулах хэлэлцээр явагдаж байна. Хэрвээ ийм шаардлагатай байсан бол тухайн үед Энержи ресурс компани төмөр замын зөвшөөрөл аваад бариад эхэлж байх үед нь яагаад зогсоосон юм. Мөн Пий боди Энержигийн саналыг яагаад өрсөлдүүлж сонсож үзээгүй, хэлэлцээр хийгээгүй юм гэдэг дээр эргэлзэж байна.  Пий боди бол дэлхийд хамгийн том нүүрсний олборлогч компани, хятадад тодорхой үйл ажиллагаа явуулдаг тэдэнтэй хэл амаа ололцоно, бүтээгдэхүүнээ зарах чадвар боломж ч тэдэнд бий.  Пий бодигийн өгч байсан саналд манай ард иргэдэд илүү ашигтай байдлаар нөлөөлөх зүйл байсныг үгүйсгэхгүй. Тэгэхээр цаашдаа дээрх зүйлсийг анхаарах, хоёр оролцогчийн өгсөн саналыг ард иргэдэд ил тод нээлттэй болгох шаардлагатай байгаа юм.

- Мега төсөл гээд яригдаад байна, мэдээлэл ч их цацагдаж байна. Мега төслийн талаарх таны бодол?

- Мега төсөл өөрөө  их онцлогтой. Мега төсөл амжилттай хэрэгжвэл тухайн бүс нутаг, улсын эдийн засагт хүчтэй үр нөлөө үзүүлдэг. Гэхдээ Мега төсөл амжилттай хэрэгжих боломж нь хязгаарлагдмал. Учир нь  маш их хэмжээний хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаардагддаг учраас . Ер нь дэлхийд Мега төсөл амжилттай хэрэгжих боломж нь 3/1 гэсэн судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл 100 төслийн 30 нь л амжилттай хэрэгжинэ гэсэн үг юм. Бусад томоохон Мега төсөл янз бүрийн шатандаа зарим нь амжилтгүй болдог. Тухайлбал ТЭЗҮ боловсруулах шатандаа эдийн засгийн үр ашиггүй байдаг ч юм уу эсвэл ТЭЗҮ нь батлагдаад цааш үргэлжлээд банкуудтай харьцаж эхлэхэд шаардлагуудыг нь хангаж чадахгүй байх зэрэг олон шалтгаанаар Мега төслүүд унах тохиолдол бий. Монголын хувьд Оюутолгойн хоёр дахь шатны үйл ажиллагаа, Таван толгойн томоохон бүтээн байгуулалтын үйл ажиллагаа Мега төслийн хэмжээнд очино. Манайд Мега төсөл байж болохоор хэд хэдэн төслүүд бий. Тухайлбал  Эрчим хүчний том төслүүд, Таван толгойн цахилгаан станц, Тавдугаар цахилгаан станц, Шинэчлэлийн Засгийн газрын үед яригдаж байсан БНХАУ-ын Синопек  корпорацитай хамтран хүрэн нүүрсийг боловсруулж сентитик байгалийн хий гаргаж авах 30 тэрбум долларын төсөл, мөн төмөр зам, нисэх онгоцны буудал барих зэрэг төслүүдийг Мега төслийн хэмжээнд авч үзэж болж байгаа юм. Ер нь Мега төслийн хөрөнгө оруулалтын цар хэмжээ нь тэрбум доллараас яригдаж эхэлдэг.

- Ер нь томоохон төслүүд яригдахад ийм хөрөнгө оруулалт хэрэгтэй, тийм эдийн засгийн үр өгөөжтэй гэсэн том тоонууд харагдчихаад алга болчихдог, Жишээ нь Синопек юу болсон бэ?

- Н.Алтанхуяг ерөнхий сайд байхдаа 2013 онд өмнөд хөршид айлчлах үедээ хятадын холбогдох байгуулагууд болон төрийн өмчит Синопек корпорацитай Монголд элбэг байдаг хүрэн нүүрсийг ашиглах  гарцыг эрж хайсан  том алхам хийсэн. Манай улс хүрэн нүүрсний хувьд 165 тэрбум тонны нөөцтэй дэлхийд нөөцөөрөө эхний 10-т ордог улс. Өнөөдөр хүрэн нүүрсийг хоёр замаар ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Нэгд нь хүрэн нүүрсийг шатааж, цахилгаан эрчим хүч гаргах эсвэл дулаан үйлдвэрлэх зэрэг уламжлалт аргаар , хоёр дахь нь эрчим хүчний зориулалтаар  нүүрсийг боловсруулаад сентитик байгалийн хий гаргаж авах хоёр хувилбар байна. Яагаад гэвэл хүрэн нүүрс элбэг үнэ хямд боловч тээвэрлээд  борлуулахад  эдийн засгийн үр ашиггүй . Тиймээс Уул уурхайн яаман дээр ажлын хэсэг гаргаж Францын компанитай хамтраад Өвөрмонголд маш том хэмжээний хүрэн нүүрсийг боловсруулах сентитик байгалийн хий гаргах төслийг амжилттай хэрэгжүүлсэн БНХАУ-ын Синопек хэмээх  арвин туршлагатай компанитай  хамтарч ажиллах урьчдилсан тохиролцоонд хүрч  харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж  урьдчилсан ТЭЗҮ-ийг хйигээд  дууссан байсан. Харин одоо ямар шатанд явж байгааг мэдэхгүй байна. Энэ бол улс эх орны  эдийн засагт маш том нөлөө үзүүлэх нэг төсөл байх боломжтой юм.


-Тэгээд Синопекээс хөрөнгө оруулалт нь орж ирсэн үү?

- Хөрөнгө оруулалт орж ирээгүй. Яагаад гэхээр ТЭЗҮ-ийг нарийвчлан батлах ёстой энэ ажиллагаа хийгдэж байгаа эсэх нь тодорхойгүй . Харин сүүлийн үеийн мэдээллээс харахад манайх дээрх төслөөсөө ухраад жижиг төслийг хятадын Засгийн газрын тусламжаар хэрэгжүүлэх төлөвлөгөө явуулж  байгаа бололтой. Үүнд би маш харамсалтай байна гэж хэлмээр байна.

- Та  Оюутолгойн асуудлаар хамгийн их байр сууриа  илэрхийлдэг хүний нэг. Одоо Оюутолгойн нөхцөл байдал ямар байгаа бол?

- Хоёр талдаа хүлээлтийн байдалтай байгаа юм билээ. Саяхан Туркис хилл  компанийн хэвлэлийн мэдээнээс харж байхад хоёр тал харилцан хэлэлцээр хийхээр эрмэлзэж байна. Аль болох хурдан тохиролцоонд хүрч хоёр дахь ээлжийн буюу далд уурхайн санхүүжилтийг босгож үйлдвэрлэлийг эхлүүлэх бодолтой байгаа нь мэдээж . Энэ дээр би хэд хэдэн зүйлийг хэлэх ёстой. Туркис хилл компани бол гурван ч бирж дээр бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани. Тэдний бүх материал санхүү үйл ажиллагаа нь нээлттэй байдаг. Тэгэхээр Туркис хилл компанитай өмнө нь Засгийн газар  хэлэлцээрийн түвшинд байсан  хэд хэдэн асуудал дээр ерөнхийдөө ойлголцолд хүрсэн байсан. Тухайн үед буюу 2013-2014 онуудад бид Оюутолгой компани, Рио Тинто хөрөнгө оруулагчидтай бүх зүйл дээр хамтарч ажиллаж гол гол асуудлуудаа шийдэж чадсан гэдгийг хэлмээр байна.  Оюутолгой төсөл  хэдийгээр эдийн засагт их нөлөөтэй том төсөл боловч  нэг л компани нэг л төсөл нэг уул уурхайн үйлдвэрлэлийн компани. Гэтэл үүнийг улстөржүүлж, хүн бүр санаатай болон санамсаргүйгээр энэ үйл ажиллагааг нь тасалдуулах асуудал гарч байна. Тухайлбал татвар төлөөгүй маргаан, мөн эхний шатны санхүүжилт хөрөнгө оруулалтыг 2 тэрбум  доллараар хэтрүүлсэн гэсэн асуудал.

- Та нар тодорхой тохиролцоонд хүрч ажиллаж чадаж байсан гээд байна. Гэтэл дорвитой юм шийдэж чадаагүй юм биш үү. С.Баярцогт сайд хэлэхдээ гэрээнд 50 гаруй зүйл заалтад  өөрчлөлт оруулах саналыг цаад тал  тавиад байгаа. Учир гэрээ маш сайн болсон учраас гээд тайлбарлаад байдаг. Таны дэд сайдаар ажиллаж байх үед тухайлбал ямар өөрчлөлтийг хийх санал оруулж ирж байсан юм бол?

- Тэгэхээр гэрээг сайн муу болсон үр дүнтэй болсон эсэхийг гэрээ хийсэн улстөрчид биш цаг хугацаа л харуулна . Бид өнөөдөр сайн гэрээ байгуулчихлаа үүнийгээ өөрчилье, муу гэрээ байгуулчихлаа ингээд байна гээд байж болохгүй . Мөн тавин хэдэн заалттай хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ямар ч санал Рио Тинто талаас ирээгүй. Үүнийг хариуцлагатайгаар хэлэх ёстой. Нэгдүгээр үеийн ил уурхайн болон баяжуулах үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүллээ, 2013 оны долдугаар сард үйлдвэрлэл бүтнээрээ ажиллаад анхны бүтээгдэхүүнээ экспортод гаргасан ,үйлдвэрлэл жигдэрсэн үүнийгээ амжилттай хэрэгжүүллээ гэдгээ  дүгнэе  мөн цаашдаа хэрхэн хамтран ажиллах талаараа харилцан ойлголцлын санамж бичиг байгуулъя л гэж байсан.  Ер нь бол татварын маргаантай байгаа асуудлын талаар нэгдсэн нэг ойлголтод хүрэхгүй бол цаашдаа ч энэ маргаан үргэлжлэхээр байна. Бодит нөхцөл байдал ямар байна гэхээр дээр би хэлсэн Туркис хилл компани бол нээлттэй компани хувьцаа нь бирж дээр арилжаалагддаг учраас хөрөнгө оруулагч болгон хяналтаа тавьж байдаг.Бүх санхүүгийн үйл ажиллагаа нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар хийгддэг.  Тиймээс манай татварын байгууллага олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг яаралтай нэвтрүүлэхгүй бол гадны хөрөнгө оруулагчидтай хэл амаа ололцохгүй байна гэдэг дүр зураг харагдаж байна. Энэ нь ганц Оюутолгой компани дээр бус саяхан Саус Гоби Сэндс компанийн удирдлагуудыг шүүх хурал болсныг бид бэлээхэн харлаа. Үүн дээр татварыг яаж бодож байгаа, яаж тайлагнаж дүгнэж байгаа дээр арга барилын зөрүү байна. Тэгэхээр манай  Засгийн газар яаралтай Их хуралд нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг мөрдөх хуулийн төслийг санаачилж оруулах шаардлагатай байна. Дараагийн нэг яригдаж буй асуудал бол нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын зардлын хэтрэлтийн асуудлыг манай талаас тавьж байсан. Энэ бол зүйтэй асуудал. Хэдийгээр бид 34 хувийг эзэмшиж байгаа боловч бид өрөөр санхүүжиж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтын зардал хэтрэх тусам бидний өрийн хэмжээ нэмэгдэж байгаа. Тиймээс бид Засгийн газраас үүнийг бодитой тогтоох ёстой. Ингээд зардлын хэтрэлтийг 2 тэрбум бус нэг тэрбум 900 сая орчим доллараар тогтоох талаар тохиролцоонд хүрч чадаж байсан. Ер нь бол ТЭЗҮ-ийг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулах, улсын зөвшөөрөл олгох, хил гааль боомтын асуудлуудыг шийдэх гээд олон чухал асуудлыг хамтдаа ярилцаад шийдэж чадсан. Харамсалтай нь шийдлийн Засгийн газар гараад хоёр сар болсон боловч ямар нэг хэлэлцээр үргэлжилж явагдахгүй байна. Харин зарим нэр улстөрчид өөрсдөө байгуулж байсан гэрээгээ сайн болсноо батлах гэж оролдохдоо янз бүрийн хариуцлагагүй мэдэгдлийг хийж байна.  С.Баярцогт сайд энэ гэрээг анхнаасаа байгуулалцсан хүмүүсийн нэг. Үүндээ итгэлтэй байгаа гэдэгт итгэж байна. Гэхдээ УИХ-ын хариуцлагатай индрээс Рио Тинто компани 50 гаруй зүйлт заалттайгаар энэ байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ ирүүлээд байна гэсэн мэдэгдлийг хийсэн. Энэ нь байж болшгүй, хөрөнгө оруулагчаа гүтгэсэн, үл итгэсэн  популист мэдэгдэл байсан гэдгийг хэлмээр байна. Монголчууд хийсэн гэрээндээ үнэнч байх ёстой. Монголчууд хэлдэг, за гэвэл ёогүй гэдэг шиг нэгэнт байгуулсан гэрээг ягштал мөрдөж ажиллах ёстой. Харин хоёр дахь шатны бүтээн байгуулалтын хувьд хөрөнгө оруулалтыг босгох төслийн санхүүжилтийг яаж хийх тал дээр хариуцлагатай идэвхтэй сайн ажиллах ёстой. Тухайн компанийн хувьд зөвхөн нэг төсөл дээр хөрөнгө оруулдаг компани бус Рио Тинто бол дэлхийн хоёр том зэсийн компанийн нэг. Тэгэхээр ийм том хөрөнгө оруулагч үйлдвэрлэгчтэй дэлхийн хэлээр харилцан ярьж бие биенээ хүндэтгэж ажиллах шаардлагатай гэж бодож байна.

- Саяхан улсын төсөв батлагдлаа. Манай эдийн засаг Уул уурхайгаас хамааралтай байдаг. Төсөөлллөөр тоо тавьж төсөв бүрдүүлдэг. Та уул уурхайн салбарын хүний хувьд төсөв хэр бодитой болсон гэж харж байна.

- Ер нь Шийдлийн Засгийн газрын тэргүүн зоригтой их шийдэмгий төслийг оруулж ирсэн. Харамсалтай нь УИХ дээр унагасан. Халамжийг танах, хэт төсөөлллөөр уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоос төсвийг их хэмжээгээр бүрдүүлэхийг бууруулах сайн төсөл оруулж ирсэн гэж би бодож байна. Гэтэл унагаснаар төсвийн орлогыг тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, тэр хэрээр төсвийн зардлыг нэмэгдүүлж баталсан. Тэгэхээр энэ төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлага  гарна. Яагаад гэхээр хятадын эдийн засаг энэ онд 7 орчим хувиар өсөх тооцоо бий. Мөн Европын холбооны хямрал үргэлжилсээр байна. Тэгэхээр цаашдаа манай гол нэрийн бүтээгдэхүүн тэр дундаа зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөх хандлага ажиглагдахгүй байгаа. Хятад нийтдээ 800 сая тоннын гангийн үйлдвэрлэлийн илүүдэлтэй  байгаа. Тиймээс төмрийн хүдэр , гангийн хэрэгцээ , коксжих нүүрсний хэрэглээ бага байхаар төлөвлөж байгаа. Ийм нөхцөлд төсөвт уул уурхайн салбараас орж ирж байгаа орлогыг  өөдрөгөөр төсөөлөх нь зохимжтой биш байсан.

- Гадны хөрөнгө оруулагчдын итгэл ямар түвшинд байгаа бол, цаашдаа хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага ажиглагдаж байна уу?

- Засгийн газрын тэргүүн хэлж байсан бид хөрөнгө оруулагчдаа урьж авчирчихаад эргээд заамдаад хөөгөөд гаргасан гэж. Энэ бол үнэн бодит байдал. Тухайн үед Монгол Улс уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын анхаарлын  гол цэг нь байсан. Тэр ч утгаараа манайхыг фронтер зах зээл гэж нэрлэж байсан. Бид амжилттай зүйлүүдийг хийж байсан. Харамсалтай нь  стратегийн хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай,мөн  өмнө нь 68 хувийн татвар авах  хуулиуд гаргаж  ашигт малтмалын тухай хуулийн үйлчлэлийг ерөнхийлөгч зогсоон хайгуулыг 5 жилийн хугацаанд хорьсон гэх мэт "огцом" хуулиудыг гаргаснаар хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан. Мөн оруулж ирсэн хөрөнгө оруулалт, бизнесээс орж ирэх орлогыг хамаагүй халамж руу оруулсан нь хөрөнгө оруулагч нарт таагүй сэтгэгдэл төрүүлсэн. Гэхдээ сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх алхмууд болж байна гэж харж байна. Ялангуяа хууль батлах боловсруулах төвшинд хийгдэж байна. Тухайлбал шинэ хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж гаргалаа. Мөн ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийлээ,газрын тосны тухай хуульд шинэчилсэн найруулгыг хийж баталлаа, эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг их хурлаар хэлэлцэх гэж байна. Энэ бүхэн сайшаалтай хэрэг. Гэхдээ хамгийн гол нь хөрөнгө оруулагчид хууль сайн муу байхаас илүү хуулийг ягштал тогтвортой урт хугацаанд мөрддөг улс оронд ажиллах сонирхолтой байдаг. Үүнийг бид цаашдаа ойлгож үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай

- Одоогийн нөхцөл байдалд хөрөнгө оруулагчид юуг илүү сонирхож асууж байна ?

- Хөрөнгө оруулагчдын гол ярьж байгаа зүйл бол Монгол улсын Засгийн газар Рио Тинтотой хэлэлцээ хийж байгаа Оюу толгой төслийн хоёр дахь үйл ажиллагаа яаж явах гэж байна, Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмыг яаж шийдэх гэж байна, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хэзээ батлах вэ  , мөн бизнесийн таатай орчныг яаж бий болгож байгаа талаар ихээхэн асууж сонирхдог. Ер нь хөрөнгө оруулагчид манайд хөрөнгө оруулах итгэлээ  бүрэн алдчихаагүй хүлээсэн харзнасан байдалтай байна уу даа л гэж харж байна даа. Би нэг жишээ хэлье. Ганц монголд бус Австралийн  Ерөнхий сайд хатагтай Ж.Гиллард 2014 онд шинэ татварыг бий болгосон. Манайх шиг гэнэтийн ашгийн татварыг нүүрсний компаниудад тавьсан. Үүнийг дэлхий даяараа цочирдож хүлээж авч байсан. Уул уурхай 100 гаруй жил хөгжсөн ийм улсад иймэрхүү шийдвэрүүд гарч л байна, ганц манайх биш юм. Магадгүй түүнээсээ болоод тус улсын Ерөнхий сайд огцорсон байх. Би хөрөнгө оруулагч нарт хэлдэг юм бид  хувийн хэвшилд суурилсан эдийн засгийг хөгжүүлээд 25 жил л болж байна. Энэ хугацаанд  ардчиллыг хөгжүүлэх дээр нь хувийн хэвшилд суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд алдаж оноод л явж байгаа. Гэхдээ бид алдсан алдаагаа засаж залруулж явдаг зөв зүйлээ дэмжээд явдаг улс болохын төлөө явж байгаа гэдгийг хэлэхэд гадны хөрөнгө оруулагчид  сайн хүлээж авдаг .

 

- -Нефтийн үнэ ханшийг тогтворжуулах гол хэлэлцээг таныг хийсэн гэдэг. Дэлхийн зах зээл дээр үнэ буураад байхад манайд яг хэвээрээ л байна?

- Нөхцөл байдал ямар байна гэхээр дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ унасаар байна. Зургаахан сарын өмнө 100 доллар байсан газрын тосны үнэ өнөөдөр 40 доллар цаашдаа 30 ч болж магадгүй гэсэн прогноз байна. Тэгэхээр өнөөдөр бид нэг зүйлд баярлах хэрэгтэй. Бид 5 жилийн өмнө дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ өсөж байна уу бууж байна уу тэр хамаагүй байсан. Зөвхөн нэг хэрэглэгчээс хамааралтай, ОХУ ямар үнэ хэлнэ түүгээр нь л авдаг байлаа. Өнөөдөр  сэтгүүлч та дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны уначихаад байхад манайд яагаад буурахгүй байгааг асууж байна . Бид дэлхийн зах зээлийн үнээр тооцож бүтээгдэхүүнээ авдаг гэрээ жишигтэй болсон учраас энэ бол асуух ёстой  асуулт зайлшгүй мөн. Дэлхийн зах зээлийн үнээ  дагаад үнэ буух боломжтой юу гэвэл боломжтой бүр 100-200 төгрөгөөр ч буух боломжтой. Гэхдээ нэг аюул нь энэ үнийн өсөлт бол  эрэлт нийлүүлэлтээс болж үнэ буурч байгаа асуудал биш юм. Харин цэвэр геополитикийн асуудлаас болж тодорхой бүлэг улсууд ОПЕК-ийг бойкот хийх маягаар газрын тосны үнэд шахалт үзүүлж байгаа зохиомол зүйл учраас эргээд хэд ч болж өсөж мэднэ. Тэгэхээр маш аюултай юм. Хамгийн гол нь үнийг буулгаж нэмэхээсээ илүүтэйгээр үнийг тогтвортой барих явдал чухал.  Тиймээс Засгийн газраас сая онцгой албан татварыг нэмэгдүүлж тогтворжуулах арга хэмжээ авсан нь маш зөв гэж бодож байна. Үнийн савлагаа үүсгэхгүйн тулд Засгийн газар үнэ буурч байгаа үед татвараа нэмээд өссөн үед нь татвараа буулгах зарчмаар үнийг тогтворжуулах нь зүйтэй арга юм.

PHOTONEWS.MN

 

Хөвсгөл далайн эрэг орчимд “Найрамдал-2” зуслан барих шийдвэрт Хөвсгөлчүүд талархаж байна
Хөвсгөл далайн эрэг орчимд “Найрамдал-2” зуслан барих шийдвэрт Хөвсгөлчүүд талархаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.