Ногоон орон сууцны жишиг хотхон ашиглалтад орлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 55 секунд
Ногоон орон сууцны жишиг хотхон ашиглалтад орлоо

Ногоон орон сууцны жишиг хотхон ашиглалтад орлоо

Нийслэлийн Орон сууцны корпораци, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, “Хабрид хауз” компани хамтран Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчимд эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд гурван айлын 2100 ам метр орчим газрыг чөлөөлж, долоон айлын жишиг хотхоныг ашиглалтад оруулан, өнөөдөр нээлтийг нь хийлээ.

Уг орон сууцны гол онцлог нь гүний цэвэр устай, бохироо 98 хувь хүртэл цэвэршүүлэн, дахин ашиглах боломж бүхий цэвэрлэх байгууламжтайгаас гадна нарны илчийг өөртөө шингээн халаах технологитой учраас эрчим хүч хэмнэх давуу талтай. Мөн агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын өнгө үзэмжийг сайжруулахад эерэгээр нөлөөлж, өрх бүр эрүүл, тохилог орчинд амьдрах боломжийг бүрдүүлж байгаа юм. Иргэдийн хувьд тус ногоон орон сууцны байгаль орчин, эдийн засагт ээлтэй чанарт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар “Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн төвийн инженерийн шугам сүлжээ хүрэхгүй хэсгүүдэд ногоон орон сууц барихтай холбоотойгоор иргэдэд зориулсан зээл гаргах, Ногоон орон сууцны санг байгуулах гэх мэтээр санхүүжилтийн үйл явцыг бэлдсээр байгаа. Бид стандартын дагуу ногоон орон сууцыг нутагшуулан, олон улсын сертификат авахаар ажиллаж байна. Ингэснээр олон улсын банк, санхүүгийн байгууллагаас бага хүүтэй зээл авах боломж бүрдэж, иргэд ч мөн хүү багатай ипотекийн зээлд хамрагдан, орон сууцаа авах боломжтой болно” гэсэн юм.

Энэ жилийн хувьд 10 мянган айлын ногоон орон сууц барих төсөл хэрэгжиж, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хэсгүүдэд ногоон орон сууцууд барих юм. Төслийн хүрээнд иргэд жилийн зургаан хувийн хүүтэй, 170 сая төгрөг хүртэлх Ногоон орон сууцны зээлд хамрагдах боломжтой.

Төслийн гүйцэтгэгч “Хабрид хауз” компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ “Нэг айлын байр ойролцоогоор 78 сая төгрөгийн үнэтэй болсон. Иргэд урьдчилгаа 10 хувийг төлөөд, Германы хамтын нийгэмлэгийн төсөлд хамрагдан 18 сая төгрөгийг суутгуулна. Ингэснээр үлдэгдэл 52 сая төгрөгийг ногоон зээлд хамрагдан сард дунджаар 490-630 мянган төгрөг төлж, таун хаустай болох боломжийг бүрдүүлсэн. Энгийнээр тайлбарлавал, та жилд төлдөг халаалт, түлшний зардалтай дүйцэхүйц төсвөөр байраа өмчлөх боломжтой гэсэн үг” гэв.

Төсөлд хамрагдсан иргэн П.Мандахбаяр “Хүү маань тус компанийн амины сууцын анхны захиалагч. Хүүгийн маань байшин надад их таалагдсан. Гэр хороололд эрчим хүчний өндөр хэмнэлттэй, ийм сууцанд амьдарч болох юм байна гэж бодоод энэ удаагийн төслийг дэмжин, захиалга өгсөн. Эхлээд ямар ч халаалтгүйгээр дулаахан байна гэдэгт итгээгүй ч хүүгийнхээ байшинг хараад итгэл төрсөн. Энэхүү төслийн хүрээнд ийм сайхан орон гэртэй болж буйдаа баяртай байна” хэмээн ярилаа.

Тус жишиг хаус нь -40 хэм хүртэлх хүйтэнд халаагуур ашиглахгүй, гал түлэх шаардлагагүйгээр дулаан өвөлжих технологийн шийдлийг ашигласнаараа онцлог юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Д.Сумъяабазар: Засгийн газрын дэмжлэггүйгээр хот, нийтийн аж ахуйн хөгжлийн бодлого явахгүй
Д.Сумъяабазар: Засгийн газрын дэмжлэггүйгээр хот, нийтийн аж ахуйн хөгжлийн бодлого явахгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.