Монголчуудын өөдөөс аугаа амжилт айсуй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
19 минут 25 секунд
Монголчуудын өөдөөс аугаа амжилт айсуй

Монголчуудын өөдөөс аугаа амжилт айсуй

/МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХИЙН БОСГОН ДЭЭР ТЭЭХ ҮГ/

ТҮҮХ ДАВТАГДДАГ

Агуу их түүхийн санамжтай ард түмэн үргэлж агуу их рүү тэмүүлж байдаг. Философийн энэ онол Монголчуудын мөнхийн сэдэв, мөнхийн мөрөөдөл гэхэд хилсдэхгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах түүхийн нэгэн шинэ хуудас нээгдэж байгаа энэ өдрүүдэд хөгжил дэвшлийн горьдлого, найдлагыг тээж энэхүү сэдвийг хөндөж байна.

Агуу санамжийг үлдээсэн Их Монгол Улсын түүх юу билээ. Монголчууд дэлхийг захирах болсон тэр үеийг Монголын тулгар төрийн үеэс өргөн цараар нь үзвэл, язгуурын монголчуудын 1400-аад жилийн бутрал, хагаралд цэг тавьж нэгэн дээвэр дор нэгдэн нягтарсан явдал юм. Нүүдэлчин аймгуудын нэгдэх үйл явц эхэлмэгц тэднийг дотор нь хагаралдуулах, өш хонзонгийн гинжин хэлхээг өдөөн дэвэргэх бүхий л оролдлого мухардаж, Их Монгол Улсын захиргаанд орж байсан. Гэхдээ тэр цагийн сүүлийн үеийн нөхцөл байдлыг эргэн харвал, өөр зуураа хагаралдан тэмцэлдсээр, бусдын зууш болсоор бутарч үгүй болсон. Аливаа улс нийгэм алс ирээдүй, нэгдмэл зорилгоо тодорхойлоогүй цагт хэмлэлдсээр дуусах аюултай зам тосдог байх нь. Монголчууд бид 1992 онд ардчиллын замыг сонгосноор ололт амжилт авчирсан зүйл бий боловч хөлөөрөө толгой хийж, хүний хэлснээр бодлогоо тодорхойлж, газар нутгаа ухуулж, гаднынханд найр тавьсаар 30 жил болсон нь үнэн түүх билээ. Тэр бүхний хор уршгаар бид бүтээдэг бус нураадаг, хайрладаг бус хорсдог, уучилдаг биш зуудаг, манлайлдаг биш дагалддаг, үйлдвэрлэдэг биш хэрэглэдэг, бурууг өөрсдөөсөө биш бусдаас хайдаг, нүглээс айдаггүй хэрнээ үнэнээс айдаг ийм л арчаагүй болжээ. Энэ янзаараа цааш явбал юу болох нь бүгдэд тодорхой. Монголчууд та бид бүгдээрээ эргэж нэг хармаар байна, эргэцүүлж бас бодмоор байна.

Чингис хааны хүч нь энгийн амьдрал, эгэлгүй ухаанаас гадна хааны сэнтий дэх эрх мэдлээ ард түмний сайн сайхны төлөө зориулдагт байсан гэдэг. Гэтэл манай өнөөгийн лидер нэртэнгүүд албан тушаалаа өөрсдөө баяжиж хөлжих, хувийн эрх ашгийн төлөөх хуйвалдаан хийх хэрэгсэл, гэмт хэргийн нуувч болгон ашиглаж байгаа нь нүдний өмнө ил байна. Ингэхлээр улс орон, ард түмэн ийм л байдалд ордог юм байна гэдгийг бүгд л жигшиж бас ойлгож байна. Нөгөө агуу их түүхийн санамжтай ард түмэн, түүний хүсэл тэмүүлэл, түүх давтагддаг гэсэн яасан хэрэг вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тийм ээ, бид унтсан нь үнэн, сэрэх нь ч бас гарцаагүй. Түүх ч давтагдана. Гэхдээ үйл явдлыг таамаг, сэтгэлийн хөөрөл, мухар сүсгээр бус харин онолоор, бодитоор авч үзье. Эхлээд бид өөрсдөө хэн бэ, хэн байх боломжтой, ёстой юм бэ гэдгээ дэлхийн хэмжээний судалгаа дүгнэлтүүдээс харж, ухаарцгаая.

АНУ-ын нэрт улс төр судлаач З.Бжезински: “Их шатрын хөлөг: Америкийн байр суурь ба геостратегийн амин чухал бодлого’’ номдоо Монголын эзэнт гүрнийг дахин өөр нэрээр, цоо шинэ зарчимд тулгуурласан дэлхийн тогтолцоо болгон яаж бүтээх, яагаад бүтээх ёстой тухай бичсэн байх юм. Дэлхийн хүчирхэг эрх мэдлийн (Global power) амин сүнс нь Монголын эзэнт гүрний цар хүрээг хамарсан Евразид байна гэж дүгнэн бичжээ. Энэ тухайгаа тэрээр “Монголчуудын улс төр, дипломат бодлогын уламжлал хийгээд туршлага бишрэм.

“Монгол Евразийн гол тоглогчдын нэг байх бүрэн боломжтой” гэж Монголд ирээд байхдаа ч хэлж байлаа. Түүнийхээр бол, Монголын эзэнт гүрэн нуран унасан шалтгаан нь, нэгд, хээл хахуульд идэгдсэн, хоёрт, өөр хоорондоо хагаралдсан, гуравт, хойч үеэ бэлдэж чадаагүй, дөрөвт, дэлхийн санхүүгийн тогтолцоог бүрдүүлж чадаагүй хэмээн дүгнэсэн байна.

Хятадын төр сүүлийн гучин жилийн дотор 600 сая гаруй ядуу, нэн ядуу иргэнээ өлсгөлөнгөөс салгаж, амьдралын урам зориг, баяр бахархлыг нь бий болгож чадсан байхад, дэлхийн тогтолцоог бүтээсэн гайхамшигт түүхтэй манай Монгол Улс гурван сая хүнээ ядуурлаас салгаж чадаагүй төдийгүй бусдаас гуйлга гуйсаар, өөр хоорондоо буруутан хайж, тамга тэмдгийн арчаагүй хэрүүлээр нийгмээ самарч, алдаа бүхэндээ шалтаг тоочсон шал арчигч болсондоо дүгнэлт хийх цаг нь болжээ.

Төрийн жинхэнэ үүрэг бол өөрөө хүчтэй байж ард түмнээ баян чинээлэг амьдруулах боломжийг бүх талаар хангах ёстой болохоос бус өнөөдрийнх шиг Засгийн газар, ард иргэд нь ч ялгаагүй өрийн сүлжээнд хүлэгдэж, өдөр хоногийг аргацаасан байдлаар улс орныг удирдаж болохгүй. Ганцхан жишээ хэлье, бидний /тэдний/ тавьсан өр ДНБ-ээс хэд дахин давсан нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс гурав дахин их. Бидний өнөөдөр тавьсан өр Манжийн дарангуйллын үеийнхтэй ч харьцуулшгүй, дааж давшгүй юм. Манжийн үеийн тавьсан өрийг хэдэн дансны дэвтэр шатаахад л шийдэгдэж байсан бол өнөөдөр бид тавьсан өрөндөө зөвхөн баялгаа төдийгүй эх орон, газар нутаг, тусгаар тогтнолоо тавьж туух хэмжээнд хүрчихээд байна шүү дээ. Ямартай ч энэ байдалд төрөл бүрийн түвшинд дүн шинжилгээ хийцгээж байна.

Түүний дотор, Монгол Улсыг түвшитгэх эхлэлийг тавьсан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь энэ асуудал үндэсний ухамсрын түвшинд суулгасан улс төрийн соёл болж тогтоно гэсэн үг. Юутай сайн. Одоо ард түмний агуу их хүслийн илэрхийлэл, биелэл болох дэлхийн түвшинд гарах стратегитай ажиллах хэрэгтэй. Цаг нь ирсэн тул энэ бүтнэ.

Бид Их Монгол Улс сэргээсэй, түүх давтагдаасай л гэж хүсэж байгаа. Ерөнхийлөгч хүн үндэсний удирдагчид байх зангаргийг харуулж, өөр хоорондын хагаралдааны гинжин асуудалд орооцолдох бус, тулга тойрсон хэрүүл зодооны дээгүүр харж, дэлхийн дайтай Монгол болох том зорилго дэвшүүлэн ажиллах хэрэгтэй байна. Энэ нь дэлхийг дайлаар мордох аянд гарах тухай асуудал бөгөөд үүнийг орчин үед хөрвүүлвээс, аянд гарна гэдэг нь олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг, дайны зөв стратеги нь дэлхийд гарах стратегийн бодлого гэсэн үг. Олз омогтой эргэн ирнэ гэдэг нь дэлхийн хөрөнгийн биржүүд, капиталын зах зээлээс мөнгө босгож Монголдоо авчирна гэсэн үг, зах зээлээ тэлэх нь газар нутгаа тэлэхтэй ижил утга, гадаадын компаниудыг худалдан авах нь дайсны талыг олзлохтой дүйцэх бөлгөө.

Тэртээ XIII зуунд 900.000 гаруйхан хүн амтай монголчууд 250 сая хүн амтай газар нутгийг эзэлсэн байдаг. Ямар ч боломжгүй тэр үед байж боломгүйг бүтээсэн үндэстэн боломжоор дүүрэн энэ цагт хүний хийснийг давтах боломжтой нь дамжиггүй. Товчхондоо, хөгжил, дэвшлийг авчрах санхүүгийн дайнд гарах тухай яригдана гэсэн үг. Өнөөгийн энэ тулааны ялалт, олз омог нь дэлхийн капиталын зах зээлээс хэдий хэмжээгээр хутган авч, ард түмэндээ хэрхэн хүртээх вэ гэдгээр тодорхойлогдоно.

Тэгвэл, дэлхийн зах зээлд Монголчуудыг оролцох боломжоор хангах, дэлхийн түвшний баялаг бүтээж, түүнийгээ тэгш хуваарилах замаар өрийн сүлжээнээсээ гарч, монголчууд ардчилал, эрх чөлөөгөө эдэлж, цаашлаад хүн төрөлхтний энх тайван ба хөгжилд хувь нэмрээ оруулж, удахгүй монголчууд дэлхийд визгүй зорчих паспорттой хүчирхэг үндэстэн болох боломжтой. Үүнийг хийж бүтээхэд нүүдэлчдийн гурван цагийн хэлхээсийн учрыг ойлгосон, дэлхийн хэмжээний хүсэл төсөөлөлтэй, Монголыг дэлхийд гаргаж, дэлхийг Монголд авчирч чадах мэдлэгтэй хүмүүсийн ухаарал, хүсэл, нэгдэл, хурд, сэтгэхүйн цараа, үйлдэхүйн чадамжаас шалтгаална.

1948 оноос өмнө еврей үндэстэн 3000 гаруй жил төргүй байсан, зөвхөн жүдийн сүм дээрээ тулгуурлан зохион байгуулалтад орж төрөө байгуулан, боол байсан ард түмэн дэлхийн хамгийн хүчирхэг санхүү, бизнес, мэдлэгийн стратегич үндэстэн болж төлөвшсөн нь 1896 онд Теодер Хезлийн боловсруулсан “Еврей төр” гэдэг 31-хэн хуудастай стратегийн төлөвлөлт болон түүний хэрэгжилтийн үр дүн юм. Гэтэл, хүн төрөлхтний дотор Монголчууд болон еврей үндэстний ялсан түүх, байгуулсан гавьяаг харьцуулах ч боломжгүй агуу түүхийн эзэд билээ, бид. Одоо тэгээд яаж дэлхийг засаглах юм бэ, бид. Хариулт нь товч бөгөөд тодорхой. Хүн төрөлхтний мөнгө болон мэдлэгийг засаглах хэрэгтэй гэдгийг түүх баталж байна. Тэгвэл яаж дэлхийн мөнгө болон мэдлэгийг засаглах юм бэ, бид. Энэ мөн л товч бөгөөд тодорхой. Мөнгийг санхүүгийн зах зээлээс босгоно, мэдлэгийг старт-ап үйлдвэрлэнэ. За одоо бодитойгоор ажилдаа оръё. Дэлхийн хөрөнгийн биржид Монголчууд гарч өөрийн үндэстний компаниудыг дэлхийн түвшний үнэлгээтэй болгосноор Монголын сэргэлтийн шинэ түүх эхэлж, дэлхийн санхүүгийн үндэстэн болж төлөвшинө. Үүнийг цааш задалбал, санхүүгийн мэдлэгээр гинжин холбоо үүсгэж дэлхий даяар ахин дахин хөрөнгө оруулалт хийж, Хөрөнгө оруулалтын сангуудаа аж үйлдвэр, зах зээлийн хөгжлийн чиглэл бүрээр байгуулан ажиллана. Ингэснээр Монголчууд аль ХIII-ХV зуунд гарамгай хийдэг байсан, тив дамнасан санхүүгийн үндэстэн байснаа эргэн сэргээх бүрэн боломжтой.

Хүн төрөлхтний мэдлэгийг засаглахын тулд мэдлэгийн үйлдвэрлэл болон хэрэглээний экосистемийн тогтолцоог бүрдүүлж хөгжүүлдэг өнөөгийн дэлхийн шилдэг практикийг бид “Монгол” гэсэн тодотголтойгоор гаргаж ирэх хэрэгтэй. Мэдлэгийг хэрэглээнээс салгасан засаглал гажигтай байдаг бол хэрэглээнээс мэдлэгийг салгасан ард түмэн удахгүй хэрэглээндээ залгиулдаг.

Иймээс, бид мэдлэгийг үйлдвэрлэхээс гадна түүнийг хэрэглээнд нэвтрүүлдэг дэлхийн Старт-Ап улс болсноор Монголчууд дэлхийн мэдлэгийг засаглагч үндэстэн болно. Хөгжлийн тухай бид утга агуулга, бүтэц, цаг хугацааны аль ч талаас нь гажуу, зөрүү ойлгоод байна. Хөгжил гэж ярихдаа бид сайхан хөгжсөн орны жишээг зөв татаад байгаа хэрнээ арга хэмжээ авахдаа хөгжсөн орны жишээг бус харин хөгжихгүй байгаа орнуудын хийдгийг дуурайгаад байна. Бидний хөгжил гэж бодоод, яриад, хамаг мөнгөө хаяад байгаа нефтийн үйлдвэр, автозам, төмөр зам, уул уурхайн олборлолт бол хэрэглээний үйлдвэрлэл, дэд бүтэц төдий юм. Бас эдгээр нь мэдлэгийн үйлдвэрлэл болон хэрэглээний экосистем биш учраас шинэ мэдлэг үйлдвэрлэгдэж хэрэглээнд ороод ирэхээр шинэ шийдлээр орлогдож бүтээл сууриллын онолын эмгэнэлийг бид эдлэх болно. Тухайлбал, нүүрс тээвэрлэх төмөр замын ирээдүйн технологи нь хайпер лууп, нүүрс олборлож эрчим хүч гаргах технологийг дэлхий дахинд ойрын 15-20 жилд бүрэн хэрэглэхээ болихын цагт их хөрөнгө оруулсан хөрөнгө маань үр өгөөжгүй, бидэнд дахин өрийн дарамт болж үлдэх болно. Энэ жишээг энгийнчлэн ойлгомжтой болгохын тулд хувь хүн дээр авч үзье. Хэн нэгэн гар утастай эсвэл машинтай болно гэдэг хэрэглээгээ л хангаж байгаа нь тэр. Түүнээс бус машин унаж, гар утас эзэмшсэн тул тэр хүн хөгжсөн байна, мэдлэгтэй болсон байна гэсэн үг биш. Мөн машин, гар утас нь амьдралд орлого олоход нэмэртэй ч, зөвхөн зарлага нэмэгдүүлэх тал ч бий. Энэ бол дээр дурдсанчлан, нефтийн үйлдвэр, авто болон төмөр зам, уул уурхай бол хөгжил биш, мэдлэг бол бүр ч биш гэдгийг харуулна. Монголчуудын энэ бүх бүтэлгүйтэл, алдаа, хулгай, нүгэл, хилэнц бүгд орчин цагийн хамгийн хүчтэй зэвсэг болох мэдлэг, мөнгө хоёр байхгүйтэй л холбоотой юм. Иймээс, дэлхийн санхүү /мөнгө/ болон мэдлэгийн засаглалаас өөр бидний тэмүүлэх хөгжил байхгүй. Хөгжлийн бүтэц дээр хэдэн үг хэлье.

Өнөөдөр Монголын эдийн засаг ДНБ гэсэн өрөөсөн багана дээр тогтож байгаа нь бид ерөөс гэрт юу байна, түүнийгээ зарж амьдарч байгаатай агаар нэг. Глобалчлагдсан энэ үед гаднын зах зээлийг ашиглаж, гадаадад байгаа монголчууддаа түшиглэж, дэлхийн хэмжээний бизнесийг орчин үеийн түвшинд эрхэлж, олон улсаас орлого олж болох сувгуудыг нээж ажиллавал манай эдийн засагг үндэсний нийт бүтээгдэхүүн /ҮНБ/ гэсэн давхар тулгуур багана босож ирнэ. Энэ нь ямар ч орны хувьд эдийн засгийн жинхэнэ зөв бүтэц, баттай тулгуур юм. Үүнийг ойлгоход эдийн засагч байх албагүй ч энгийнчлэн хэлье. Батын гэр бүл Монголдоо ажил хийгээд амьдралд нь хүрэхгүй болохоор нэг хүүгээ Солонгос явуулаад гурван сарын дотор өрнөөсөө гарч, жилийн дараа машинтай, гурван жилийн босгон дээр байртай болов. Дан ганц дотоодоос авдаг цалингийн орлого /улсын хувьд ДНБ/ бус гадаадаас давхар орлого /улсын хувьд ҮНБ/ олох нь хавьгүй ашигтай юм гэдгийг Батынхан ч ойлгочихсон л байна шүү дээ, таминь. Иргэд ажил эрхпэхээр гадаад явахад ч, улсынхаа эдийн засгийг хос баганатай болгож ҮНБ-ий орлогыг нэмэгдүүлэхэд ч гэсэн төрийн дэмжлэг, зохицуулалт хэрэгтэй. Энэ дутагдаж байна. Үүн дээр нэмээд цаг хугацааны хүчин зүйлсийг тооцох хэрэгтэй. Манайхны ярьж, төлөвлөж байгаагаар бол Монгол Улс 20-30 орчим жилийн дараа байдал арай дээрдэж эхлэх бололтой. Ингэж өөрсдийгөө болон өрөөлийг хуураад юу хийхэв дээ. Тэр үед өнөөдөр амлаж суугаа дарга нарын төдийгүй горьдож байгаа ард түмний ч нас хүрэхгүй биз. Хөгжил гэдэг хоромхон зуур ирэх боломжтой зүйл болохоос хэдэн арван жилээр ярьдаг, амладаг зүйл огт биш. Дахин бодит хөгжлийн гурван жишээ татъя.

ДУБАЙ ХОТ. Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжил дэвшлээрээ гайхуулж байгаа Дубай хотыг 2001-2006 оны хооронд тавхан жилийн дотор барьсан. Энэ үед дэлхийн нийт өндөр краны 25 хувь нь Дубайд төвлөрч 24 цагаар ажиллаж байсан гэдэг.

СИНГАПУР УЛС. Хөгжих найдвар бага, хамгийн хэцүү гараанаас эхэлж, одоо нэгэнт хэнд ч гүйцэгдэхгүй болсон энэ улс манай шилжиж дуусдаггүй, унаж дуусдаггүй ардчиллын 30 жилээс ч богино хугацаанд дэлхийн эдийн засгийн ёроолоос гарч оройд нь хүрсэн байдаг.

ХЯТАД УЛС. Энэ улсын үсрэнгүй хөгжил сүүлийн 15 жилтэй л холбоотой. Хятадын Коммунист нам 2005 онд анхны компаниа Нью-Иоркийн хөрөнгийн бирж дээр гаргасан тэр цагаас Хятад дэлхийн улс болж дэлхий тэдний нөлөөнд орж эхэлсэн юм.

Ингэж л улс орноо богино хугацаанд хүчирхэг, баян чинээлэг болгохыг хөгжил гэнэ. Харин, хэдэн үе мултарсан хойно гарах өөрчлөлт бол ердөө цаг хугацааны эрхээр аяндаа тохиолддог хувьсал юм. Монголчууд энэ сайхан орноо хөгжин мандахыг өнөө маргаашгүй хармаар байна. Хүүхдүүдээ гэнэн цайлган байгаа дээр нь, идэр насныхан ид яваа насанд нь, ахмадуудынхаа хүлээлт, захиасыг биелүүлж улс орноо хөгжүүлмээр байна. Энэ бол бодитойгоор хийгдэх боломжтой зүйл. Тэр бүхнийг Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлснээр биелэгдэх бүрэн боломжтой. Бас өвгөдийн аугаа түүх давтагдах цаг үе ирсэн гэдгийг монголчууддаа төдийгүй дэлхийд харуулах ёстой. Энэ бүхэн бол шинэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийх зайлшгүй ажил, хүлээх тулгарсан үүрэг, байгуулах түүхэн гавьяа нь мөн.

Монголчууд бидний өмнөөс аугаа их цаг үе, аугаа их амжилт айсуй.

Ц.ШАРАВДОРЖ /Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат хуульч/

Ким Ду Ханаас аймшигт... болсон нь
Ким Ду Ханаас аймшигт... болсон нь
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.