Ж.Шижир: Би утасны дугаар, тансаг машин, үнэтэй орон сууц, брэндийн хувцаст ач холбогдол өгдөггүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
19 минут 37 секунд
Ж.Шижир: Би утасны дугаар, тансаг машин, үнэтэй орон сууц, брэндийн хувцаст ач холбогдол өгдөггүй

Ж.Шижир: Би утасны дугаар, тансаг машин, үнэтэй орон сууц, брэндийн хувцаст ач холбогдол өгдөггүй

Н.ТҮВШИН

Түүнийг Монголын боловсролын салбарт шинэчлэл хийх “Амжилт2.0” системээ “Шарк танк” нэвтрүүлэгт танилцуулаад нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авч чадсаныг уншигчид маань мэдэх билээ. 2007 оноос одоог хүртэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө ажиллаж, 200 орчим ажил­чинтай, арван жилийн сургууль, дээд сургууль, IT-гийн компани, анимейшн бүтээгч компани, амралт жуулчлалын кэмп, хэвлэл мэдээллийн компани гээд арван охин компани үүсгэн байгуулж, удирдан чиглүүлж буй "Амжилт групп"-ийн захирал Ж.Шижиртэй ярилцлаа.

-Турк улсад танай баг Хөрөнгө оруулалтын форум саяхан амжилттай зохион байгуулаад ирэх шиг боллоо. Амжилт групп, Эхлэл компаниуд хоёр сая ам.долларын хөрөнгө босгож чадсан тухай нийгмийн сүлжээнд бичсэн. Явсан ажлынх нь талаар яриагаа эхэлье?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Турк руу зах зээлийн судалгаа хийж явахдаа ганц нэг уулзалт хийсэн. Тэр үед Туркт энэ оны нэгдүгээр сарын 18-нд Хөрөнгө оруулалтын форум хийхээр товлоод, сая “INVESTMENT 2022 forum”-аа амжилттай зохион байгуулаад ирлээ. Форумд Турк улсын 150 гаруй бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагч хувь хүн, албан байгууллагууд оролцлоо. Бидний зүгээс программ хангамж, технологийн 15 төслөө танилцуулсан. Форумын үеэр Росит Бора гэдэг хөрөнгө оруулагч хоёр сая ам.долларын хөрөнгө оруулахаар гэрээ хэлцлээ хийсэн.

-Хөрөнгө оруулалтын форумд оролцсон ямар чиглэлийн бизнесийнхэн танайхыг сонирхож байх юм?

-Голдуу электрон барааны бор­­луу­лалтаар бизнес эрхэлдэг, хүүхэл­дэйн кино хийдэг хүмүүс ирсэн.

-150 орчим хүн сонирхсон гэхээр Хөрөнгө оруулалтын фору­мын сурталчилгаа сайн байж дээ?

-Бид Туркт гудамжны самбар, телевиз, нийгмийн сүлжээгээр ийм форум болно гэсэн танилцуулгаа өөрсдөө л хийсэн.

-Яагаад Туркийг сонгох болсон юм. Танайхтай хамтарч ажиллах магадлал нь арай илүү байв уу?

-Тэр маш энгийн. Цар тахлаас болоод Турк руу л нислэг байсан.

-Дубайд бас ажил хэргийн уулзалт хийсэн байсан?

-Туркт очихоосоо өмнө Дубай орсон юм. Арабууд чинь алтанд их дуртай, үнэтэй чамин эд хэрэглэдэг улс. Тийм болохоор Дубайд Эмиратын Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны дарга хатагтай Аль Рим Мубарак Аль Америд “Golden Phone” төслөө танилцуулсан. “Ehlel gold” гээд алтадсан корпустай гар утас хийх тухай. Маш дуртай хүлээж авсан. Ажлын гэрээ гэхээр эхлээд санал таалагдаж байгаа үгүйг хэлдэг. Дараа нь мөнгөн дүн дээрээ тохирдог. Эцэст нь, хөрөнгө оруулаад ажиллаж эхэлдэг.

Ямар ч гэсэн Дубайд эхний үе шатаа амжилттай хийж чадсан. Одоо ZOOM-ээр холбогдоод дараа дараагийн ажлаа товлоод ажиллаж байгаа. Энэ сарын сүүлээр Дубайд очиж дараагийн шатны ажлаа ярилцахаар болсон.

Очихдоо Шех Сайд Аль Мактун гэж хүний компанийн ажлын албатай уулзалт хийнэ. Шех Сайд Аль Мактун гэдэг манайхаар бол алтан ургын угсаа залгамжилсан хүн юм билээ. Шехийн ажлын алба зөвшөөрвөл хамгийн багадаа 20 сая гаруй ам.долларын өртөг бүхий төсөл маань хэрэгжээд эхэлнэ гэсэн үг.

-Хулан-22 загварын утсаа алтан гадартай хийх гэж байна уу?

-Хулан-21 загварын утсаа алтан болгож гаргах юм. Хулан-21 загвар дээрээ зарим нэг сайжруулалт хийнэ. Тухайлбал SPU-г нь сайжруулахаар төлөвлөж байна.

-Сая ОХУ, Казахстанд бас салбараа нээж байгаа харагдсан?

-Туркээс ирэх замдаа Москва­гаар дайрсан. Манай хоёр ажилтан Москвад оффисоо байгуулаад ажиллаж, амьдарч байгаа юм. Тэр хоёр Оросоос хөрөнгө оруулалт авалгүйгээр эндээс бараагаа татаад тэндээ борлуулж байгаа Амжилт маань 10 охин компанитай 200 гаруй ажилчинтай болжээ. Оргүй хоосноос эхэлсэн дээ. Ингэхэд оргүй хоосноос эхэлсэн ч гэж юу байхав гэж хүмүүс бодох байх. Би ч бас багадаа баян хүмүүсийн түүхийг үзээд оргүй хоосноос эхлэнэ гэж юу байдаг юм гэж боддог байлаа. Гэтэл би өөрөө үнэхээр оргүй хоосон байсан. Компютер ч үгүй.

-Дэлгүүр нээсэн гэсэн үг үү?

-Дэлгүүр гэхээр бас биш л дээ. Тэнд ширхэгээр зарахгүй. Бөөний төв гэх юм уу даа. Манайхаар бол Тэди төвийн борлуулагчид шиг хүмүүст бөөнөөр нь худалддаг газар гэсэн үг. Казахстанд бас салбар компаниа байгуулсан. Дубай орчихоод буцахдаа Казахстанаар дайрна. Алма-Ата дахь ажлын явцтай танилцана. Орос бол Казахс­танаас татвар багатай бизнесийн орчин арай таатай юм билээ.

-Хулан-22 хэзээ нээлтээ хийх гэж байна?

-Есдүгээр сарын 22-нд.

-“Эхлэл” брэндийг бүх сэлбэгээ гаднаас аваад зөвхөн Монголд угсардаг. Тэгсэн мөртлөө Монгол брэнд гэдэг хэмээн шүүмжлэх нь бий ?

- Хүн хуураад, луйвардсан юм байхгүй л дээ. Монгол хүн тодорхой хэсгийг нь бүтээж байгаа. Дээр нь үнэдээ хүрэхгүй чанар зарсан юм биш. Хулан-21 маань 599 мянгаар зарагдсан. Ийм үнээр манай утастай дүйх шинэ утас авахад хэцүү биз. Ер нь, монголчууд маань аливаа юмыг харлуулдаг хандлагатай болжээ. Бид маш их хөдөлмөрлөж хүүхэлдэйн кино хийж байна. Бөөн ажил болж байж л утас бүтээж байна. Тэгэхэд элдвээр хэлээд байх хүн олон болж. Яасан ч их завтай байдаг юм. Одоо ийм юманд нэг их анхаарал хандуулаад байхаа больсон. Өмнө минь их ажил байна.

“Зуузуугийн найзууд” хүүхэл­дэйн киногоо гадаад зах зээлд гаргахаар болсон уу?

-Казахстанд манай хүүхэлдэйн киног гаргахаар тохиролцоод гэрээ хэлэлцээр хийчихсэн. Туркт ярианы түвшинд л байна. Зөвхөн хүүхэлдэйн киногоо гаргахад аль ч улсын телевиз аваад гаргах байх л даа. Хамгийн гол нь киногоо дагаад дүрийн бизнес болгоод, яаж ашиг олох санаатай маш олон уулзалт хийх болохоор одоохондоо төвлөрч ажиллаж чадахгүй л байна.

Эхний ээлжид утас, чихэвч, цэнэглэгч зэргээ Туркийн зах зээлд зарах нь амар байгаа юм. Борлуулалтын ажил жигдрээд, цэгцлээд авчихвал дараа дараа­гийн ажлаа эхлэх болно. Мөн амжилт.ком гээд сургуулийнхаа системийг англи хэл дээр хөрвүүлээд гадаадын улс орнууд ашиглах боломжтой болгохоор ажиллаж байна. Юутай ч эхлээд харилцаа холбоогоо тогтоогоод авах нь чухал байгаа юм.

-“Зуузуугийн найзууд” хэдэн анги нь бэлэн болсон бэ?

-25 анги хийгээд дууссан. 2017 оноос хойш хийсэн. Сая хүүхэлдэйн киноны багтаа хүн хүч нэмээд 60 гаруй хүнтэй болгосон. Энэ жилдээ ахиад 25 анги гаргахаар төлөвлөгөөтэй. Хүмүүс таван жилийн хугацаанд 25 анги хийчихээд жилийн дотор 25 анги хийнэ гэхээр гайхаж магадгүй. Өнгөрсөн хугацаанд дадлага туршлагатай, хурдтай боллоо, хүний нөөц ч нэмэгдлээ. Хамгийн гол нь, маш олон дүр дүрслэлийн архивтай болсон учир түүнийгээ дахин ашиглаад ирэхээр хурдан хийж болоод байгаа юм. Тоног төхөөрөмж рендер фарм маань ганцхан байсан бол одоо хангалттай болсон.

-100 ангит хүүхэлдэй гэж төлөвлөсөн бил үү. Киноноосоо ашиг олж эхэлсэн үү?

-Ирэх жилдээ 100 ангиа бүтээчих байх. Гэхдээ амьдрал баялаг, сэдэв гараад үргэлжлээд явах ч юм билүү. Ашгийн хувьд хүүхэлдэйн кино маань ашиг олж эхэлсэн. Киногоо хоёр телевизэд зардаг ч ашиг гэх юмгүй ээ. Харин дагаад чихмэл тоглоом, ном, таблет борлуулалт ашигтай байгаа. Ялангуяа хүүхдэд зориулсан “Зуузуу” таблет борлуулалт сайтай. Үзүүлэлтийн хувьд цэнэгээ удаан барьдаг, нягтрал, өнгөний ялгарал нүдэнд хортой биш гээд эрүүл мэндийн шаардлага хангасан. Монгол хэл дээр ажилладаг болохоор хэрэглэхэд хялбар. Зуузуу апп суулгасан. Апп дотор өдөр болгон таван шинэ контент ордог. Хүүхэд өдөр шөнөгүй таблет үзэж болохгүй. Тийм болохоор програмчлалын хувьд хязгаарлалттай үзэхээр шийдсэн. Хүүхэлдэйн баатруудыг маань ашиглахаар сүүний үйлдвэр, хувцас үйлдвэрлэдэг компани санал тавьсан нь хэлэлцээрийн шатанд явж байна. Ковидоос болоод зарим нэг төлөвлөсөн ажил удааширч байгаа. Уг нь хүүхэлдэй маань овоо хэдэн ангитай, багачуудын дунд ч алдартай болоод байна. Тийм болохоор цаашдаа олон бараа бүтээгдэхүүний нүүр царай болох байх.

-Үзэгчийн судалгаагаа хийсэн үү. Хэдэн насныхан байгаа вэ. Бага насныханд л зориулсан танин мэдэхүйн контент байх аа?

-Бага анги болон сургуулийн өмнөх насныхан. Бага ангидаа дөрөв, тавдугаар ангийнхан бас арай өөр юм сонирхоод байх шиг байгаа юм. Гуравдугаар ангиас доош л үзэж байгаа судалгаа бий.

-Танайх “Мора” гээд бүрэн хэмжээний 3D анимэйшн хийсэн байдаг. Хэдий хэр хугацаа зар­цуул­сан вэ?

-Нэг цаг 30 минутын кинонд хоёр жил зарцуулсан.

-Шижир захирлын хувьд багш мэргэжилтэй хүн. Боловсролын салбарт олон шавьтай болж байгаа биз?

-Би математикийн багш мэргэ­жилтэй. Дээр нь IT-гийн чиглэлийнх болохоор олон энэтхэг найзтай болчихсон байсан. Анх эхэлж байхад Монголд график дизайнер, программист мэргэжилтэй хүн цөөхөн. Юм хийх гэхээр яалт ч үгүй хүний нөөцийн асуудалтай тулгардаг. Тийм учраас эхлээд гурван сарын Амжилт академи гэж байгуулаад хүний нөөц бэлтгэлээ. Тэгсэн гурван сарын хугацаанд хангалттай чадвартай хүн бэлтгэж чадахгүй байсан. Тиймээс Энэтхэгийн компанитай хамтраад тэдний хөтөлбөрийн дагуу багш авч ирээд сургалт явуулаад гурван жил боллоо. Ковид гээд багш нар маань ирж чадахгүй л байна. Гэхдээ онлайнаар хичээлээ орж байгаа. Төгсөгчид маань манайд ажиллаад эхэлсэн. 3D бүтээл хийхэд Монголд хүний нөөц хэцүү л дээ. Миний хувьд өөрөө хүний нөөцөө бэлтгэж байна. Амжилт кибер гээд дунд сургууль маань багаас нь хүүхдүүдээ сургаж эхэлсэн.

-Тататунга гээд системийг бас танайх хийсэн биз. Цар тахлын нөхцөлд нэлээн тохиромжтой систем болсон. Энэ талаараа тайлбарлаж өгөөч?

-Одоо чинь компани, аж ахуйн нэгжүүд цаасан хэрэглээнээс татгалзаад цахимаар байгууллагаа удирддаг болсон. Санхүү хэрэг­лэгчийн бүртгэл, хүний нөөц, бараа бүтээгдэхүүний агуулах, ажлын төлөвлөгөө, орлого зарлага гээд компанийн бүх зүйлийг удирддаг систем юм. Удирдлагууд бүгдийг нь хянаж удирдах боломжтой л гэсэн үг. Ажилчид төлөвлөгөөгөө оруулаад түүнийг нь батлаад л гэх мэт. Маш олон компани энэ системийг маань ашиглаад үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хэрэглэгчид ам сайтай. Бидний зүгээс тасралтгүй хөгжүүлэлт хийдэг.

-Танилцуулсан төслөөрөө “Шарк танк” нэвтрүүлгээс Энхтүвшин шаркаас хамгийн өндөр хөрөнгө оруулалт авч чадсан. Шарктайгаа хамтын ажил­лагаа хэр байна?

-Бид хамтраад ажиллаж эхэл­сэн. Шарк маань олон жил бизнес хийсэн болохоор маш олон зөвлөгөө өгсөн. Сүүлийн үед тэр хүн гадаадаар, би бас гадаадаар яваад зөрж давхилдаад л байна. Инстаграммаар л их харилцаж байна даа. Бүх шатны сургууль, сургалтын төвийг удирддаг программ маань Шаркийн дэмжлэг авч чадсанд баяртай байгаа.

-Тэр системийнхээ талаар жаахан дэлгэрүүлж танилцуулаач?

-Багш, сурагч, сургуулийн менежер, сургуулийн захирал гээд сургалтын орчин дахь бүх хүмүүс хоорондоо холбогдож удирддаг систем юм. Сурагч, эцэг, эхийн хувьд ирц дүн, гэрийн даалгавар, тест, шалгалт, хоол унааны мөнгө гээд зүйлээ харж хянаж болдог бол багш хичээлийн хөтөлбөрөө батлуулах, цалин мөнгийг нь тооцох гээд сургуулийн үй олон бичиг цаасны ажлыг програмчилсан юм л даа. Жишээ нь манай системийг хэрэглэдэг сургуульд хүүхэд нь сурдаг эцэг, эх байлаа гэхэд ямар хичээлдээ хоцролттой явна, юуны төлбөр тооцоо төлөгдөөгүй, хэдэн удаа хоцорсон, тасалсан гэх мэтийг харж болно. Хүүхэд систем рүү нэвтэрлээ гэхэд багш өнөөдөр ямар гэрийн даалгавар өгсөн, би ямар амжилттай сурч байна гээд өөрт хэрэгтэй мэдээллээ харж болно.

-Хэдэн сургууль ашиглаж байна?

-60 гаруй сургууль ашиглаж байна. Энэ жилдээ монголын сургуулиудын олонхи нь ашиглах байх гэж бодож байна. Системийн маань сүүлийн хувилбар маш сайн болсон байгаа. Олон улсад ашиглагдах хэмжээний сайжирсан.

-Багш хүнээс л гарах санаа байх даа?

-Би оюутан байхдаа сургалтын төвд, сургуулиа төгсөөд дунд сургуульд багшилж байлаа. Тэр үеэс л бичиг цаасны маш их ажил байгааг цэгцэлмээр санагдсан. Бид банкинд очиж дараалал үүсгэхээ болиод шууд гар утаснаасаа шийдчихэж байхад боловсрол түгээдэг боловсролын салбар маань бахь байдгаараа бичиг цаастай зууралдсаар байгааг анзаарсан. Гэхдээ боловсролын салбарт чухал юм хийнэ гэсэн багын мөрөөдөл байсан. Тэгээд боловсролын салбараа ч, програмчлалын салбараа ч мэддэг болохоор энийг хийхээр шийдсэн юм. Системийн хамгийн гоё нь түүх үүсч байгаад. Жишээ нь, би долдугаар ангид орчихоод өнгөрсөн жилийнхээ хичээлийг үзье гэвэл дэвтрээ хайх шаардлага гардаг. Тэгвэл системээс өмнөх хичээлээ хараад байж болно. Багш жишээ нь, манай хүүхдүүд өнгөрсөн жил энэ сэдэв дээр муу байсан. Би яаж заасан болохоор сурлагын чанарт нөлөөлөв гээд өөртөө анализ хийж болно. Өмнө нь оруулсан тестийн сангаасаа ашиглаж болно. Сургуулийн захирал гэхэд энэ багш ийм асуудалтай байна гээд дата дээрээ дүн шинжилгээ хийх боломжтой.

-Амжилт компани байгуулаг­даад 16 жил болжээ. Хүнээр иргэний үнэмлэх авах насанд хүрч. Ганцаараа эхэлж байсан бол одоо хэдэн ажилчинтай болж өргөжив?

-Амжилт маань 10 охин компанитай 200 гаруй ажилчинтай болжээ. Оргүй хоосноос эхэлсэн дээ. Ингэхэд оргүй хоосноос эхэлсэн ч гэж юу байхав гэж хүмүүс бодох байх. Би ч бас багадаа баян хүмүүсийн түүхийг үзээд оргүй хоосноос эхлэнэ гэж юу байдаг юм гэж боддог байлаа. Гэтэл би өөрөө үнэхээр оргүй хоосон байсан. Компютер ч үгүй. Интернэт кафед суудаг байлаа. Саяхан би нэг PC тоглоомын газар орж, тоглож үзсэн. Миний үеийнхийг бодвол гоё болсон байна билээ.

-Яаж яваад математикийн багш код бичдэг хүн болж хувирсан юм бэ?

-Математик чинь өөрөө код бичихтэй төстэй л дөө. Би хүнээр заалгаж, сургуульд нь суугаагүй. Өөрөө ухаж байж л сурсан. Уг нь интернэтээр хичээл авчихаж болох ч тухайн үед мөнгө байгаагүй л дээ. Тэгээд л яг тоо бодож байгаа юм шиг код уншсаар байгаад л сурсан. Сүүлдээ онлайнаар нэлээд олон сургалт авсан.

-Ашигтай бизнес дампуурах тохиолдол бишгүй л байдаг. Өөрийн чинь хувьд тийм сургамжтай зүйл болж байв уу?

-Амжилт шоп гээд онлайнаар худалдаа хийгээд овоо их мөнгө олсон. Бүр 50 гаран ажилтантай болоод өргөжиж эхлэв. Тэгээд л бусад онлайн дэлгүүрүүдэд ялагдаад эхэлсэн. Яагаад ялагдсан бэ гээд бодохоор боловсролын салбарт хийж байгаа систем, хүүхэлдэйн киноныажлууд шиг минь багын хүсэл мөрөөдөл биш байсан юм билээ. Анх онлайн дэлгүүр эхэлсэн нь ч алсын зорилгогүй гэнэтийн зүйл байсан. Нэг хүн вэбсайт хийлгээд мөнгөө өгч чадахгүй болохоор баахан бараа өгчихсөн. Тэр барааг нь зарахын тулд онлайн дэлгүүрийн вэбсайт хийгээд зарж эхэлсэн. Түүнээс гадна нээсэн чигээрээ хөгжүүлэхгүй яваад байсан болохоор аяндаа өрсөлдөгчдөдөө ялагдаад эхэлсэн.

-Эцэст нь таны амжилтад хүрэхийн тулд баримталдаг зарчим юу байдаг бол?

-Би утасны дугаар, тансаг машин, үнэтэй орон сууц, брэндийн хувцаст ач холбогдол өгдөггүй. Хэрэглээгээ энгийн байлгахыг чухалчилдаг. Энэ бүгдийг дэмий зарлага гэж үздэг. Олсон орлогоороо дараагийн бизнестээ хөрөнгө оруулалт хийх нь хамгийн чухал. Мөнгө чинь хоёр дахин үржигдэж ирэх болно гэж хэлдэг дээ.

Эх сурвалж: http://npost.mn/

Туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.