Т.Доржхандын “попорч” болохгүй хориотой сэдэв нь “Рио Тинто” гэв үү?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 30 секунд
	 		 Т.Доржхандын “попорч” болохгүй хориотой сэдэв нь “Рио Тинто” гэв үү?!

Т.Доржхандын “попорч” болохгүй хориотой сэдэв нь “Рио Тинто” гэв үү?!

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг МАН-ынхан бөөндөхөд дунд нь ганц ганцаараа орж ирсэн хүмүүсийн нэг нь Т.Доржханд юм. Ингэж “Зөв хүн-Электорат” эвслээс нэр дэвшиж сонгогдсон Т.Доржханд магистрын зэргийг гурван том улсад хамгаалсан боловсролтой гишүүдийн нэг.“Ганцаараа” гишүүнд боломж гардаг. Бүгдийг сөрж ярьж болдог.Боломжгүй зүйлийг “...Болох байсан юм, гэтэл эднүүс” гээд чичилж болно. Яагаад гэхээр тэр ганцаараа гишүүн учраас ямар нэг шийдвэр гаргаж чадахгүй.

Бас олон нийтийн хүсэл мөрөөдлийг “...Бодитоор хийнэ” гэж хэлж чадна. Гэхдээ хийж чадахгүй. Яагаад гэхээр мөнөөх л “ганцаараа”-тай холбоотой.

Яг хийе гэхээр тийм зовлон ийм гишүүнд тулгарчихдаг юм.
 
Тиймээс юуг ч яаж ч шүүмжилж, буруутгаж чадах нь сөрөг хүчний орон зай дээрх ганц гишүүний ажил юм.
Энэ үйл явцыг гадаадаар популизм гэдэг. Манайхан ийм популистуудаа “поп” хэмээн өргөмжилдөг.
Шинэ гишүүн Т.Доржханд “галуу шувууны мах идэж явсан” юм гэсэндээ УИХ-ын Анхдугаар чуулган, Ерөнхий сайдыг томилсон хуралдаанаас эхлээд л ажлаа хийсэн. Төрд цомхотгол хийе гэсэн. Тэр уг нь зөв. Гэхдээ бүтэхгүй. Эрх баригчид Т.Доржхандыг хэллээ гээд хэдэн дэд сайд, зөвлөхүүд, өөр албан тушаалуудыг цомхотгохгүй. Үүнийг Т.Доржханд ч, та ч мэдэж байгаа.
Тиймээс ирэх дөрвөн жилд Т.Доржханд гэдэг гишүүн ханатлаа ярина. Шүүмжилнэ. Бас зөвийг ч их хэлнэ. Тэр хэрээр популистуудад ирдэг “Өндөр рейтингтэй улстөрч”-ийн тавцанд зогсоно.
Харин Т.Доржхандад “попорч” чадахгүй хориотой сэдэв нь “Рио Тинто” буюу Оюутолгойн гэрээг өөрчлөх асуудал байж мэдэх юм.
Т.Доржхандыг яагаад ч юм “Рио Тинто”-той холбоод байдаг. Бас тэр МАН-тай нягт холбоотой явж ирсэн атлаа ХҮН-д орж, 2020 оны сонгуульд “Зөв хүн-электорат”-аас нэр дэвшчихсэн.
Өөрөөр хэлбэл, Т.Доржхандыг “Рио Тинто”-гийн талын хүн гэдэг мессэж монголчуудын чихэнд хүрээд удаж байгаа юм. Тэрээр энэ талаар УИХ-ын сонгуулийн өмнө “нүүр ном”-оороо дамжуулан тайлбар хийж байжээ. Түүндээ “...Т.Доржханд Оюунтолгойн гэрээнээс хол явсан. Оюутолгойн гэрээ байгуулагдах үед АНУ-д Харвардын их сургуульд суралцаж байсан юм. Мөн алдарт Дубайн гэрээг байгуулахад ОУВС-д ажиллаж байжээ. Тэр гэрээг Монгол Улсын данс улайчихсан үед зурсан байдаг. 
Үнэн хэрэгтээ улс орноо энэ хүндрэлээс авч гарахын тулд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт жилийн нэг хувийн хүүтэй тэрбум гаран ам.долларын хөнгөлөлттэй зээл хөөцөлдөж бүтээжээ. Улмаар ОУВС-гийн төлөөлөгчдийг дагуулан Монголд ирсэн боловч Ч.Сайханбилэгийн өрөөнөөс бараг хөөгдөөд гарсан гэдэг. Үүнээс хойш Дубайн гэрээ байгуулагдсан юм” гэсэн байдаг.
Гэхдээ Т.Доржханд шаардлага гарвал “Рио Тинто”-гийн талаар байр сууриа илэрхийлдэг нэгэн. Тэгж явсан.
Түүнийг УИХ-ын гишүүн болохоос жил нэг сарын өмнө буюу 2019 оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын багц хуульд хориг тавьж байлаа. Тэр үед “Эдийн засагч Т.Доржханд” гэж байгаад өдөр тутмын хэвлэлд томоохон ярилцлага өгч байв. Тэрээр “...“Оюутолгой” компаниас буюу “Рио Тинто”-гийн цаад компаниас хувь нийлүүлэгчдийн зээл гэж Монголын талын 34 хувьд зээлдүүлсэн. Тэр зээлийн хүүнд нь ногдуулах ёстой татварыг бууруулсан байна, арав байсан бол тав болсон байна. Тэгэхээр бид Оюутолгойгоос авах орлогоо алдах нь ээ гэдэг агуулгаар хориг дээр бичсэн байна лээ. Бодит байдал дээр нэгдүгээрт, “Оюутолгой” компани болон бусад ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг эзэмшигчдэд хамаарахгүй гэж хуулийн заалтад байгаа юм билээ. Үүнийг хараагүй юм шиг байна. Хоёрдугаарт, яагаад арван хувийг таван хувь болгож байгаа вэ гэхээр манай санхүүгийн зах зээл дан ганц банкны салбараас хамаардаг. Хөрөнгийн зах зээл нь хөгждөггүй, маш сул. Даатгалын зах зээл нь сул. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нэг үндэс нь хэрвээ гадны иргэн манай компаниудын хувьцааг худалдаж авах, арилжаалах, үнэт цаас худалдаж авсан тохиолдолд түүний олсон хүүгийн орлого нь арав байсныг нь таван хувь болгоё гэсэн ийм л агуулгатай заалт юм. Үр дүнд нь хөрөнгийн зах зээлд гадны хөрөнгө оруулагчид хөрөнгөө хийх хүсэл нь нэмэгдэнэ гэсэн үг. Зээлийн хүү ч буурч байна. Банк дээр мөнгө хадгалаад байх шаардлагагүй, нөгөө талдаа хөрөнгийн зах зээл рүү дотоодын нөхдүүд мөнгөө хийж эхлэх урсгал нэмэгдэх боломжтой. Хөрөнгийн зах зээл дээр аль болох гадна, дотны хөрөнгийг төвлөрүүлээд урсгалыг нэмэх нь Монгол Улсад ашигтай. Тэр агуулгаараа хуулийн төсөлд энэ заалт орсон гэж үзэж байгаа” гэж байв. Энэ ярианаас нь их зүйл ойлгогдоно.
Өнөөдөр Оюутолгойн гэрээний асуудал Олон улсын арбитрын шүүх дээр явж байна. Арбитр, эсвэл “Рио Тинто” ямар нэгэн шийдвэр гаргаж, тэрийг нь манай УИХ хэлэлцэж, Засгийн газар хэрэгжүүлнэ. Чухам тэр үед Т.Доржханд юу гэж яриад сууж байх нь нэн сонирхолтой байна.
 
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мал төллөлт 70.8 хувьтай байна
Мал төллөлт 70.8 хувьтай байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.