Өчигдөр манай боксчин Н.Төгсцогт Солонгосын тамирчинтай хийсэн тулаан нэлээн маргаан дагуулаад авсан. Тэмцээнийг шударга бус шүүсэн хэмээн манай улсын иргэд болон Солонгост суугаа монголчууд нэлээд бухимдалтай байгаа билээ.
Иймд Солонгос улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас иргэддээ хандаж аюулгүй байдлын зөвлөгөөг өөрийн сайтаараа дамжуулан цагийн өмнө хүргэжээ.
Уг зөвлөмжид ““Инчён 2014” Азийн зуны спортын наадмын үеэр Монголын далбааг буруу тийш нь харуулж өлгөсөн, Монголын эмэгтэй тамирчдын хоолонд зүй бус зүйл хийсэн, боксын тулааныг буруу шүүсэн зэрэг асуудлаас үүдэн Монголд шуугиан өрнөж, иргэд нь солонгосчуудад ихэд бухимдаж байна. Иймд Монголд байгаа солонгос иргэд орой үдэш ресторан, бааранд орж хооллохгүй байх, харанхуй гудмаар ганц нэгээрээ явахгүй байх, зайлшгүй шаардлага гарвал царайгаа далдалж, нүдний шил зүүхийг анхааруулж байна” гэсэн утгатай юм байна.