Шинэ зуун ба хэлбэрийн баяр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
13 минут 51 секунд
Шинэ зуун ба хэлбэрийн баяр

Шинэ зуун ба хэлбэрийн баяр

Цагаан сарын баяр айсуй. Ёстой л Дарма.Батбаяр багшийн алдарт өгүүллэгийн нэр шиг “Айсуй баярын зөн” монгол орны уудам тал нутгийг хэдийнэ бүрхжээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим орон зайд хэвийн боовны хэв шинжийг гайхуулсан сурталчилгаа хаа сайгүй. Хэтрүүлж хэлбэл гэр хорооллын гудамж бүрт“Ууц чанах” самбар байршаад уджээ. Гэвч энэ баярыг бид яг хэзээнээс эхлэн тэмдэглэж ирснийг тодорхой бичиж үлдээсэн нь үгүй аж. Харин XIII зууны эхээр Чингис хаан ширээнд суух ёслол хийхдээ дорно дахины нийтлэг ёсыг дагаж намар тэмдэглэдэг байсан энэ баярыг хаврын эхэн сард шилжүүлсэн гэдэг. Түүхчдийн энэ гаргалгаанд эргэлзэх зүйл үгүй бол хаврыг угтсан энэ баярыг тэмдэглээд800 гаруй жил өнгөрчээ. Түүх бол маш товчхондоо л энэ. Харин шинэ цагийн түүх монголчуудад хотын соёл хачин ихээр таалагддаг болсон цагаас эхлэлтэй. Энэ бүхний цаана уламжлал гээч зүйл бага багаар алсарсаар өдгөө идэр залуус энэ баярыг“Идэж, уудаг, айл хэсдэг” төдийхнөөр төсөөлөх болжээ. Эрчүүд нь хөөрөг, хутга, аяга тэргүүтнийг зөвхөн хөрөнгөө хэмжих үзүүлэлт болгон ашигладаг болов. Бүсгүйчүүд нь бие галбираа тодотгосон эсвэл өө сэвээ далдлах хувцасаар гангарахыг чухалчилдаг болжээ. Хэвийн боов, ууцыг ч гэсэн хувь хүртээх гэж бус хүнд харуулах л гэж “өрдөг” болов. Үндэсний томоохон үйлдвэрүүд “Монголчууд үндэсний хувцасаа өмсөх нь эрс нэмэгдлээ” гэсэн сайхан мэдээг дуулгах болсон хэдий ч ямар загварыг нь сонговол хөрөнгөтэй харагдах тухай түрүүлж боддог болоод уджээ. Тэр ч бүү хэл өрхийн санхүүд дарамт үүсгэдэг гол буруутанаар Цагаан сарын уламжлалт баяр тодроод мөн л цөөнгүй жилийг үдлээ. Цөөн үгээр хэлбэл хамгийн муу нэртэй баяр гэсэн үг л дээ. Энэ нь ч үнэн хэрэгтээ агуулга биш юм. Дунджаар нэг өрх 15 ширхэг хэвийн боовоор таваг засч, ууц тавьж, 500 бууз өөрсдөө хийж, хоёр шил архи, хоёр кг чихэр авдаг гэж тооцоход одоо байгаа ханшаар500 мянган төгрөг болж байна. Үүн дээр ууц чануулах мөнгө, үрэл, самар гэх мэт урсгал зардал нэмэгдэнэ. Дээрээс нь ааруул, цагаан идээ, салат, ундаа жүүс, жимс жимсгэнэ, гарын бэлэг тэргүүтэн байх ёстой гэж үзвэл багаар бодоход мөн дээрх хэмжээний мөнгөн дүн гарна. Гэвч бид хэдхэн жилийн өмнөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ дээшлүүлж, 192.400 төгрөг болгосон. Үүгээр авч үзвэл хамгийн багадаа л гэхэд нэг өрх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нугалсан мөнгө зарцуулж байж, энэ баярын ард гардаг байх нь. Тэгвэл өнгөрсөн жилийн сар шинийн баярын өмнөхөн судалгааны байгууллагаас 250 хүний дунд түүвэр судалгаа явуулахад 46 хувь нь их, бага хэмжээгээр бусдад өр, зээл тавьж энэ баярыг тэмдэглэдэг гэсэн бол30 хувь нь шинэ онд өртэй гарах нь“нүгэл” гэж үзсэн байна. Харин үлдсэн хувь нь тухайн жилийнхээ байдлаас шалтгаалдаг гэсэн хариултыг өгчээ. Тэгвэл УИХ-ын гишүүн эмэгтэй өнгөрсөн жил нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монголчууд хоёр, гуравхан өдрийн дотор 730 тэрбум төгрөгийг зарлагдаж байна” хэмээсэн байв. Хаанаас хэдэн тоо гаргаж, ямар аргачиллаар бодсон нь тодорхойгүй ч дүн мэдээг нь сонсоход магадлалтай байж болох. Энэ тоогоор бодож үзвэл гуравхан өдрийн дотор 120 хүүхдийн багтаамжтай 720 цэцэрлэгийг зүгээр л “идчихдэг” байна. Энэ баяртай холбогдуулан цөөн хэдэн тоо бодож үзэхэд л энэ. Ийм болохоор л цагаан сарын баярын нэр хүнд жилээс жилд унасаар байдаг биз. Тэгвэл энэ бүхний нөгөө талд бид уламжлалт энэ баярын босгон дээр ямар нэгэн маргаан заавал өрнүүлдэг хэв шинжийг тогтоогоод бас л бага бус хугацааг ардаа орхисон байна. Хамгийн түгээмэл жишээг авч үзэхэд зурхайчид тэмцэлдэнэ. Бүр цааш даамжраад шашин хоорондын мөргөлдөөн гэдэг шиг зүйл болж хувирна. Хоёрхон жилийн өмнө бөөгийн шашинт гэр бүлүүд нэгдүгээр сард хавар эхэлж байна хэмээн сар шинийн баярын зан үйл хийсэн бол бусад нь хоёрдугаар сар гаргаж байж, золгосон билээ. Гуравдугаар сард болдог казах түмний уламжлалт баярыг оролцуулбал2012 онд гурван сая хүрээгүй байсан монголчууд гурав хуваагдан энэ баярыг тэмдэглэж байв. Тэгвэл бидний уламжлалт хийгээд хэлбэр хөөсөн баяр чухамдаа ямар агуулгатай болохыг сонирхоё.

 

Яагаад заавал ууц гэж

 

Ард түмний уламжлал ёсоор цагаан сарын үед идээ будаа ямар байхаас тэр жилийн бүхий л амьдрал шалтгаална гэж үздэг. Түүнчлэн эрт үеэр махны төрөл зочныг хүндэтгэлийн хэмжээг заана гэж итгэсээр иржээ. Цөөн үгээр хэлбэл малын мөч бүрт ямар нэгэн хүндэтгэлийн зэрэг бий гэсэн үг. Ийм л учраас хамгийн ойр дотно хүмүүст зориулан бэлтгэх дээд зоог нь ууц аж. Ёс заншилын их, дунд, бага тайлбар толиудыг шүүрдэж үзсэн ч, учир мэдэх нэгний үгийг сонссон ч уламжлалаа дагавал заавал ууц тавих ёстой болж таарлаа. Гэвч уламжлал гэдэг нэрээр бүхнийг далдалж болохгүй цаг үед бид тулж ирээд байна. Хамгийн наад зах нь зөв хооллолт, хадгалалтын орчин нөхцөл, халуун хүйтний хэм хэмжээ гээд олон зүйл яригдана. Гэтэл бид ирэх ёстой зочдоо ирж дуустал нь ууцтай байх ёстой гэсэн хатуу зарчим бий болгодог. Харин энэ хугацаанд өдөр бүр ууцаа дунджаар20 хэмийн халуунтай гэрт хадгалдаг билээ.

 

Наадвал зохиолтой наадгай

Энэ баяраар өрх гэрүүд аль болох элбэг дэлбэг, хөгжөөн наргиантай байхыг эрмэлздэг учраас янз бүрийн тоглоом тоглож цэнгэдэг. Үүнд шагай хамгийн хүндтэй байр суурийг эзэлнэ. Иймээс цагаан сарын шинийн нэгэнд зориулж дөрвөн бэрх, арван хоёр жил, алаг мэлхий өрөх, морь уралдуулах, бөгцөг няцлах зэрэг авхаалж самбаа сорьсон тоглоомоор үр хүүхдүүдээ тоглуулж иржээ. Ингэхдээ хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний үдэш хүүхэд багачууд насанд хүрэгчдийн удирдлагын дор шагайгаар алаг мэлхий засах/өрөх/ тоглоомоор тоглодог байна. Алаг мэлхийд орох шагайны тоо, өнгө, тэдгээрийг өрөх, мөн тоглох нь нарийн дэгтэй. Тоглохдоо олуулаа тойрон сууж, шоо орхин шооны нүхний тоогоор өрсөн мэлхийний холбогдох хэсгийг авсаар хамгийн олон шагай цуглуулсан хүн хожно. Энэ тоглоомд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг. Харин нэгний өглөө цагаалах ёслол хийснийхээ дараа дөрвөн бэрх буулгадаг. Тэгвэл зарим нутагт зун, намрын улиралд шагайгаар тоглох нь муу гэж үздэг байна.

 

Хөөрөг бол хөрөнгийн хэмжүүр биш

 

Хөөрөг хэзээ, хаана үүссэн тухай баримт бүрхэг. Зарим эх сурвалжид тэмдэглэснээр11-12-р зууны үеэс хэрэглэж ирсэн гэж тэмдэглэжээ. Өөр бусад баримт шүүрдэж харвал Археологийн судалгаагаа манай эриний өмнөх 4000 оны үед хойд америкийн индианчууд тамхийг хэрэглэдэг байсан аж. Харин хятадууд хамрын тамхиа хийх савыг төрөл бүрийн хэлбэр хийцтэйгээр хийх болж, үүндээ шил, шаазан гэх мэт төрөл бүрийн материалуудыг ашиглан яваандаа урлаг, гоёл чимэглэл талаасаа хөгжжээ. Харин монголчууд хөөрөг солилцох зан үйлийг ёс дэглэм болгож, ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй дохиог илэрхийлэх болоод уджээ. Гэхдээ хэн хэдэн төгрөгийн үнэтэй хөөрөг барьдаг зэрэг бол шинэ цагийн үзэл баримтлал гэхэд болох юм. Үүгээрээ л хөөрөг хэрэглэдэг бусад улсаас монголчууд ялгардаг аж. Ингэхдээ ахмад буюу төрийн хүндэт хүнд эхэлж мэндчилж, тамхилна. Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүүмэд хүн хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхийсхийн барьдаг. Ингэж солилцохдоо хөөрөгнийхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж, өөрөө эхэлж үнэрлэдэг байна.

 

Хадагийг хаана хэрэглэх вэ

 

Сар шинийн баярт зориулж, айл өрх бүрийн хэвшсэн уламжлалыг эвдэх гэж хичээх, золгох ёс зааж, ёс заншлын ботиудаас “зөвлөгөө” өгөх нь угаас утгаггүй.

Гэвч хэлбэр хөөсөн шинэ цагийн энэ баяр хайр гамгүй хэрэглэх болсон олон зүйлийн нэг нь хадаг юм. Монголчуудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз хийгээд тэр хэрээрээ асар их нууцыг өөртөө агуулдаг байх нь. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй“Аюуш” хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барьдаг бол нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэдэг байна. Тодруулж хэлбэл хадаг бүхэн баяр ёслолын үед хүндэтгэл илэрхийлдэггүй байх нь. Магадгүй оршуулгын ёслолд барьдаг хадгийг эцэг эхийнхээ өөдөөс сарвайж болохгүй юм. Түүнчлэн Хийморийн овоон дээр хог новш шиг хаяж болдоггүй байх нь.

 

Энэ баярт цээрлэдэг зүйл бас бий

 

Баярын өдрүүдэд монголчууд хуучин хувцас оёж, нөхөхийг ихэд цээрлэдэг байжээ. Түүнчлэн шинийн нэгэнд усанд явах, айлд хонох, уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлэх, үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явахыг хориглодог байна. Түүнчлэн битүүн, шинийн нэгэнд үс, хумс тэргүүтнээ засах, өөрийн болон өрөөлийн биед мэс хүргэхийг мууд тооцдог байна. Тэр ч бүү хэл хөдөөний малчид мориныхоо дэлийг засахдаа хүртэл энэ өдрийг сонгодоггүй ажээ. Түүнчлэн шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг гэнэ.

 

Баярладаггүй баяр

 

Баяр гэдэг тодорхойлолтоор авч үзвэл энэ өдөр бид баярладаг байх учиртай. Гэвч сар шинийн бэлтгэл, цалин мөнгө, баярын өдрүүдээр гар цайлгах бэлэг сэлт бодсоор баярлах зав үнэхээр гардаггүй. Харин ч өрөө хэрхэн төлөх тухай бодол тээдэг гэхэд буруудахгүй. Тэгвэл бусад орны цөөн хэдэн жишээг авч үзэхэд Бразильд карнавал гэж ямар галзуу, халуун баяр болдогийг хэлэх ч үг алга. Хятадууд шинийн нэгэнд гудамжиндаа гарч луун шүтлэгээ өргөж, хөгжил хөөртэй өнгөрөөдөг. Лаосууд шинийн нэгэнд усны баяр хийдэг. Хуурай хувцастай хүн үлдээхгүйгээр ус цацах нь цаанаа бэлгэдэл агуулж байгаа ч наанаа бол жинхэнэ баяр хөөр, инээд хөгжил болж чаддаг. Энэ мэтээр улс үндэстэн бүрийн баяр инээж, хөөрөхөд ямар нэгэн хэмжээгээр зориулдаг байна. Энэ ч утгаараа тухайн баярыг хүн ард нь хүлээж, ёслолын дараа хүмүүс стрессээ тайлдаг байх юм. Гэтэл бидэнд яг одоо үндэсний гэх тоглоом алга, гэртээ шагайтай айл бараг нүдний гэм болжээ.

Эх сурвалж: Unen.mn

 

Хишигбаяр: Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа ч амьжиргааны баталгаажих түвшинд хүрэхгүй байна
Хишигбаяр: Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа ч амьжиргааны баталгаажих түвшинд хүрэхгүй байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.