Г.Өлзийбүрэн: Нефтийн үнэд ойрын 4-5 сарын хугацаанд хөдөлгөөн орох төлөв харагдахгүй байгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 55 секунд
Г.Өлзийбүрэн: Нефтийн үнэд ойрын 4-5 сарын хугацаанд хөдөлгөөн орох төлөв харагдахгүй байгаа

Г.Өлзийбүрэн: Нефтийн үнэд ойрын 4-5 сарын хугацаанд хөдөлгөөн орох төлөв харагдахгүй байгаа

-Манай улс шатахууны ердийн хэрэглээний 43 хоногийн нөөцтэй-

Манай улс энэ оны эхний 11  сарын байдлаар 1.1 сая тонн шатахуун импортлон авсан байна. Импортын шатахууны 90.8 хувийг ОХУ эзэлж байгаа бөгөөд үүний 63 хувийг төрийн өмчит “Роснефть” компани нийлүүлжээ. Дэлхийн зах зээл дээр WTI газрын тосны үнэ 29 хувь, Барент тосны үнэ 36 хувь, Уралс-32 газрын тосны үнэ 36 хувь, Дачин-33 газрын тосны үнэ 40 хувиар тус тус буурчээ.

Шатахууны жижиглэнгийн үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад олгож байсан хөнгөлөлттэй зээл, форвард хэлцэлийн валютын ханшийн хөнгөлөлт зэргийг үе шаттайгаар зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ажээ. Үүнээс гадна хөнгөлөлттэй зээлийг ердийн хүүтэй арилжааны зээлд шилжүүлэх, валютын ханшийг 1470-1800 төгрөгт ойртуулах ажил хийгдэж байгаа аж.  Жижиглэнгээр худалдаалах шатахууны үнэ сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд тогтвортой байсан бөгөөд  цаашид ч тогтвортой байлгахаар судалгаа хийж байгаа гэнэ. Харин манай улс шатахууны ердийн хэрэглээний 43 хоногийн нөөцтэй байгаа аж.

Өөрөөр хэлбэл, шатахууны үлдэгдэл 114.6 мянган тонн бөгөөд энэ нь ердийн хэрэглээний 43 хоногийн хэрэглээг хангах юм. Үүнээс А-80 авто бензин 60, АИ-92 43, дизелийн түлш 36 хоногийн хэрэглээг хангах үлдэгдэлтэй байгаа юм байна. Энэ нь өмнөх саруудтай харьцуулахад өссөн дүн аж. Гэсэн ч  Засгийн газрын зүгээс 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж нефтийн бүтээгдэхүүн дээр хэрэгжиж ирсэн “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийг зогсоох болсноо мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулж Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт нефтийн бүтээгдэхүүнийг үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс гаргах болсон талаар мэдэгдсэн. Хөтөлбөрийг зогсоочихвол эргээд нэг өглөө босоход шатахууны үнэ нэмэгдэх байдал бий болчих вий гэсэн болгоомжлол нийгэмд үүсээд байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурсан ч эргээд өсөхгүй гэх баталгаа байхгүй? 

-Та бүхэн мэдэж байгаа. Хоёр жилийн өмнөөс нефтийн бүтээгдэхүүн дээр үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлснээр зах зээл маш тогтвортой болсон. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Монголбанкны санхүүжилтийн эх үүсвэр дээр голлох зохицуулалтаа хийсэн. Дээрээс нь томоохон нийлүүлэгч нартайгаа маш сайн гэрээ байгуулж, ажилласан.

Үүний үндсэн дээр хөтөлбөр хоёр жил гаруйн хугацаанд амжилттай хэрэгжлээ. Өнгөрсөн есдүгээр сарын эхээс эхэлж дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурсан. Гэхдээ энэ нь цэвэр зах зээлийн гэхээсээ илүү улстөр, эдийн засгийн асуудал гэх юм уу, улс орнуудын хоорондын хагарал сөргөлдөөнөөс болж, буурч байна. Ингэж буурч байгаа шигээ ямар нэгэн тохиролцоогоор буцаад өсөх магадлал бий. Тэгэхээр бид нефтийн бүтээгдэхүүнийг томоохон үнийн савлагаанд өртүүлэхгүйн тулд холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Өнөөдрийг хүртэл бид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бэ гэхээр хөнгөлөлттэй санхүүжилт болон валютын ханшны зохицуулалт хийж ирсэн. Одоо таатай нөхцөл байдал бий болоод үнэ ханш нь буугаад ирж байгаа учраас зах зээлийнх нь ханшид шилжүүлье, санхүүжилтийг ч мөн ийм байдлаар зохицуулъя гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны зээлийн хүү нь Монголбанкны бодлогын хүү дээр +2-3 хувь. Үүгээр арилжааны банкууд зээл олгож байгаа.

Тэгэхээр нефть импортлогч компаниуд ийм төвшинд очино гэсэн үг. Ам.долларын төгрөгтэй харилцах ханш 1869 төгрөгтэй тэнцэж байгаа, энэ ханшид ойртуулаад явна. Гэхдээ энэ нь 1470-1800 төгрөгийн хооронд байна гэж ойлгох хэрэгтэй. Цаашдаа ч зохицуулах жижиг нөөц бий. Валютын ханшны бага зэргийн зохицуулалт бас шаардлагатай. Томоохон зохицуулалт хэрэггүй. Ийм байр суурьтай байна. Энэ асуудлаар нефть импортлогч компани, Монголбанк, Газрын тосны газар, Уул уурхайн яамныхныг оролцуулсан хэлэлцээр хийгдэж байна. Ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжээд явна гэж ойлгож болно.

-Та дээр ямар нэгэн тохиролцоогоор үнэ буцаад өсөх магдлалтай гэлээ. Нэг л өглөө босоход үнэ нэмэгдэх магдал өндөр гэсэн үг үү?

-Томоохон цочир хөдөлгөөн ойрын 4-5 сарын хугацаанд орох төлөв харагдахгүй байгаа. Эргэлзэх зүйл байхгүй, Тогтвортой байна гэдэг маань нөөцийн хувьд хэлж байгаа юм шүү. Үнэ нэмэгдэх, буурах асуудал байж болно.

-Ам.долларын ханш идэвхтэй чанга байгаа энэ үед хөтөлбөрийг зогсоож байгаа нь асуудал үүсгэхийг үгүйсгэхгүй гэх нь байгаа шүү дээ?

-Ам.долларын ханш сүүлийн хоёр сарын хугацаанд төвшиндөө байгаа юм шиг харагдах ч хэлбэлзэл нь тогтвортой биш байгаа нь үнэн. Гэхдээ Монголбанкны зүгээс “Төлбөрийн тэнцэл + талруугаа явж байгаа учраас валютын ханшин дээр санаа зоволтгүй” гэж хэлсэн.

-Ирэх онд газрын тосны үнэ өсөхгүй байж чадах болов уу. Ямар төлөв харагдаж байгаа бол?

-Газрын тосны үнэ ирэх  оны гурав, дөрөвдүгээр сар хүртэл тогтвортой байх болов уу. Гэхдээ бууралт нь улстөр, эдийн засгийн аргаар шийдэгдсэн учраас магадгүй тохиролцоонууд хийгээд бага, багаар олборлолтоо багасгаад зах зээлийн үнийг тогтворжуулах, нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл энэ чиглэл рүү явахаар хоёр ч удаа АПЕК-ийн орнууд хуралдсан, үр дүнд хүрээгүй.  Ирэх зургадугаар сард хурлаа зарласан, түүнээс өмнө хуралдахыг үгүйсгэхгүй.

Эх сурвалж: Zaluu.com

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан уучлалт гуйлаа
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан уучлалт гуйлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.