Дэлхийн II дайны түүхийг мушгин гуйвуулж, түүхийг санаан зоргоороо "шинэчлэн зохиосон" Путины бичвэрт зориулж бичсэн энэ шүүмж хоёр жилийн өмнө анх хэвлэлд гарсан юм. Энэ хооронд шүүмж маань мундахгүй олон хэлээр орчуулагдан тарсан. Нийт хүн төрөлхтний эсрэг бузар дайн өдөөсөн Гитлерийн Германыг эвссэн ард түмнүүд нэгдэж даран сөнөөсөн ойн өдөр болж байна. Энэхүү шударга эвсэлд Монголын ард түмэн ч нэгдсэн юм. Энэ бол манай дэлхийн нийт улс гүрэн, ард түмний хамтын ялалт байсан. Үүнийг хэн нэгэн, аль нэг улс үндэстэн дангаараа өмчлөн бүх гавъяаг биедээ наах нь харин шударга бус хэрэг.
УУРТАЙ БААВГАЙН ӨЧИЛ
Ялалтын 75 жилийн ойд зориулж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин илтгэл тавьжээ. Илтгэлийн нэр: “Аугаа ялалтын 75 жилийн ой: Түүх болон ирээдүйнхээ өмнө хүлээх хамтын хариуцлага”. Дэлхийн II дайны өмнөх байдал болон дайны явц, үр дүнгийн талаар өөрийн тайлбараа хэлж өөрийн дүнэлтээ нотлоход Путины илтгэлийн гол үзүүр чиглэсэн байна.
Илтгэлийн эхэнд Германд нацистууд төрийн эрх авсан цаад шалтгааныг Вэрсалийн энх тайвны гэрээнээс болсон гэж тайлбарлажээ. Ийм үзэл бодол аль эртнээс яригдах болсон сэдэв. Тэрбайтугай Германд тулгаж байгаа нөхцөл хэт хатуудаж байна, энэ нь хожим өшөө хорсол буй болгоно гэж гэрээнд биеэр оролцсон Мэйнард Кэйнс тухайн үед нь анхааруулж байсан. Харин Путин үүнийг яах гэж чухалчлан онцлов? Дайнаар ялагдсан Герман байтугай дайнгүйгээр ялагдан бутарсан СССР-т хүнд нөхцөл тулгах болсон өрнөдийнхөн өөрийн эрхгүй оросуудын уурыг хүргэж байна гэж анхааруулж буй мэт. Мөрөөрөө байхад нь оролдвол ихэд хилэгнэн уурсдаг орос баавгайн тухай түүний ярих дуртай үлгэр үүнийг санагдуулна.
Германы нацизмыг АНУ, Их Британи хоёр хамгийн ихээр дэмжиж байсан гэсэн Путины нотолгоо зөөлөн хэлэхэд нэлээд эргэлзээтэй. Зарим сондгой баримтыг түүвэрлэн хүчжүүлж нийт бодлоготой нь хүчээр холбож наалдуулах юм бол Оросын большевизмыг АНУ, Их Британи хамгийн ихээр дэмжиж байсан гэж хариу маргах бүрэн үндэстэй. Харин язгууртнууд болон улс төрийн хүрээнийхний дунд радикал болон хэт баруун, үндсэрхэг үзэлтнүүдийн хөдөлгөөн Германы нацизмыг дэмжиж байсан гэдэг нь үнэн. Энэ нь мөн өдгөө Өрнөдийн зарим улс төр-үйлдвэрлэлийн хүрээнийхэн болон радикал, хэт барууны, үндсэрхэг хөдөлгөөнүүд Кремлийн бодлого, үйлдэл, авир, түрэмгийллийг зөвтгөн дэмжих болсонтой төстэй ч юм шиг.
Итали улс Этиоп руу халдахад, Япон улс Хятад руу түрэмгийлэхэд, Австрийг Германд нэгтгэхэд, Үндэстнүүдийн Лиги яаж ч чадаагүй, урьдчилан сэргийлээгүй гэсэн дүгнэлт үнэний талтай. Гэхдээ л өчүүхэн Финландад халдан газар нутгийг нь булаан авсых нь төлөө СССР-ийг Үндэстнүүдийн Лигигээс хөөсөн нь бас үнэн баримт шүү.
Путины сүүлийн үед байнга улиглах болсон "гарцаагүй нотолгоо"-оор дэлхийн дайныг Польш эхлүүлсэн тухай наргиантай яриа юм. Чешин бол тэр чигээрээ Австри-Унгарын эзэнт гүрэнд хамаарч байсан польш, чех үндэстний холилдсон нутаг байсан. Вэрсалийн гэрээгээр тусгаар тогтносон Чехословак ба Польш улс үүсэнгүүт Чехословакийн Тешин, Польшийн Чешин болон хуваагдсанаар энэ нутаг хоёр орны маргааны цэг болж хувирсан юм. Тэр байтугай үүний төлөө 1919 оны 1-р сарын 23-нд хилийн зэвсэгт мөргөлдөөн болж байлаа. Хилийн мөргөлдөөн олон улсын асуудал болон өрнөж Антантын гүрнүүд мөргөлдөөнөө зогсоохыг шаардан хилийн шинэ демаркаци Кошице-Богумин-аар тогтоож өгсөн. Энэ шинэ демаркацийг польшууд хүлээн зөвшөөрөөгүй, гомдолтой хоцорсныг Гитлер тухайн үедээ ашиглажээ. Хоёр жижиг улс хилийн маргаан хийсэн нь Гитлер дэлхийг түймэрдэх шалтгаан болсон гэхэд арай дэндүү дүгнэлт баймаар. Маргаантай газар Чешинээр ч дуусаагүй. Жишээ нь Өнөөдөр Словакт хамаарч буй Кошиц нь аль XIII зуунаас Төв Европын хамгийн хэрүүл маргаантай байсан нутаг. Австри-Унгар, Словак, Чех, Унгар, Польшийн хоорондын маргааны уулзвар. Тэр байтугай тэнд олуулаа суурьшиж байсан жүүд нар, мөн Германы оролцоо ч их байсан. Австри-Унгарын эзэнт гүрний эсрэг зогссон унгарын үндэсний үзэлтнүүдийн төв тэнд байсан. Хүн амын дийлэнх нь ч унгарууд байлаа. 1941 оны 6-р сарын 26-нд таних тэмдэггүй онгоц Кошицийг бөмбөгдсөнийг өнөө болтол тэр нь Зөвлөлтийнх байсан гэж олонхи түүхчид үздэг. Чухам энэ факт л Хартигийн Унгарыг дайнд түлхэж СССР-т дайн заралсан билээ.
Польшийн ард түмэн Герман, Орос хоёрын дунд хэдэн зуун жил нанчидаа барсан. Хөршүүдийн байлдааны завсарт үргэлж замд нь хохирч байжээ. Тэр байтугай Польшийг тэд хувааж аваад газрын зургаас арчин хаяж байлаа. Зуу гаруй жил! Тиймээс дэлхийн II дайны өмнөхөн хоёр хүчирхэг хөршийнхөө эвийг олж дунд нь төвийг сахихаар чармайж байв. Польшууд Германтай харилцан үл довтлох гэрээ байгуулсан нь үнэн л дээ. Ийм гэрээг мөн 1934 онд 10 жилийн хугацаатайгаар СССР-тэй байгуулсан нь Германтай хийсэн гэрээтэй ижил нөхцөлтэй байлаа. Гадаад яамны сайд Юзэф Бэк хоёр хөршийнхөө Германд нь илүү итгэж байсан. Тэрээр “Бид германчуудтай байлдвал газар нутгаа алдана, оросуудтай байлдвал сүнсээ алдана” гэж хэлж байжээ. Дээр нь өмнөд хөрш Чехословактай Кошицоос болж харилцаа тун муу байлаа. Чухам ийм далимыг ашиглаж Чехословакийг эзэлснийхээ дараа Гитлер Кошицийг Польшид өгөөш болгон хаяж өгснийг цаадуул нь үмхчихсэн хэрэг. Энэ нь польшууд дэлхийн дайныг эхлүүлсэн шалтгаан мөн үү? Тэгэж ярьвал Сталин Гитлерийн зөвшөөрч өгсөн бэлэг болох хагас Европыг баяртайгаар үмхээгүй гэж үү?
Мюнхэний хэлэлцээр нь Путины яриад байгаа шиг Англи, Франц нь Германтай нийлж хуйвалдаад дэлхийн дайны морийг нь унуулсан гэх нь арай хэтэрхий даваадуулал байхаа? Өрнөдийн ардчилал дарангуйллын дэглэмд бууж өгсөн шившигт гэрээ мөн. Чехословакийн Сүдэтийг тасдан Германд нэгтгэхийг зөвшөөрснөөр Гитлерийг тайтгаруулж Европт энх тайван тогтоно гэсэн гэнэн буулт байсан болохоос гурвуулаа нийлж хуйвалдаад Чехословакийг хувааж аваагүй шүү дээ. Гитлер Сүдэтийг булаан авч анекс хийхдээ муу ч гэсэн зонхилох гүрнүүдийг айлгаж байгаад ч болов зөвшөөрлийг нь авчээ. Путин Крымыг анекс хийхдээ хэнтэй зөвшилцсөн бэ? Крым урьд нь манайх байсан гэж тайлбарладаг. Крым урьд нь герег, скиф, ром, визант, түрэг, монгол гээд зүсэн бүрийн үндэстэнд хамаарч байсан. Бас Орост ч! Украинд төрийн эргэлт гарсан учраас Крымыг авч өөртөө нэгтгэсэн гэсэн Путины увайгүй тайлбарыг юу ч гэж нэрлэмээр юм бэ дээ?. Үүнийг оросоор “нахальство” гэдэг байх. Харин Мюнхэнд Гитлертэй тохиролцсондоо Чэмбэрлэн учиргүй их баярлаж энх тайван гэж орилж байсан нь тэнэглэл, гэвч түүний араас гарч ирсэн Чөрчил “Гитлер там руу зугтаагаад орсон ч араас нь чөтгөрүүдтэй нийлж байгаад ч болов түүнийг устгана” гэсэн. Магадгүй, түүний бодлоор чөтгөр нь Сталин болов уу!
Дайны өмнө өрнөдийнхөн Гитлерийн эсрэг холбоо байгуулахаас янз бүрээр бултан хоёр нүүр гаргаж байсан, гагцхүү СССР л үүний төлөө үхтлээ зүтгэж байсан хэмээн Путин зэмлэжээ. Англи, Францтай Москвад явагдаж байсан хэлэлцээг СССР-ийн талаас толгойлж байсан Ворошилов харин ч илүүтэй хоёр нүүр гаргаж байсан. Германтай байлдах дээрээ тулбал улаан армийг нутаг дээгүүрээ дамжин өнгөрүүлэхгүй гэсэн польшуудын гөжүүдлийг гол шалтаг болгон зөрүүдэлсээр Молотов-Риббэнтропын хуйвалдааныг угтан цаг хожиж байв. Молотов-Риббэнтропын гэрээ энэхүү хэлэлцээнээс хавьгүй өмнө нэгэнт төлөвлөгдсөн байсан шүү дээ. Халх голд цохилт өгснөөр Японтой үл довтлолцох тохиролцоонд хүрсэн. Ер нь Үл довтлолцох гэрээ байгуулсан учраас Польш л дайны хаалга нээсэн гэж Путин зориуд зөрүүдлээд байгаа болохоос Германтай ийм гэрээг Европынхон бараг цөмөөрөө хийсэн, СССР 1939 онд Германтай ийм гэрээнд гарын үсэг зурсныг хэн ч буруутгадаггүй. Асуудал Молотов-Риббэнтропын нууц гэрээгээр Европыг хувааж авсан тухай ярихаар “В огороде бузина, а в Киеве дядька”?
Польшууд жүүдийн эсрэг Гитлерийн үзлийг дэмжиж байсныг үгүйсгэмгүй. Гэвч тэднээс ч илүүгээр жүүдүүдийг устгах ажиллагаанд идэвхитэй оролцсон ленинч хүмүүжлээр бойжсон зөвлөлт украинчуудыг юу гэх вэ? Жүүдийн эсрэг антисэмитизм зарим үндэстний сэтгэлгээнд түүхийн турш гүн бат суусан байдаг. Герман польш гэлтгүй мөн оросууд ч жүүдийн эсрэг үзлийн том төвлөрөл байсаар ирсэнийг ХХ зууны эхээр жүүдүүдийг хомроголон сүйтгэсэн Хаант Оросын түүхэн жишээгээр нотолж болно.
Германы түрэмгийлэгчидтэй баатарлагаар тэмцэж байсан ард түмнээсээ урваж Польшийн удирдлага 1939 оны 9-р сарын 17-нд Румын рүү зугтжээ хэмээн Путин шоолсон байна. Бодвол дайны гол буруутнаар тодруулан байнга эшилдэг Гадаад яамны сайд Бэкийг хэлж буй бололтой. Чухам яг тэр өдөр Германтай урьдчилж тохирсны дагуу улаан арми Польшийн зүүн талаас түрэмгийлэн довтолоход германчуудаас зугтан Брэст рүү нүүн очсон Бэк яах байсан юм бол? Тэгээд ч Бэкийг огцруулж германы эсрэг дүрвэгсэдийн Засгийн газрыг товхинуулж генерал Сикорски төрөө Лондонд байрлуулсан шүү дээ.
Германтай хамтарч Польшийг түрэмгийлэн хувааж авсныгаа аль зөвлөлтийн үеэс “Курзоны хил” гэгчээр цагаатгах гэж оролдож эхэлсэн ба одоо ч үүнийг Путин үргэлжлүүлсээр. Британий Гадаад хэргийн сайд асан Жорж Курзоны 1920 онд гаргаж ирсэн Польш-Зөвлөлтийн хилийн демаркац гэх санал бий. Үнэндээ үүнийг Курзон санаачлаа ч үгүй, дэмжээ ч үгүй. Гадаад яаманд ажилладаг Намэрский гэгч польшийн жүүд гаралтай ажилтных нь санал. Антисэмит нийгэмд төрж өссөн тэрээр польшуудыг үзэн яддаг нэгэн. Энэ хил гэгчийн тухай олон улсын нэлээд хурлуудад яригдаж байсан боловч хаана ч дэмжигдээгүй. Гагцхүү Молотов-Риббэнтропын нууц гэрээгээр Курзоны хил гэгчийг хоёр тал ашиглан түрэмгийллээ зөвтгөсөн. Хожим Ялтын гэрээгээр нэгэнт факт болсон Курзоны хилийг дайнд ялагч гүрэн СССР-ийн талд ашигтайгаар зөвшөөрчээ. Путины үгээр Герман Польшид довтлонгуутаа л СССР-ийг энэ дайныг дэмжихийг уриалан шахсан боловч өрнөж буй гашуун үйл явдлаас зөвлөлтүүд дөлж байсан мэтээр туужээ. “Вэрсалийн гэрээний дутуу төрсөн зулбадсага болох Польшид эхлээд Германы цэргийн богинохон цохилт, дараа нь Улаан армийн жижиг цохилт өгөхөд яйраад устан алга боллоо”хэмээн СССР-ийн Дээд Зөвлөлийн чуулган дээр Ерөнхий сайд бөгөөд Гадаад яамны сайд Молотов мэдэгдсэнийг юу гэж тайлбарлах вэ? Путины тайлбараар Герман Польшийг бүхэлд нь эзэлбэл Минскт хэт ойртохоос болгоомжилж Улаан арми Польшид халдсан гэнэ. ”Үүнээс өөр сонголт үлдээгүй, эс тэгвээс СССР-ийн хувьд эрсдэл хэд дахин нэмэгдэх байлаа” гэж тэрээр тодотгожээ. Цагтаа Сталин ч ингэж улайм цайм увайгүй тодорхойлолт бодож олж чадаагүй юм шүү. Харин Сталин өчүүхэн Финландад их хүчээр халдаж газар нутгийг нь булааж авсныгаа тэдний хил Ленинградад хэтэрхий ойрхон байна гэж тайлбарлаж байсан нь Путины Минскийн тухай онигооны цаад эх сурвалж байж магадгүй.
АНУ, Британий эсрэг Герман, Итали, Японы гурван талт гэрээнийхний холбоонд СССР-ийг оруулахаар урьсан ч зөвлөлтүүд эвтэйхэн аргалаад татгалзсан тухай Путин бүдэг бадаг дурьджээ. Үнэндээ хэлэлцээ хийхээр 1940 онд Берлинд айлчилсан Молотов тэдэнтэй нэгдэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд харин ингэснээр СССР-т юу ноогдохыг шалж хариуг нь чамалсан байдаг юм билээ. Хоёр дайны хооронд олон улсын гэрээ, тогтсон статус квог дур мэдэн зөрчиж, түрэмгийлэл үйлдэн дэлхийг самарсан дөрвөн аюултай гүрэн нь Германы нацистууд, Японы милитаристууд, Италийн фашистууд, тэгээд СССР-ийн коммунист дэглэм байсан юм шүү дээ. Тэгээд ч СССР ба нацист Герман нь Молотов-Риббэнтропоос хавьгүй өмнөөс цэрэг армид түшиглэсэн эдийн засгийн түншүүд байсан. Нүүрснээс өөр түүхий эдээр хомс Германыг цэрэг армийн түүхий эдээр тасралтгүй хангагч гол түнш нь СССР байлаа. Гитлерийн Герман милитарчлагдан өсөн өндийхөд СССР асар их тус хүргэснийг үгүйсгэх аргагүй. Хариуд нь тэд германы өндөр техник технологи бүхий зэр зэвсгийг сонирхож байв. “Онгироо германчууд биднийг очиход хамаг шинэ техник зэвсгээ үзүүлэн гайхуулж худалдан авахыг санал болгов” гэж Вэрмахтын урилгаар Германд зочлоод ирсэн зөвлөлтийн зохион бүтээгчид Сталинд илтгэж байсан нь нэг бус.
Молотов-Риббэнтропын гэрээгээр СССР өөрт ноогдсон орнууд руу халдан газар нутгийг дээрэмдэн булааж байсныг өрнөдийн, тэр дундаа английн зарим улс төрчид “аргагүй байдал” хэмээн тухайн үед албан бусаар хэлж ярьж байсныг Путин нямбайлан эшилжээ. Зөвлөлтүүдтэй уулзаад комплемент үзүүлж байсан хэл амыг архивын материалаас шинээр оллоо гээд өөрийгөө зөвтгөхөд ашиглажээ. Төрийн албан ёсны шийдвэр мэдэгдэл тогтоол албан баримт бичиг үгүй бол хувь хүний найрсаг үг нь гэрээ хэлэлцээр шиг хүчинтэй байдаггүй. Ийм аргыг одоо ч өнөөгийн байдалтай холбон Путин өөрөө хайр найргүй хэрэглэдэг. Хүйтэн дайн зогсонгуут өрнөдийнхөн НАТО-г дорно тийш тэлэхгүй гэж ам өгөн гэрээ хэлэлцээр байгуулсан мэтээр олон удаа сануулж байгаа. Гэтэл хэргийн мөрөөр хөөвөл урьд нь Холбооны Германы Засгийн газарт сайд асан, тухайн үед ердөө л парламентын гишүүн асан Ойгон Бар Берлинд болсон хүлээн авалт дээр ингэж ам алджээ. Согтуу ч байсан юм билүү?
1939 оны намар Балтын гурван орны ард түмэн өөрсдийн сонгосон төр засгийнхаа зөвшөөрлөөр СССР-ийн бүрэлдэхүүнд сайн дураараа нэгдэн орсон гэж олон арван жилийн өмнө хэлж байсан Сталины үгийг энэ удаа Путин гарцаагүй нотолгоо болгон дурьджээ. Молотов,-Риббэнтропын нууц тохиролцоогоор Латви, Эстон нь СССР-ийнх, Литва нь Германых болсон юм. Ердөө хэдхэн хоногийн дотор зөвлөлтийн улаан арми Эстони, Латвийг эзэлж анекс хийсэн. Германчууд Польшид довтлоходоо мөнөөх Молотов-Риббэнтропын гэрээнд тогтсон хилийн шугамаас хальж Висла, Саниагаар хуваан хоёр орон хиллэх ёстой байсныг хэтрүүлэн хэтэрхий зүүнтийшлэж гэрээнд тусгаагүй газар эзэлжээ. СССР-Герман хоёр дахин тохиролцоод Гитлер Литваг СССР-т өгөөд оронд нь хэтрүүлж булаасан Польшийн газрыг өөртөө үлдээхээр болсон байна. Даруй улаан армийн 20 мянган цэрэг Литваг эзлэн сонгууль явуулсан ба сонгуульд зөвхөн зөвлөлтийн тал баримтлагч “Хөдөлмөрчин ардын эвсэл” оролцсон. СССР-тэй нэгдэж улсаа байхгүй болгохоор саналаа өгсөн “өөрсдийнх нь байгуулсан төр” гээд байгаа нь энэ! Зөвлөлтүүд дайны дараа өөрсдийн “чөлөөлсөн” гэх Дорнод Европын орнуудад мөн иймэрхүү сонгууль явуулахад “чөлөөлөгдсөн” ард түмнүүд бүгд нэгэн дуугаар нутагтаа коммунизм байгуулахаар саналаа өгч байсан юм. Польшид хамаарч байсан Вильнюс хотыг литовчуудад буцааж өгсөн хэмээн Путин бахархангуй онцлон тэмдэглэжээ. Гэтэл литовчууд хэлэхдээ “Вильнюс Литвагийнх болсон, харин Литва Оросынх болсон” гэх юм билээ. Жижигхэн Финландад зөвлөлт социалист Финланд ард улс байгуулахаар халдан довтлоод чанга хариу авсан тухайгаа Путин харин илтгэлдээ огт дурдсангүй.
Илтгэлийн төгсгөл рүү Дэлхийн дайнд Германы эсрэг оролцсон АНУ, Британи, Францад талархал илэрхийлээд лэндлиз чамгүй тус хүргэснийг дурдсан нь нэлээд шинэлэг зүйл байлаа. Зөвлөлтийн үед лэндлизийг өөрийн ард түмнээс бараг нууцалдаг, урлаг, утга зохиол, киногоор дамжуулан муучилдаг байсан. Путин ч энэ удаа талархлынхаа зэрэгцээгээр лэндлиз тухайн үеийн нийт зэр зэвсэг үйлдвэрлэлийн дөнгөж 7 хувийг эзэлж байсныг заналтайгаар сануулав. Үнэн байх, СССР-т үйлдвэрлэж байсан гранат, гар буу, пулемот, автомат, их буу зэргийг оруулан нийт массаар нь бодоход? Гэхдээ техник технологийн хувьд онц хоцрогдолтой СССР-ийн яагаад ч барахгүй өндөр технологи, тухайлбал автомашин, нисэх онгоц, хөдөлгүүр зэргийг лэндлиз нийлүүлж байсан. “Машины орон та нарын техникийн тусламж байгаагүй бол бид энэ дайнд ялагдах байлаа” гэж Тегераны уулзалтын үеэр Сталин өөрөө хэлж байсан. Дайн дуусч байхад ч Микоян “Та наргүйгээр бид дуусах байсан” гэж байсан.
СССР-ийн ард түмнүүдийн баатарлаг тэмцэл, нацизм фашизмын эсрэг маш их хохирол хүлээн байж ачааны хүнийг үүрэн, ялалтын ноён нурууг даасныг энд үгүйсгэх санаа огт алга. 26 сая хүнийхээ амиар төлөн байж нийтийн дайсныг дарахад оросууд голлох үүрэг гүйцэтгэсэн. Үүнийг хэн ч үгүйсгэдэггүй. Гитлерийн дайны гол зорилгын нэг нь Арабын нефть, Бакугийн нефтэнд хүрэх явдал байсан. Сталинградад оросууд энэ зорилгыг нь няц дарж чадсанаар нацистуудын ялагдал эхэлсэн. Үүний зэрэгцээ Хойд Африкт чухам англи францчууд Рөмэлийн армийг тогтоосноор тэдний байгалийн чухал түүхий эдэд хүрэх зорилгыг таслан зогсоосон. Хүний түүхэнд тохиосон хамгийн бузар, хамгийн аймшигт дайсныг энэ дэлхийн шударга ард түмэн хамтын хүчээр зогсоож чадсан юм.
Дэлхийн дайныг үргэлж “Эх орны аугаа их дайн” гэж нэрлэн зөвхөн 1941-1945 оныг хамруулан өмчилж ярьсаар дасал болгосон зөвлөлтийн суртал нэвтрүүлэгт дассаны хувьд өнөөдөр янз бүрийн үзэл санаа илрээд ирэхээр Путины уур хүрч, байж ядах болсон нь аргагүй байж болох юм. Тэгээд ч илтгэл тэр чигтээ түүхийн үнэн гэхээсээ өөрийн ард түмэндээ зориулсан “зүрхний үнэн үг” болов уу.
Ялангуяа “чөлөөлөгдсөн” гэгдэх хуучин СССР-ийн дагуул байсан ард түмнүүд өөрснийгөө чөлөөлөгдөөгүй, нэг орны дарлалаас нөгөө орны дарлалд шилжсэн гээд унахаар уур унтуу нь хөдөлдөг байх л даа. Түүхийн өндөрлөгөөс харвал тэдгээр ард түмнүүд Германы булаан эзлэгчдээс СССР-ийнн буянаар чөлөөлөгдсөн нь үнэн боловч, чөлөөлөгч нь эргээд өөрснөө дарлагч болон хувирсныг 1953 оны Зүүн Германы, 1956 оны Унгарын, 1968 оны Чехословакийн, 1981 онй Польшийн жишээ харуулж байгаа юм бус уу? Коммунизмын үед СССР-ийн хамгийн дотно үнэнч холбоотон байсан болгарчууд хүртэл өнөөдөр “Биднийг улаан арми чөлөөлөөгүй, бид тэр үед чөлөөтэй байсан, харин улаан арми зүгээр байхад орж ирээд эзэлсэн” гэх болжээ.
Эх сурвалж: Baabar.mn