АН-ынхан “атаач” зангаа татаж, залуусаа дэмжээсэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 22 секунд
АН-ынхан “атаач” зангаа татаж, залуусаа дэмжээсэй

АН-ынхан “атаач” зангаа татаж, залуусаа дэмжээсэй

АН-ын даргын сонгууль эхэлж, шигнэсэн залуус мөрийн хөтөлбөр, зорилтоо танилцуулж явна. Гэхдээ саналын эрхтэй гишүүд тэднийг дэмжих үү. Эсвэл өмнөх шигээ талцаж хуваагдсаар, хэн нэгэн даргын, хөрөнгөний эх үүсвэрийн дохио, зангаагаар хөдлөх гэдэг нь олны анхаарлыг татаж байна.

Нэр дэвшиж буй залуусын хувьд гадаад, дотоодод их, дээд сургуульд төгссөн, боловсрол сайтай, намдаа анхан, дунд шатнаас эхлэн ажилласан, улстөрийн туршлагатай бас дээр нь хөрөнгө, мөнгө ихтэй хүмүүс ч байна. Монголын улстөрд байр сууриа эзэлсэн АН одоо л шинэчлэгдэхгүй бол МАН-д бууж өгөхийн зэрэгцээ ардчиллыг булшилж буйгаас хол зөрөхгүй.

Монголын улстөрд ноёрхож ирсэн МАН 100 жилийн ойгоо сая тэмдэглэсэн. Нийгмийн өөрчлөлтийг авч ирсэн АН-ын хувьд 30 жилийн ойгоо тэмдэглээд төдийлэн удаагүй. Гэсэн хэдий ч залуу боловсон хүчний хувьд аль аль нь эн тэнцүүхэн. Тэд нь ч ялгаагүй гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн, нийгмийн идэвхтэй.

Гол зөрүү нь МАН хэдий “хөгшин” байлаа гээд залуусаа улстөрийн үйл ажиллагаандаа татан оролцуулж чадаж байна. Харин АН яах бол хэдэн зоригтой залуу нэр дэвшээд өнгөрөх үү, “томчуудынхаа” үгэнд орж, залуусаа няц дарах уу.

Байнгын харьцуулалтад оршин байсаар ирсэн МАН, АН-ын боловсон хүчнүүдийг харахад одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 1980 оных, МАН-ын генсек Д.Амарбаясгалан 1981 оных. МАН Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлогын газрын дарга М.Ганхүлэг, Гадаад харилцааны албаны дарга М.Цэлмүүн нар нь 1990-ээд оныхон. МАН-ын Удирдах зөвлөлийн “бурхинууд” зүгээр нэг залуусаар “гал тогоогоо” бариулж буй юм биш. Залгамж халаагаа бэлтгэхэд анхаарч, 90-ээд оны залуусын улстөрийн идэвхийг сэргээн, өмнө нь нөлөө бүхий улстөрчдийн хашиж байсан хариуцлагатай албанд томилж байгаа нь энэ. Товчхондоо араа бодож буй хэрэг.

Гэтэл АН хэдэн зоригтой, зорилготой нөхөд нь намаа шинэчилж, өөрчлөх төлөвлөгөөгөө танилцуулаад эхэлмэгц амбиц, албан тушаалын хэнээтэн хэмээн цоллож, хоорондоо хагаралдаж эхэлж байна. Нэр дэвшсэн хэдийгээ баруун, зүүнгүй баалж байгаа харагдах. Гэхдээ адилхан идэр залуу насныхан энэ ажиллагаанд идэвхийлэн оролцож байгаа нь бүр ч гунигтай.

“Тулалдаанд шонхрууд л нисдэг” гэгчээр улстөрийн увайгүй байдлыг өөрчилж, намаа шинэчлэхийн төлөө сэтгэлээ шулуутгасан дөрвөн залуугаа АН-ынхан хэдэн талаас нь боорлож, хэлээд дуусах вий. Зүй нь сөрөг хүчинтэй өрсөлдөхүйц мэдлэг чадвартай, стратеги боловсруулж, ялалтын туг мандуулж чадах хүнээ эртнээс дэмжээд гаргах нь энэ намын залуусын хийх ёстой сонголт л байгаа юм даа.

Ж.Сандагсүрэн: Шахмал түлшнээс дээж авч шинжлэхийг үүрэг болголоо
Ж.Сандагсүрэн: Шахмал түлшнээс дээж авч шинжлэхийг үүрэг болголоо
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.