Нийслэл нийтийн тээврийн асуудлаа зохицуулах хэрэгтэй
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлүүд компаниуд ажил хаялтаа хоёр дахь өдрөө үргэлжлүүлж байна. Цас орсон хүйтэн өдрөөр ажил хаялт гэнэт эхлүүлсэн хувийн хэвшлийнхэн Нийслэлийн нийтийн тээврийн газрын удирдлагуудтай учраа ололцоогүй тул НИТХ-ын хүрээнд уг асуудал хэлэлцэгдэхээр болоод буй.
Хувийн хэвшлийнхэн Нийслэлийн нийтийн тээврийн газартай хэл амаа ололцож чадаагүй гэх шалтгаанаар өнөөдөр ажил хаялтаа мөн л үргэлжлүүлсэн нь иргэдийг бухимдалд хүргэсээр байна. Гэр хорооллын автобусны буудал дээр нийтийн тээвэр хүлээлсэн иргэд олноор бөөгнөрч, эл үзэгдлийг дагаад микро автобусны үнэ ч нэмэгдээд амжжээ.
Энэ өдрүүдэд ажил сургуульдаа хоцрохгүйн тулд иргэд ихэвчлэн таксидаж байгаа тул тэдний ашиг орлого үлэмж ихсэж буйг эх сурвалжууд тодотгож байгаа юм.
Өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдрөөс хойш Смар карт нэвтрүүлснээр хувийн хэвшлүүдийн ашиг орлого буурч, өнөө маргаашийн шатахууны мөнгөгүй болсон гэх шалтаг хэлж буй. Анхлан төлбөрийн ухаалаг систем бий болсноор мөнгөн хуримтлалтай холбоотой тодорхой асуудлууд нэг мөр болон шийдэгдэнэ гэгдэж байсан. Гэтэл эсрэгээрээ эргэж, автобус компаниуд алдагдалд орж, Нийслэлчүүдийг хэд хоногоор явгалах дээрээ тулаад байна.
Өчигдөр нийтийн үйлчилгээнд 430 орчим автобус гарсан бөгөөд энэ нь нийт автобусны 50 хувьд хүрч байгааг албаныхан уламжилсан. Байдал энэ хэвээр цааш үргэлжилж, амралтын өдөртэй золгох юм бол хямралтай тэмцэж, өнөө маргаашаа болгож буй иргэдийн талхны мөнгө таксинд явсаар байх асуудал сөхөгдөж байгаа юм.
Нэгэнт хувийн хэвшлийнхэн нийтийн тээврийн газартай хэл амаа ололцож чадахгүй байгаа бол энэ асуудлыг яаралтай НИТХ авч хэлэлцэх учиртай. Хурлын тов нь хэзээ зарлагдах тодорхойгүй хугацаанд иргэд халаасны мөнгөө таксинд өгч буйг сануулууштай.
Нөгөө талаас нийслэлийн нийтийн тээвэр хэдхэн хувийн хэвшлийн аманд унаж, иргэдийг ингэтэл нь бухимдуулж байгаа нь өөрөө асуудал дагуулж буй юм. Хувийн хэвшилтэйгээ ойлголцож, иргэдийн эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагааг нягтруулах шаардлага энд харагдаж байна.
Цаашлаад автобус эрт зогсож буйн зэрэгцээ эргэлт хэт удаан байгааг иргэд шүүмжилсээр байгаа. Автобусны жолооч нар тогтмол цалинтай болсноор уг хүндрэлүүд үүсэж буйг нийтийн тээврийнхэн сануулж байгаа. юм.
Нийтийн тээвэр: Бидний асуудлыг шийдтэл үйлчилгээнд гарахгүй
Нийтийн тээврийнхний хэлж буйгаар, наймдугаар сарын 15-наас хойш орлогоо дутуу авсаар, санхүүгийн хүнд байдалд орсон гэх.
Тодруулж хэлбэл, “Блюбус” компанийн орлог 30 сая, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс 537 сая, “Атибус” ХХК-ийн орлогоос 55 сая төгрөгөөр дутсан байна. Компаниуд орлогоо журам ёсоор нь банкинд тушаадаг. Гэтэл хуваарлилтаар хэдэн арван саяар дутаж ирдгээс үүдэн дээрх мөнгөн дүн үүссэн гэх. Бүр орлого 50-60 хувиар сох дутсан хувийн компаниуд ч байгаа гэх.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн компаниуд нийгмийн даатгал, болон бусад харилцагч нартаа өрөнд орж, өнөө маргаашийн шатахууны мөнгөгүй болсон гэх тайлбар хийж байгаа. Ажил хаялтыг хувийн компаниуд нэгдсэн саналаар хийж буй.
Хувийн компаниудын удирдлагууд орлого дутаж, алдагдалд орсон явдлаа Смарт картнаас болсон гэж үзэж байгаа. Тэд Смарт окартын үйлчилгээний хөлс нэрээр 10 хувиа цавчуулж байснаас жолооч, кондуктар хоёрт өдөрт 20-30 мянган төгрөг хумслуулсан нь дээр гэж үзэж байгаагаа ч нуухгүй байгаа юм.
Смарт карт: Бид журмаараа төлбөрөө авч байгаа
"Улаанбаатар Смарт карт" ХХК нийтийн тээврийнхний орлогын 10 хувийг үйлчилгээний хөлсөндөө авдаг. Энэ нь нийтийн тээврийнхнийг бухмдуулахад хүргээд байгаа. Харин тус компанийн зүгээс Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгээ учирласан байна.
Орлогын хуваарлилтыг цагийн тооцоонд үндэслэн хийж байгаа нь нийтийн тээврийнхэнд таалагдахгүй байгаа гэх. Өнөөх асуудалтай 10 хувийн тухайд бол цаасан дээр зурагдсан гэрээ байхгүй, 10 хүртэлх хувь гэсэн үг байгаа хэмээж буй.
Анхнаасаа БНСУ-ын компанийн үйлчилгээний өртөгөнд явах 10 хувийн асуудал маргаан дагуулж байсан нь үнэн. Гэвч нэгэнт хөрөнгө мөнгө босгоод хийчихсэн ажлынхаа төлбөрийг барагдуулах учиртай. Хамгийн гол нь төлбөрийн илүү хатан нөхцөл, хэт нэг талын барьсан шийдвэр зэргийг эргэж харах нь зүйтэй мэт.
Цаашид асуудлыг нэг мөр шийдэхгүй бол автобусны компаниуд нэг л өдөр дураараа ажил хаялт зарлан, Смарт карт нь шимтгэл төлбөрөө авна гэж гүрийсэн хэвээр суухаар харагдаж байна.
Ж.Мядагбадам