“Отгон” сайд С.Ламбаа салбараа андуурав уу, Засгийн газрын “зарц” болоо юу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 10 секунд
“Отгон” сайд С.Ламбаа салбараа андуурав уу, Засгийн газрын “зарц” болоо юу

“Отгон” сайд С.Ламбаа салбараа андуурав уу, Засгийн газрын “зарц” болоо юу

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “отгон” сайд С.Ламбаа энэ сарын 31-ний өдөр УИХ-ын даргад  зарим хуулийн болон УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа.

Үүнд, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээ, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслүүд багтсан нь анхаарал татлаа л даа.

Тавдугаар сарын 31-ний өдрийн тухайд “Эх үрсийн баярын өмнөх өдөр” байсныхаа хувьд олон нийтийн анхаарал сарниж, маргаашийн баяртаа бэлтгэж байснаараа онцлогтой байлаа. Улс төрийн талаас нь авч үзвэл УИХ-ын даргыг Япон руу айлчлалаар мордохын өмнөх өдөр гэж хэлж болно.

 Гэтэл яг энэ өдөр Эрүүл мэнд, спортын сайд болоод удаагүй С.Ламбаагийн хувьд яагаад энэ төслийг өргөн барих болов гэдгийг эергээр тайлбарлах шалтгаан хангалттай олдоно. Жишээ нь “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулснаар, эмнэлгийн мэргэжилтэнд оногдуулах ялын бодлогыг хөнгөрүүлэх учиртай болохоор...” гэхчлэн тайлбарлаж болно. Харин “Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээ, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн тухайд яаж ч шалтаг хайгаад олдож өгөхгүй юм.

Зүйрлэвэл, энэ хуулиудыг эхнээс нь батлуулах гэж зүтгэж явсан Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байсан үеийнхээр бол Эрүүгийн хууль, Прокурорын цалин, цалингийн нэмэгдлийг тогтоох тогтоолыг тэр үеийн Эрүүл мэндийн сайд Н.Удвал өргөн бариад, тайлбарлаж яриад сууж байгаатай адил харагдана. Тэгэхээр УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийнхэн мэдээллээ тараахад андуурсан уу, яав гэдгийг УИХ-ын даргын өрөөнд байгаагүй болохоор мэдэхгүй юм.

Сануулахад, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Прокурорын байгуулллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Тэрбээр тухайн үед үүнийгээ тайлбарлахдаа “Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг 2014 оны 1-р сард татан буулгаснаар нэг байгууллагад хэтэрхий их эрх мэдэл төвлөрч, нийгэмд хүний эрхийг зөрчих, прокурор, шүүгчдийн бие даасан байдалд нөлөөлөх явдал газар авлаа. Үүнийг засаж залруулах зорилгоор прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг буцааж байгуулах хуулийн төслийг 2015 оны 5 дугаар сарын 8-нд санаачилж холбогдох байгууллагуудаас санал авлаа. Энэ долоо хоногт УИХ-д өргөн мэдүүллээ” хэмээн тайлбарлаж байсан. Тодруулбал, тэрбээр Ерөнхий сайд байхдаа “Прокурорын мөрдөнг АТГ-т нэгтгэх тухай заалт хуулийн төсөлд тусгасныг анзаараагүй баталсан юм байх.

Одоо түүний энэ алдааг засч, УИХ энэ оны тавдугаар сарын 20-нд уг хуулийг баталж ирэх есдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр болсон билээ. Гэтэл одоо дахиад “Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээ, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталж өгөх ёстой бололтой. Хэдэн бор цагдаагийнхаа тухай хуулийг бүрэн гүйцэд засч залруулан баталж өгөөч гэж гуйгаад байхад тоогоогүй хэрнээ яагаад Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээ, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг нэмье гээд унав. Сонгууль дөхсөн болоод ч тэр үү, тал зассан мэт харагдахгүй байна гэж үү.

УИХ-д АН-ынхан олуулаа болсон байж болно. Гэхдээ намын дарга нь Ерөнхий сайд байх үеийн хуулийг намын дарга нь УИХ-ын дарга учраас яаралтай хэлэлцэж батлах нь гэж ойлгох ёстой юм болов уу.

Ямартай ч энэ удаад Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдоод аравхан хоног ажилламагцаа өөр салбарын хуулийг УИХ-д өргөн барьсан нь Засгийн газрын отгон гишүүний хувиар ахмад гэлтгүй “зараалд” гүйлгэв үү, эсвэл туршлагатай, тулхтай улстөрч гэлтгүй салбараа андууран “намын даалгавар” гүйцэтгэж явна уу гэж эргэлзэхэд хүргэв.Хачирхалтай зүйл цаашид ч олныг үзэх бололтой. Сонгууль эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байхад эрх барьж буй Засгийн газар нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэврийг нэмлээ. Гэнэт хуралдаад л зургадугаар сарын 1-нээс нэмэх шийдвэр гаргачихав. Сайн, сайхан хэрэг мөнөөс мөн. Гэхдээ сонгогчдыг татах нэг мэх гэж хардахгүй байх шалтгаан алга.

Түүнчлэн Хөгжлийн банктай холбоотой элдэв асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа. Тус банкны гүйцэтгэх захиралтай холбоотой хэрэгт ч тэр, үйл ажиллагааны талаасаа ч “асуудалтай”. Өнгөрсөн тавдугаар сард Хөгжлийн банкнаас “Одоогоор 22 компани ажлаа хийсэн ч 2015-2016 оны төсвийн тухай хуульд тусгагдаагүйгээс санхүүжилт авах боломжгүй байдалд хүрээд байна” гэж мэдэгдэж байсан. Ийм байхад мөн л яаран сандран Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Болор УИХ-д өргөн барилаа.

Тэгэхээр АН-ынхан УИХ-ын сонгуулиас өмнө элдэв хуулийн төсөл, тогтоолын төсөл өргөн барих замаар “хасах” оноогоо засаж залруулах, товчхондоо алдаагаа засах хэдхэн өдөр үлдлээ гэж тооцоолоод байгаа юм болов уу. Уг нь УИХ гэдэг АН-ын “лидерүүд”-ийн алдааг засахын төлөө байгууллага биш гэдгийг мэдмээрсэн.

 Г.Сүрэн

Засгийн Газар COVAX хөтөлбөрөөс гадна Энэтхэг, Орос, Хятадаас вакцин авна
Засгийн Газар COVAX хөтөлбөрөөс гадна Энэтхэг, Орос, Хятадаас вакцин авна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.