Газар дээрээ 50 саяын тусламж 18 болж ирж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
13 минут 54 секунд
Газар дээрээ 50 саяын тусламж 18 болж ирж байна

Газар дээрээ 50 саяын тусламж 18 болж ирж байна

Одоогоор улсын хэмжээнд  14 аймгийн 44 суманд, 77 түймэр гарч байгаагаас 37 нь  Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудыг хамраад байгаа.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Хэнтий аймгийн Норовлин, Баян-Адарга, Батноров сумд, Дорнод аймгийн Баян-Уул сумдад гээд Улсын хэмжээнд гурван ч аймгийгнэлэнхүйд нь хуйхалсан хээрийн түймэр дэгдэж одоо болтол цурманд оруулж чадаагүй байна.

Харин дээрх гамшигт өртөж, эд хөрөнгө, нутаг ус нь сүйдээд байгаа бүс нутгуудад ДМ бүлгэмийн залуус хүн хүч, сэтгэл санааны дэм басхүү бололцооныхоо хэрээр эд мөнгөний дэм үзүүлэхээр өнгөрөгч амралтын өдрүүдэд ажиллаад ирсэн байна. Ингээд тухайн бүс нутагт байдал хэр ноцтой байгаа талаар ДМ/Дархан Монгол/ бүлгэмийн төлөөлөл Б.Наранбат, О.Оюунболд, н.Ганбаатар нараас тодруулга авлаа.

 

Нутгийн иргэд галд хамаг мал, гэр сав гээд бүх юмаа алдчихсан. Өчнөөн хоног тэр хээрийн түймэр гээчтэй тэмцээд дийлэхгүй сүүлдээ аргаа барж, сэтгэл санаа гэдэг чинь авах юмгүй болчихсон байна. Наанадаж л малтайгаа үлдсэн хэд нь бэлчээргүй болчихсон гээд яривал их юм байна. Тэгээд л малд хамар хамтгах өвсгүй болчихоор ерөөсөө хоёр хоноод л нэг айл нүүж байх жишээтэй.

Ер нь энэ их түймэр анх юунаас эхэлж гарсан юм бол оо?

Анх 13-нд Баян-Овоогоос эхэлж гарсан түймэр байхгүй юу. Урьдчилсан байдлаар тогтоосноор бол айл нүүгээд явахдаа буурин дээрээ үлдээсэн үнс, хогоо гүйцэт унтраагаагүйгээс л болж гарсан юм билээ. Тэгэхээр энэ бол цэвэр хүний болгоомжгүйгээс л гарсан түймэр.

Уг нь шатсан газрын өвс өндөр сайхан ургадаг гэдэг?

Ургах нь ургадаг гэж байна. Тэр түймэр гараад юу ч хуйхлагдчихсан газарт маш их үнс нурам үлдээд, тоосжилт үүсчихсэн байна билээ. Тэгэхээр тэнд ургасан өвсийг мал идээд ханиад, багтраа гээд хамгийн хөнөөлтэй нь янз бүрийн өвчнөөс салдаггүй гэнэ дээ. Тэрнээсээ болоод тарга хүч авна гэж бүр ярилтгүй юм байх.

Түмэнцогт суманд улсын нөөцөт өвс байдаг гэж дуулсан?

Очсон газрын ерөөсөө урдхан талд байдаг юм билээ. Гэхдээ тэр чинь удчихсан юм уу хаашаа юм, гаднаасаа хав хар юм л харагдана лээ. Чухам дотор талдаа ногоон байдаг юм уу мэдэхгүй. Тэгэхээр ойрын хэдэн жилдээ малчид мал хатгах өвсгүй боллоо, бэлчээргүй боллоо гээд их л хямарч байна тэнд.

Яах вэ шатсан газар өвс ургадаг л гэдэг юм, хур бороо сайтай бол. Гэхдээ тэр эсрэгээрээ юм байна лээ шүү. Мал нь өвчин тусдаг юм билээ. Эргээд хуучин нөхцөлдөө очтол таван жил зургаан жил болдог гэж байна.

Тэндэхийн иргэд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Бид нар өнгөрсөн бямба гарагт очсон. Тэгэхэд зургаа дахь хоног дээрээ нойр, хоолгүй түймрийн эсрэг тэмцэж байгаа хүмүүс “аз боллоо” гээд их л баярлаж угтаж авсан. Ер нь айлууд нь их ядарчихсан байна лээ. Онцгой байдлынхан ч тэнд тасралтгүй ажиллаж байна. Гэхдээ энд нэг зүйлийг шударгаар хэлэхэд манайхан галыг бүрэн унтраадаггүй юм байна гэдгийг нүдээрээ харлаа.

Бүрэн унтраадаггүй гэж юу гэсэн үг вэ? Тэрний төлөө л энэ олон хоног нойр хоолгүй зүтгээд байгаа биш үү?

Хараад байхад тэд нар анхандаа эрчимтэй ажиллаж байсан байх л дээ. Гэхдээ сүүлдээ хүн хүчгүйдээ ч тэр юм уу бүр цөхрөнгөө барсан байдалтай байна. Ёстой байдаг чадлаараа л зүтгэж байгаа байхгүй юу. Гэтэл тэр их гал чинь ганцхан газраа гарах биш, энд тэндгүй авалцаад байгаа юм. Тэгэхээр тэр болгон луу чинь хэдхэн хүн амралтгүй зүтгээд, байдал дээрээ бол үнэхээр арга бармаар л байдаг юм байна.

Эндээс хойшдоо анхаарах хэд, хэдэн юм бас харагдаж байна лээ. Нэгдүгээрт, иймэрхүү түймэр гарлаа л бол улсаас нэгдсэн зохион байгуулалттайгаар очоод газар дээр нь нам, нам дараад явах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол одоо хар л даа, нутгийн хүмүүс үнэхээр цөхрөнгөө барсан байна шд.

Хоёрдугаарт, гал газар нутгийг хамрах тусам л хүн хүчний дутмаг байдал улам мэдрэгдээд ирдэг юм байна. Тэгээд л ерөөсөө харж байгаад шатаахаас л өөр аргагүй. Тэгээд бас хамгийн гол нь техник, тоног төхөөрөмж тэр суманд ер алга.

Ер нь Сумын засаг даргын хэлж байгаагаар бол тэдэнд өөрсдийн гэсэн трактор ч байхгүй байна шд, бүгдийг нь хувьчлал гээд хувьд тараачихсан байна. Гэтэл яг тэр цурам дарах, ус зөөхөд чинь юу хэрэг болох вэ, трактор л хэрэгтэй байгаа юм чинь. Тэгээд л дөрвөн трактор хэрэг болсноос гуйж гувшиж байж хоёр трактор олдоод, дугуйгаар чирсэн болж цурмаа унтрааж байгаа юм.

Гэтэл хээрийн түймэр гэдэг чинь дээшээгээ бүр долоо найман метр хүртэл хуйларч явдаг юм байна шд. Тэгэхээр тэр өндөр гал руу чинь ямар ч мэргэжлийн хүн байгаад ойртож чадахгүй. Санаснаар болдог бол түймэр гарч болзошгүй сумдад ядаж нэг, нэг галын машин өгмөөр юм.

Техник машин ч үгүй байгаа юм бол энэ олон хоног яаж түймэртэй тэмцсэн юм бэ?

Яах вэ үлээгч аппарат гээд нэг юм байна. Тэр аппарат нь яг галын голомтыг унтрааж чаддаггүй, зүгээр цурам л дарна. Гэтэл, хээрийн түймэр чинь салхи ихтэй үед хуурай өвсөнд ноцоод ирэхээрээ аягүй өндөр, их хурдтай, хүн ойртохын эцэсгүй хуйларч явдаг юм байна. Тэгэхдээ машин тэрэг байсан бол буудаж бариад явахад бас ч гэж барьж авдаг л гэнэ.

Эндээс ер нь ганцхан юм л харагдаж байлаа. Монгол улс чинь өөрөө жаахан ойтой, бэлчээрийн аргаар мал аж ахуй эрхэлдэг байж, нэг гал алдахаараа ерөөсөө дуусдаг юм байна. Энэ үед л маш хурдан арга хэмжээ авч, бие биедээ туслах хэрэгтэй юм байна.

Туслах гэснээс, та хэдийг түймэртэй тэмцэж явахад энд оюутнууд талбай угаагаад л байж байлаа шүү дээ?

Талбайг бол хэзээ ч угаасан яадаг юм бэ? Энэ талбайг маргааш угаасан ч болно шд, тайван үед. Ажлаа бас ялгаж, салгаж хиймээр байна. Эд нар ингэж худлаа цэвэрлэгээ энэ тэр гэж шоудаж байхаар жинхэнэ хэрэг болсон газар луу нь энэ оюутнуудаа илгээмээр байна шд. Яадаг юм, оюутнууд ч гэсэн өөрсдөө санаачлаад анги хамт олноороо хэдэн өмсдөггүй хувцсаа цүнхлээд тэр хүмүүс дээр тусламж гээд очиж болно. Тэгэх юм бол жинхэнэ улс орондоо хэргээ бүтээлээ л гэсэн үг.

Угтаа Түмэнцогт сумыг гал унтраах тал дээр дээгүүрт ордог гэдэг?

Эдний сум бол ер нь гал унтраах тал дээр улсдаа дээгүүрт ордог сум гэж байна. Гэвч, түймрийн дэгдэлтэнд шалтгаалдаг гол хүчин зүйл нь салхитай, шуургатай байх юм байна. Бид нар салхины эсрэг зогсч байгаад л гал унтраахад нүр ам руу битүү шороо чихэж байгаа юм чинь.

Ер нь цурманд оруулсныг унтраая гэвэл оюутнууд, бүр хүүхдүүд ч хийчихмээр юм билээ. Гэтэл энэ олон хоног түймэр гараад байгаагийн чинь цаад шалтгаан нь хүн хүч дутсанаас болж цурмаа сайн манаж чадахгүй байгаатай л холбоотой юм. Түүнээс биш тэр асч байгаа юмыг очоод нүдээд, чадах ч үгүй юм билээ. Техник ч байхгүй юм билээ.

Ингэхэд та нар анх очоод ажлаа хаанаас эхэлсэн бэ?

Бид нар Хэнтий аймгаас эхлээд хүн хүч хаана хэрэгтэй байна, тэндээсээ чиглэл авъя гээд очсон л доо. Тэгсэн чинь Дадал суман дээр Ойн түймэр гарчихсан байгаа, та нар мэргэжлийн хүмүүс биш, дээр нь хувцас хэрэглэлгүй байна гээд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум руу явуулсан.

Тэнд очиход нутгийн ОБЕГ-ынхан нь хүн хүчний дутмаг үед 27 хүний бүрэлдэхүүнтэй тусламж ирлээ гээд бөөн баяр болж угтсан. Яах вэ, гамшгийн байдал зарлачихсан ардууд нь чадах ядахаараа цохидог баридаг янз бүрийн юм хийгээд бэлдчихсэн, сургууль цэцэрлэгээ амраагаад багш нар нь хүртэл цай хоол бэлтгэж гүйгээд бүх хүн л чадлаараа тэмцэж байна лээ.  

Ер нь орон нутгийн засаг дарга сайн ажиллаж байгаа. Гэхдээ тэнд нэгдсэн нэг зохион байгуулалт, иргэдийн туслалцаа, эд материалын санхүүгийн дэмжлэг маш их хэрэгтэй байгаа байхгүй юу.

Ер нь хүмүүсийн тусламж тэнд хэр хүрч байна вэ? 50 сая төгрөгний эд материалын тусламж явууллаа л гэж байсан?

Нуулгүй хэлэхэд компаниуд тавин саяын тусламж өглөө л гэж байна. Яг тоолоод үзэнгүүт 18 сая төгрөгний бараа байгаа л байхгүй юу.

Тусламжийг нь би муулаагүй. Гэхдээ тусламжаар бас шоу хийгээд, цаана нь бас жижигхээн юм цухалзаад байгаа биз. Энийг хэлэх нь бас юу юм гэхээс биш газар дээрээ бол яг бодит тусламж л хэрэгтэй байна.

Бодит тусламж гэдэг чинь юу гэсэн үг вэ?

Жишээ нь малаа алдчихсан, эсвэл хашааных нь шургааг байхгүй болчихсон хүнд шургааг аваачаад өгч байна гэдэг чинь хамгийн их тусламж байхгүй юу. Өнгөрсөн баасан гарагт Шадар сайд С.Хүрэлсүх өөрөө очиж газар дээр нь 18 гэр үзэглэлээ л гэж байна.

Гэтэл тэр хавийн чинь бүх юм шатсан. Солих хувцасгүй хүмүүс хоосон гэрт л орж байна шүү дээ. Тийм болохоор хүмүүс тусламж гээд заавал том юм бодоод байлгүй өмсөхөө больчихсон хэдэн хувцасаа эсвэл ганц сэрээ халбага байсан ч том тус болох гээд байна.

Өнөдөр Монголд юу дутагдаж байна уу? Үнэн юм л дутагдаж байна. Тусламж гэж юу байдгийг харлаа. Тэгэхдээ тэрний цаана худлаа тоо ихэсгэсэн юмнууд харагдаад байна. Эсвэл дундаас нь бас идээд, уугаад хаячихдаг юм уу, мэдэхгүй.

Гэхдээ ганцхан Түмэнцогт ч гэлтгүй Монгол орны Зүүн бүсийн нэлээд хэдэн газар түймэр дэгдчихсэн байгаа.

Дорнодын Баян-Уул суманд өнөөдөр нөхцөл байдал үнэхээр хүндэрчихсэн байгаа. Бид тийшээ туслах аян өрнүүлж байна. Нөгөөдөр өглөө, машин тэрэг нь бүрдчихвэл маргааш оройдоо ч тийш гарч магадгүй.

Бас энд нэг зүйл хэлэхэд, хандив тусламж өгч байгаа, тэрийг нь авч дамжуулж байгаа хүмүүс жаахан нээлттэй, тэр шилэн данс шигээ бай л даа. Тэгэхгүй бол идээд уугаад байгаа юм уу, газар дээрээ тусламж гэж сонин л юм очдог юм билээ.

ДМ: "Ухах болхоор улс төрчдийнх болчихдог, шатах болохоор ард түмнийх болчихдог юм уу"

 

PHOTONEWS.MN

Ооч ёлын ид шид (Фото нийтлэл)
Ооч ёлын ид шид (Фото нийтлэл)
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.