“Herbalife” хэрэглээд бөөрний дутагдалд орсон гэх Б.Оюунтуяа бүсгүй бурхны оронд оджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
14 минут 36 секунд
“Herbalife” хэрэглээд бөөрний дутагдалд орсон гэх Б.Оюунтуяа бүсгүй бурхны оронд оджээ

“Herbalife” хэрэглээд бөөрний дутагдалд орсон гэх Б.Оюунтуяа бүсгүй бурхны оронд оджээ

 “Herbalife” хэмээх нэршлийг сонссон хүн бүр л ямар нэгэн тураах бэлдмэл, сүлжээний үнэтэй эм гэдгийг мэддэг болчихож.

“Herbalife” хэмээн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, биологийн нэмэлт бүтээгдэхүүн гэх тодотголтой олон төрлийн бүтээгдэхүүн зарж борлуулдаг сүлжээ, ууж хэрэглэдэг хэрэглэгчид манайд аль хэдийнэ бий болчихсон.

Сүүлийн үед тус бүтээгдэхүүнийг хор хөнөөлтэй, хүний эрүүл мэнд, амь насанд маш сөрөг нөлөөтэй болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарлаж, гадны хэвлэлүүд мэдээлж байсныг та бүхэн санаж байгаа биз. Үүнтэй зэрэгцэн манай улсын эмч, мэргэжилтнүүд ч энэхүү бүтээгдэхүүнийг эрүүл мэндэд хор хөнөөлтэй болохыг батлан ярьж эхлэв.

Өнгөрсөн долоо хоногт “Eagle” телевизийн хэлэлцүүлэгт Хор судлаач У.Баяр, Клиникийн нэгдүгээр эмнэлгийн Зүрх судас, үе мөчний клиникийн эрхлэгч, зөвлөх эмч Б.Батболд, НМХЕГ-ын мэргэжилтэн зэрэг мэргэжлийн хүмүүс “Herbalife”-ийн бүтээгдэхүүн үнэхээр хүний биед хортой гэдгийг батлан хэлж байсан юм.

Сүүлийн үед манай улсад энэхүү бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хэрэглэсэн хүмүүсийн эрүүл мэнд доройтож, бөөрний дутагдал хэмээх өвчинтэй болсон талаарх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Өнгөрсөн жил нэг эмнэлгээс нөгөө эмнэлэг дамжин явсаар сүүлдээ Нэгдсэн I клиникийн бөөрний тасагт эмчлүүлэхдээ тулсан Б.Оюунтуяа гэх бүсгүй “Herbalife”-ийн бүтээгдэхүүн ууж хэрэглэснийхээ хар гайгаар ийм өвчтэй болж зовж шаналж яваагаа хэвлэлээр ярьж байсан удаатай. Түүний нүүр ам пэмбийтлээ хавагнаж хөөсөн, мөн хэвлийдээ кадетер зоосон байдалтай байсан бөгөөд нүд хальтрам зураг нь ч олон нийтийн мэдээллийн сүлжээгээр нэлээд тарсан.

Бид Б.Оюунтуяа бүсгүйг хайж олохоор нэлээд сурагласан боловч тун харамсалтай мэдээ олж сонсов. Тэрээр Нэгдсэн I клиникийн бөөрний тасагт эмчлүүлж байгаад гадаад улсыг зорьсон ч эмчилгээ авалгүйгээр өнгөрсөн тавдугаар сарын үед амиа алдсан гэх мэдээллийг эх сурвалж бидэнд өгсөн юм.

Талийгаач хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би 2011 онд “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг эрүүл мэндээ сайжруулах, мөн турах зорилгоор хэрэглэсэн. Анхны охиноо төрүүлчихээд нэлээд жин нэмсэн байлаа. Усан спорт, фитнессээр хичээллэж байтал миний танил хүүхэн “Herbalife”-т  хамрагдаад, гурван сарын дотор 10 кг хассан, чи надтай хамт яваач, үр дүн нь янзтай гэж өдөр болгон гэрт ирж ятгаад байхаар нь очсон. Хожим “Herbalife”-ыг сүлжээний бизнес гэдгийг нь мэдсэн. Ингээд III хороолол, дараа нь XI хороололд байдаг эрүүл зөв хооллолт клубээс бүтээгдэхүүнээ авч гэрээрээ уусан. Гэвч хэрэглээд нэг жил зургаан сарын дараа бөөр өвчилсөн. Эхлээд хэрэглэхэд үнэхээр бие сэргэх шиг болдог. Харин одоо бөөрний дутагдалд ороод, бие маань муудаад хүнд байдалд орчихоод байна. “Herbalife”-ыг хэрэглэхээс өмнө бөөр эрүүл байсан эмнэлгийн шинжилгээ, дүгнэлт нь надад байгаа.

“Herbalife”-ын бүтээгдэхүүнийг 6 сар хэрэглэсний дараа эмнэлгийн нарийн шинжилгээ өгөхөд бие маань тааруу гарсан. Энэ тухай клубын багшдаа хэлэхэд “Эмч нарын үгэнд ороод хэрэггүй. Харин бүтээгдэхүүнээ тасралтгүй 1 жил хэрэглэхэд чиний эд эрхтэн эрүүл гарна. Хорт хавдар эдгээд байхад наадах чинь юу ч биш. Ахиж битгий эмнэлгийн шинжилгээ өгөөрэй” гэсэн. Ингээд ахин бүтэн жилийн хугацаанд тураах зориулалттай Термо цай, алое, лайн уураг, витаминыг хэрэглэсэн. Ялангуяа бөөрөнд тэжээл өгдөг гэх тэрхүү лайн-ыг багшийнхаа зөвлөснөөр уугаад байсан. Энэ маань хожим нөхөж баршгүй том алдаа байж. Эрүүл мэндийнхээ эсрэг хор ууж байснаа мэдсэнгүй” хэмээн ярьсан байсан юм.

-“HERBALIFE”-Д ХОРДСОН 30-40 ХҮН НЭГДЭЖ “ХОХИРОГЧДЫН ХОЛБОО” БАЙГУУЛЖЭЭ-

“Herbalife”-ийн БАД-ын бизнес нь гараас гар дамждаг, сүлжээ хэлбэрээр нууц байдалд хүн элсүүлдэг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр реклам, зар сурталчилгаа явуулдаггүй, мөн клубынхээ үүдэнд хаягаа тавьж байгаагүй нь эцэстээ өөрсдийн хохирогчдоос нуугдаж, тэднийг нэгдэж тэмцэхээс урьдчилан сэргийлж байсан хэрэг болохыг хожуу ойлгосон хэмээн хохирогчид ярьж байна. Хохирогчид хэмээн тодотгосны учир юу вэ гэвэл энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээс болж эрүүл мэндээрээ ноцтой хохирсон 30-40 хүн нэгдэж, “Хохирогчдын холбоо” байгуулан үйл ажиллагаа эхэлжээ.

Тэдний туйлын зорилго нь “Herbalife”-ийн тухай гагцхүү үнэнийг ард түмэнд хүргэж өгөх. Бас тэдний цаана хэнд ч хандахаа мэдэхгүй өвчиндөө шаналж буй гомдолтой өчнөөн хохирогчдыг төлөөлж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах юм билээ. Тэд удахгүй олуулаа болон гарч ирэхээ мэдэгдсэнээс гадна тавдугаар сараас хойш уг бүтээгдэхүүнийг хэрэглэж бөөрний дутагдалд орсон 4-5 хүн нас барсан талаарх аймшигт тоог мөн хэлсэн юм. Тэдний нэг Ц.Ариунаа гэх эмэгтэй Монголд анх удаа өөхөн эдийн хавдар гэдэг оноштой шаналж, байнга эмчийн хяналтад явдаг болжээ. Ингээд “Herbalife”-ийн хохирогч Ц.Ариунаагийн яриаг хүргэе.

Ц.АРИУНАА: БАТАЛГААГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНИЙ ГОР ИНГЭЖ Л ГАРЛАА

-“Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэдий хугацаанд хэрэглэсэн бэ?

-Би “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг жил гаруй хэрэглэсэн. Клубынхээ багш нарын зөвлөснөөр коктейль, “Формула-1”, “Формула-2”,  Терможидекс цай, алэо, лайн, целлозин зэргийг хэрэглэж байсан. Эхлээд үнэхээр сайхан болж байгаа юм шиг сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг юм билээ. Гэтэл үнэндээ цаагуураа биеийг маань “идэж” байж. Жил гаруй хэрэглээд би өөхөн эдийн хавдар гэсэн өвчин туссанаа мэдэж, Хавдар судлалын төвд хагалгаанд орсон. Намайг анх үзсэн эмч ердөө хоёр сарын настай гэж хэлж байсан. Миний өвчин Монголд бүртгэгдээгүй өвчин байсан. Гэхдээ амьдралын төлөө зүтгэж,  хагалгаанд орсон. Хагалгаа амжилттай болсон ч хавдар дахих магадлал маш өндөр. Анх хагалгаанд ороход  эмч нар “Ямар нэгэн биологийн идэвхит бүтээгдэхүүн хэрэглэдэг үү” гэж асуусан. Би “Herbalife”-ийн бүтээгдэхүүн хэрэглэдгээ хэлэхэд “Яах гэж тийм баталгаагүй юм хэрэглэдэг юм бэ” гэж хэлж байсан. Тухайн үед эрүүл саруул биетэй болно гэж бодож л хэрэглэж байсан болохоос ийм хортойгоор нөлөөлнө гэж бодоогүй учир үнэхээр “ шок”-нд орсон.  Ингээд би “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээ больж,  анагаах ухаанаар явсан. Үүнийхээ хүчээр өдгөө химийн эмчилгээ хийлгэж, өдөр хоногийг аргацааж явна. Химийн эмчилгээ хийлгэснээр үс маш их унаж, бууралтах болсон.

-Бүтээгдэхүүнүүдийг хэрэглэвэл эрүүлжинэ гэж их сурталчилдаг. Эрүүлжсэн эрхтэн бий юу?

-Ердөө жилийн дараа эрүүлжих нь байтугай хавдар, тэр тусмаа ховор тохиолддог мэдрэл дагаж өвчилдөг өөхөн эдийн хавдар туссан нь гайхалтай. Хэдийгээр хавдрын хагалгаанд орж авахуулсан ч гэлээ миний бие төдийлөн дээрдэхгүй байгаа. Одоо дотор эрхтэн бүгд өвдөж, биеийн дархлаа маш муудсан. Байнгын эмчилгээ асаргаанд байдаг. Богино настай болсон байна даа гэж бодож явдаг. Хаа хамаагүй баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэсний маань гор ингэж л гарлаа. Тийм болохоор би бусдад сургамж болох үүднээс “Herbalife”-ийн бүтээгдэхүүнээс татгалзаарай гэж хүмүүст хэлэхийн тулд Хохирогчдын холбоонд хандаж байгаа юм.

-Ийм өвчин туссанаа яаж мэдсэн бэ?

-Бие өвдөөд эмнэлгээр зөндөө явсан. Өгөөгүй шинжилгээ байхгүй. Томографт хүртэл үзүүлэхэд ямар ч хавдрын шинж тэмдэг илрэхгүй байсан. Эмч нар хүртэл сүүлдээ гайхаж байсан. Онош тодорхойгүй болохоор эмч нар гэрт гаргачихсан. Ингээд хөнгөвчлөх эмчилгээнд нь хамрагдаад дахин явж байж оношоо гаргуулсан. Гэхдээ үүнд эмч нар 100 хувийн онош өгч чадахгүй байгаа. Мэдрэл дагасан хавдар байна гэсэн. Тэгэхээр “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг тархи, толгойнд нөлөөлдөг юм байна гэж би хувьдаа дүгнэж байгаа. Миний толгой энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээс хойш маш их өвддөг болсон. Одоо маш мартамхай болоод байна.

-Өвчнийхөө талаар клубынхээ багш нарт хэлсэн үү?

-Хэлсэн. Тэд “Манай бүтээгдэхүүн ямар нэгэн гаж нөлөөтэй биш. Усаа сайн уу, шингэн чинь дутагдаж байна, наад бэлдмэлүүдээ л уугаад бай” гэж зөвлөдөг байсан.

-Одоо таны биеийн байдал ямархуу байгаа вэ. Эмчилгээ хийлгэж байгаа юу?

-Ер нь тааруухан талдаа. Өвдөхгүй эрхтэн ч гэж байхгүй болсон. Бүх эрхтэнд өөрчлөлт өгчихсөн. “Herbalife”-ийг хэрэглэхээс өмнө шинжилгээ өгч байхад элэг, бөөр ямар ч өөрчлөлтгүй гарч байсан. Одоо ялангуяа дотор таван цулд маш их өөрчлөлттэй. Иймд байнгын эмчилгээ хийлгэж, хавдрын эмчийн хяналтад байгаа. Анх бие өвдөөд шинжилгээ өгөхөд элэг, бөөр сайн гараад л байсан. Яг юунаас болж өвдөөд байгаа нь мэдэгддэггүй юм билээ. Одоо бол миний бие ядрангуй, тайван биш, наад зах нь гэхэд сайхан унтаж амарч чадахгүй болсон.

-“Herbalife”-ийн бүтээгдэхүүнүүд хордсон хүмүүс нэгдэн “Хохирогчдын холбоо” байгуулан тэмцэх гэж байгаа юм байна. Та бүхэн юуг хүсч байна вэ?

-Би энэ тэмцэлд өөрийн биеэр оролцоно. Ерөөсөө энэ бүтээгдэхүүнийг төр, засгаас Монголд хэрэглэхийг бүрмөсөн хориглоосой л гэж хүсч байна. Сайхан сайхан охид, залуус хэрэглээд, эрүүл мэндээрээ битгий хохироосой гэж бодож сууна.

-“HERBALIFE”-ЫН БҮТЭЭГДЭХҮҮНД ХҮНИЙ БИЕД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ МАШ ОЛОН БОДИС БАЙГААГ ТОГТООЖЭЭ-

Клиникийн нэгдүгээр эмнэлгийн Зүрх судас, үе мөчний клиникийн эрхлэгч, зөвлөх эмч Б.Батболдоос “Herbalife”-ийн бүтээгдэхүүний талаар тодруулахад “Herbalife” бол бизнес талаасаа ч дэлхийд хориотой, эрүүл мэнд талаасаа ч хориглосон бүтээгдэхүүн. Үнэндээ эдгээр биологийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг дэлхийн том том институтууд судлаад хэрэгтэй юм алга гэдгийг баталчихсан байдаг. Шинжлэх ухаанд бүх зүйл өнөөдөр тодорхой болчихсон. Тэр ч байтугай шинжлэх ухаан биологийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдэд хориотой эм бэлдмэл хэрэглэж байгааг, энэ нь эргээд хүний биед сөрөг нөлөөтэй болохыг баталчихсан шүү дээ. Манайхан л дүлий дүмбэ царайлж яваад байгаа болохоос биш шинжлэх ухаан хөгжсөн газруудад биологийн идэвхит бүтээгдэхүүнүүд гэсэн нэртэй болгоныг шалгаад, дэмий, хэрэггүй юм байна шүү гээд ихэнхийг нь бүр хорьсон. Барууны орнууд, Америкт 60-70-аад онд нэмэлт бүтээгдэхүүнүүд гарч ирээд, үүнийг нь шинжлэх ухаан 5-10 жилийн дотор судлаад ерөөсөө хүний биед дэмий юм байна. Энэ яриад байгаа ашиг тус нь байхгүй байна гэдгийг баталсан. Нэгэнт шинжлэх ухаанаар баталчихсан, тухайн улсууддаа хэрэглэхээ больсон зүйлийг тэнд борлогдохгүй болуут эрүүл мэндийн зохистой бодлогогүй, оюуны хоосролтой, шинжлэх ухаанч мэдлэг чадвар сул, хүн амын эрүүл мэндийн мэдлэг муутай орнуудад бараагаа зарж эхэлдэг хэсэг бүлэг хүмүүс байдаг.

Сүүлийн үед манайд хүчээ аваад байгаа “Herbalife”-ийн бүтээгдэхүүнд хүний биед сөрөг нөлөө үзүүлэх маш олон бодис байгааг тогтоочихсон. Мөн пирамидын луйвар болох нь ч батлагдсан. Пирамидын бизнес чинь өөрөө маш аюултай. Ер нь сүлжээний бизнес гэдэг бол маш нарийн зохион байгуулалттай үргэлж хар юм хийж явдаг. Өөрсдөө хэрэглээд хохирсон ч бай хамаагүй мөнгө олохын тулд дараагийн хүмүүсээ ямар ч аргаар хамаагүй элсүүлдэг. Богино хугацаанд их ашиг олох л зорилготой. Энэ компанийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд эрүүл мэндээрээ хохирсон хүн олон бий. Эрүүл мэндээ байг гэхэд сүлжээний бүтээгдэхүүн авч хэрэглээд, мөнгө төгрөгөөр хохирсон хүмүүсийг тоолохын аргагүй. Пирамидын луйвар болох нь батлагдсан, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь дэлхийн тэргүүлэх зэргийн лабораторитой, тэргүүлж буй шинжлэх ухаантай, хууль эрх зүйтэй Америк, Бельги, Израиль улсуудад тогтоогдоод хориглосон тухай мэдээллийг интернэт сайтуудад ил тавьсан байхад манайхан л бие биеэ хуурч, хэрэглэж байгаа нь эмгэнэлтэй байна” хэмээн ярьж байна.

Б.БУРМАА Medee.mn

“5 БУУЗ” Хүмүүнлэгийн аяныг Монгол улсын хэмжээнд өрнүүлэхээр боллоо
“5 БУУЗ” Хүмүүнлэгийн аяныг Монгол улсын хэмжээнд өрнүүлэхээр боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.