Өрмийг хусам ч үлдээлгүй хамагсдад өршөөл үзүүлсээр л байх уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 49 секунд
Өрмийг хусам ч үлдээлгүй хамагсдад өршөөл үзүүлсээр л байх уу

Өрмийг хусам ч үлдээлгүй хамагсдад өршөөл үзүүлсээр л байх уу

Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрөгч долоон хоногт болж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэг сургалтын төлбөрийн зээл, чөлөөлөх зэрэг багц асуудлыг хурлаар хэлэлцүүлж, гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийсэн юм. Өнгөц харахад ядарсан олон хүний үр хүүхэд зээлээ төлж чадаагүй байсныг төр нэг удаа харж үзэх нь гэсэн ойлголт өгөхөөр байсан. Үнэн хэрэгтээ чадарсан хүмүүс жирийн иргэдийн санаанд ч оромгүй их мөнгөөр өөрийн хамаарал бүхий хүмүүсээ сургасан байх юм.

Төрийн албан хаагчдын гурван хүүхдийн нэгийг үнэгүй эсвэл зээлээр сургах, үнэхээр суралцах хүсэл тэмүүлэлтэй, өөрөө чадвартай ч санхүүгийн боломжгүй хүүхдүүдийг сургах зорилготой “Сургалтын төрийн сан” 1993 онд байгуулагдсан. Зээлийн сан боловсролын салбарт хувь нэмрээ оруулж1893 хүн 52.5 сая ам.долларын өртгөөр суралцсан аж.Гэрээний үүргээ биелүүлж, сураад хугацаандаа зээлээ төлсөн 670 хүн байгаа бол гэрээгээ уландаа гишгэн, дур мэдэн алхаж яваа 179 хүн байгаагийн дотор улстөрчдийн хүүхдүүд цөөнгүй байна.

Гадаадад суралцсан магистр, докторын хувьд эргэн төлөлт нь гурван жилийн хугацаатай ч тэд гэрээний үүргээ биелүүлэлгүй харин Засгийн газраар өөртөө ашигтай, өрнөөс мултрах шийдвэр гаргуулж, өр төлбөргүй салах аргаа сүвэгчлэн явсан нь илт байна.

Засгийн газраас гаргасан шийдвэрийг дагалгүй, өөрийн хамаарал бүхий хүмүүсээ Боловсролын сангийн зээлээр сургасан эрхэм гишүүд, эрх мэдэлтнүүд та бүхэн буруугаа хүлээн уучлал гуйгаад зээлээ төлчих ухамсартай гэдгээ харуулах боломж байна.Мэдээллийн мөрөөр түмэн журам, дүрэм ярьж, төлсөн төлөөгүй гэхчилэн ам мэдэн зарга үүснэ. Зарим нэг нь төлсөн гэсэн мэдээлэл өгч байна.

Эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд, түүний хамаарал бүхий хүмүүс нь зээлээр сураад , төрд гурван жил ажиллаад зээл нь хаагдана гэх заалт, журам ч оруулсан байх юм. Хамгийн гол нь энэ мэт журмыг иргэн бид мэддэг билүү. Энэ мэт журам нь иргэн Болд, Баасан, Дулмаа, Бямбаа танд үйлчилдэг билүү. Зөвхөн эрх мэдэлтэн, улстөрч түүний хамаарал бүхий хүмүүс, Боловсролын салбарт ажиллаж буй албан тушаалтанд л хамааралтай, тэд л шимийг хүртдэг нь нууц биш.

 

32000 ам.доллар бага мөнгө үү Х.Баделхан сайд аа

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханы хүүхдүүд их хэмжээний зээл авч сургуульд явсан байх юм. Түүний охин

Б.Арна, Б.Галия нар нь 2003 онд АНУ-ын Де Врай их сургуульд суралцахаар 32000 ам.долларын зээл авсан ч төлөөгүй өнөөдрийг хүрчээ. Зээл авснаас хойш даруй 16 жил болсон ч нэг ч төгрөг хийлгүй өнөөдрийг хүрсэн байхад яагаад чөлөөлж, дипломыг нь өгөх учиртай гэж. Жирийн иргэний хүүхэд ийм үйлдэл гаргасан бол төр төмөр нударгаа үзүүлэх байсанд эргэлзэх зүйл алга.

Сайдын ХОМ-гээс сонирхуулъя. Түүний нэг жилийн орлого 42262.14 төгрөг, гэр бүлийнх нь гишүүдийн нэг жилийн орлого 5760.00 төгрөг бол орон сууц, зуслангийн байшин, авто граж гээд хөрөнгийн жагсаалт олон байна. 16000,00 өртөг бүхий “Toyota,Camry” автомашин хөлөглөдөг аж. Х.Баделхан сайдын хувьд 0.7, 2457 мкв хоёр газар эзэмшдэг. “Жол” компанийг 100 хувь эзэмшдэг бөгөөд гадаадын банк санхүүгийн байгууллагад ямар нэгэн хадгаламж байхгүй, дотоодын банкинд 234708.40 төгрөгийн хадгаламжтай.

Дипломгүй дипломатчийг хэн ажилд авав

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын сургалтын зээл бас л сөхөгдөөд авлаа.

Н.Анхбаяр нь 2004 онд 34.000 ам.долларын зээлийг боловсролын сангаас авч Шинэ Зеланд улсад Виктория их сургуульд суралцсан ч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй хар дансанд оржээ. Шударга үнэний туйл хэмээн олон нийтэд харагдахыг хичээдэг Ц.Нямдорж түүний хүү Н.Анхбаяр ГХЯ-нд олон жил ажиллаж байгаа. Хамгийн том оронд томилогдож, дипломат албанд ажилласаар ирсэн түүнд зээлээ төлөх бодол түй ч байгаагүй бололтой. Тэр яаж төрийн албанд тэр дундаа Монгол Улсын гадаад бодлогыг боловсруулах, шийдвэр гаргах ажилд оролцож, хамгийн хангамж өндөртэй, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг улсад томилогдоод байсан юм бол. Дипломгүй дипломатчийг хэн ажилд оруулж, ямар арга замаар томилогдоод байсныг шалгахад илүүдэхгүй. Боловсролын сангийн зээлтэй хүмүүсийн диплом зээлээ төлж дуустал Боловсролын зээлийн сандаа хадгалагдах журамтай. Энэ журам Хууль зүйн сайдын хүүд үйлчилдэггүй бололтой. Эсвэл Н.Анхбаярт зориулсан тусгай журам үйлчилдэг хэрэг үү?

Хуульч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан та зээлээ хэзээ төлөх вэ?

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хүү Л.Мөнхдэмбэрэл бас зээл авч сургуульд сурч. Тэрбээр 2009 онд 32.000 ам.долларын тэтгэлэг авч Япон улсад ийнхүү дур зоргоороо авирлаж байхадАзи номхон далайн их сургуульд суралцсан аж.

Хууль тогтоох дээд байгууллага УИХ-д хамгийн олон жил суусан эрхэм та хуулиа биелүүлэхгүй, улсын сангаас авсан мөнгөө төлөхгүй дур зоргоороо авирлах эрхийг түмэн олон өгөөгүй шүү. Хүүгээ сургасан зээлээ төл хуульч эрхэм гишүүн Д.Лүндээжанцан. Сангийн журамд улсын зээлээр сурсан хүн төрд гурван жил ажиллаад зээл нь хаагддаг журмыг дэндүү сайн мэддэг учраас хэрэгжүүлсэн байж ч мэдэх юм. Төрийн түшээдийн хүүхдүүд хамгийн шилдэг сургуульд сонголтоо хийн суралцаад түмний хүүхэд юу ч үгүй хоцорч буйг та зөв гэж хардаг уу?

Шадар сайд аа, хүүхдээ сургасан зээлээ төлөөрэй

Шадар сайд Ө.Энхтүвшин ашиг сонирхлын зөрчлөөр асуудалд нэр холбогдоод байдаггүй ч энэ удаа сургалтын зээлд хүүгээ хамруулаад төлөөгүй удсан байх юм.

 

Түүний хүү 2006 онд АНУ-ын Индианагийн их сургуульд суралцахаар 16.000 ам.долларын зээл аваад төлөөгүй өнөөдрийг хүрчээ.

ХОМ-тээ Ө.Энхтүвшин сайд 900.000.00 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, зуслангийн байшин бий гэдгээ мэдүүлсэн байна. Мөнхүү түүний нэг жилийнх нь орлого 25.658.34 төгрөг, гэр бүлийнх нь орлого 185.555.62 төгрөг гэнэ. Тэрбээр 200.000.00 төгрөгийн “Lexus 570” автомашин хөлөглөж, 15.000.00 төгрөгийн хурдан удмын хоёр адуу байгааг дурджээ. Шадар сайд “Собу” компанийг 50 хувь эзэмшдэг бөгөөд гадаадын банк санхүүгийн байгууллагад ямар нэгэн хадгаламж байхгүй, дотоодын банкинд 1715.00 төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлжээ.

Хөрөнгө орлогоороо тэргүүлэгч Т.Бадамжунай 32.000 ам доллрын зээл аваад төлөөгүй

image

ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг хамгийн бэл бэнчинтэй нэгэн гэж олон нийт шуугисаар гайхсаар ирсэн. Гэтэл сайд асан Т.Бадамжунай охин Б.Оюунбилэгтээ боловсрол олгохдоо бас л сангаас мөнгө авсан байх юм.

Түүний охин 2003 онд Канадын Ватерлоогийн их сургуульд суралцахаар 32.000 ам доллрын зээл аваад төлөөгүй өнөөдрийг хүрчээ. ХОМ-гээс нь харахад тэр энэ мөнгийг өлхөн төлөх боломжтой.

Хамгийн наад зах нь орон сууц юм.

Т.Бадамжунайгийн нэр дээр

1.УБ, ЧД, 3-р хороо, 8-р байр, 19 тоот

2.УБ, СБД, 7-р хороо, 11-р хороолол, Их тойруу гудамж, 86 тоот

3.УБ, БГД, 12-р хороо, 27-р байр, 13 тоот,

Т.Бадамжунайгийн эхнэр Ц.Сарантуяагийн нэр дээр

4.УБ, ЧД, 3-р хороо, 8-р байр, 19 тоот

5.УБ, БГД, 12-р хороо, 27-р байр, 13 тоот байшингууд бий. Цаашлаад охин, хүргэнийх нь нэр дээрх орон сууц, үл хөдлөх хөрөнгийг тоолсон сурвалжлагыг Өдөр тутмын сонины эрэн сурвалжлах багынхан хангалттай мэдээлсэн.

 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг бас л улсын мөнгөөр сурсан

image

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд Гавайн Пасифик ИС-д 1998 онд төрийн сангийн зээлээр суралцаад зээлээ төлөөгүй аж.

Сургалтын төрийн сангаар гадаадад сурахад нэг жилд 16 000 ам доллар байдаг бөгөөд суралцсан жилээр нь үржүүлэхээр бас нилээд төнгө гарч ирэх нь.

Тэрбээр “Жонон Лүндэг” ХХК, “Гранд Фиорэ” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг, Jeep,Wrangler- 1,Toyota,Camry- 1 машинтай, хэд хэдэн газартай нэгэн. Гэсэн атлаа зээлээ төлөхгүй өнөөдрийг хүрсэн учир нь Засгийн газраас ийм шийдвэр гаргахыг хүлээж байсан гэлтэй.

Банк дампуурах эсэх нь Г.Алтангаас шалтгаалдаг гэх......

image

АПУ-гийн Г.Алтан хэмээх нэрээрээ олонд танигдсан хатагтай хөрөнгө ч инээгээрээ хэнийг ч дагуулахгүй нэгэн. Г.Алтангийн хүү Эдвуард Сүрэн Англи улсын Глюкестерийн их сургуульд суралцахаар 16.000 ам. доллар зээлсэн байх юм. Г.Алтанг Хадгаламж банкнаас 68 тэрбум төгрөгөө татахад банк хэцүүдэж байсан түх бий. Ийм их хэмжээний хөрөнгө мөнгөтэй хүн яагаад зээл авч, бас яагаад төлөөгүй өнөөдрийг хүрсэн нь сонин. МАН-ын лидерүүдтэй хамтрагч түүнд улстөрчид сангаас зээл аваад сураггүй алга болох санаа өгсөн байж мэдэх юм. Одоо ч тэрбээр энэ хэмжээний мөнгө төлөх чадвартай нэгэн.

Medee.mn 

NB & SALLY - Анхбаяр
NB & SALLY - Анхбаяр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.