Өр нэмчихэлгүй 2024 онтой золго, эрхэм түшээд ээ!!!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 18 секунд
Өр нэмчихэлгүй 2024 онтой золго, эрхэм түшээд ээ!!!

Өр нэмчихэлгүй 2024 онтой золго, эрхэм түшээд ээ!!!

Сангийн сайд Б.Жавхлангийн чуулганы танхимын босго давуулан шидсэн ирэх оны төсөв УИХ-ын гишүүдийг уйлуулах шахаж байна. Сонгуулийн өмнөх жилийн төсөв атал гишүүдийн “халаас”-ны мөнгө тусгагдаагүй, тойрогт хуваарилсан хөрөнгө оруулалт чамлалттай. Дээр нь нэмээд шинээр барилга байгууламж эхлүүлэхгүй гэчихсэн. Гэхдээ шинээр шав тавихаас илүүтэй эхлүүлээд орхисон ажлаа дуусгана гээд халдашгүй эрхтэй гишүүдийг уйлуулж, харин эсрэгээрээ олон түмний дэмжлэгийг авч байгаа.

Татаасаар амьдардаг аймгуудыг өөрсдөө орлого олж биеэ даа гэчихсэн биш үрэлгэн Засаг ноёдын нүдийг орой дээр нь гаргаад, дайран дээр давс нэмчихсэн. Татвар төлөгчдийн мөнгөөр хөшөө босгож, угталт үдэлтийн хаалга хийснээ хөгжил гэж эндүүрдэг нөхдөд Сангийн яамны даалгавар ялын тогтоол шиг бууж буй нь ойлгомжтой.

Ядахад Хэмнэлтийн хууль хэрэгжсэн хэвээр байгаа нь тэнгэр хол, газар хатуугийн үнэнийг мэдрүүлж байгаа биз.

Хэмнэлтийн хуульд дэд дарга, захирал, орлогч дарга, орлогч захиралтай байхыг хориглосон байгууллагуудын төсөвт тухайн албан тушаалтай холбоотой орон тоо, зардлыг тусгахгүй. Сургалт нэрээр хөрөнгө завших боломжийг хаачихсан. Албан бичиг хөтлөлтийг цахим хэлбэрт шилжүүлэн, сургалт семинар, хурал зөвлөгөөнийг онлайнаар зохион байгуулж байгаа. Засгийн газрын шийдвэр гарснаас бусад баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн, салбарын өдөр, аялал зугаалга тас хориотой. Байгууллага хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал кино хийх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгалын зардлыг төсвөөс санхүүжүүлэхээ больсон. Энэ бүгдээс болж төсөвт байгууллагын удирдлагуудын гарыг хүлж, эрх мэдлийг хумьсан төсөл өргөн барилаа гэх унтууцал цахим орчинд тасрахгүй байгаа үнэн.

2021 онд өнгөрсөн жилийн төсвийн төслийг оруулж ирэхдээ УИХ-ын гишүүдэд тойрогтоо зарцуулах мөнгө гэж 4 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын 88.2 хувийг барилга байгууламжид зарцуулахаар тусгаж байсан бол 2019 оны төсвийн төсөлд гишүүдэд 5 тэрбумыг хуваарилж байв.

Эл үрэлгэн байдалд цэг тавьж, төсвийн шинэчлэл хийнэ гэдэг ч гишүүдийн эрх ашиг, сонгуулиас сонгууль дамжсан амлалт, зураг төсөв, эдийн засгийн тооцоогүй хөрөнгө оруулалтуудаас салж чадалгүй өнөөдрийг хүрсэн хэмээн Сангийн сайд буруутгаад өөртөө галыг аван, 2023 оныг Төсвийн реформын эхлэл болгон эхний шанг татчихлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны 51.9 хувь нь орон нутагт, 30.1 хувь нь нийслэлд, 18 хувь нь улсын хэмжээнийх. Тэрчлэн хөрөнгө оруулалтын 49.3 хувийг авто зам, эрчим хүч, инженерийн шугам сүлжээний салбарт зарцуулахаар тусгасан байгаа нь зоримог алхам.

Тэрчлэн ирэх оны төсвийн төсөлд хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаж, нээлттэй компани болж буй тохиолдолд хувьцааны ногдол ашгийн татварыг 5 хувь болгон бууруулах нэн чухал заалт орж ирж байгаа. Үүнд түүчээ, кэйс болгон Төрийн банкийг олон нийтийн хяналтад оруулах ажлыг өнгөрөгч сард Б.Жавхлан сайд эхлүүлж, дотоодын бирж дээр IPO гаргасан нь яалт ч үгүй банкны салбар дахь реформ болсон.

Иргэд үйлчлүүлдэг банкныхаа хувьцаа эзэмшигч болсноор хяналт сайжирч, ашиг орлогоос нь хүртээд зогсохгүй үнэт цаасны зах зээл дэх хөрөнгө оруулагч болж байгаа юм.

Банкуудын хувьд ч үнэлгээ, үнэ цэнээ өсгөн засаглалаа сайжруулж, чадавхиа бодитойгоор нэмэгдүүлэх чухал алхам болж буйг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Түүнээс гадна Сангийн яамны зүгээс төрийн албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, хотоос орон нутагт шилжин суурьших явдлыг дэмжих зорилгоор орон нутгийн нэмэгдлийг хоёр дахин, үүний 20 хүртэл хувийн нэмэгдэлд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс, үлдэх 80 хүртэл хувийн нэмэгдлийг орон нутаг шийдвэрлэх эрхийг олгоно гэсэн нь төвлөрлийг сааруулах арга зам олж ядан тархиа гашилгаж буй энэ үед даацтай, суурь шийдэл болж өглөө.

Орон нутгийг зоригсдод ипотекийн зээлийг хөнгөлттэй нөхцөлөөр шийдэж өгнө гэдэг дэмжихээс аргагүй санал.

Ковидын хүнд үед өрхийн орлогыг дэмжих маш том суурь болж байсан 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт олгож ирсэн 100 мянган төгрөгийг ч цаашид бууруулахгүйгээр нийт хүүхдийн 91 хувьд үргэлжлүүлэн олгоно гэчихлээ.

Тэгэхээр “Хүслийн жагсаалт” өвөртлөн 2024 оны сонгуулиас өөр зүйл олж харж, ойлгохыг хүсэхгүй байгаа эрхэм гишүүд тойргийн мөнгө тусгагдаагүй гэдэгт гоншигнон хорсолгүй санхүүгийн сахилга батыг ягштал дагаж, хэмнэж болох бүхнийг дэмжих нь зөв бөгөөд зүй ёсны хэрэг болох биз.

Тэгээд ч эдийн засаг, санхүүгийн хүндрэл нь хямрал болтлоо даамжрахаас сэргийлж, заавал ОУВС-гийн хөтөлбөрт оролгүйгээр бүтцийн реформуудаа бодитоор хийж хэрэгжүүлэх нь нийгэм, эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдал, үндэсний эрх ашигт чухал нөлөө үзүүлнэ гэдгийг уншдаг, сэтгэдэг бүхэн ойлгодог болсон цаг…

Эх сурвалж: Niigmiintoli.mn

Венеци хотынхон Жорж Клунигийн хуриманд бэлтгэж байна
Венеци хотынхон Жорж Клунигийн хуриманд бэлтгэж байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.