"Сандэй плаза" худалдааны төвийн түрээслэгчид хохирлоо хэнээс нэхэх вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 20 секунд
“Сандэй плаза“ худалдааны төвийн түрээслэгчид хохирлоо хэнээс нэхэх вэ

“Сандэй плаза“ худалдааны төвийн түрээслэгчид хохирлоо хэнээс нэхэх вэ

Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сандэй плаза" худалдааны төвд өнгөрсөн амралтын өдөр гал гарсан. Тодруулбал, энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 01-ээс 03 цагийн үед гал гарсан тухай дуудлага ОБЕГ-т ирсэн байна. 

 ОБЕГ-т шөнө ирсэн дуудлагын дагуу Онцгой байдлын дөрвөн ангийн нийт 45 албан хаагч гал унтраах үйл ажиллагаанд оролцож, галыг бүрэн унтраажээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч  2  автомашин, нэмэлтээр мөн ангийн 2 дугаар тасгийн 6 албан хаагч 1 автомашин, авто механик шат, гэрэл холбооны автомашин 2, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах,аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч 2 автомашин, Хан-уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч 2 автомашин нийт 45 алба хаагч, 10 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажилласан байна.

Өчигдөр орой 19 цагийн үед тус худалдааны төвд лангуу түрээслэдэг иргэд нөхцөл байдалтай нь танилцаж байсан юм. Худалдааны төвийн гадна цугласан түрээслэгчдийг дотогш ээлжлэн оруулж, бараа, лангууг нь бүртгэн, гарын үсэг зуруулан, хянуулж байгаа аж.

 Түрээслэгчдийн мэдээлж буйгаар гал зоорийн давхар буюу В1 давхарт гарчээ. Хэргийн газарт мэргэжлийн шинжээчид ажиллаж байсан бөгөөд галын шалтгааныг тогтоотол тус төвийг үйл ажиллагааг зогсоох гэнэ.

Тус худалдааны төвийн В1 давхарт лангуу түрээслэгч иргэн "Б"

-Галд хэр хэмжээний хохирол учирсан юм бол. Танд мэдсэн зүйл байна уу?

-Мэдэхгүй, гал гарлаа гэдгийг сонсоод сандраад л ирлээ шүү дээ.

-Галын шалтгааныг танилцуулсан уу. Юунаас болж гал гарсан гэж байна?

-Одоогоор ийм тийм гэсэн хариу хэлээгүй байна. Хүмүүсийг хэсэг хэсгээр нь дотогш нь оруулна гээд л хүлээгээд байж байна. Сураг сонсоход цахилгааны утаснаас болж гал гарсан юм биш үү. Эгч нь сайн мэдэхгүй байна.

-Хохиролын хэмжээ хэр их байгаа юм бол?

-Дотор орсон хүмүүс гарч ирээд л хэлэх байх даа. Зүв зүгээр байж байгаад олон түрээслэгчид хохирч байна шүү дээ. Битгий л бөмбөгөр шиг юм болсон байгаасай. Яг үнэнийг хэлэхэд ядарсан бидний амь зуулга л энэ. Энд байгаа хүмүүсийн хичнээн нь өр зээл тавьж наймаа худалдаа хийж байсан гээч. Бараг бүгд.

Лангуу түрээслэгч иргэн  "Д"

-Та сая дотогш орлоо. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Бөөн утаа май, хөө тортог болсон байна. Азаар манайх гайгүй байх шиг байна. Бусдыг нь мэдэх юм алга. Бөөн тортог.

-Хэр их талбай галд автсан байна вэ?

-Мэдэхгүй, зүүн тал тэр чигтээ юм бишүү. Өөрийн лангуугаа хараад л гарч ирлээ. Тэр үнс, чандруу дунд чинь над шиг бие муутай хүн удаан байх арга алга даа.

-Галын шалтгааныг танилцуулж байна уу. Яг юунаас болж гарсан юм бол?

-Тийм юм хэлсэнгүй. Бид шалгаж байна гэж байсан. Ийм том худалдааны төв байж галын аюулгүй байдлаа чанд сахиж чадахгүй түрээслэгчдээ хохироож байна. Хүмүүсийн яриаг сонсоход гал цахилгааны монтажнаас болсон л гэх юм. Манайхны юмыг замбараагүй хийдэг зангийн хар гай. Бараагаа шатаасан иргэд одоо яах юм байгаа бүү мэд. Бодвол хохироод л үлдэх байх даа.

Г.Лхагва

Zaluu.com

 
 
“Гулгаа массаж” нэрийдлийн дор 24 охины биеийг үнэлүүлж байсныг илрүүллээ
“Гулгаа массаж” нэрийдлийн дор 24 охины биеийг үнэлүүлж байсныг илрүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.