Б.Ханбаатар эмэгтэйг хардалт, өс хонзонгийн сэдэлтэйгээр хүчирхийлэн доромжилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 15 секунд
Б.Ханбаатар эмэгтэйг хардалт, өс хонзонгийн сэдэлтэйгээр хүчирхийлэн доромжилжээ

Б.Ханбаатар эмэгтэйг хардалт, өс хонзонгийн сэдэлтэйгээр хүчирхийлэн доромжилжээ

Төв аймгийн Баянчандмань суманд олныг сэрдхийлгэсэн жигшүүрт хэрэг өнгөрсөн сарын 24-нд гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Тодруулбал, Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар 24 настай Б гэх бүсгүйг зэрлэгээр зодож, хүчирхийлсэн билээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж байна. Жигшүүрт хэргийн талаар сурвалжлахаар Төв аймгийн Баянчандмань сумыг өчигдөр зорьсон юм.

Зураг: Б.Ханбаатар

Тус сумынхныг ахмадын баяраа тэмдэглэж байхад нь очиж таарлаа. Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газраас ахмадын баяр зохион байгуулж, сумын ТМС-ийн байранд өндөр настай иргэд бүгд ирцгээсэн байв. Уулзсан болгон Засаг даргын орлогч Б.Ханбаатар нарын үйлдсэн хэргийн талаар толгой сэгсрэн ярьж байлаа. “Энэ хүүхдүүд Монгол Улс даяар сум нутаг орныхоо нэр хүндийг муу муухайтай хутгачихлаа. Яах гэж ийм араатнуудыг сонгов оо гэж харамсаж байна. Эрдэм боловсролтой, цэргийн сургууль төгссөн болохоор нь аливаа зүйлд шударгаар хандах байх гэж итгэж найдаж байлаа. Ийм ч юм болох гэж. Баянчандмань сумын тухай сайн сайхан яриа, үйл явдал л гардаг байсансан. Гэтэл сүүлийн жилүүдэд хүний санаанд багтамгүй жигшүүрт хэргээр түмэнд танигддаг боллоо” хэмээн халаглаж байв. Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нарыг жигшин зэвүүцэх нэгэн байхад “Арай ч ийм хэрэг хийчих хүүхдүүд биш юмсан. Манай сумын урдаа барьдаг том сэхээтнүүдийн үр удам юмсан” гэх хүн ч байлаа.

Аргын тооллын намрын дунд сарын бар өдөр Монголчууд унагаа тамгалж бэсрэг найр наадам хийдэг билээ. Энэ ёс уламжлалаа дагаж сум орон нутагтаа адуучин хэмээн нэрлэгдэх болсон н.Ганзоригийнх унагаа тамгалсан байна. Сумын төвөөс Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар тамганы найранд ирсэн байна. Тэднийг ирэх үед Ганзоригийнх унагаа тамгалаад дуусчихсан, найр эхэлж байжээ. Айл, саахалтын хүмүүс цугларч хуруудаж, дэмбээдэж байхад дарга нар ирцгээжээ. Гэрийн эзэд сумынхаа дарга нарыг хүрч ирсэнд ихэд бэлгэшээж гэрийнхээ хойморт суулган дуу хуураа эхлүүлсэн байна. Архи, айраг ч элбэг дэлбэг байсан аж. Хэдэн шил архины бөглөө мулталсны эцэст хүмүүс согтож эхэлсэн байна. Гэтэл Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар хоорондоо муудалцаж, бүр зодоон цохиондоо хүрчээ. Тэр хоёрын зодолдох болсон шалтгаан нь Б гэх эмэгтэйгээс болсон гэнэ. Б.Ханбаатар “Чи миний найз байж яагаад тэгж байгаа юм бэ. Б та хоёр намайг хуурч доромжилсон биз дээ” гээд л дайрч давшилсан гэнэ. Харин Г.Ариунболд “Чи эхнэр хүүхэдтэй юм байж тэр хүүхнээр яах гээд байгаа юм бэ. Тэр надад ямар ч хамаа байхгүй” гэх утга бүхий зүйлс хэлж, маргалдаж зодолдсон байна. Хар багаасаа тоглож өссөн, БХИС-ийн нэг ангид суралцаж байсан андууд нэгнийгээ зодож дийлэхийн тулд яахаас ч буцахгүй авир гаргаж байсныг хүмүүс ярьж байв. Гэрийн эзэд тэдний зодооныг салгаж, тайвшруулсан байна. Зодоон болж өнгөрсний дараа Б.Ханбаатар, Г.Ариунболд нар эвлэрч үнэн мөнийг олохын тулд Б гэх эмэгтэйг сумын төвөөс дуудсан аж.

Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн мэргэжилтэн Б сумын төвд болж байсан хурлын үйл явцыг бичиж тэмдэглэх ажилтай сууж байсан гэнэ. Гэтэл Тамгын газрын дарга Г.Ариунболд гар утас руу нь залгасан байна. Утсаа аваад ярьтал Ганзоригийн мал гоц халдварт өвчин туссан юм шиг байна. Яаралтай хурдан ир. Цаашаа хүн амьтан руу утасдаж хэл хүргэлгүй хүрээд ир. Чамайг ирсний дараа дээш нь мэдэгдэх юм. Чамайг Эрхэмтөр очиж авна” гэжээ. Б гэх бүсгүй үнэхээр малчин Ганзоригийн малд гоц халдварт өвчин гарсан юм байх хэмээн итгэж шаардлагатай багаж хэрэгслээ бэлдсэн байна. Удалгүй сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан Эрхэмтөр машинтайгаа давхин иржээ. Эрхэмтөр цагдаа нарт мэдүүлэхдээ “Тамгын газрын дарга Г.Ариунболд утасдаж “Б-г аваад хурдан хүрээд ир. Дэлгүүрээс хэдэн шил архи аваад ирээрэй” гэж хэлсэн. Би дэлгүүрээс архи авчихаад Б-г ажил дээрээс нь аваад Сүүж явсан” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байна.

Эрхэмтөр хохирогч эмэгтэй Б-г аваад очих үед Б.Ханбаатар, Г.Ариунболд нар авчирсан архийг уулгасан гэнэ. Б-д хэд хэдэн удаа аяга дүүрэн архи өгч согтоосны дараа Б.Ханбаатар машиндаа суулгаад Ганзоригийн гэрээс 200 метр орчим газар холдсон байна. Ингэхдээ Б гэх эмэгтэйг хайр найргүй зодож тархийг нь хүнд гэмтээж ухаан алдуулсан бололтой. Б.Ханбаатар Б-г олон цаг зодсон бололтой шарх сорви, бэртэл гэмтэл биед нь байсан гэнэ. Хохирогч эмэгтэйн биеийн ихэнх хэсэг хөх няц болж энд тэндгүй гэмтэл авсан байна. Бүр уруул нь сэтэрч, тархи нь энд тэндгүй хагарсан байжээ. Б.Ханбаатар бүр ч догширч араатан шиг авирлаж хоолойг нь боомилон ухаан алдуулаад, домкрат /данхраад/-ны иш төмөр ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангажээ.

Б.Ханбаатарыг жигшүүрт хэрэг үйлдэж, хөөрхий Б аврал эрэн хашгирч байхад Г.Ариунболд, Эрхэмтөр нар айлдаа найрлаж байсан гэнэ. Ингээд Г.Ариунболд Тамгын газрын жолоочоо дуудсан байна. “Машинаа барьж чадахгүй болтлоо согтчихлоо. Энд ирээд авчих” гэсэн аж. Тамгын газрын жолооч даргаа очиж авахаар явах үед зам дээр Б.Ханбаатарын машин зогсож байсан гэнэ. Машины гэрэл асаалттай, хаалга нь онгорхой, хажууханд нь Б газар хэвтчихсэн, тэр хавиар нэлэнхүйдээ цус болчихсон байжээ. Харин Б.Ханбаатар машиныхаа суудал дээр ухаангүй унтаж байжээ. Байдал бишидсэн гэдгийг мэдээд Тамгын газрын дарга Г.Ариунболдод мэдэгдэж нийслэл рүү яаралтай аваад явжээ. Ингэхдээ Б.Ханбаатар зодуулж, хүчирхийлүүлж ухаан алдсан Б-г шууд улсын эмнэлэгт аваачилгүй эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгээр авч явсан гэх яриа Баянчамандмань сумынхны дунд гарсан байв. Гэхдээ тэд УКТЭ-т хүргэсэн байна. Хохирогч Б-ийн биеийн байдал маш хүнд байгаа. Домкрат /данхраад/-ны иш төмөр бэлэг эрхтэн болоод анус руу нь хийснээс болоод их хэмжээгээр цус алдсан гэдгийг эмч нар хэлж байна. Мөн шулуун гэдэс залгах гэх мэт маш олон мэс ажилбар хийж байгаа гэсэн юм.

Баянчандмань сумаас арав гаруй км зайтай Сүүж уулын эсрэг талын уулын энгэрт хэрэг гарчээ

Б.Ханбаатар, Г.Ариунболд нарын маргалдаж, зодолдох болсны учир шалтгааны талаар сумын иргэд ийн ярьж байна лээ. Б.Ханбаатар шинээр ажилд орсон Б гэх бүсгүйтэй янаг амрагийн холбоотой болсон гэнэ. Б-г Б.Ханбаатар албан тушаалаа ашиглан ажлын байрны дарамт шахалтад оруулсан гэх мэдээлэл ч байна. Б.Ханбаатар Б нарыг холбоотой гэдгийг Г.Ариунболд төдийгүй сумынхан мэдэх болсон байна.

Баянчандмань сум намар болгон өвсөө өөрсдийн хүч бололцоогоор хадаж, улсын фондод хадгалдаг. Өнөө жил энэ ажлыг Г.Ариунболд ахалсан байна. Хадлан бэлтгэхээр явахдаа хохирогч эмэгтэй Б-г хоол, цай хийлгэхээр томилж аваад явсан аж. Хадлан дээр Г.Ариунболд Б нар учир ургуулсан талаарх яриа нэгнээс нэгний ам дамжиж явсаар Б.Ханбаатарын чихэнд хүрчихсэн гэх. Үүнээс болоод Б.Ханбаатар Б-г хардаж найзтайгаа муудалцаж ийм байдалд хүрсэн бололтой.

Б.Ханбаатар, Г.Ариунболд нар арван жилийн найз хоёр юм байна. Батлан хамгаалахын их сургуулийн Төрийн захиргаа удирдлагын ангийг ч хамт дүүргэжээ. Г.Ариунболдын аав олон жил Баянчандмань сумын МАН-ын үүрийн даргаар ажилласан нэгэн гэнэ. Хүүгээ өөрийнхөө улс төрийн замналаар явуулахыг хүсэж ийн их сургуульд сургаснаар сумандаа ажилд орсон аж. Харин Б.Ханбаатар Баянчандмань сумын МАН-ын дэд дарга төдийгүй сумын орлогч даргаар ажиллаж байгаа юм байна. Б.Ханбаатар, Г.Ариунболд болон хохирогч Б гэх эмэгтэй нар хэн бэ гэдгийг дараагийн сурвалжлагаараа хүргэх болно.

Э.ХҮРЭЛБААТАР

Үргэлжлэл бий 

http://dnn.mn/ 

Могой, морь жилтнүүд биеэ энхрийлүүштэй
Могой, морь жилтнүүд биеэ энхрийлүүштэй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.