Б.НАГНАЙДОРЖ: “Мандухай сэцэн хатан” кинонд 6000 цэргийг 380 машинд ачиж, зөвхөн жад нь гэхэд л чиргүүлтэй 12 машин болсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
28 минут 13 секунд
Б.НАГНАЙДОРЖ: “Мандухай сэцэн хатан” кинонд 6000 цэргийг 380 машинд ачиж, зөвхөн жад нь гэхэд л чиргүүлтэй 12 машин болсон

Б.НАГНАЙДОРЖ: “Мандухай сэцэн хатан” кинонд 6000 цэргийг 380 машинд ачиж, зөвхөн жад нь гэхэд л чиргүүлтэй 12 машин болсон

Энэ удаагийнхаа дугаарт “Солонгын таван өнгө”, “Хүний сайхан сэтгэл”, ”Байлдааны даалгавар”, “Хачин хүн” /Б.Балжиннямын хамт/, “Нүцгэн уулын бэлд”, “Өв”, “Шувуухай” зэрэг киног бие даан найруулж, “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд ерөнхий найруулагч Б.Балжиннямын удирдлагад найруулагчаар ажилласан Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Нагнайдоржийг урилаа.
-Юуны түрүүнд танд энэ өдрийн мэнд хүргэе. Та төмөр замын тухай баримтат болон уран сайхны цөөнгүй кино хийсэн байдаг. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Баярлалаа, Монголын үндэсний их баяр наадмын дараахан яруу алдарт төмөр замчидтай “Ган зам” сониноор дамжин уулзаж буйдаа баяртай байна. Учир нь, миний уран бүтээлийн багагүй хэсэг төмөр замтай холбоотой байдаг. Би 1960 оны эхээр Монгол кино үйлдвэрт ажилчнаар орж олон баримтат кинонд явж, 1969 онд УБТЗ-ын ойгоор “Найрамдлын замаар” гэж нэг сайхан кино хийж байсан. Тэр киног хийхээр төмөр замын дарга Запорожецев гэдэг орос хүн биднийг хүлээж авсан юм. Найруулагчаар нь Москвад төгсөж ирсэн баримтат киноны найруулагч Д.Довдон, оператороор Д.Баттулга, би гэрэлтүүлэгчээр ажиллаж, бид тусгай галт тэрэгтэй, төмөр замаар бүтэн сар явсан. Өмнө нь, галт тэргэнд сууж үзээгүй би тэгж л төмөр замчдын ажил, амьдралтай танилцаж, анх удаа хил гарч Наушки орж үзсэн дээ. Урагшаа Замын-Үүдэд очоод Эрээн хот руу гарна гэж байтал чадалгүй хил дээрээс Эрээний зураг авалтаа хийсэн. Ингэж л төмөр замчидтай уран бүтээлээр холбогдох зам нээгдсэн. Сүүлд 1990-ээд оны эхээр Р.Раш даргын үед найман бүлэгтэй “Төмөр замын түүхэн товчоон” баримтат киног хийсэн. Энэ мэтчилэн баримтат кино цөөнгүй бий. Одоо ч нэг хүний тухай баримтат кино хийж байна.
-Та бас “Шувуухай” гээд уран сайхны кино хийсэн байх аа. Энэ киноны санааг хаанаас олоо вэ?
-1986 оны үед “Мандухай сэцэн хатан” кинон дээр ажиллаж байхдаа Дорноговийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт асар майхан захиалахаар хэдүүлээ явсан юм. Тэгсэн Чойрын цаахна төмөр зам алс тойрдог хэсгийн ойролцоо машин эвдэрлээ. Эргэн тойрон ажиглатал цаана нэг өртөө харагдахаар нь очиж хүнтэй уулзаад, нэг нь манай машиныг татаж ирээд гаднаа тавьж өглөө. Хотоос сэлбэг ирж застал тэнд хэд хонохоор болов. Уран бүтээлч хүний нүд “өлөн” байдаг даа. Өртөөний жижүүрүүдтэй уулзаж ярилцаад л байж байдаг. Гэтэл нэг ээлжийнх нь хөөрхөн жаахан охин морьтой ирээд ажилладаг. Ээлжинд гарахдаа шөнөжин, заримдаа өдөржин сууна. Танилцаж дасаад тэр охин амьдралаа ярьсан юм. Төмөр замын Техникум төгсөж ирээд ажилд орсон, амьдрал ахуйгаа хэрхэн зохицуулдаг, хайр дурлал нь бүтэлгүйтсэн гэхчилэн нэлээд юм ярилаа. Жаахан охин хэр нь түүнд маш том чанар байсан. Сэтгэлийн тэнхээтэй, амьдралын тухай надаас илүү юм ярина. Уг нь, би 40 гарсан эр шүү дээ. Гэтэл дараа нь бодоход түүнтэй адил амьдралыг тунгааж чадаагүй л байсан. Хүний сэтгэлийн хатыг ажиллаж буй орчин, газар нутаг нь бий болгодог юм билээ. Тэгээд жинхэнэ амьдралыг таниулдаг газар бол яах аргагүй төмөр зам юм гэж би ойлгосон. Жижүүр бол зүгээр нэг суугаад холбоогоор ярьдаг хүн биш. Галт тэргийг зохицуулах, явлаа, ирлээ, төдөн хүн байна, тэглээ, ингэлээ гэж хүмүүст хариу өгөх, мэдээлэл авах гээд амьдралын их сайхан дэгтэй болсон байсан. Шувууны үүр шиг ганц байшинд ганцхан хүн суух нь шувуу шиг л санагдсан даа. Би тэндээс явсан хойноо “Шувуухай” гэж өгүүллэг бичсэн юм. 1990-ээд онд танайхаас зарласан өгүүллэгийн уралдаанд “Шувуухай”-гаа өгтөл байр эзлээд, “Ган зам” сонинд нийтлэгдсэн. Тэгсэн С.Зэвсэг /Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн/ “Өгүүллэгээ кино болговол...” гэсэн саналын дагуу киноны хэлэнд оруулаад Р.Раш даргад төсвөө бариад очлоо. “Надаас энэ юуны мөнгө вэ, энэ нь, тэр нь илүү юм бишүү... гэж их юм асууна, харин би яаж хариулж төсвөө батлуулах вэ” гэж бодож байсан. Тэр үед бүх зүйл тооцоотой. Нэг метр хальс ямар үнэтэй, угаахад хэдэн төгрөг болох, хэдэн жүжигчин хэдээр авах гээд нарийн нягталдаг. Одооных шиг амны зоргоор бурахгүй л дээ. Гэтэл “Төсөв хэд вэ” ч гэлгүй шууд гарын үсэг зураад санхүүдээ шилжүүлчихлээ. Би тэр болтол Р.Раш даргыг бүрэн таниагүй явснаа ойлгож билээ. Шууд гарын үсэг зурж буй нь надад бүрэн итгэсэн итгэл шүү дээ. Тэгээд Р.Раш даргатай зөндөө л юм ярьсан, “Миний энэ хүнийг тэгж бодож, хардаж байдаг” гэсэн гэмшил эргэлдээд ярилцсан зүйлс миний толгойд ороогүй /инээв/. Тэр үеийн найман сая төгрөг их мөнгө шүү. Том байгууллагыг удирдаж буй хүн өөр байдаг юм билээ. Ингэж л би өөрийгөө өчүүхэн жижиг амьтан юм гэж анх удаа бодсон доо. Өөр газар бол хасчих гээд л байдаг учраас бид их Энэ удаагийнхаа дугаарт “Солонгын таван өнгө”, “Хүний сайхан сэтгэл”, ”Байлдааны даалгавар”, “Хачин хүн” /Б.Балжиннямын хамт/, “Нүцгэн уулын бэлд”, “Өв”, “Шувуухай” зэрэг киног бие даан найруулж, “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд ерөнхий найруулагч Б.Балжиннямын удирдлагад найруулагчаар ажилласан Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Нагнайдоржийг урилаа. айдаг. Хэрэв хасагдвал жүжигчдийн тоо, шагнал гээд зарим зүйлийг танахаас аргагүй болдог юм.
-Тэгээд киногоо хэрхэн хийв?
-Бид Шатан зөрлөгт очиж киногоо хийсэн. Маш сайхан газар. Мөн л тусгай вагон гаргаж өгсөн. Тэндээ амьдраад, яг л төмөр замчид шиг нэг хэсэг байсан. Өглөө юу хийх, шөнө дуудлага ирвэл, аваар гарвал яах ёстой гээд бүгдийг дүрмийн дагуу төмөр замчдын заавраар гүйцэтгэсэн. “Шувуухай” киноныхоо нээлтийг 1996 онд Өргөө кино театрт хийхэд Р.Раш дарга тэргүүтэй төмөр замын удирдлагууд, ажилчид очлоо. Хүмүүсийг ажиглаад л, “Ямар болсон бол, төмөр замчдын амьдралыг гаргаа болов уу, төмөр замчин гэдэг нэрийг хамгаалж чадах уу” гэж эмээж байлаа. Тэгсэн Р.Раш дарга үзэж дуусгаад “Бид ч зүгээргүй кино хийжээ” гэлээ. Сайн, эсвэл муу гэсэнгүй. Би “Дундхан л кино хийж дээ” гэж бодоод санаа зовсон. Дараа нь, төмөр замын томоохон хүлээн авалт хийж, уран бүтээлчдийг шагнаж урамшуулах үеэрээ Р.Раш “Дажгүй кино болсон” гэхэд нь л сэтгэл амарч билээ.
-Их мөнгөөр бүтээсэн болохоор айж байсан юм болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Ер нь, уран бүтээлчдийн зовлонг сэтгүүлч та нар ч мэднэ дээ. Нэг хүний хөргийг биччихээд “За байз, энэ хүнээ бүрэн гаргаж чадсан уу. Ойр дотныхон нь, өөрөө юу гэх бол” гэж боддог биз. Яг л ялгаагүй. Кино их зовлонтой. Хүн бүрийн сэтгэлд нийцүүлнэ гэж үгүй. Манай улсын томоохон салбарууд дундаас төмөр замчидтай ажиллах л их сайхан. Хамгийн чухал нь тэд яг л цэргийн хүн шиг цаг яс барьдаг. Зургийг “Өнөөдөр больё, маргааш, эсвэл нэг цагийн дараа авъя” гэж болохгүй. Болох ёстой юм цагтаа л болдог. Би өөрөө дэг, цаг барих дуртай болохоор төмөр замчдын энэ байдалд дуртай. Төмөр замын түүхийг судалж, хөгжлийг нь харахад Монголын ард түмний аж амьдралд хамгийн их түлхэц, соён гэгээрүүлэхэд том тус болсон байдаг. Төмөр замыг дагаж энэ их олон зам, барилга, үйлдвэр орж ирсэн. Монгол Улсын хөгжлийн үр нөлөөг төмөр замгүйгээр төсөөлөх аргагүй. Нэг удаа галт тэргэнд явж байхдаа төмөр замчин байсан, Зүүнхараад амьдардаг гэх өвгөнтэй таарч ярилцсан юм. Тэр өвгөн “Би гэрт амьдарч байсан бол Орос ах нарын буянд анх удаа гал тогоо, унтдаг өрөө гэж тусдаа гэр байдгийг мэдэж авсан. Тийм гэрт анх амьдарч үзсэн” гэж ярьж билээ. Тэгэхээр наад захын жишээ нь төмөр зам тэр хүний амьдралд асар том өөрчлөлт, соёлыг авчирсан байгаа биз. Энэ бол Монголын ард түмэнд бий болгосон төмөр замын том гавъяа.
-Тийм шүү. “Шувуухай”-н эзэн охинтой дараа нь уулзсан уу?
-Уулзаагүй. Дараа нь надад нэг захидал бичсэн байсан. Их ухаантай охин байж билээ. Одоо нэг газар амьдардаг л байх. Тэр охины дүрд Л.Ариунжаргал /Хэцүү анги олон ангит киноны найруулагч/ тоглосон юм.
-Та “Одоо ч нэг баримтат кино хийж байгаа” гэж хэлсэн. Хэний тухай вэ?
-Би “Хасу фильм” продакшн нэртэй студитэй. Студийнхээ залуустай УБТЗ-ын 70 жилийн ойгоор нэг юм хийе гэж ярилцсан. Манайх “Буурал түүхийн эзэд” төсөл хэрэгжүүлдэг. Буурал түүхийн эздийн нэг бол яах аргагүй Р.Раш дарга мөн. Амьдралыг нь судалсан ч, ажлыг нь бодсон ч тэр. Түүгээр зогсохгүй хамт олонд байгаа, улс төрд бий болсон нэр хүндийг нь бодоход ч оруулахаас өөр аргагүй хүн юм. Өөрөө дургүйцсэн ч нэлээд ятгасны эцэст бараг зөвшөөрүүлээд зураг авалтаа шууд эхлүүлсэн /инээв/. Дарга гэдэг нэг өнцгөөс харсаар байгаад тухайн хүний хүн гэдгийг нь бид мартдаг талтай. Хүн л юм чинь янз бүрийн асуудал бий. Р.Раш даргын уйлдаг, дуулдаг бүхнийг л энэ баримтат кинонд тусгасан. Удахгүй Төмөр замчдын баяраар нээлтээ хийнэ. Ер нь, төмөр замын олон сайхан Монгол даргыг хүмүүс янз бүрээр л хэлдэг болж. Д.Жигжиднямааг гэхэд л янз бүрээр хэлэх юм. Би мэдэхгүй. Гэхдээ галт тэрэг улам олноор явж буйд нь л би баярладаг. Үүнийг Монгол аавын хүүхдүүд удирдаж байгаа нь сайхан шүү дээ.
-Дахиж төмөр замын тухай нэг сайхан уран сайхны кино хийх бодол байгаа юу?
-Надад төмөр замын тухай хоёр ч тууж бий. Өөрөө бичсэн. Бололцоо гарахаараа кино болгоно гэж бодож байгаа. Нэг нь төмөр замчин бодит өвгөний ярианаас сэдэвлэсэн “Хэнхэг өвгөн” гэж зохиол. Тэр өвгөнтэй ярилцаж байхад өнөө Тамирын голын усыг долоож олсон гэдэг шиг “Би насаараа төмөр замын зам төмрийг долоож байж хүн болсон” гэж хэлсэн. Тэгсэн тэр өвгөн хүүхэд байхаасаа төмөр замын дэргэд өсөж, насаараа замчнаар ажилласан юм билээ. Түнхэл өртөөнд амьдардаг гэж байсан, одоо ч тэнгэр болсон биз дээ хөөрхий.
-Нэлээд эрт уулзсан юм уу?
-1990-ээд оны эхээр байх. Та хаашаа явж байгаа юм гэтэл “Би хот руу явж байна. Миний нэг танилын хүүхэд төмөр замын сургууль төгсөж байгаа юм. Тэгээд аав, ээжид нь хэлэлгүй би очиж тосож авах гэж явна” гэсэн. Тэр хүүхдийг өвгөн анх төрөхөд нь боож авсан юм билээ. Их хайртай, өөрийн хүүхэд шигээ санадаг байж л дээ. Замдаа ганц хоёр шар айраг уунгаа зөндөө ярилцаж, хөөрхий минь уйлаад л... Ер нь, галт тэрэг маш сайхан унаа шүү. Зорчиж явахад олон хүнтэй уулзуулж, уран бүтээлч хүнд санаа өгч, юм бодогдуулдаг.
-“Буурал түүхийн эзэд” төслийнхөө хүрээнд та өнгөрсөн жил “Эрэлхэг хүүгээ эх орон нь мартахгүй” баримтат кино хийсэн байсан?
-Халх голын дайнд амиа алдсан, Монголын Ардын армийн VI морьт дивизийн захирагч Ч.Шаарийбуугийн тухай үнэн худлыг нь мэдэхгүй урвасан, олзлогдсон гэх мэт олон янзын юм яригддаг. Тиймээс би энэ хүний үнэн түүхийг судалж үзтэл сургуулийн сумангаа удирдан эрэлхэгээр тулалдаж байгаад амиа алдсан нь үнэн байсан. Үүний хамгийн сүүлчийн гэрч нь Монгол Улсын Баатар П.Шагдарсүрэн гуай штабын дарга нь байсан тухайгаа ярьсан. Мөн Токиогийн Монголч эрдэмтэнтэй танилцтал надад нэг ховор баримт олж өгсөн. Тэр эрдэмтэн Токиогийн цэргийн архиваас Японы цэргийн жанжин Мацубара гэдэг хүний Ч.Шаарийбуутай хэрхэн тулалдаж устгасан тухай тэмдэглэлийг олсон байгаа юм. Тиймээс энэ хоёр баримтаар батлагддаг. Сургуулийн сумангийн дөнгөж 21-22 настай хүүхдүүдийг удирдаж байлдаад нэг ч метр ухраагүй байсан гэдэг. Гэтэл эсрэгээр нь ярьж хэлмэгдүүлсээр 80 жил өнгөрлөө. Аливаа хүний ч, байгууллагын ч түүх үнэн байх ёстой. Яруу алдарт төмөр замчдын маань алдар гавъяа, бодит түүх ч цагийн цагт үнэн байгаасай гэж би боддог. Тиймээс түүхэн баримтат кино аль болох олныг хийж үлдээхийг зорьж байна.
-Халх голын дайныг судлахаар Баянтүмэний төмөр замын мэдээлэл нэлээд олдож таарна. Энэ талаар?
-Тэгэлгүй яах вэ. Яагаад тэр төмөр замын тавих болсон шалтгааныг давхар судалж үзсэн. Энэ бол Монголын ард түмний хувь заяатай холбоотой, маш том цэрэг стратегийн төмөр зам. Дайны үед зайлшгүй байх шаардлагатай болоод Оросоос шууд татсан байдаг. Хэдийгээр Халх голын дайны дараа нээлтээ хийсэн ч зүүн хязгаарыг үргэлжлүүлэн хамгаалах цэрэг техникийн их хүчийг энэ замаар оруулж ирсэн.
-Та “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэх түүхэн хоёр киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан. Түүхэн кино бүтээхэд амаргүй биз?
-Бид хөрөнгө мөнгөнөөс авахуулаад маш хэцүү үед хоёр том кино хийсэн. Улс бол энэ киног хийх үүргийг залуучуудад итгэж өгсөн юм шүү. Тиймээс бид Орос оронд юу сурснаа гаргая гэж ярилцсан. Өөрөөр хэлбэл, манай улс “Дайсны цэргүүдээ сонсоцгоо”, “Говь хянганд тулалдсан нь”, “Цогт тайж” гэхчилэн өмнөх түүхэн кинонуудаа бүгдийг нь гадныхантай хамтарч хийсэн. Тэгээд “Мандухай сэцэн хатан” киног анх удаа нэг ч гадны оролцоогүй өөрсдөө хийхээр болсон нь том сорилт байлаа. Бид ч хийж чадсан.
-Хаад, хатдын хувцас хэрэгслийг хэрхэн хийж байв?
-Одоотой адил захын дэлгүүрт ороод торго авчихдаггүй байлаа. Урагшаа хил нээгдээгүй үе. Н.Сувдад өмсгөх Мандухайн дээл, ууж гэхчилэн жүжигчдийн хувцас хийх торгыг төмөр замаас бичиг авч байж Бээжин явж авсан. Гэтэл өнөөдөр тийм торго хаа сайгүй л зардаг болж дээ. Бүх зүйл нарийн тооцоотой байсныг би хэлсэн дээ. Валют Данзан гэж хүн ийм торго 20 см-ийг авлаа гэхчилэн бичнэ. Бид 26 мянган ам.доллартай явсан. Өөр зүйлийг бид гаднаас аваагүй. Цэргийн 1000 гаруй дуулга хийлгэж байлаа.
-Нийт хэдэн төгрөгийн төсвөөр бүтсэн кино вэ?
-Сангийн яамнаас 13 сая төгрөг баталж өгсөн ч бид дөрвөн саяыг нь хэмнээд буцаан өгч байлаа. Хүмүүс гайхаж “Та нар эхнээс нь илүү төсөвлөж, эсвэл киногоо дутуу хийж” гээд. Киноны мөнгийг хэмнэх хоёрхон арга бий. Нэгдүгээрт хугацааг маш нарийн тооцох. Яг л яс байх ёстой. Ямар сайндаа намайг “Заазуур найруулагч” гэх вэ дээ /инээв/. Хоёрдугаарт, зургийн өдрийг багасгах хэрэгтэй. Тэгэхээр 6000 цэргийг ажиллуулах, хооллох хугацаа багасна. Бид Батлан хамгаалах яаманд мөнгө өгдөг байсан. Өнөөдөр төлөвлөгөөнд хоёр объект авах байсан бол давуулан биелүүлж маргаашийн нэг объектийг бэлтгэж хонодог. Энэ мэтчилэн маш их шахаж ажилласны үр дүн шүү дээ. Бид баталсан мөнгийг нь үрж болох л байсан. Гэвч бидний хэнд ч тийм сэтгэл байгаагүй. Одоо ч ялгаагүй. Киноны хувцас хэрэгслийг өнөөгийн Дашчойлон хийдэд үзэсгэлэн болгож гурван сар ажиллуулсан юм. Орлого нь улсад ордог. Харамсалтай нь, хэн нэгэн хүн “Энэ хэд мөнгө идээд байна” гэх хор явуулснаас болж зогссон. Том хүн нэг төгрөг, хүүхэд 50 мөнгөөр үздэг байлаа. Түүх болгон авч үлдье гэтэл хэн ч зөвшөөрөөгүй.

-Тухайн үед киног тань үзэгчид хэрхэн хүлээж авч байв?

-Маш сайхан хүлээж авсан. Үзэгчид тийм түүхэн кино хүсэн хүлээж байсан юм билээ. Монгол үндсээрээ бахархах, Чингисийн тухай ярих ёстой юм байна гэдгийг ойлгосон. Чингисийн зурганд Мандуул хаан очиж мөргөж буй хэсэг гардаг даа. Тэр хэсэгт хүмүүс бүр нижигнэтэл алга ташаад л... Тиймээс бид үргэлжлүүлээд Чингисийн тухай кино хийж эхэлсэн. Хувцас хэрэгсэл, кино групп бүгд байсан учир амар байлаа. Гэвч 1990 он гарч, 1991 онд Соёлын яам, Сангийн яам, театр, кино үйлдвэр бүгд үгүй болсон. Киногоо хүлээж авдаг хүн байдаггүй /инээв/. Бидэнд кино хийх 60 сая төгрөг төсөвлөж хагасыг нь өгсөн байсан. Үлдсэнийг нь авч хүмүүсийнхээ цалинг олгоё гэхээр “Сангийн яам байхгүй” гэнэ. Киногоо хүлээлгэж өгөх гэхээр Соёлын яам, урлагийн зөвлөл тарсан. Хүлээж авах хэн ч байдаггүй. Гэвч бид киногоо үзүүлж, үзэгчдэдээ л хүлээлгэж өгсөн дөө /инээв/.
-Хувцас, техник хэрэгсэл гэж маш их юм байна биз?
-Замбараагүй. “Мандухай сэцэн хатан” кинонд 6000 цэргийг 380 машинд ачаад явуулж байлаа. Зөвхөн жад нь гэхэд л чиргүүлтэй 12 машин болсон гээд бод. Кино дуусгаад цэргүүддээ бүгдэд нь дурсамжийн хамт таван кг чихэр, хоёр пүүшиг тамхи өгсөн. Зөвхөн чихрээ 17 машинаар ачиж аваачсан. шүү дээ /инээв/. Тухайн үед хувцас хэрэгсэл гэлтгүй цэргийн, мал идээний мөнгө, жүжигчдийн цалин гэхчилэн гурван том шуудай дүүрэн төгрөг авч УАЗ 469 машинд хийгээд явахдаа бид айж байсан. Анх удаагаа тийм их бэлэн мөнгө гар дээрээ авч явж үзсэн нь тэр. Энэ эрчээрээ “Мөнх тэнгэрийн хүчин дор” киног хийсэн. Яах вэ, зарим нь шүүмжилж л байдаг. Алдаа мэр сэр бий. Гэхдээ Монголчууд өөрсдөө анх удаа Чингисийнхээ тухай кино хийсэн нь л чухал. Хэрэв бид хийгээгүй бол урд хөрш түрүүлж хийх гээд байсан юм. Үнэндээ бол дараа нь Хятад, Орос, Якутын хийсэн Чингис хааны тухай кино манай киноноос хулгайлсан шүү дээ. Тэд XII-XIII зууны үеийн Монгол хаад, хатдын хувцсыг мэдэхгүй. Бид зурчихсан учраас л тэдэнд хийхэд амархан. Ноён уулаас олдсон тэр их зүйлээс бид зургийг нь гаргаж байлаа. Тухайлбал, Сонгиноос олдсон том баатрын булшнаас есөн кг алтан бүс гарсан байдаг. Мандуул хааны бүсийг түүнээс санаа авч хийсэн.
-Сүүлийн үед залуучууд кино их хийж байна. Таны сэтгэлд хэр нийцэх юм?
-Янз бүрийн л кино гарах болж. Ердөө санаанд нийцэхгүй юм. Яах вэ, “Говийн домог”, “Солиот эх” гэхчилэн кино байна. Гэхдээ дандаа мөнгө харж хийж байна. Яавал хүн үзээд уйлах, айх, сонирхох вэ гэдгийг чухалчилж. Ерөнхий киноны хэл гэж алга. Хуучны кинонуудаас хүмүүс яагаад уйдахгүй байна гэхээр тэд амьдралыг хэлдэг юм. Зүгээр л хүний чин үнэн амьдралыг яриулах хэрэгтэй. Гэвч манай залуус дундуур нь заавал нэг юм болгоно. Цонх нь хагарна, гаднаас нэг согтуу орж ирнэ. Эсвэл инээлгэхийн тулд марзаганал оруулж марзангийн марзан болгоод хаячихдаг. Манай үзэгчид тэрийг нь сонирхон үзэх ч сэтгэлд шингэсэн дүр, үлдэц байхгүй. Гадныханд үзүүлбэл бүр тоохгүй. Бас Солонгосын кино ямар их нөлөөлж байна вэ. Үхдэг, татдаг, цус харвадаг, аваарт ордог... Хийсэн кино нь бүгд ойролцоо. Сүүлдээ хувийн кино болох шинжтэй. Өөрөөр хэлбэл, чи нэг камертай, ганц хоёр жүжигчинтэй бол ширээний буланд сууж байгаад л кино хийчихнэ.
-Та хуучных шиг нэг сайхан кино хийж болно доо. Жишээ нь, адуу тамгалах найрын тухай ч юм уу?
-Тийм сайхан кино хийе гэхээр баг болж ажиллах хүн олдохгүй байна. Баг гэдэг нь маш чухал. Чи бод доо. Мэс заслын баг нэг санаагаар ороод хүний элгийг сольж байна. Тэд харцаараа л ойлголцдогийг баримтат кино зураг авч байхдаа анзаарсан. Яг л үүнтэй ижил сайхан кино хийх баг алга. Чи бид хоёрын энэ яриаг залуучууд сонсвол “Хуучинсаг” гэх биз. Гэвч хуучныг санахгүйгээр урагш алхахгүй. Бид дандаа хуучныг санаж байсан. Түүнээс гадна хамгийн үнэн, нандин юм чинь амьдрал дээр байдаг. Түүнийг олж харах хэрэгтэй. Одооны залуус хийсвэрлээд, хумс хуруугаа будаж, нүд амаа эрээлж, шивж байна. Нэг сонин жишээ хэлэхэд Японы хоёр том найруулагч Монголд хоёр, гурван жилийн өмнө ирлээ. Тэд нэг түүхэн кино хийж, түүндээ жинхэнэ Монгол эмэгтэйг тоглуулахаар манай сургуульд ирсэн юм билээ. Би Радио телевизийн дээд сургуульд багшилж байв. Гэтэл хэдхэн оюутан харснаа больчихоор нь гайхаад орчуулагчаас нь асуутал “Болохгүй юм байна. Энэ охид бүгд нүд, хөмсгөө янзалжээ” гэдэг юм. Уг нь, хэзээ ч жүжигчин нүүрэндээ мэс хүргэдэггүй. Урлагийн сургуульд жинхэнэ Монгол охин олдохгүй байна шүү дээ, ичмээр... Хөдөө бол байна аа. Би нэг нууц дэлгэхэд Халх голын дайны Япон цэргийн эмчийн “Номун хааны ээрэм талд” тэмдэглэлээр кино хийх бодолтой байгаа. Тэр эмч нас барсан ч хүү нь 80 гарсан хүн байдаг юм билээ. Би түүнтэй холбоо тогтоогоод учраа хэлсэн чинь Монголд ирээд надтай уулзаж чадалгүй буцсан байсан. Би араас нь захидал явуулсан л даа. Тэр эмч цэрэг Японы дайныг үзэн ядсанаа тэмдэглэл хэлбэрээр бичсэн байдаг. Энэ мэтчилэн бодсон юм их бий. Хамгийн гол нь санаа нийлэх сайн баг хэрэгтэй байна.
-Бидний урилгыг хүлээн авч уран бүтээлийн тухай сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Танд уран бүтээлийн илүү өндөр амжилт хүсье!

Эх сурвалж: Ган зам сонин

Хүнсний ногооны хураалт 75 хувьтай байна
Хүнсний ногооны хураалт 75 хувьтай байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.