Улстөрчдийн "НУУЦ ХҮҮХЭД" улам олон төрнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 51 секунд
 	 Улстөрчдийн “НУУЦ ХҮҮХЭД“ улам олон төрнө

Улстөрчдийн “НУУЦ ХҮҮХЭД“ улам олон төрнө

Дэлхий нийтийн төр засгийн удирдагчдыг сандаргаж буй оффшор дансны шуугиан Монголд дэгдлээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс гаргасан оффшор данстай холбоотой мэдээлэл дунд Монголоос 49 хүний нэр байгаа талаар мэдээлэл тарав.

Үүнтэй холбоотойгоор оффшор данс гэгч ер нь зөв эд үү, буруу зүйл үү гэх ойлголтын хавхлаг дунд нийгмээрээ орж явчихлаа. Зарим нь энэ бол бараг л гэмт хэрэг гэж ил

 шулуухан үзэж байна. Цөөн хэсэг нь бизнес эрхэлдэг, мөнгө эргэлдүүлдэг хүний хувьд байж болох л зүйл гэж ууч хандаж байна.

Анх ийм шуугиан одоогийн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын мартаж орхисон гэгддэг нэг сая ам.долларын нууц дансны тухай ойлголтоор монголчуудын дунд бий болж билээ. Тэр үед бол учрыг нь ч сайн ухахгүйгээр шүүмжлэн зэвүүцэж байсан. Эцэстээ УИХ-ын дэд даргын суудлаас огцорсноор хэрэг явдал намжаад өнгөрсөн. Тэгвэл оффшор дансны дараагийн давалгаа илүү олон хүнийг хамарсан, илүү газар авсан байдалтайгаар олон нийтийг эргэн нөмөрлөө. Юун түрүүнд оффшор данс гэгч нь юу болох, түүнд хөрөнгөө байршуулах нь зөв үзэгдэл мөн юм уу гэдэгт хариулт өгье.

Оффшор компани гэдэг нь тухайн улс орон, бүсэд амьдардаггүй ч компани байгуулж, бизнес эрхлэхийг хэлдэг. Ингэхдээ нууц данс нээдэг юм байна. Энэхүү дансны мэдээллийг задруулахгүй гэсэн маш хатуу гэрээг гурван талын оролцоотойгоор байгуулдаг учраас дэлхий нийтээр энэ дансны тухай мэдээлэл нь нууц явж иржээ. Эхэндээ татварын таатай нөхцөлтэй орнуудад данс үүсгэн хөрөнгө, мөнгөө хадгалуулах, арвижуулах зорилго бүхий эдийн засгийн нэг үйл ажиллагаа гэж ойлгогдож байлаа. Ийм орчинг Британийн Виржинийн арал, Кэйманы арал, Люксембург, Кипр, Хонгконг зэрэг олон орон, бүс муж бүрдүүлсэн байдаг. Улмаар татвар бага төлөхийн тулд эдгээр оронд оффшор компани байгуулж, олсон орлогоо шилжүүлж байх хэрэгцээтэй үйлчлүүлэгч нарт зуучлах, үйлчилгээ үзүүлэх дамжуулагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч зэрэг төрөл бүрийн бизнес гарч ирэн хөгжиж иржээ. Улмаар ийм хэрэгцээ эрс өссөн байна. Татваргүй бүсэд амьдрагч хэн нэгнээр өөрийгөө төлөөлүүлэн эрх мэдлээ шилжүүлэх, шийдвэр гаргах нууц гэрээ байгуулан компани эзэмших явдал ихэсчээ. Оффшор бизнес бол хууль бус үйлдэл биш бөгөөд аль ч улсад хэн ч байгуулж болдог аж. Бизнесийг мөнгө олох, ашгаа нэмэгдүүлэхийн тулд л хийдэг учраас мөнгөө бага татвартайгаар байршуулан, өсгөх сонирхол хэнд ч үүснэ. Үүний төлөө АТГ, эсвэл хууль хяналтын байгууллага заавал шаЛгах шаардлага үүсэх учиргүй.

Гэвч оффшор данс нь хууль бус үйлдлийн орогнох таатай боломж болж хувирсанд л хамаг ноцтой үр дагавар нуугдах болжээ. Өөрөөр хэлбэл, улс орны удирдагчид, төрийн өндөр дээд албаныхан оффшор дансыг хууль бус орлогоо нуух боломж гэдгийг олж харсан байна. Шулуухан хэлэхэд, улстөрчид, орлого өндөртэй хүмүүс, алан хядагчид, хар тамхины наймаачид, томоохон бизнесмэнүүдэд орлогоо нуух, хууль бусаар, олсон мөнгөө хадгаЛах, зарцуулахад таатай боломжийт оффшор данс бүрдүүлсэн учраас маш олон “бүтэхгүй” хүмүүс “бүтэхгүй” зорилгоор энэ дансыг ашиглах болжээ.

Тэгвэл оффшор дансанд мөнгөө байршуулснаараа гэмт хэрэгтэн болох уу. Эс үйлдэл болоод сэдлийнхээ хувьд тийм. Харин хууль зүйн хувьд огт тийм биш. Хэн ч оффшор дансанд мөнгөө байршуулж болохгүй гэсэн хориглосон заалт байхгүй.

Бизнесийнхэн хуулиар хориогүй бол гадаад орлогоо оффшорт байрлуулж болдог. Гадаадад олсон орлого гэдэг нь гадаадад үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес эрхэлсний орлогыг хэлж буй. Орлого нь Монголд орж ирээгүй учир манай татварт хамаагүй гэсэн үг. Тиймээс татвараас зугтсан, нуун дарагдуулсан, худал мэдүүлсэн гэх ял зэмд хамаатахгүй байж болно. Гагцхүү бизнесийнхэн дотоодын орлогоо нууж, гадаадад байрлуулсан бол хэд хэдэн төрлийн гэмт хэргийн үйлдэлд холбогдож болно.

Харин улстөрчдийн хувьд оффшорт мөнгөө байршуулах нь одоогоор мөн л хууль бус биш. Хуулиар хориглоогүй гэсэн үг. Оффшор дахь дүнгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ үнэн зөвөөр бичсэн үү, худал мэдүүлсэн үү гэдгээр л ял асуух боломжтой.

Гэхдээ улстөрчид, төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс оффшор данстай байхыг дэлхий нийтээрээ таашаадаггүй. Нууц оффшор данс бол хулгайн бодит баримт гэж улс орнууд үздэг. Энэ нь улстөрчид хууль бусаар олсон орлого, магадгүй авлига, хээл хахуулийн мөнгөө оффшор дансанд байршуулдаг гэсэн илэрхий хардлага их байдагтай холбоотой. Тиймд илэрсэн улстөрчид шууд огцордог ажээ. Тухайлбал, Английн Ерөнхий сайд. Д.Камерон хүртэл тэр сангаас ашиг олдог байсан уу, үгүй юу гээд парламент дээрээ байцаагдаж байгаа. Улсын эрх ашигт харшлах шийдвэр гаргасныхаа төлөөсөнд авсан хөрөнгөө нууц дансандаа хадгалж байгаа эсэхийг шалгаж тогтоох болдог аж.

Төрийн албан тушаалтнууд гадаадад нууц данстай байхыг зарим оронд хориглодог. Тухайлбал, ОХУ саяхан Авлигатай тэмцэх хуульдаа төрийн өндөр албан тушаалтан гадаадад данстай байхыг хориглолоо. Манай сонин “Улстөрчид гадаадад данстай, өмчтэй байхыг хориглох ёстой” гэсэн байр суурь бүхий нийтлэлийг өмнө нь бичиж байв. Ер нь мөнгөө нуух, гадаадад байршуулах улстөрчдийн сонирхлын ард маш том гэмт үйлдэл, бохир улс төр, авлига, хээл хахууль нуугдаж байдаг жамтай. Тиймээс улс орнууд өөрийн орны улстөрчдийн гадаадад байршуулсан, худалдаж авсан, бий болгосон хөрөнгийн араас мөрдөн шалгаж, илрүүлэхээр чармайх болсон байна.

Гэвч улстөрчдийн ов заль их. Тэд эхнэр, ах дүү, найзынхаа нэрээр энэхүү дансыг нээлгэх нь олонтаа. Үүгээрээ тухайи дансанд байрлаж буй хөрөнгө хууль бус байх магадлал өсдөг бо-лолтой юм. Өөрийн нэр дээр оффшор данс нээх нь эрсдэлтэй тохиолдолд энэ аргыг хэрэглэдэг нь мэдээж юм. Эндээс төрийн өндөр албан тушаалтан нь өөрийн нэр дээр гадаадад оффшор данс нээхийг хориглох нь хангалтгүй гэдэг өнцөг бас харагдаж байна. Эхнэр, хүүхэд, эцэг эх, ах дүүгийн нэр дээр оффшор компани байгуулах, гадаад улсад үл хөддөх хөрөнгө өмчлөх боломжийг хаагаагүй нөхцөлд манай улстөрчдийн “нууц хүүхэд” дэлхийн хаа нэггэйгээс илрэн гарч ирсээр байх нь тодорхой боллоо. “Нууц хүүхэд” гэсний утгыг хэлж өгье. Нууц гэдэг нь мэдээж илэрхий утга. Бусдаас нуусан, хууль бусаар олсон, татвараас зайлсхийсэн, авлига хээл хахууль болгож авсан хөрөнгөө нуухыг хэлж байна. Хүүхэд гэдэг нь тухайн улстөрчтэй адил овогтой юм уу, өөрийнх нь нэрээр овоглосон хүний нэртэй нууц данс гадаадад бий болохыг хэлж байна. Нууц хүүхдээс өөрц юун. Эцэг нь эс үйлдээгүй, эс бөгөөс үйлдэх боломжгүйсэн бол ийм нууц хүүхэд гадаадад өч төчнөөнөөрөө төрнө гэж үү.

 

Д.ДАМДИНЖАВ /АРДЫН ЭРХ/

Олон улсын 14 тэмцээнд бид нүүрээ улалзуулах уу
Олон улсын 14 тэмцээнд бид нүүрээ улалзуулах уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.