Монгол Улсын суурин хүн амын 21,7 хувийг 15-24 насны залуучууд эзэлдэг бөгөөд тэдгээрийн 28,1 хувь буюу 175 мянга нь төрийн ба төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж байна.
Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь оюутны цагийн ажлын тогтолцоог бий болгох, төлөвшүүлэх мөн оюутнуудын өдөр тутмын хэрэглээгээ хангах, хөдөлмөрт бэлтгэх, нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай болох, төлөвших, ажлын байранд дадлагажих зэрэг эдийн засаг, нийгмийн хэрэгцээ нэмэгдэж байгаатай уялдуулан 2009 оноос эхлэн Оюутны хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн.
2014 онд Хөдөлмөрийн яамны санхүүжилтээр Нийслэлийн Хөдөлмөрийн газар санаачлан зохион байгуулж 52 их дээд сургууль, 28 коллеж, МСҮТ-ийн дэргэд нийт 80 “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-үүдийг байгуулсан. Оюутан залуучуудийг хөдөлмөрийн салбарын бүх үйл ажиллагаа, мэдээ мэдээллээр хангах болон салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд хамруулах арга хэмжээг тус төвүүдээр дамжуулан хэрэгжүүлж ажиллаж байгаа билээ.
2015 оны 09 сарын байдлаар нийт 5416 оюутан, залуучууд цагийн ажил хийхээр бүртгүүлсэнээс 3527 оюутан ажилд зуучлагдан тодорхой орлоготой болоод байна. Мөн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн ажилтан, багш нарыг ”Ажил мэргэжлийн Зөвлөх “-ийн сургалтанд хамруулж зөвлөхөөр бэлтгээд байна. Өнөөдрийн байдлаар 1754 оюутанд зөвлөгөөг өгөөд байна.
2015 оны 09 сарын 24-ны өдөр 09.30-14.00 цагийн хооронд Чингис зочид буудлын “Хурлын танхим”-д Оюутны хөдөлмөр эрхлэлтийн www.oyutan-ajil.mn нэгдсэн цахим хуудсыг танилцуулах, Их, дээд сургуулиудын дэргэдэх ОХЭДТ-ийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, оюутны цагийн хөдөлмөр эрхлэлтийн зах зээлийн өнөөгийн байдал, ажил олгогчдын зүгээс баримтлах бодлого, цагийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломж, нөхцөлийг тодорхойлох, оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.
Уулзалт хэлэлцүүлгээр:
- Цагийн ажлын байр бий болгоход Ажил олгогч эздийн оролцоо
- Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийн үйл ажиллагаа, туршлага
- Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтэнийн өнөөгийн байдал
- www.oyutan-ajil.mn цахим хуудасны танилцуулга
- Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтэнд Монголын залуучуудын холбооны оролцоо
- Ажил олгогч болон төрийн байгууллагуудын үүрэг оролцоо хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Нийслэлийн Хөдөлмөрийн газар
Хаяг: Нийслэлийн Засаг захиргааны IV байр, 7 давхар
Утас: 7011 0502, 7012 0502, 7013 0502, 7014 0502
Факс: (976 )11-329752
НЭГДСЭН ЛАВЛАХ: 1800 1896
Цахим хаяг: www.ubbirj.ub.gov.mn
www.oyutan-ajil.mn