НҮБ-ын индрээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 4 секунд
НҮБ-ын индрээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үг

НҮБ-ын индрээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үг

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган АНУ-ын Нью Йорк хотноо үргэлжилж байна. Энэ удаагийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх биечлэн оролцож, эх хэлээрээ үг хэллээ.

Ерөнхийлөгчийн НҮБ-ын индрээс хэлсэн үгээс онцлон хүргэж байна.

Цар тахал

Хүн төрөлхтний аж амьдрал КОВИД-19-ийн өмнөх болон дараах үе гэж хуваагдах нь тодорхой боллоо.

Монголчууд өвдөж зовсон нэгнээ ялгаварлан гадуурхах биш харин энэрч хайрлах ёстой гэдэг ёс суртахууныг номлодог.

Бүс нутагтаа ардчиллын “Баян бүрд” гэж нэрлэгддэг Монгол Улс хөл хорионоос үүдсэн хүний эрхийн асуудлыг анхааралтай ажиглаж байна.

Бид бие биенийхээ соёлын онцлог, үнэт зүйлийг хүндэтгэж, ололт амжилт, алдаа дутагдлаасаа харилцан суралцах нь цаашид тулгарч болох сорилт бэрхшээлүүдийг хамтдаа даван туулахад чухал ач холбогдолтой.

Эрүүл мэндийн салбарт эрсдэлийн удирдлага, бэлэн байдлыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, өндөр технологи, шинэлэг арга барилыг шуурхай нэвтрүүлэх асуудал тулгамдаж байна.

Монгол Улс өнөөдрийн байдлаар КОВАКС хөтөлбөрөөс гадна бусад улс орны тусламж дэмжлэг, Засгийн газрын худалдан авалтын үр дүнд хүн амынхаа 65 хувийг вакцины бүрэн тунд хамруулж чадлаа.

Вирусийн тархац өндөр байгаа ч буурах хандлага ажиглагдаж байгаа тул манай Засгийн газраас хэвийн амьдралын горимд шилжих алхмуудыг шат дараатай эхлүүлээд байна.

Цар тахлын улмаас 2020 онд дэлхийн эдийн засаг 4.9 хувиар, олон улсын худалдаа 5.3 хувиар тус тус агшсан ч 2021 онд тодорхой сэргэлт үзүүлэх хандлагатай байна.

Цар тахлын үед зайн оношилгоо, эмчилгээ, цахим сургалт, зайнаас ажиллах гэх мэтээр өргөжин тэлж хөдөлмөр зохион байгуулалтад шинэ хэлбэр, дүр төрхийг олж байна.

Дэлхий нийтэд тулгараад буй олон сорилтыг зөвхөн бэрхшээл бус, харин хөрөнгө хүч, цаг хугацаа хэмнэх, орон зайг үл хамааран үр дүнтэй ажиллах боломж хэмээн харвал сэргэн хөгжих бололцоотой гэдгийг энд дурдах нь зүйтэй.

Монгол Улс ба НҮБ-ын хамтын ажиллагаа

1961 онд НҮБ-д элссэнээр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг баталгаажуулан, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсон бөгөөд энэхүү түүхэн 60 жилийн ойг манай ард түмэн үндэсний онцлох үйл явдал хэмээн үзэж, өргөн хүрээнд тэмдэглэж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагыг Монголчууд бид туулсан нэгэн жарны маань итгэлт нөхөр, туулах олон жарны маань өмөг түшиг хэмээн хардаг.

Монгол Улс өдгөө дэлхийн 193 улстай дипломат харилцаа тогтоож нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд олон улс, бүс нутгийн засгийн газар хоорондын 80 гаруй байгууллагад элсээд байна.

Олон улсын 290 гаруй гэрээ, конвенцид нэгдэн орсон нь манай улсын дэлхий нийтийн үйл хэрэгт эзлэх орон зай, хүлээж буй үүрэг, хариуцлага өсөн нэмэгдэж буйн илрэл гэж бид үздэг.

Зудын гамшиг, КОВИД-19 цар тахал зэрэг хүнд хэцүү, бэрхшээлтэй бүх цаг үед НҮБ болон түүний системийн байгууллагууд тал бүрийн туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Энхтайван, аюулгүй байдал

Монгол Улс 1992 онд нутаг дэвсгэрээ Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарлаж, өнөөг хүртэл энэ чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болохыг зорьж байна.

Монгол Улс нь АПЕК-т нэгдэх, АСЕАН-ын яриа хэлэлцээний түнш, Зүүн Азийн Дээд түвшний уулзалтын оролцогч тал болох эрмэлзэлтэй байдгийг цохон дурдахыг хүсэж байна.

Бид 1990 онд нэг ч буун дуу гаргалгүй тайван замаар ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж чадсан. Манай улс хөрш орнуудтайгаа газар нутаг, хил хязгаарын маргаан байхгүй.

Шашны болон үндэстэн, угсаатан хоорондын мөргөлдөөн байхгүй. Монгол Улс нь энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталдаг орон.

Дэлхийн II дайн дууссан 9 дүгээр сарын 2-ны өдрийг жил бүр “Хүн төрөлхтөн дайныг ялсан өдөр” болгон тэмдэглэх санаачилгыг дэвшүүлж буйг дэмжинэ гэдэгт Монголчууд бид итгэл төгс байна.

Монгол Улс 2002 оноос хойш дэлхийн гурван тив дэх НҮБ-ын энхийг сахиулах 13 ажиллагаанд 20 орчим мянган цэнхэр дуулгатнаа оролцуулаад байгаа билээ. Энэ нь манай улсын хүн амын тоо болон Зэвсэгт хүчний алба хаагчдын тоотой харьцуулахад дэлхийд дээгүүрт бичигддэг үзүүлэлт юм.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын тоог нэмэгдүүлж 15 хувьд хүргэх чиглэлийг баримталж байна.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцооны талаар бүс нутгийн орнуудын олон улсын хурлыг ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Эдийн засаг

Дэлхийн хөгжлийн хандлага, “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөртэй уялдуулан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг Монгол Улсын Их Хурлаас баталсан.

Цар тахлын өмнөх гурван жилд тогтвортой өсч байсан манай улсын эдийн засаг цар тахлын нөлөөгөөр 2020 онд 4.5 хувиар агшсан.

Дотоодын эдийн засгийг дэмжих шат дараатай арга хэмжээ, эдийн засгийн гадаад таатай орчны нөлөөгөөр манай улсын эдийн засаг сэргэж, 2021-2022 онуудад дунджаар 4.5 хувиар өсөх төлөвтэй байна.

Хөдөө аж ахуй, уул уурхайн салбар зонхилсон Монгол Улсын эдийн засаг нь аливаа эрсдэл, гамшгийн эсрэг эмзэг, дархлаа сул хэвээр байгаа тул цар тахлын дараа бүтцийн шинэчлэл хийх, эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, төсвийн болон санхүүгийн тогтвортой байдлыг чанд хадгалах зэрэгт онцгой анхаарч байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт цар тахлын үед болон түүний дараа хөгжиж буй орнуудад чухал үүрэгтэй хэвээр байх болно.

Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих нь Монгол Улсын эдийн засгийн суурь зорилт хэвээр байх болно.

Бид дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй урьд урьдынхаас илүү идэвхтэй, харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй, уламжлалт амьдралын хэв маягт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх зарчмыг баримтална.

Монгол Улс 2021-2024 онд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг "Цахим Монгол" нэгдсэн платформд оруулж, улмаар төрийн бүх үйлчилгээг цахимжуулж “Дижитал үндэстэн” болохыг зорьж байна.

Уур амьсгалын өөрчлөлт

Хүн төрөлхтөн хүн хүнтэйгээ зөв сайхан харьцах ёс суртахууны тухай ихэд ярьж ирсэн боловч, эх байгальтайгаа зөв харьцах талаар төдийлөн хичээсэнгүй нь өнөөдрийн байгаль экологийн гамшигт хүргэжээ.

Энэ нь хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, үр дүнд хүргэх бодит алхмуудыг хийх ёстойг харуулж байна.

Монголчууд бид эрт үеэс эцэг тэнгэр, эх дэлхий хэмээн байгаль дэлхийгээ дээдлэн шүтэж, уул усаа аргадан тахиж, түүнээс эрчим авч амьдарч ирсэн ард түмэн.

Монголчуудын бүтээсэн “Нүүдлийн соёл иргэншил”-ийн байгаль эхээ хүндэтгэн дээдэлж, зүй зохистой харьцах уламжлалт арга ухаанаас суралцан өнөө цагийн шинжлэх ухаан технологийн ололт, бусад улс үндэстний уламжлалт туршлагатай хослуулан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэцгээе.

Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний амьжиргаанд заналхийлж буй цөлжилт болон манайд үүсээд байгаа шар шороон шуурга бидний хувьд нэн тулгамдсан асуудал болоод байна.

Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна.

Цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал.

2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна.

Ирэх 11 дүгээр сард Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 26 дугаар бага хурлыг зохион байгуулахаар болсон.

Ногоон хөгжлийг эрхэмлэх, хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө тус тусын боломжит амлалтыг авах, шинэчилж ахиулахыг уриалж байна.

Сонгины эрүүл мэндэд үзүүлэх ач тусын талаар
Сонгины эрүүл мэндэд үзүүлэх ач тусын талаар
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.