АН-ыг шинэчлэх хөдөлгөөнийхөн удирдлагадаа шаардлага хүргүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 30 секунд
АН-ыг шинэчлэх хөдөлгөөнийхөн удирдлагадаа шаардлага хүргүүлнэ

АН-ыг шинэчлэх хөдөлгөөнийхөн удирдлагадаа шаардлага хүргүүлнэ

"Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн” өнөөдөр анхдугаар зөвлөгөөнөө хийж байна. Зөвлөгөөнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн АН-ын хорооны болон ҮЗХ-ны гишүүд, дэмжигч 109 төлөөлөгч оролцсон байна.  Ардчилсан намын дүрмийг шинэчлэх, боловсон хүчний шинэчлэл хийх, намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатай болсон тул ийнхүү шинэчлэлийн хөдлөгөөн байгуулсан  гэдгээ мэдэгдлээ.

Шинэчлэх хөдөлгөөний анхны зөвлөгөөнөөс АН-ын нийт гишүүд дэмжигчид болон нийгэмд хандсан “Уриалга”, АН-ын удирдлагад “Шаардлага” хүргүүлж байгаа аж. “Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн”-өөс АН-ын Их хурлыг 2015 оны зургадугаар сардаа багтаан хуралдуулж, АН-ын дүрмийн шинэ төслийг хэлэлцүүлэх шаардаж байгаа юм байна. 

Зөвлөгөөнд шинэчлэлийг хүссэн хот хөдөөгийн гишүүдээс гадна дэмжигчид олноороо ирсэн байв.  Зөвлөгөөнд оролцож үгээ хэлж буй гишүүд “Өнөөдрийн ардчилсан үнэт зүйлс,  үзэл баримтлал, эрхэм зорилгоосоо хазайж, хүний нөөцийн бодлогоо алдлаа. Намын дотоод ардчилал өдрөөс өдөрт бүдгэрч, үндсэн дүрмээ хэрэгжүүлэж чадахгүй болтлоо хоорондоо зөрчилдөж байна. Жирийн гишүүд, залуучуудынхаа дуу хоолойг сонсдоггүй, хамтарч ажиллахын оронд өрсөлдөгчөө гэж хардаг, зөвхөн хөрөнгө мөнгө, албан тушаал, эрх мэдэлд дулдуйдсан цөөн хүмүүсийн бүлэглэлийг бид хүсээгүй. Үүнээс бол Монгол төрийн бодлого хүчгүйдэж байна” гэсэн хатуухан шүүмжлэлүүдийг хэлж байв.

 

“АН-ын шинэчлэлийн хөдөлгөөн”-ий зохицуулагч П.Галиндэв:АН төлөвших хугацаа хангалттай болсон

 

-АН-ыг шинэчлэх хөдөлгөөнийг залуучууд  нэгдэн зохион байгуулсан байна. Шинэчлэлийг гишүүд, дэмжигчид хэр хүлээн авч байна вэ?

 

-Би Сонгинохайрхан дүүргийн АН-ын хорооны гишүүн, Нийслэлийн намын зөвлөлдөх хороонд тэргүүлэгч гишүүнээр ажилладаг. Энэ намын ачааг анхан, дунд шатанд нь үүрэлцэж байгаа гишүүний хувьд АН-ынхаа ирдээүйд сэтгэл зовинож шинэчлэх хөдөлгөөнийг санаачлагчдын нэг болж ажиллаж байна.

АН-ыг шинэчлэх зорилгод маш олон залуучууд, анхдагчид гээд үе үеийн гишүүд дэмжигчид нэгдэж байна. Хамгийн түрүүнд манай намд бодлогын шинэчлэл,хариуцлага ёс зүйн шинэчлэл хэрэгтэй байна. Энэ болохгүй байгаа зүйлсийг хэрхэн  засч залруулаад цааш явах вэ гэдэгт саналаа солилцож байна.

 

-АН дотор  намаа шинэчлэе гэсэн хөдөлгөөн, хороо өмнө нь байгуулагдаж байсан. Танай хөдөлгөөн АН-д нэн тэргүүнд хийх ёстой  шинэчлэлийг  дэвшүүлж байна. Эдгээрийг хэрэгжүүлэх боломжууд байна уу?

 

-Шинэчлэлийг АН-ын дүрмээс эхлүүлэх хэрэгтэй. Манай намын дүрэм хэрэгжиж чадахаа байсан. Сөрөг хүчин байхад   зохицуулж болоод байсан бол эрх барьж байхад боломжгүй болсон. Дүрмээ шинэчилснээр намынхаа тогтвортой байдал, эв нэгдлийг бий болгоё. Хариуцлага ёс зүйн зохицуулалтыг чангатгах шаардлагатай байна.

 Сүүлийн тав, зургаан жилд АН-ын ҮЗХ-нд дотоод сонгууль явдаггүй. Энэ нь АН-ын фракциудын зөрчилийг  гааруулж намын үйл ажиллагааг гацаахад хүргэж байна. 

 

-АН-ын фракциудын тэмцэл, зөрчил шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Та нар яаж зохицуулах гэж байна?

 

 

-Монгол Улс олон намын тогтолцоотой болоод 25 жил болж байна. АН төлөвших хугацаа хангалттай болсон. 25 жилийн дараа юу болохгүй байна гэдгээ эргэж хараад томоохон хэмжээний өөрчлөлт, шинэчлэл хийх цаг хэдийнэ болсон.  Ингэхдээ аль фракцын гэхээсээ илүү намын анхан шатнаас эхлээд бүх шатандаа хариуцлага,  ёс зүйн асуудлыг ярилцах цаг болжээ гэдгийг   хүлээн зөвшөөрөх  болж. Сүүийн үед АН фракцгүй болоё гэсэн уриалга дэвшүүлж байна. Үүнийг нэгхэн  өдөр хийчихгүй. Тууштай үргэлжүүлж байж хэрэгжинэ шүү дээ. Хамгийн гол нь зоригтой энэ асуудлаа шийдэж хамтарч байж шинэчлэлийг хийнэ. Шинэчлэлийг хүсч, нэгдэж байгаа гишүүд, дэмжигчид нь  гол төлөв залуус байна. 


 

ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN

"Сайжруулсан түлшний нөөцөд эргэлзэх хэрэггүй"
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.