Экс Ерөнхийлөгч, экс Тэргүүн хатагтай хоёрын хүсэл биелэх үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 48 секунд
Экс Ерөнхийлөгч, экс Тэргүүн хатагтай хоёрын хүсэл биелэх үү?

Экс Ерөнхийлөгч, экс Тэргүүн хатагтай хоёрын хүсэл биелэх үү?

Намбарын Энхбаяр сонгогдох эрхээ насаараа алдчихаагүй, ирэх есдүгээр сар гэхэд түүний сонгогдох эрх сэргэнэ гэдгийг З.Энхболд хэлсэн нь үнэн. Тиймээс ч Н.Энхбаярын хувьд энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр өлсгөлөн зарласны эцэст эх үрсийн баяраар буулт хийн, улмаар өлсөхөө больсны цаад учиг нь бол ирэх 2017 оны сонгуульд бие сэтгэлээ бэлдэж байгаатай нь холбоотой болов уу. Хэрэвзээ МАХН-аас УИХ-д нэг л суудал авчих юм бол тус намаас нэр дэвшигчээ Ерөнхийлөгчийн сонгуульд сойх эрх зүйн орчин бүрдэнэ. Тэр ч утгаараа Н.Энхбаяр өөрөө биш юмаа гэхэд эхнэр О.Цолмонгоо УИХ-д сойж байгаа нь яадаг ч байсан  76-гаас ганц суудлыг нь ч гэсэн зулгааж авч үлдэх ёстой гэсэн шүд зуусан төлөвлөгөөнийх нь гол цөм биз ээ. О.Цолмонгийн нэр дэвшихээр болсон  Сонгинохайрхан дүүргийн 75 дугаар тойрогт АН-аас ХХАА-н сайд асан Ш.Түвдэндорж, МАН-аас “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас З.Болдбаатар, МУНН-оос Х.Маам, МСДН-аас И.Түвдэндорж, БНН-аас Б.Ангарагбаатар нарын нэр дэвшигчид байна. Ер нь бол харьцангуй гайгүй нэр дэвшигчидтэй О.Цолмон хүч үзнэ гэсэн үг. Үнэндээ бол Н.Энхбаярын гаргасан байсан улстөрийн шийдвэрүүдийн ард О.Цолмонгийн оролцоо тун өндөр хувиар байж ирсэн гэдгийг хүрээнийхэн нь ярьж ирсэн. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх хугацаанд Тагнуулын Ерөнхий газарт О.Цолмон гар хөлөө шургуулж, нөхрийнхөө казино болон өөр бусад анхаарал татахуйц хэрэгтэй холбоотой мэдээллийн архивт нэвтэрч  байсан гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд гарч л ирсэн юм.

О.Цолмонгийн тухайд УИХ-д хоёр дахиа нэр дэвшиж байгаа нь энэ юм. Тэрбээр Н.Энхбаярыг УИХ-д нэр дэвшихээс өмнө нэр дэвшиж, ялагдаж явсан үүх түүхтэй. Ер нь бол улстөр тийш олон жилийн өмнөөс харж, шууд бус ч алсаас оролцоотой явж ирсэн нэгэн гэхэд болох байх. Тэгэхээр О.Цолмон гэж ер нь яг хэн бэ гэдэг асуулт энэ өдрүүдэд олны анхаарлын төвд дахин орж ирж таарахаар байна. Тиймээс ч “Н.Энхбаярын гурван гавъяа” гэх нийтлэлээс Н.Энхбаяр, О.Цолмон хоёрын гэрлэлтийн талаар хэрхэн өгүүлсэн байдгийг хүргэе.

Ер нь бол Н.Энхбаярын гэр бүл сонголтыг харахад жирийн байдлаар амьдралын ханиа сонгосон байдаг юм. Цаашлаад өгүүлэхдээ  “Гэргий нь нэгэн үе Монголын төрийн удирдах экипажид багтаж байгаад албан тушаалаасаа онхолдсон Цэндийн ач охин байв. Төв хорооны нарийн бичгийн даргын албанаас буугаад Тосонцэнгэл хотын Мод Боловсруулах Комбинатын даргаар томилогджээ. Түүнийг хэлмэгдсэн гэж ярьдаг боловч их өндрөөс буусан гэдэг утгаар уу, ерөөсөө буруудан хилс яллагдсан гэдэг утгаар уу гэдгээс болоод өөр өөр хариутай. Тэр өмнөх хэлмэгдэгч нар шигээ буудуулаагүй, малчнаар, ажилчнаар цөлөгдөөгүй. Хотод ойртох эрхээ хасуулаагүй ба сүүлдээ нийслэлдээ ирж чадсан. Тэгж ярих юм бол Тосонцэнгэлээс цаахнуур байх Тэсийн тэжээлийн аж ахуйг өөр нэгэн буусан сайд удирдаж байв. Тэр бол Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд байгаад буусан Ш.Гунгаадорж бөлгөө. Гунгаадорж өөрийгөө ер хэлмэгдсэн гэж ярьдаггүй билээ.

Үүнийг иш үндэс болгон Цэнд хэлмэгдээгүй зүгээр тушаал буусан гэж ярих ч хүн байдаг. Нөгөө өнцгөөс харахад тэр Ю.Цэдэнбалын  ээлжит золиос болсон хүн. Цэдэнбал өөрийн төрсөн нутгийг оролцуулаад хэсэг газрыг Зөвлөлтөд бэлэглэсэн ба энэ бэлэглэлийн гэрээндээ Цэндээр гарын үсэг зуруулжээ. Тэгээд тун удалгүй Цэндийг намын удирдлагаас зайлуулан  Тосонцэнгэлийн  МБК-ын даргаар томилжээ. Магадгүй Цэдэнбал үүнийг хийхдээ хожмын өдөр Монголын газар нутгаас тасалж өгсөн асуудал босч ирэхэд “Үүнийг намайг хойно амарч байхад нөхөр Цэнд хийсэн. Би мэдэнгүүтээ маш их уурлаж, түүнийг албан тушаалаас буулган хөдөө цөлж шийтгэсэн” тухайгаа бэлэн тайлбар бэлтгэсэн байж л магадгүй юм. Тэрээр төрөлхийн ажилсаг, санаачилгатай удирдагч байсан уу? Эсвэл эргэж тоогдон Төв хороондоо очиж магад гэж горьдсных уу бүү мэд, Тарвагатайн нурууг давуулсан зам гаргуулж машин явахуйц болгожээ. Энэ ажлыг коммунист су­бот­ник хэмээх хөлсгүй албадан хөдөлмөрөөр нугалсан байдаг. Ач охин О.Цолмон нь хожим энэ ач гавъ­яаг дурсан гэрэлт хөшөөг Солонготын даваан дээр босгожээ. Гэхдээ улс төрийн хараатай шиг хүнд бол өөрийнх нь гарын үсэг зурсан тэр баримт түүнийг хэзээ ч өндийлгөхгүй гэдгийг мэдмээр, тэгсэн эсэхийг бүү мэд.

Цэнд, түүний гэр бүлийг Дотоод яам, цагдаагийнхан, иргэдийн дунд байсан агентууд тасралтгүй мөрдөж байсан нь гарцаагүй. Ер нь таван хүн  тутмын нэг нь албан ёсны “алтан хошуу өргөгч”-ийн проомсогтой байсан цаг. Найман хүүхэдтай гэр бүлд дотоод яамны хоёр агент байна гэсэн үг, аймаар! Цолмонгийн бага нас энэхүү мөрдөлт хараа хяналтын дотор өнгөрсөн бололтой. Түүний хүүхэд насыг төсөөлбөл эргэн тойрон мөрдөгч, гишгэсэн мөр бүрийг нь тоолоx ховлогч харагдана. Энэ нь түүнийг ер бусын хардамтгай, баргийн хүнд итгэдэггүй,  найз нөхөд нь урваад байгаа юм шиг санагддаг тийм зовлонтой нэгэн болгочихсон ч байж магадгүй.

Хараа хяналт дарамт шахалт байсан ч гэсэн Цэндийн ач охин Цолмонг  Зөвлөлтөд хамгийн нэр хүндтэй сургуульд явахад хэн ч саад хийсэнгүй. Тэрээр төгсөгчид нь их төлөв Монголын төрийн удир­дах бүрэлдэхүүнд гарцаагүй ордог Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийн диплом гардлаа. Улмаар сургуулиа төгсч ирээд нийслэлд амьдрах, банк санхүүгийн төв байгууллагад ажилд орох, нэр хүндтэй дээд сургуульд багшлах боломж түүнд байсан нь “хэлмэгдүүлэлт өөрийн гэсэн хязгаартай” байсныг харуулах мэт.

О.Цолмон нас гүйцсэнийхээ нэлээд хойно Н.Энхбаяртай гэр бүл болжээ. Тэдэнд нэгэн ижил зүйл байв. Учир нь хоюул эргэн тойрноосоо айж хулчийн, хардалт сэрдэлтийн дунд өсчээ. Эсэргүү Цэндийн ач охин Цолмонгийн хувьд түүнийг хүмүүс нийгмийн дайсны үр сад хэмээн хардаж, өөрөө найз нөхдөө эд нар намайг тагнаж байгаа байх гэж хардаж өссөн бодит эх үүсвэртэй комплекс байв.  Энхбаярын хувьд өөрөө л сул дорой аймхайгаас үүдэлтэй комплекс давамгайлна. Энэ гэр бүлтэй нөхөрлөдөг хүмүүст “урваагүй гэдгээ байнга батлах” хэрэгцээ гардаг нь дамжиггүй. Шинэ гэр бүлд өөр нэг төсөөтэй тал байв. Нүүдэлчин монголчуудыг бодвол илүү иргэншсэн цагаан арьстны цус холилдсон илт мэдэгдэх гоо зүстэй, эдийн санхүүгийн өргөн боловсролтой  Ононгийн Цолмон  эхийн талын гарлаа мөн л нууцлах дуртай нэгэн байлаа. Эцэг нь нам төрийн зүтгэлтэн Цэндийн хүү гэдэг нь үүнд багадаж байлаа. Ингээд хожмоо эрх мэдлийн оргилд хүрсэн үедээ өөрийгээ Хөвсгөл нутгаас гаралтай мэргэн гүн Гомбожавын удам, Гомбожав нь алтан ургийн хүн гэсэн гаргалгааг эхлээд толилуулжээ. Бас л энэ нь багадсан юм шиг Өмнөговь аймагт томилолтоор явахдаа Галбын говийн унага гэдгээ ярив. Тэгснээ бүр баруун хязгаар руу очиж Увс нутгийн  гаралтай Симба Батаа хэмээх параламентч, бөх Ганболд нарыг төрлөөрөө тодруулан өөд татаж эхлэв. Харин өвөрлөгч монголчууд олноороо миграци хийсэн Дундговь, Дорнод, Төв аймгаас хамаатан тодруулахаас болгоомжилсон бололтой юм хэмээн бичсэн байдаг юм.

Ер нь бол О.Цолмон хатагтайн талаар энэ мэтээр янз бүрийн л мэдээлэл бий. Чухам тэгээд экс Ерөнхийлөгч хийгээд экс тэргүүн хатагтай хоёрын чин хүсэл биелэх эсэх нь сар хүрэхгүй хугацааны дотор тодорхой болох биз ээ.

 

Эх сурвалж: Б.Тамир  Шуурхай.мн

Хүүхдийн тоглоомын талбай руу Терроризм хийхээ хэзээ болих вэ
Хүүхдийн тоглоомын талбай руу Терроризм хийхээ хэзээ болих вэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.