МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны үйл ажиллагаа орон нутагт ч, нийслэлд хүрээгээ тэлж эхэллээ. Бас НАМЗХ-ны үйл ажиллагаанд оролцох залуусын тоо өсч, дэмжлэг хүрээлэл нь нэмэгджээ. Энэ нь зарим хүмүүст огт таалагдсангүй. Тиймээс НАМЗХ-ны залуус орон нутагт чуулган зохион байгуулж улмаар архидан согтуурч хоорондоо зодолдсон машин тэргээ шатаасан гэх мэдээлэлийг зохион байгуулалттайгаар тараах болов. Үүнийг ор үндэсгүй худал гүтгэлэг болохыг МАН-ын удирдлагууд болон НАМЗХ-ноос мэдэгдээд байна.
Тухайлбал энэ сарын 12-13-нд Говь-Алтай аймагт болж өнгөрсөн "Залуус бид Хамтдаа-1000" залуусын чуулга уулзалтанд тус аймгийн 23 сумын 1300 орчим залуус оролцсон бөгөөд ямар нэгэн хэрэг зөрчил гаргаж, машин тэргээ шатаасан асуудал байхгүй гэдгийг оролцогчид ч мөн тус аймгийн цагдаагийн газрынхан ч баталж байгаа юм. Арга хэмжээ болсон хоёр өдрийн хугацаанд Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын 10 хүнтэй бие бүрэлдэхүүн хэв журам сахиулж ажилласан байна. Шатаасан гэгдэх иргэн А-гийн Истана маркын авто машин нь арга хэмжээ болсон газраас 23 км-ын цаана, чуулган өндөрлөсний дараа буюу оройн 22:00 цаг орчимд цахилгааны богино холболтоос үүдэж шатсан гэдгийг онцгой байдлын байцаагчийн дүгнэлтээс харж болно. Энэ бүхнээс үзэхэд НАМЗХ-г муухай харагдуулж, үйл ажиллагааг нь таслан зогсоох гэсэн сонирхол өрсөлдөгч намын залууст байгаа нь харагдаж байгаа юм. Түүгээр ч барахгүй чуулганд оролцсон залуус бүх хогоо нэг дор цуглуулж зөөвөрлөх автомашины авчирахаар явсан хойгуур АН-ын залуучууд бүх хогийг нь тарааж байгаад зураг дарж МАН-ныхан хог тарьж байна гэж орон нутгийнхаа сонин, телевизээр баахан "бөмбөгдөжээ". Өрсөлдөгчөө дарахын тулд хог ухахдаа тулсан өнөөгийн залуусын хандлагыг шүүмжлэх хүмүүс их байна.
Энэ хаваржин хэвлэлийн хуудаснаа сайн муугаар бичигдсэн НАМЗХ-ныхон 5-р их хурлаасаа хойш тун завгүй байна. Учир нь тэд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт залуучуудын санаа бодлыг сонсох, нийгмийн манлайллыг нь дэмжих, хувь хүний хөгжилд нь хувь нэмэр оруулах зорилгоор 1000 залуусын чуулган зохион байгуулж байгаа ажээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар тус холбооныхон 13 аймаг, 3 дүүрэгт нийт 16.000 орчим залуусыг хамруулсан чуулганыг амжилттай зохион байгуулсан нь Монголын залуучуудын байгууллагын түүхэнд тэмдэглэгдэх томоохон амжилт болоод байгаа юм. Орон нутгийн залуучууд ч уг арга хэмжээнд урд урдынхаас илүү идэвхтэй оролцож байгаа нь НАМЗХ-ны шинэ удирдлагын баг, тэдгээрийн явуулж байгаа бодлого үйл ажиллагаа залуустаа хүрч дэмжлэгийг нь авч байгаагийн илрэл гэж хэлж болдох юм. Мөн НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүд анх удаа ёс зүйн гэрээ байгуулж, бүхий л үйл ажиллагаандаа ёс зүйг мөрдөж ажиллахаа гарын үсэг зурж баталгаажуулсан билээ. Залуус НАМЗХ-д итгэж, идэвхтэй нэгдэж байгаа нь МАН-ын нэр хүнд өсч байгаа судалгааны дүнг нотолсон үйл явдал гэдэг нь ойлгомжтой. Үүний зэрэгцээ НАМЗХ-ны мянга, мянган залуусын цугларалт өрсөлдөгч улс төрийн хүчнийхэнийг ч сандаргах болжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар АН-ын залуучууд хэд хэдэн аймгийг нэтгэсэн бүсийн хэмжээний чуулганд 800 залуу цуглуулж чадаагүйгээсээ болж удирдлагадаа зэмлүүлсэн гэх. Засаглаж чадахгүй байгаа намынх нь нэр хүнд ард олны дунд навс унасан учраас залуусынх нь арга хэмжээ ч бүтэлгүйтээд байгаа бололтой.
Г.Бат
Zaluu.com