Дэлхий нийтээр эмэгтэйчүүдийг хүчирхэг болгоход анхаарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 11 секунд
Дэлхий нийтээр эмэгтэйчүүдийг хүчирхэг болгоход анхаарна

Дэлхий нийтээр эмэгтэйчүүдийг хүчирхэг болгоход анхаарна

АНУ-ын Нью-Йорк хотод 15 мянган эмэгтэй ажлын цагийг багасгах болон санал өгөх эрхийнхээ төлөө 1909 оны хоёрдугаар сарын 28-нд жагссан нь олон улсын эмэгтэйчүүдийн өдөртэй болохын эхлэл байв. Харин Герман, Австри улс 1911 онд энэ өдрийг анх тэмдэглэснээс хойш өдгөө 110 жил өнгөрчээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил дэлхий нийтээрээ “Эмэгтэйчүүдийн манлайлал: Цар тахлын үед тэгш эрхийг хангах нь” гэсэн уриатайгаар тэмдэглэж байна. НҮБ-аас COVID-19 халдварын дараах эрсдэлээс эмэгтэйчүүдийг хамгаалах, цар тахлын үед охид эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг шаардлагатай үед нь шуурхай хүргэхэд онцгойлон анхаарч байна. Ингэхдээ НҮБ-ын Эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан хороо шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоог дэмжиж, хүчирхийллийг багасгах замаар жендерийн эрх тэгш байдлыг бий болгож охид, эмэгтэйчүүдийг  чадавхижуулж, хүчирхэг болгох зорилт тавиад байгаа юм.

COVID-19-ийн хямралын үед олон сая эмэгтэй хүн цар тахлын голомтод эмч, сувилагч, зохион байгуулагчаас гадна  хамгийн үлгэр жишээ удирдагчийн албанд хүртэл ажиллаж байна. Эмэгтэй удирдагч болон эмэгтэйчүүдийн байгууллагууд цар тахлын хямралаас гарах, даван туулахад хэрхэн үр дүнтэй ажиллаж болдгийг өөрсдийн мэдлэг, ур чадвараараа харуулж байна. Дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүд бүх хүний амьдралыг илүү сайжруулах хууль батлах, бодлого хэрэгжүүлэх, шийдвэр гаргахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, урьд өмнө байгаагүйгээр өөрчлөлтийг авчирч байгааг бүгд хүлээн зөвшөөрч эхэллээ. Гэвч өнөөдрийн байдлаар дэлхийн дахинд 20 улсад Засгийн газрын тэргүүнээр нь эмэгтэй хүн ажиллаж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо 29 хувьтай байна. Эмэгтэйчүүдийн ихэнх нь үйлчилгээний салбарт ажилладаг учир үндэсний хэмжээнд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн орон зай үгүйлэгдэж байна.

Цар тахлын улмаас энэ жил олон улсад эмэгтэйчүүд ажилгүйдэл, ядуурал, гэр бүлийн хүчирхийлэл гэсэн олон асуудалтай нүүр туллаа. Тухайлбал, Англид хөл хорионы эхний гурван долоо хоногт гэр бүлийн хүчирхийллийн улмаас 16 эмэгтэй амиа алдсан бол дэлхийд 9.5 сая эмэгтэй цар тахлын улмаас үр хөндүүлжээ. Энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангалттай хэмжээнд авч чадаагүйн уршиг юм. Хөл хорионы улмаас эмэгтэйчүүд ажлаа алдаж гэртээ суух болсноор гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж, хүүхдийнхээ хичээлийг гэрээр заах гэсэн цалингүй ажил гарч ирсэн юм. Ийн эмэгтэйчүүд гэрийн ажилдаа илүү их анхаарах болсон нь тэгш эрхийг 25 жилээр ухраасан  гэсэн судалгааг НҮБ-аас гаргажээ.  Мөн халдварын голомтод ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь эмэгтэй байгаа юм.

НҮБ-аас өнгөрсөн жил гаргасан судалгаагаар нийт хүний бараг 90 хувь нь эмэгтэйчүүдийг гадуурхдаг гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн цалингийн хэмжээ, боловсролын түвшин эрс ялгаатай байна. Гэвч энэ тэгш бус байдлыг засч, гэрэл асаахын төлөө дэлхий нийтээрээ хамтдаа тэмцэх болсон нь том ололт юм. Тухайлбал, “MeToo” буюу “Би ч гэсэн” хөдөлгөөн нийгэмд тэгш байдлыг бий болгох томоохон давлагааг эхлүүлж, олон улс  тэгш эрхийн талаар ярьж, тэмцэх болсон нь сайшаалтай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ХОРИОТОЙ кино ба SEX TOY
ХОРИОТОЙ кино ба SEX TOY
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.