СЭТГЭЛ ЗОХИОДОГ ХҮН БУЮУ БУЯНДЭЛГЭРИЙН ПҮРЭВСҮРЭН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 42 секунд
СЭТГЭЛ ЗОХИОДОГ ХҮН БУЮУ БУЯНДЭЛГЭРИЙН ПҮРЭВСҮРЭН

СЭТГЭЛ ЗОХИОДОГ ХҮН БУЮУ БУЯНДЭЛГЭРИЙН ПҮРЭВСҮРЭН

НЭГ: СЭТГЭЛ ЗОХИОДОГ ХҮН БУЮУ БУЯНДЭЛГЭРИЙН ПҮРЭВСҮРЭН

Хүний цэнхэр орчлонгийн амь амьсгал бүхэн нэгэн уул хэмээн сэтгэе л дээ. Тэгвэл одоо би нэгэн том уулын энгэр бэлд суугаад түүний цэцэг ногоо, ан амьтан, моддын мөчир бүхэн дээр нь хөхөө шувуу донгодон, зүйл олон төрлийн гоо шувууд бас жиргэхийг сүслэн чагнаж сууна. Байгаль дэлхий хэчнээн баян тансаг билээ. Хүн гэгч өөрөө мөн тийм байгаль мэт бөгөөд сэтгэл гэдэг торгон утсаар зүйл төрлийн хувцас нэхэж явдаг юм шигээ. Тэрхүү сэтгэлийг зохиодог хүмүүн бол Буяндэлгэрийн Пүрэвсүрэн эрхэм юм. Сүрдмээр хэрнээ, энгийн, харин энгийн дотроо аугаа мөн чанарыг шингээсэн хайрлам хүмүүс уран бүтээлийн зам мөрөөр халгиж цалгин байдаг уу даа.

/…Дуулим хорвоод төрсөн минь учиртай

Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь үзэх гэж

Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдээд

Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би

Дуулим хорвоод төрсөн минь учиртай…/ Дорнын их яруу найрагч Б.Явуухулан.

Амьдралын үнэ цэнийг хүн хаанаас хайж оюун санаагаа тэмтрэх билээ. Юм гэдэг дээрх мөрт шиг ийм л энгийн байжээ. Эрхэм ахын тухай өчүүхэн би бодол дүүртэл бичиж уншигч танд хүргэж мэдэхгүй ч түүний дууг сонсох дуртай ард түмний нэг л төлөөлөл юм. Мөн хамтран дуу бүтээх хүсэлтэй хийгээд бүтээж яваа нэгэн уран бүтээлч залуугийн сэтгэл л юм шүү. Тэр “Цэнхэр тэнгэрийн орон” болсон Монгол нутгаа нар тойруулан дуулж, гитарынхаа утас бүхэнтэй хамт та бидний сэтгэл бүхнийг мэдэрнэ.”Босоо хийморьтой эр хүн” “Дулаахан намар” “Нэг л туулах хорвоо” “Манай адуу” “Буурал даргын нутаг” Цэнхэр тэнгэрийн орон” “Сайхан” Санахгүй л гэсэн юм аа” “Өлзийтэй Монгол” “Сэтгэл чамайг таньсан ч билүү” зохиосон дуу бүхнийг нь бичээд тоолоод барахгүй ээ. Дуу бүхнийг нь Монголын ард түмэн төдийгүй хилийн цаана, хорвоогийн элгэн дээр хүмүүн дуулж жаргадаг юм. Ховор сайхан хувь заяагаа ухаан сэтгэлээр чимж, дээшээ, доошоо хэд бол хэдэн нас хамаагүй хүнийг хүндэтгэн нөхөрлөж явдаг эрхэм хүн. Бага балчирхан хөвгүүн дүн өвлөөр айлын амбаарт хадгалан өлгөсөн тоостой “Баян хуур” хөгжмийг харснаар яагаад ч юм сэтгэл татагдаж нууцаар тоглож байсан нь анх хөгжимд дурлах мөн чанарыг нь нээж өгсөн ч байж мэдэх юм.

Пүүжээ миний дүү, Пүүжээ, Пүүжээ ахаа, Пүрэвсүрэн гуай, гэж дуудсаар л… Эрхэм ахын дуу төрдөг гэгээн өргөнөөс олны хөл тасран гэж байхгүй. Уран бүтээлч хүнд амралт хийгээд ажлын цаг байхгүй, гэртээ байсан ч гэгэлзэж, шөнө өдөргүй сэтгэл зүрхээ урсгал гол адил тунгалагшин байдаг юм уу. Аялгуу сэтгэл хоёр нь хаанаас нь ундраад байна гэмээр санагддаг шүү. Хэн нэгнийг гомдоочих вий гэж эмзэглэнэ, хэн нэгэн гомдчих вий гэж эмзэглэнэ, Хэн нэгэн маань алдчих вий гэж аашилна. Аугаа дуу зохиочихлоо гэж амьдралд хэн нэгэнд томрохгүй, аньсан нүдэндээ орчлонг аргадаж гитараа уйлуулж, уяруулах суух энгүүн нэгэн. Өрөө ч зөв хүн болохоор өөрийг нь хүрээлж байгаа хүмүүсийг нь харахад өр нимгэн, санаа цагаан санагддаг юм.

“Мөнгөт цахир нь үүлэн хээгээр гоёсон…” эсвэл “Цагийн урсгал намайг хүлээхгүй ээ…” “ “Аавтайгаа хамт үдсэн тэр намараа…” гээд л гитараа бариад суухуй дуулсан дуучнаасаа ч илүү зүрхэнд хүрэх увидаслиг байдаг. Түүнтэй нөхөрлөж итгэсэн хүн бүхэн өмнөөс нь онгирмоор санагддаг. Аргагүй шүү дээ, амраг хосын найран дунд, ард түмний хайран дунд үеийн үед дуулагдах сэтгэлийн хань зохиож байгаа юм чинь. Дуу бүтээх хүсэлтэй хүн бүхэн дуу зохиож, тэр бүхэн нь шууд л амархан олонд хүрчихдэг амархан хувь тавилан тэдэн дунд бас байхгүй. Их найрагч Б.Лхагвасүрэн нэгэн цагт хэлэхдээ “Сайн найрагчийн шүлгийг бурхан чихэнд нь хэлж өгдөг” гэсэн байдаг. Нээрээ ч Пүүжээ ахын аяыг тэнгэрээс хэлж өгдөг ч юм уу даа. Тэрээр “Сайн шүлэг эхнээс нь уншаад хэлэхээр надад ая нь яг тунгалаг булаг шиг өөрийн эрхгүй цэлэлзээд ирдэг” гэж нэгэн удаа ам алдан хэлж байхыг сонсон хувь тохиол бий. Түүний уяж сойсон дуун хүлгүүдийн уяа хэзээд эвлэгхэн байдаг. Унаач хүүхдүүд нь ч гэсэн улсын хайр хишиг хүртэж, унага тамагалах найр, уул усны баярын хойморт сууж харагдана. Алаг хорвоогийн найран дээр энгэр нь тод гялалзахгүй ч гэлээ Алдар нэрийг зарлахад алга нижигнээд явчихдаг ардын хүмүүн. Сэтгэл зохиодог хүмүүн Буяндэлгэргийн Пүрэвсүрэн.

ХОЁР: НИЙТИЙН ДУУНЫ НЭГЭН ҮЕИЙГ ӨЛГИЙДӨВ

Ард түмэн гэдэг гэдэг өөрөө юу сонсох сонсохгүйгээ мэддэг уран бүтээлчдийн хамгийн том эцсийн шалгуур билээ. Алтан үеийн олон арван урлагийн бурхад бидний сэтгэл зүрхэнд мөнхөрчээ. Харин тэдний дуунаас зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй дахин сэргээн дуулах дуучид ихсэв. Тэдэнд бэлэн хоол амттай байна уу? Эсвэл үнэхээр нийтийн дуу зохиох авъяас билигтэй хүн цөөрч, диплом өвөртөлсөн хэрнээ хүртээлтэй дуу бүтээдэггүй олон хөгжмийн зохиолч төрөв үү? Над мэт л ард түмний дундах сонсогч төдий хүнд ингэж мэдрэгдэв үү? үнэхээр төрмөл сайхан билигтэй хөгжмийн зохиолчдын дуу төрөн гарсаар байсныг үгүйсгэхгүй ээ.

Ямартай ч 2000 аад оноос хэсэг сайн дуу төрөхөө больсон нийтийн дуу дахин сэргэв. Богино долгионы ФМ радио ч ихсэж дуунд дуртай ард түмэн сайн муугаа ялган сонсох болов. Энэ үед Буяндэлгэрийн Пүрэвсүрэн гэх ая зохиогч “Босоо хийморьтой эр хүн” МУГЖ Л.Болдбаатар, Дуучин Буянжаргалын Санахгүй л гэсэн юмаа гээд сэтгэл гэгэлзүүлсэн дуунууд, Ноён Бондгорын “Миний найз” гээд түүний анхны дуунууд гарч эхэлсэн нь сонсогчдыг байлдан дагуулж эхэлсэн юм. Энэ цагийн сод дуучин МУГЖ С.Жавхлан, түүний нэлээдгүй дууг дуулжээ. Жишээ нь: Дулаахан намар, Хүслийн цагаан харгуй, Цэнхэр тэнгэрийн орон, Буурал даргын нутаг, гэх мэт. Харин МУГЖ Л. Болдбаатар, “Босоо хийморьтой эр хүн” “Цэцэг шиг төрсөн бүсгүй” гээд л… МУГЖ Г.Батбаяр, МУГЖ Л..Чулуунчимэг, У.Далантай, С.Эрдэнэцэцэг, Г.Ариунбаатар- Бурхан буурлууд, Г.Бямбажаргал, МУСТА Л. Банзрагч- Нэг л туулах хорвоо, Ганцхан уулзаад тэврүүлэхсэн, Т.Батсайхан,Амин булаг эжий аав 2 минь Б.Батболд- Ахын сэтгэл, А.Мөнхбат- Манай адуу, Б.Буянжаргал, Д.Намрайноров, Д.Бурмаа М.Отгонгэрэл- Энэ л хайр, Зүрхэн цэцэг, Б.Мөнхбаяр-Хайртайгаа хэлъе, Э.Төрмандах -Сайхан, П.Жимсээ- Зүрхний уянга, Л.Нарантуяа-Морьны дуунууд, Ж.Сүрэнлхам-Хайраар чамайг чимэлгүй яахав даа, Чулуунчимэг- Сэмхэн дурлал, Аавдаа, Найдандорж- Жаргалын орон, Р.Бадралмаа, Б.Оюунбат – Зүрхний наран, Б.Чанцалдулам-Дууланхан хүлээе А.Түмэн-Өлзий -Аавдаа, Д.Амарсайхан, Ж.Солонго – Хосоор жаргалтай, Э.Чинбаяр-Жаргаж уйлаарай миний ээж, Сэтгэл чамайг таньсан ч билүү, Ж.Хишигсүрэн- Аав шүтээн, О.Чингүнжав – Зун болдог байх, Д.Даваадорж- Бодогдоод байх юм чинь яах юм бэ, А.Ариунгэрэл- Очно доо, Х.Мөнгөнцэцэг, ГЭЭД л … ноён шаргал аялгуунууд зохиож 200 гаруй дуучидтай хамтран ажиллажээ.

Харин тэрхүү дуу бүхнийг би байтугай зохиогч өөрөө нэрлэж тоолоход ч бэрх юм. Мөн Төрийн шагналт, Ардын уран зохиолчдоос эхлээд залуу шүлэгчид, дууны тансаг үг бичсэн хэн бүхэнтэй хамтран ажиллана. Дууны үгийн сайхныг хурдан адуу шинжих сайн уяач мэт маш хурдан таниана, ялгана. Тэрхүү шалгуураар давсан бол сайн дуу бүтэж ард түмний сонор сэтгэлд хүрдэг жамтай. Харин хэнийг ч ялгаж салгаж харьцахгүй цаг мөч бүхэнд уран бүтээлийнхээ дөрөөн дээрээ өндийдөг хүн. Эрхэм хүмүүний зохиосон дуугаар нэрлэгдсэн 20 гаруй тоглолт Улаанбаатар хотноо зохион байгуулсан байна. Харин Монгол нутгаараа тойрон аялсан тоглолт Эрдэнэт, Дархан, Өвөрхангай, Баянхонгор, гээд 10 гаруй бие даасан тоглолт зохиожээ.

Харин уригдаж орсон, уянга дуугаа өргөсөн, урам зориг нэмсэн, соёлын ажлуудыг тэр бүр дурьдаад барахгүй ээ. Нийт 3 томоохон дууны бие даасан цомог хэвлүүлжээ. Идэрхэн өсөж өндийж яваа залуу дуучдыг дэмжиж, шинэ дуу бүтээж, бие даасан цомог, тоглолтуудынх нь ард гарч ажил нь ундарсаар….Одоо цагийн нийтийн дууг түүний дуугүйгээр төсөөлөхийн аргагүй, Ингээд харахаар яах аргагүй нийтийн дууны сэргэн мандалт, нэг цаг үеийн дуучдыг ихэнхи хит дуунуудыг зохиосон гэхээр нэгэн үеийг өлгийдөж авахад МУСТА Буяндэлгэрийн Пүрэвсүрэн гэдэг эрхэм өндөр байр суурь эзлэх юм.

2023.07.01. МЗЭ-шагналт, Болор цомын эзэн Батдоржийн Жамбалдорж

Монголын дипломатчид хууль бусаар тамхи зөөвөрлөсөн гэх асуудалд сайд тайлбар хийнэ
Монголын дипломатчид хууль бусаар тамхи зөөвөрлөсөн гэх асуудалд сайд тайлбар хийнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.