Баар, буудалд ажилладаг охид, хөвгүүдийн ирээдүй ийм л байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 5 секунд
Баар, буудалд ажилладаг охид, хөвгүүдийн ирээдүй ийм л байна

Баар, буудалд ажилладаг охид, хөвгүүдийн ирээдүй ийм л байна

-Охидыг нь байнга, хөвгүүдийг нь хааяа бэлгийн хүчирхийлэл дагалддаг юм билээ-

Өндөр цалинтай ажилд оруулна гэж хуураад гадаадад гарган зарцлах/боолчлох/-ыг хөдөлмөрийн мөлжлөг гэх ойлголт манайд хавтгайрчээ. Тэгвэл тийм биш билээ. Цаг, наргүй ажиллуулаад, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нь төлөхгүйгээр хамгийн бага цалин өгөх нь нэг ёсондоо хөдөлмөрийн мөлжлөг юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн гадаадад бус, эх орондоо ч хөдөлмөрөө мөлжүүлэх явдал байсаар байгааг хэлэх цаг болжээ.

Нийслэлд төдийгүй, орон нутагт ихэд дэлгэрсэн ажил бол үйлчилгээ аж. Үүний ард юу нуугдана вэ гэдэг асуудал гарах нь зүйн хэрэг. Үүнийг хальт сонирхсоноо хүргэхээр шийдэв. Зочид хийгээд дэн буудал, баар, караоке, ресторан, кафе, зоогой/цайны газар/-д ажиллагсдын дийлэнх нь дөнгөж ерөнхий боловсролын сургууль төгссөн охид, хөвгүүд байна.

Ажил хийж байгаа нь сайн хэрэг. Аав, ээждээ дэм болохын зэрэгцээ өөрийгөө ч аваад явчих хүслэн тээж буй нь тэр. Тэд голдуу дээрх газрын үйлчлэгч, зөөгч, тогоочийн туслах зэрэг аар, саар ажил амжуулдаг ажээ. Тэр ажилд бас багагүй бэрхшээл туулж байж ордгийг нь яана. Бие хаа, царай зүс зөв байх гэдэг болзол тавьдаг юм байна.

Түүнийг давж байж ажиллах эрхтэй болно гэсэн үг л дээ. Яаж ийгээд давчихдаг юм гэхэд дааж давшгүй хүнд нөхцөл хүлээж буйг тэд хэрхэн мэдэх билээ. Адаглаад л ээлжинд гарна. Нойрмоглоно. Эд юмс, аяга таваг хагална. Ингээд л асуудал хүндэрнэ шүү дээ. Өнөө өндөр цалин нь өдрөөр биш, цагаар танагдаад ирдэг нь ч ийм учиртай.

Юун цалин авах манатай. Бөөн өр, суутгал болсон амьтан сарын сүүлд хэдхэн бор “юм” атгаад хоцордог нь харамсалтай. Ээлжинд гараад хоногийн арван мянган төгрөгийн цалин авдаг нь сард 150 мянган төгрөг хавьцаа юм уу даа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тэгтэл 190 мянган төгрөг болчихоод байдаг. Бас ч гэж цалин авч байвал их юм гэнэ. Хэдхэн хоног ажиллуулаад “Чи ажилдаа тэнцсэнгүй” гээд хөөж орхих нь ч энүүхэнд гэх.

Яг л дамжлага бааз гэсэн үг. Хөдөлмөрийн гэрээ хийгээгүй болохоор тэр нь тэгсхийгээд өнгөрдгийг охид, хөвгүүд ам уралдан ярьж байв. Тэр бас учиртай бололтой. Зарим газрын эзэд тийм маягаар сэлгэн ажиллуулаад цалингийн гарзгүй хоцордог аргатай болжээ. За тэгээд бага боловч цалин өгдөг юм гэхэд, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нь төлнө гэдэг ёстой гонжийн жоо гэлцэнэ. Зарим нь өөрсдөө ч энэ талаар мэдлэг муутай явна.

Залуу насныхаа бүтэн таван жилийн хөдөлмөрийг ийнхүү үрчихвэл ямар сайн байхав. Өвгөрөхгүй, эмгэрэхгүй юм биш. Насны мухарт тэтгэвэргүй л хоцорно шүү дээ. Тэр цагт толгойгоо шаавч хожидсон байх вий. Дашрамд дайхад, охидыг нь байнга, хөвгүүдийг ч хааяа бэлгийн хүчирхийлэл дагалддаг юм билээ. Тэдний ирээдүй үнэхээр бүрхэг байна даа. Төрийн бодлого дутаж байгааг л сонордуулах гэснийг минь болгооно буй за.

Эх сурвалж : bataar.mn

 
 
 

 

“Hero”-гийн Б.Баатар, хөтлөгч П.Анужин нарын дотно “селфи”
“Hero”-гийн Б.Баатар, хөтлөгч П.Анужин нарын дотно “селфи”
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.