Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж ажиллах хэрэгтэйг онцоллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 33 секунд
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж ажиллах хэрэгтэйг онцоллоо

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж ажиллах хэрэгтэйг онцоллоо

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 17 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 70.1 хувьтай байжээ. Тухайлбал, Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Энэ жилийн хувьд 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 26 байршилд 639 гарааш буулгаж, 9873 мкв талбайг чөлөөлжээ.

Тендер сонгон шалгаруулалт 72 хувьтай байна

Хотын дарга хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг долоо хоног бүр танилцуулах үүрэг өгсөн. Энэ дагуу НЗДТГ Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газартай хамтран цахим системийг ашиглалтад оруулсан байна. Энэ системээс аль ажил ямар шатандаа яваа мэдээллийг авах боломжтой. Нийслэлийн Засаг даргаас 617 ажил эрх шилжихээс 591 ажлын эрх 28 байгууллагад шилжиж, 95.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нийслэлийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалт зэрэг 11 санхүүжилтийн эх үүсвэрээр 1076 төсөл, арга хэмжээ хийгдэхээр байгаа. Эдгээрийн тендер сонгон шалгаруулалт 72 хувьтай, 750-ийнх нь тендер зарлагдсан. Гэрээ байгуулсан 76 ажил байна. 91 ажилд гэрээ байгуулах эрхийг нь олгожээ. Тендерийн үнэлгээний шатанд яваа 333 төсөл, арга хэмжээ байна. Зургаан байгууллага 100 хувь тендерээ зарлажээ. Хотын дарга тендер, худалдан авалтын арга хэмжээнд хяналт тавьж, ажлаа эрчимжүүлэхийг сануулсан.

Зөвшөөрөлгүй хашаа, хайс буулгах ажил энэ долоо хоногоос эхэлнэ

Нийтийн эдэлбэрийн зам, талбайд өдрийн худалдаа, үйчилгээ эрхлэх ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд танилцуулав.

Тэрбээр “Мэргэжлийн байгууллагаас худалдаа, үйлчилгээ эрхлэх 34 газрын жагсаалт гаргаснаас эхний ээлжид 10 газарт амралтын өдөр арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Цаашид үүнийг өргөтгөнө” гэлээ. Мөн Бага тойруу бүс дэх өнгө үзэмжгүй хашаа хайс, түр гараашуудыг буулгах ажлын хүрээнд зураг төсөл гаргаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг хэлж байв.

Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “144 барилгын ажлын зөвшөөрөл олгосноос барилга угсралтын ажилд 89, цахилгааны 41, инженерийн шугам сүлжээ, буулгалтын тус бүр долоо олгогдсон. Эдгээр ажлын 29 хувь нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтынх. Задгай талбайн худалдааны 34 байршлыг тогтоож, тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор УБЗАА-наас журам боловсруулж байгаа. 188 байршилд гарааш буулгаж, тохижуулах ажил хийхээс бид газар дээр нь очиж ажиллаж, орчинтой уялдуулж тохижилт хийхээр төлөвлөсөн. Эхний 26 байршлын зураг төсөл, тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар боловсруулсан” хэмээв.

Мөн газрын зөрчил арилгах, хашаа буулгах Ажлын хэсэг байгуулагдаж, 47 байршлын 247 хашаа, хайсыг буулгах төлөвлөгөө гаргаж, энэ долоо хоногоос чөлөөлөх ажлыг эхлүүлэх юм.

Хотын дарга ажлаа эрчимжүүлж, процессоо багасгаж, дүрэм журмаа хялбаршуулж, жирийн иргэнд хялбар байдлаар шийдэхийг үүрэг болголоо. Мөн Улаанбаатар хотын инфляцын өсөлтийн тайланг гаргаж, танилцуулахыг даалгав.

Гүн бохирдолтой 50 мянган жорлонд ашигтай бактери хийнэ

Авто зогсоолын төлбөр хураамжид цахим төлбөрийн нэгдсэн систем нэвтрүүлэх ажлын талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Нийслэлийн Замын хөгжлийн газартай гэрээтэй 70 зогсоол байгаа. Төлбөр, хураамжийг цахим болгох ажлын хүрээнд өнөөдрөөс туршилт хийж эхлээд байна” хэмээлээ. Хотын дарга есдүгээр сарын 1-н гэхэд үйл ажиллагааг жигдрүүлэх хэрэгтэйг сануулав.

Гэр хорооллын 200 мянган өрхийн нүхэн жорлонг ариутгах, хөрсний бохирдлоос сэргийлэх зорилгоор ашигтай бактери үржүүлэх аргаар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах ажлын талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр танилцуулав. Тэрбээр “Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтэс байгуулж байгаа. Судалгаагаар 145.900 модон жорлон байгаагаас гүн бохирдолтой 50 мянган жорлонд эхний ээлжид ашигтай бактери хийж, ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр төлөвлөсөн. Цаашид бүх модон жорлонд бактери хийх бөгөөд судалгаанд үндэслэн био, эко жорлонгоор солих төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчны эрсдэлийн үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийн талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох “Үнэлгээгээр сургууль, цэцэрлэгийн орчны замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тэмдэг, тэмдэглэгээ байршуулах, хурд сааруулагч хийх хэрэгтэй гэж гарсан. Мөн гэрлэн дохио, явган хүний зам, биеийн тамирын талбай, тоног төхөөрөмж хүрэлцээ хангамж муутай, гэрэлтүүлэг муу, цэцэрлэгийн тоглоомын талбай эрсдэлтэй байна” гэв.

Гал түймрийн аюулаас хоёр тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Үүний дараа Хотын дарга аюулт үзэгдэл, техник, зам, тээврийн осол гэмтэл болон гэмт хэрэг зөрчил, хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням “Гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 3-н хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах аврах ангиуд гал түймрийн 89, аврах ажиллагааны дөрвөн дуудлагад үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 177 иргэнийг гаргаж, хоёр тэрбум төгрөгийн өмч хөрөнгийн авран хамгааллаа. Он гарснаас хойш объектын гал түймрийн 632, ой, хээрийн түймрийн нэг, аврах ажиллагааны 35, нийт 668 удаагийн дуудлагын дагуу ажилласан. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн холбогдох зургаан байгууллагын албан хаагч нар 365 чиглэлд хяналт, шалгалтын үйл ажиллагаа зохион байгуулсан. Өнгөрсөн 14 хоногт 15 удаагийн өнжмөл шар өвсний түймрийн улмаас 26.3 га талбай шатаж байсныг хөдөлгөөнт эргүүл газар дээр нь унтрааж ажилласан” гэлээ.

Харин өнгөрсөн 14 хоногийн хугацаанд зам, тээврийн 3364 осол, хүн гэмтсэн 60 осол бүртгэгдсэний 48 нь явган зорчигч байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.7 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн дээрх хугацаанд ослын улмаас дөрвөн хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Хотын дарга ой, хээрийн түймэр болон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах хэрэгтэйг санууллаа. Осол аваартай холбоотойгоор нэгдүгээр эгнээг, тэр тусмаа гол уулзваруудыг камержуулах хэрэгтэйг онцлов.

Цэцэрлэгт хүрээлэнгүүдийн өнгө, үзэмжийг сэргээж, засварлахыг үүрэг болгов

Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Эрх шилжүүлсэн болон захиалагчийн хяналт тавьж байгаа байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд салбар бүрд шаардлагатай байгаа бараа, материал, тоног төхөөрөмжийн жагсаалтыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын нэртэй нь хамт гаргаж, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлж, тус газраас жагсаалтыг нэгтгэн, танилцуулах.
  • Нийслэлийн хэмжээнд соёл, урлаг, спорт, аялал жуучлалын арга хэмжээ болон соён гэгээрүүлэх чиглэлийн ажлуудыг эрчимжүүлж ажиллах.
  • Гэр хорооллын 200 мянган өрхийн нүхэн жорлонг ариутгах, хөрсний бохирдлоос сэргийлэх зорилгоор ашигтай бактери үржүүлэх аргаар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах.
  • Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа цэцэрлэгт хүрээлэн болон бичил цэцэрлэгүүдийн өнгө, үзэмжийг сэргээх, засварлах ажлыг зохион байгуулах.
  • Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд нийслэлийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын гүйцэтгэлийн хяналтын систем болон гэмт хэрэг, зам тээврийн зөрчил, гамшиг осол, хяналт шалгалтын нэгдсэн мэдээллийн санг тогтмол цаг хугацаанд шинэчлэн, системийг хөгжүүлж ажиллах
  • Нийслэлийн нийтийн тээврийн салбарыг шинэчлэх талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах зэрэг үүрэг, даалгаврыг өглөө.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Ш.Батсуурь: Улс, нийслэл, дүүргийн ажил зэрэг явах ёстой
Ш.Батсуурь: Улс, нийслэл, дүүргийн ажил зэрэг явах ёстой
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.