Элэгний Д вируст гепатитын эмчилгээнд ОХУ-аас дэмжлэг хүсэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 26 секунд
Элэгний Д вируст гепатитын эмчилгээнд ОХУ-аас дэмжлэг хүсэв

Элэгний Д вируст гепатитын эмчилгээнд ОХУ-аас дэмжлэг хүсэв

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Алексей Николаевич Евсиковыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд хоёр улсын Засгийн газар хооронд 1995 оноос эхлэн эрүүлийг хамгаалах, анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэнд сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлэв.

Тэрбээр, Монгол-Оросын хилийн дагуух бүс нутагт тарваган тахал болон байгалийн голомтот бусад халдварт өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор байгалийн голомтын тандалт судалгааг тогтмол хийх хэрэгтэйг дурдлаа. Энэ хүрээнд мэдээлэл солилцох, тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор хээрийн хамтарсан дадлага сургуулилалт хийх, тархвар судлал, нян судлалын чиглэлээр хамтарсан сургалт зохион байгуулах, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зэргээр зоонозын өвчний чиглэлээр дунд болон урт хугацаанд үргэлжлүүлэн хамтран ажиллахад дэмжлэг хүслээ.
Эдгээр зорилгын дагуу ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашиг, хүний сайн сайхан байдлыг хамгаалах холбооны хяналтын албатай байгуулсан хамтран ажиллах хэлэлцээрийг шинэчлэн байгуулахаар төслөө өнгөрсөн дөрөвдүгээр сард Гадаад харилцааны яамаар дамжуулан ОХУ-ын ЭСЯ-нд хүргүүлснийг дуулгаад хэлэлцээр байгуулах асуудлыг шуурхайлах шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм.

С.Чинзориг сайд “Ноён Элчин сайд тантай уулзаж байгаа гол зорилго бол элэгний гепаптит Д вирусийн эмчилгээний талаар ОХУ-тай хамтарч ажиллах боломжийн талаар судалж, санал солилцохоор урьсан юм.

Манай улсад элэгний B, C, Д вируст гепатитын халдвар өндөр тархалттай байна. Ялангуяа насанд хүрэгчдийн дунд В, С вируст гепатитын халдвар өндөр тархалттай байгаа нь элэгний өмөнгийн шинэ тохиолдлын түвшин Монгол Улсад төдийгүй дэлхийд хамгийн өндөр бөгөөд элэгний өмөнтэй өвчтөнүүдийн 90 гаруй хувь нь вируст гепатитын халдвартай, хүн амын нас баралтын тэргүүлэх таван шалтгааны хоёр нь үүнтэй холбоотой гэсэн судалгаа бий.

Д вирусийн орчин үеийн үр дүнтэй эмчилгээний аргууд өртөг өндөртэй байгаа нь халдвартай хүмүүст тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгоход бидэнд тулгарч байгаа гол бэрхшээл юм. Судалгаагаар манай улсад 66 мянга орчим иргэн Д вирусийн халдвартай байх магадлалтай гэж үзэж байгаа.
Хэдийгээр элэгний Д вируст гепатитын эмчилгээ тодорхой болоогүй, АНУ-ын “Gilead Science” компани эмчлэх эмийг гаргасан ч үйлдвэрлэлийн түвшинд очоогүй, Европын зарим оронд уг эмийг бага хэмжээгээр борлуулж байгаа боловч сарын эмчилгээ нь өндөр өртөгтэй талаар мэдээлэл ирсэн.

Бидэнд байгаа мэдээллээр, уг вирусийг устгах чадвартай Мирклудекс Б (Bulevirtide) эмийг анх ОХУ-ын эрдэмтэд бүтээж, ХБНГУ-ын компанид патентаа худалдаж, тэр компани нь цааш АНУ-ын “Gilead Science”-д худалдсан ба ОХУ нь уг эмийг зөвхөн дотооддоо өөрийн иргэдэд хэрэглэх тодорхой нөхцөлтэй байгаа гэж ойлгосон.

Иймд элэгний Д вируст гепатитын эмчилгээнд хамрагдах хүсэлтэй байгаа монгол иргэдийг ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбох, манай ХӨСҮТ-тэй гэрээтэй ажиллах эмнэлэг байх боломжтой эсэх талаар харилцан санал солилцох хүсэлтэй байна” хэмээсэн юм.

Элчин сайд А.Н.Евсиков хоёр улсын эрүүл мэндийн салбар хоорондын олон жилийн найрсаг хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлж улам илүү хөгжүүлэхэд анхаарахаа хэлээд Эрүүл мэндийн сайдын элэгний Д вируст гепатитыг ОХУ-д “Мирклудекс” эмээр эмчилж буйд монгол иргэдийг хамруулах талаар тавьсан хүсэлтийн дагуу өөрийн улсын ЭМЯ-тай энэ асуудлаар ярилцсан гэлээ.

Эх сурвалж: ЭМЯ

Монголын вэб сайтууд эвлэлдэн нэгдсэний 10 жилийн ой тохиож байна
Монголын вэб сайтууд эвлэлдэн нэгдсэний 10 жилийн ой тохиож байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.