Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
13 минут 48 секунд
Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз

Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз

Монголын утга зохиолд хөдөө орон нутагтаа туурвиж, уран бүтээл, нутаг усаараа овоглуулж алдаршсан яруу найрагч, зохиолч цөөнгүй бий. Тухайлбал, “Эрээн цав”-ын Д.Нямсүрэн, “Хатанбулаг”-ийн Со.Чулуун, “Ховд”-ын Ж.Буяндалай гээд дурдаж болно. Тэгвэл энэ удаад бид Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, “Сэлэнгэ”-ийн хэмээх Б.Пүрэврэнцэнтэй ярилцлаа.

-Юуны өмнө Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэнд баяр хүргэе. “Холын хүнээс үг сонс” гэдэг. Сэлэнгэ нутгаар намаржаа сайхан уу?

-Баярлалаа, санаандгүй нутагтаа ажлаа хийж байтал шагнал хүртсэн мэдээ сонслоо. Сэлэнгэ нутгаар тариа ногоо элбэг сайхан намар болж байна. Миний уугуул нутаг бол Архангай аймгийн Цэцэрлэг хот. Манайх намайг багад Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд шилжиж ирсэн. Эндээ 10 жилийн сургуулиа дүүргээд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг Багш судлаач мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш Германд хоёр ч удаа сурлаа, одоо Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд аж ахуй эрхэлж байна даа.

-Уран бүтээлийн гараагаа хэдийнээс эхлэв. Утга зохиолд хөтөлсөн багш нарынхаа тухай дурсаач?

-МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын тэнхимд багшилж байсан бүх багш нар л намайг утга зохиолд хөтөлсөн гэж үздэг. Нэрт судлаач Ч.Билигсайхан, Д.Галбаатар, мөн М.Базаррагчаа, Ж.Төмөрхуяг гээд олон сайхан багш бий. Утга зохиолд хөглөгдсөн үе гэвэл өөр. Намайг оюутан байхаас Ч.Билигсайхан, Д.Галбаатар багш нар “Чөлөөт сэтгэлгээний дуулал” наадам зохион байгуулахаас эхлээд сургуулийн дэргэд дугуйлан ажиллуулж байв. Би энэ наадмаас тусгай байрын шагнал авсан цагаас хойш шүлэг бичих урам зориг улам л бадарсан. Анхны ном гэвэл Ч.Билигсайхан багшийн ариутган шүүснээр 2000 онд “Цэнхэр хөг” түүврээ гаргаж байлаа.

-Та уран зохиолд тэр бүрий үзэгдээд байдаггүй хэрнээ олон арван жил чимээгүй бүтээж туурвиж ирсэн ховор хүмүүсийн нэг. Тэгэхээр тэр даруухан өнгөрүүлсэн он жилүүдийнхээ богцыг задлах байх?

-Би 1998 онд МУИС-ийг төгсөөд Сэлэнгэ аймгийн төрийн өмчийн оролцоотой “Сүхбаатарын туг” сонины отгон сурвалжлагч болж очсон, яагаад отгон гэж байгаа юм гэхээр тэр сонин намайг очсоноос хойш нэг жилийн дараа татан буугдсан. Ингээд аймагтаа хэвлэлийн газрын захирлаар ажиллаж, тэр маань өмч хөрөнгийн маргаан үүссэн учраас ажиллахаа больж, 2001 онд Германы “Конрад-Аденауэр-Сан”-гийн тэтгэлгээр сурахаар бүртгүүлсэн. Тэнд суралцах хүсэлтэй 1200 хүнтэй өрсөлдөн, 50 залуу шалгарч, Улаанбаатарт байрлаж байж, дахин шигшээд 25 хүнийг шалгаруулахад нь тэнцсэн. Тухайн үеийн ханшаар нэг хүнд 50 мянган евро зарцуулж сургасан. Үйлдвэр технологи хөгжсөн орны үйлдвэрүүдэд дадлага хийж номын дуу сонссон хүн. Сүүлд дахин Герман явж “Топ менежер”-ээр сурсан. Хэдийгээр өндөр хөгжилтэй орны үйлдвэрлэлтэй танилцаж, арга технологи сурсан ч манайд ирээд аж ахуй эрхлэх амаргүй. Нөхцөл тун хүнд шүү дээ. Сүүлдээ “Та нар Герман явсан хүмүүс, хүний хоол идэж ирчихээд юу ч хийхгүй байна” гэх шүүмжлэл сонсоно. Хэдийгээр нөхцөл байдал хүнд ч гэсэн бор зүрхээрээ зүтгээд аж ахуй эрхлээд явж байна. Гэтэл хууль эрх зүйн талаасаа, эрхэлж байгаа ажлаасаа шалтгаалаад сурах хэрэг гарах юм. Тиймээс хуулийн чиглэлээр сурлаа, Одоо Ойн инженерээр эчнээ сурах жишээтэй явж л байна.

-Герман бол нийгэм, улс төрийн байдал тэс өөр, манайтай харьцуулах аргагүй ч хувь хүн нэг бодол тээж ирсэн байж таарна?

-Герман бол баруун зүүнээ адил түвшинд давс хужрыг нь тааруулан барьж явдаг орон юм уу даа. Өөрөөр хэлбэл социалист талаа ч барина, барууны талаа ч барина. Тэнд халамж ихээр бий гэж ярьдаг ч манайх шиг хавтгайруулдаггүй. Хүмүүс нь ажилдаа хариуцлагтай, хийх ёстой зүйлээ яс хийнэ. Манай улсад олон намын систем бий болоод 30 гаруй жил болжээ. Барууны үзлийг барих замаар явж байгаа ч алдаа дутагдал бий. Монгол Улс 1921 оноос хойш социалист талаа барьж ирсэн, тэр нь гэнэтхэн өөрчлөгдөөд ирэхээр зохицохгүй тал байдаг. Тэгэхээр аль аль талаа барьж явах шаардлага байна гэж боддог. Нийгэм талаа барьж байна гээд бүх зүйлийг хааж боогоод байвал утгагүй. Мөн хувь хүний үзлийг хэт өндөрт тавьж бас болохгүй.

-Таны сурч, ажиллаж байгаа байдлаас анзаарахад цаашид сум, аймаг орон нутгийн хэмжээнд удирдах түвшний ажил сонирхож байна уу гэмээр?

-Үгүй. Миний хувьд ажил хийе, баялаг бүтээе гэж боддог. Германаас ирээд Сэлэнгэ аймагтаа анхны чөлөөт хэвлэл болох “Өглөө таймс” сонин үүсгэж, сониноороо дамжуулан, уул уурхайн чиглэлд олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд МОНЦАМЭ, “Өдрийн сонин”-ы орон нутаг дахь сурвалжлагч, Сэлэнгэ аймгийнхаа зохиолчдын байгууллагын салбарын дарга гээд юм юм л хийж үзсэн. Эндээс 2010 онд Хүдэр сумандаа ирж аж ахуй эрхлээд арваад жил болжээ.

-Яруу найрагчтай уулзаад баахан хадуурлаа. Эргээд уран бүтээлийнхээ яриа руу оръё. Хамгийн сүүлийн үеийн бүтээлээс?

-Хамгийн сүүлд “Үзэг мөрлөхүй” яруу найргийн түүвэр, “Шувууд тэнгэрт хайртай” туужаа тус тус гаргалаа. Эдгээр номуудаа гаргаад удлаа. Одоогоор яруу найргийн түүврээ бэлтгэж байна. Хэтдээ тууж, роман бичих санаатай байгаа ч цагаа тулахаар судалгаа шинжилгээ гээд цаг зарах хэрэг гарч байна. Хүдэр сумандаа 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз. Сэлэнгэ аймгийн утга зохиолын салбарын даргаар ажиллаж байхдаа Буриадаас зохиолчид урих, тэд эргээд урих, түүхэн дурсгалт газруудаар явах, уран бүтээл солилцох зэрэг ажил зохион байгуулж байсан нь ихээхэн үр дүнтэй болжээ. Герман гэснээс “Бидний сурсан Герман орон” тэмдэглэлийн ном бичээд түүнийгээ Герман Монголоор хэвлэх гэтэл зардал өндөр байлаа. Гэтэл МУИС-д сурч байхад манай ангид хоёр Румин оюутан сурч байсан юм. Тэднийг сургийг гаргахад Элчин сайдаар ажиллаж байгаа гэнэ. Гэтэл нэг өдөр манай ангийн хэд ирээд “Нөгөө Тарена чинь Монголд Элчин сайдаар ирсэн байна” гэхээр нь хэдүүл очлоо. Уулзаагүй удсан андууд юу эсийг ярих билээ. Ингээд ном хэвлүүлэх санаагаа хэлээд Румин найз маань хэвлэж өгсөн.

-МУИС-ийн багш нараас гадна уран бүтээлийн амьдралд хөтөлж чиглүүлсэн багш нар бий юу?

-Амьдрал дээр байхгүй дээ. Өөртөө эрдэж явдаг нэг зүйл бий, яагаад гэхээр би МУИС-ийн Монгол хэл уран зохиолын ангийг багш, судлаач мэргэжлээр суралцан төгсчихөөд уран зохиолын талаар хэн нэгэн хүнээс асууна гэдэг сонин санагдаад байдаг. Утга зохиолд хамт ойр байдаг нөхөд бол олон бий. Манай Сэлэнгийн Н.Сүхдорж, н.Банзрагч, н.Доржсүрэн нарын ах нараас гадна үе үеийн нөхөд гээд олон олон.

-Асуухгүй өнгөрч болохгүй нэг зүйл байна. Утга зохиолд үе үеэ, чиглэл урсгалаа үгүйсгэх хандлага бий болоод удлаа. Та юу гэж бодож байна вэ?

-Би МУИС-д сурч байхдаа түүх, философийн чиглэлээр сайн уншсан, багш нар маань ч хэлдэг байв. Үүнээс ойлгоход хүний нийгэм бол ахмад, дунд, залуу үе гэсэн гурвалсан холбоон дээр тогтож хөгждөг гэсэн том үзэл байна. Зөрчилдөх зүйл байдаг байх, тэгэхээр авахыг нь авч, гээхийг нь гээх хэрэгтэй. Улс төрөөс гэхэд Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин нарыг яасан больж болдоггүй юм гэх зэргээр ярьж байна. Гэтэл тэднээс асар их туршлагыг нь дунд үе нь авч үлдээд залуу үедээ хүргэх учиртай. Мөн хэтэрхий залуу байна гэх хандлага байдаг. Тэднээс ч шинэ соргог зүйлийг авах хэрэгтэй. Ийм л гинжин хэлхээний урсгал дээр нийгэм өөрөө тогтдог гэх үзэлтэй санал нийлдэг.

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, “Сэлэнгэ”-ийн Б.Пүрэврэнцэнгийн шүлгүүдээс хүргэж байна.

Цасан суурин

Өнөөдөр цасан суурин нам гүм

Өчигдөрхөн шуугиж байсан биш билүү

Тэртээгээс үүлс цуглараад

Тэнд эндхийн юмс цагаанаар хүрээлэгдэх нь

Байгаль дэлхий ирж буй мэт

Малгайлсан их цасан ороход

Марал буга болоод тэнгэрийн хаяа руу дүүлмээр

Цасны ширхэг бүр хүн зоны нулимс мэт

Цаанаасаа зовлонгоо ариутган тэнгэрийн тарни болон бууж байгаа юм шиг

Цас шуурга хоёрт хүн яагаад дурладаг юм бол

Цавцайсан мөнгөн ширхэгүүд нь

Сэтгэлийн минь очийг юунд асаадаг юм бол

Царцаа хэрэв өвөл нисдэгсэн бол

Цас үүрээд манай суурингаар шаагилдах байсан даа

Тэнгэрийн хаяа хүртэл дүүрэн цас

Тэвэр тэврээр нь овоолон уул болгомоор

Мандах нарнаар суурингаас гарахад

Манай нутгийн хилээс цааш цас байдаггүйсэн

Цасан суурин гэж

******

Их бороотой байх чинь

Эжий аав хоёр минь өрхөө татдагсан

Тооноор орсон борооны дусал дүүгийн минь нүүрийг үнсэхэд

Үнэгчлэх адил мушийхад аав минь инээж суудагсан

Гучин намрын тэртээх зураг нүднээ амилах чинь

Сайхан цаг байжээ, тэр үе

Сав саруулхан байж миний эжий аав хоёр.

Гурван өдөр орсон бороо

Дурсамж ээдүүлж гуниг хөглөлөө

Мартахын аргагүй улаан нар үүлний сиймхийгээр цухуйх чинь

Маргааш магад газрыг ивээнэ биз

Миний эжий аав сэтгэлд минь дандаа л сайхнаараа.

*******

Өнөөдрийн өглөөний мандаж буй нарны агшин гэдэг ийм

Өөдөөс минь мишээдэг наранд би яаж талархлаа илэрхийлэх үү

Уулс давсан туяа цацран орж ирэх нь

Унага татсан талд эрийн хиймор сэргэх шиг

Тэнгэрээр нэг цацарсан гэрэл орчлонг гийгүүлэх нь

Тэмүүлж тэмцсэн махбодьтныг сэтгэлийн амар амгаланд хүргэх шиг

Хаашаа ч харсан нарны гэрэл урсан ирж байна

Хаана ч байхгүй ийм л гэгээнийг Монголдоо үзнэ

Ганцхан удаа атгаад авмаар ойрхон нарыг

Газраас өргөж тэнгэрт мандуулсан огторгуй чамд баярлалаа

Өлмийд минь тусах тэр нандин туяаг

Өргөж ер даахын зовлон үгүй

Өөрөө тэр нандин туяа өвөр дээр минь асаж

Өглөгийн бурхан мэт бусдыг гэрэлтүүлнэ

*******

Долоон горхины усаар ариусан ариуссан гоо юм шүү

Домог болсон толгодоос өндийж гоёсон цэцэг юм шүү

Эрвээхий хэрэв сонгодог бол чам дээр анхлан буух шүү

Энэ орчлонг хайраар дүүргэсэн ээж юм шүү дээ чи

Омог бардам эрхэмсэгээр хорвоог тууллаа чи

Онгон тансаг он жилүүд чиний өмнө мэхийж байлаа шүү

Цэцэг бүхнийг энхрийлэхийн зөнтэй ээж байлаа чи

Цэвэр ариун гэмгүй бүхэн чинь бидэнтэй хамт үлдсэн шүү

Долоон горхины уснаас умдаалж өссөн ариун юм шүү

Домог болсон толгодын гэгээн залуу нас юм шүү чи

Хайр бүхэн чам дээр асгарч л байлаа шүү

Хайрлуулахын тэнгэртэй бүсгүй байсиймдаа чи

******

Тэртээх тал цав цагаан

Тэндээс ялгарч харагдана гэдэг гайхамшиг

Төрсөн бүтсэн ургасан юмс

Тэнгэрээс унасан бүхэнтэй хагаралдаж Тэмцэнэ гэдэг амьдрал

Тиймийн учир тэнгэр гэдэг агуу

Тэнгэр шиг агуутай эсрэгцэж

Тулж амьдарсан хүмүүс бас гайхалтай

Тив дэлхийн хаана ч

Тэнгэр буй

********

Танхай гэмээр

Тасхийсэн жавар

Тал нутгаар минь

Довтолгоном

Хуучин танил

Энэ л хүйтний

Хуруу хөлөнд дулаан бариувч өмсгөхөд

Хавар ирдэг

УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 14-16 ХЭМ ДУЛААН БАЙНА
УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 14-16 ХЭМ ДУЛААН БАЙНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.