Нийслэлчүүд өвлийн бэлтгэлээ ид базааж байна. Нүдэнд үзэгдэж, амьсгалд мэдрэгддэг их хотын саарал утаа униартаад эхэлчхэж. Жил бүрийн өвөл нийслэлчүүдийн өмнө тулгамддаг агаарын бохирдол хоёрхон жилийн өмнөөс коронавируст зайгаа тавиад өгчихсөн гэж болно. Нөгөө талаар нийслэлд түүхий нүүрс түлэхийг хориглосон түүхэн шийдвэр хэл ам, хэрүүл тэмцэлтэй ч хэрэгжиж эхлээд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан нүүрсээр гурав дахь жилдээ өвлийн бэлтгэлээ базааж байна. Алдаа оноо байсан ч Улаанбаатарын утаа мэдрэгдэхүйц хэмжээгээр буурсныг иргэд үнэлж байгаа.
Гэхдээ агаарын бохирдол нүдэнд үзэгдэх хэмжээ нь гайгүй болсон ч чанар нь тааруухан байсаар байгааг мэргэжилтэн судлаачид хэлсээр ирсэн. Нөгөөтэйгүүр энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд улсын төсвөөс өчнөөн хөрөнгө мөнгө зарцуулж байгаа ч агаарын чанарын үзүүлэлт аюулгүй, стандарт хэмжээнд хүрээгүй байгаа талаар Үндэсний аудитын газраас мэдээллээ. Тодруулбал, Үндэсний аудитын газраас “Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө” сэдвээр хийсэн аудитын тайланг олон нийтэд ил болгожээ.
Тайлангийн дагуу өнгөрсөн дөрвөн жилд агаарын бохирдлыг бууруулахын тулд төсвөөс 456.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2017-2020 онд төсвөөс гаргасан энэ их мөнгө үр дүнтэй зарцуулагдсан уу, хэн хэдэн төгрөгөөр ямар ажил хийв.
БОХИРДУУЛАХ БОДИСУУДЫН ХЭМЖЭЭ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙНА
Илтэд харагдах утаа буурсан мэт боловч агаарын чанар дахь хортой бодисуудын хэмжээ нэмэгдсэн байж болзошгүй талаар өнгөрсөн онд багагүй мэтгэлцсэн. Тэгвэл албан ёсны хэмжилт, судалгаанаас харахад агаарын чанар дахь хорт бодисуудын хэмжээ тодорхой хэмжээнд буюу бага зэрэг буурсан нь харагдаж байна. Тодруулбал, Улаанбаатарын агаарын бохирдлын дахь азотын давхар ислийн жилийн дундаж агууламж Монгол Улсын стандарт болон ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнд байгаа боловч бусад бохирдуулах бодис өндөр байгааг аудитын тайланд онцолжээ.
Монгол Улсын стандарт болон ДЭМБ-ын зөвлөмж хэмжээтэй харьцуулсан байдлаар доор үзүүлэв.
Өөрөөр хэлбэл, агаарын найрлага дахь бохирдуулагч бодисууд 2016 оноос хойш бага зэрэг буурсан мэт боловч хүний эрүүл мэндэд хор хохирол учруулахгүй хэмжээнд хүрэх яагаа ч үгүй байгааг дээрх тоо баримт харуулж байгаа юм.
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН 32.2 ХУВЬ НЬ ХЭРЭГЖЖЭЭ.
Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд нийт 456.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. Үүний 287.2 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс гаргажээ. Харин 168.9 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, БНХАУ гэх мэт гадаад зээл, тусламжаас бүрдүүлсэн байна. Дөрвөн жилийн хугацаанд багагүй төсөвтэйгөөр хийгдсэн энэ ажлын үр дүн харин ямар байна вэ. Төлөвлөсөн арга хэмжээнүүд бүрэн хийгдэж чадсан уу гэдэг дээр тун ч асуудалтай хариулт байгааг аудитын тайлангаас харж болно. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 199 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хэрэгжилтийг тооцож үзэхэд 64 нь бүрэн хэрэгжсэн, 60 нь он дамжин хэрэгжиж байгаа, 46 нь хэрэгжээгүй, 29 нь дутуу хэрэгжсэн байна.
Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх замаар санхүүжүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайд, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Энэ хүрээнд 2017, 2018, 2019 онд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой 43 арга хэмжээг баталж, хэрэгжүүлэхээр болсон байна. Гэтэл үүнээс 100 хувийн хэрэгжилттэй арга хэмжээ ердөө гурав байгаа нь анхаарал татна. Мөн 70 хувийн хэрэгжилттэй 13, эрчимжүүлэх шаардлагатай 18, огт хэрэгжээгүй 9 арга хэмжээ байгааг онцолжээ. Эндээс төсвийн хөрөнгийг хэрхэн үргүй зардал болгож, төрийн байгууллагууд уялдаа холбоогүй, үр дүнгүй ажиллаж байгааг харж болно.
ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙНА
Агаар орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийн биелэлт хангалтгүй байгаа нь хариуцсан байгууллагууд ажлаа хийхгүй байгаатай шууд холбоотой. Тухайлбал, Орчны бохирдлыг бууруулах хороо “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих үүргээ биелүүлдэггүйгээс 2020 оны жилийн эцсийн байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний 67.8 хувь нь хэрэгжээгүй байна гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газраас хийсэн байна.
Мөн агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг Сангийн яам, ЭМЯ, ХНХЯ, ХХААХҮЯ, БХЯ, ГХЯ, Үндэсний хөгжлийн газар, Стандарт, хэмжил зүйн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, аймгийн ЗДТГ зэрэг хариуцан хэрэгжүүлэгч яам, агентлагууд тухайн жилийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгадаггүй зөрчил байгааг байгууллага бүрд зөвлөмж хэлбэрээр сануулсан байна.
Түүнчлэн агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд төлөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг БОАЖЯ, ЭХЯ, Нийслэлийн Засаг даргаас бусад хариуцан хэрэгжүүлэгч яам, агентлагууд тухайн жилийн төсөвт төлөвлөөгүй байгаа зөрчил дийлэнх байгаа аж.
Тухайн аудитаар илрүүлсэн бас нэг томоохон зөрчил нь агаарын чанарын бүсэд хамаарах гэр хорооллын зорилтот айл өрхүүд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтөд бүрэн хамрагдаж чадахгүй байгааг онцолжээ. Түүнчлэн 2017-2020 онд гэр хорооллын айл өрхөд үзүүлсэн цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийн 7.3 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг хариуцан төлөх байгууллага тодорхой бус байгааг БОАЖЯ, Эрчим хүчний яам зэрэг байгууллагын удирдлагуудад сануулжээ.
Мөн энэ аудитаар сайжруулж, засах шаардлагатай анхаарал татсан нэг асуудал байгаа нь сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн өртөг байгаа юм. Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн өртгийн 78 хувийг шууд материалын өртөг, 14 хувийг цалин, НДШ-ийн зардал эзэлж байгаа аж. Стандартын шаардлага хангасан дотоодын үйлдвэр байхгүй, хүчин чадал хүрэлцэхгүйгээс барьцалдуулагч, түлш савлах 25 килограммын шуудайг ихэвчлэн БНХАУ-аас худалдан авдаг, Тавантолгойн нүүрсний уурхайгаас нүүрсийг машинаар тээвэрлэдэг зэргээс шалтгаалан шууд материалын өртөг өндөр болж байна. Тиймээс холбогдох байгууллагууд болон компаниудад энэхүү өртгийг багасгах арга замыг эрэлхийлж, төсөв хэмнэх зөвлөмжийг өгсөн байна. Үндэсний аудитын газраас “Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө” аудитаар 43.7 тэрбум төгрөгийн 19 зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгуулахаар 10.9 тэрбум төгрөгийн дөрвөн албан шаардлага, 32.8 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгуулахаар зөвлөмж өгчээ.
Б.ТӨГС
Эх сурвалж: Зууны мэдээ сонин