ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 12 секунд
ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! “Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа...“

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! “Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа...“

Оффшор гэгч үгтэй монголчууд УИХ-ын гишүүн С.Баярцогтын ачаар танилцсан. Тэрбээр оффшор дансандаа нэг сая ам.доллараа "мартаж" ард түмний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж байсан цаг саяхан.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсад, тэр дундаа ултөрчид дунд оффшоргүй, тухайн бүсэд харьяалалгүй хүн гэж алга. Тэдний тэргүүн магнайд хотын дарга, нийслэлийн захирагч Эрдэнийн Бат-Үүлийн хүү Бат-Үүлийн Чулуудай давхиж явна. Хүү нь оффшор бүсэд данс нээлгээд гүйлгээ хийгээд яваад байгааг аав нь мэдээгүй гэх. Хэвлэлээр гараад эхлэхээр нь бас мэдсэн гэх. Аав, хүү хоёр байж мэдээллээс арай л дэндүү хол байгаад байна уу. Эсвэл хоорондоо ор тас үг сольдоггүй гэр бүл үү гэсэн асуулт иргэдийн дунд хөвөрч байх зуур мань хотын дарга тун чиг сүртэй ярилцлага "C1"-д өгчээ. Бүр тодруулбал, сэтгүүлч Б.Мөнхбаясгалантай ярилцаж байхдаа "Үнэхээр миний хүүгийн оффшор дансаар нэг л гүйлгээ хийгдсэн байдаг юм бол би ажлаа шууд өгнө.

Нийслэлийн Засаг даргаасаа ч огцорно. Сонгуульд өрсөлдөхгүй, нэрээ татна" хэмээн ярьж суусан. Гэвч байдал өнөөдөр өөрөөр эргэчихэж. Алаагүй баавгайн арьсыг хуваана гэгчээр дуусаагүй сонгуулийн дундуур аль хэдийнэ хотын дарга болчихсон өөрийгөө тунхаглан зарлаж явааг юу гэж ойлгох вэ? Эрхэм хотын дарга эр хүн л юм бол, үнэхээр ардчиллын манлайлагч юм бол, үнэхээр Улсын баатар л юм бол хэлсэндээ хүрдэг л байх ёстой.

Э.Бат-Үүл даргын хүү Б.Чулуудайн оффшор дансаар хэд хэдэн удаа томоохон гүйлгээ хийгдсэнийг "Монгол-HD" телевиз баримт нотолгоотой гаргаад тавьчихсаныг мань дарга үзээгүй гэж лав мэлзэхгүй байх. Ямар сайндаа л саравчинд нарлаж суусан хоёр хөгшин хоорондоо "Уг нь энэ Э.Бат-Үүл тун дажгүй хүү юм. Даан ч хүү нь болж өгөхгүй байх шиг байна. Сайн аавын нэрийг хэдэн удаа худалдаж идсэн болдоо, хөөрхий минь" хэмээн ярьж суух вэ. Үнэхээр настны хэлдэгээр Э.Бат-Үүл өөрөө болохгүй байгаа юм биш. "Аавын алаг үр" нь л нүүрийг нь түлээд байх шиг байгаа юм. Үхтэл үр харам гэгчээр хүүгийнхээ хүслийг гүйцэлдүүлэх гэсэн биш өөрөө баларч дуусч байх шиг байна, муу баатар минь... Гэхдээ түүнд буруу байхгүй. Ямар өөрөө оффшор данс нээгээд гүйлгээ хийчихсэн биш. Хүмүүжилгүй хүү нь дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсний горыг Э.Бат-Үүл амсаж явна, зайлуул гэж... Хар багаас нь хайрлах нь ихдээд толгой дээрээ гаргачихсан болохоор одоо яая гэх вэ. Оффшорыг нь цээжээрээ хамгаалаад, тендер будилаантуулсныг нь нүүрээрээ хаагаад гарахаас өөр ямар ч арга байхгүй. Цаашилбал, өөрийн хүслээрээ огцорно гэдэг бүр ч лөөлөө болсон бололтой.

Ширэн нүүрлээд, ширээн дээрээ гарч орилж хашгираад ч болов нэг удаа сонгогдохыг хүсэх нь гарцаагүй. Монгол хүний төрөлх араншин угаасаа ийм юм. Албан тушаалд нэг хүрчихвэл буухаа мэдэхгүй, буучихаараа би буух ёсгүй байсан гээд байдаг тийм нэг муухай араншин. Э.Бат-Үүл дарга ч тэдний нэг нь юм. Эр хүн хэлсэндээ хүрдэг бол тэрбээр өөрийн хүсэлтээр нийслэлийн ИТХ-ын сонгуулиас нэрээ татах байлаа. Харамсалтай нь түүнд “иргэний зориг” алга. “Дарга аа” гэж хүндлүүлэхгүй байхаас, хүн болгон бөхийж харилцахгүй байх вий гэдгээс тэр үнхэлцэгээ хагартал айж байна. Ямар сайндаа л бухимдалдаа дийлдсэн ард түмэн түүний самбар руу шавар цацаж дургүйгээ илэрхийлж байх вэ дээ... АН-ын Засгийн газар ард түмнийг элгээр нь хэвтүүлж нэг даапаалсан бол нийслэлийн буурал дарга маань элгээрээ хэвтсэн ард түмнийг татвараар дарамталж бас нэг даапаалсан. Ийм байхад ард түмэн бухимдахгүй байна гэж үү... “Эрлэгийн элч нь болж явснаас энхийн цагаан тагтаа болоод нисээд өгье” хэмээн нэгэн суут эрхэм хэлсэн нь бий. Энэ үг л Э.Бат-Үүл даргад яг тохирох юм шиг...

С.ОГТОРГУЙ

Морьтой залуус Евроазийн нутгаар 20 гаруй мянган км зам туулна
Морьтой залуус Евроазийн нутгаар 20 гаруй мянган км зам туулна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.