Засгийн газар нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлаар анх удаа өргөтгөсөн хуралдаан хийж, тэдгээрийг шийдэхэд жилд 420 тэрбум төгрөг зарцуулах түүхэн шийдвэр гаргасан. Энэ үеэр Ерөнхий сайд “Бидэнд тулгамдсан асуудал нэг л бий. Хотынх, Засгийн газрынх гэж тусдаа асуудал байхгүй” гэдгийг онцолсон. Тиймээс ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр тухайн дүүргээс сонгогдсон гишүүд хамт ажиллаж, тулгамдаж байгаа асуудлаа ярьж, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан. Дүүргүүдийн бүтээн байгуулалтууд хийгээд энэ үеэр гаргасан онцлох шийдвэрүүдийг тоймлон хүргэж байна.
Хан-Уул дүүрэг
Д.СУМЪЯАБАЗАР: ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТОМ КОМПАНИУД МАНЛАЙЛАН, ЖИЖГҮҮД НЬ НЭГДЭЖ ОРОХОД БЭЛЭН БАЙГАА
Ерөнхий сайд, Хотын дарга нар дүүргүүдийн бүтээн байгуулалт, тулгамдаж байгаа асуудлуудтай танилцах ажлаа Хан-Уул дүүргээс эхэлсэн юм. Тус дүүрэг нь үйлдвэр, үйлчилгээний төвлөрсөн бүс төдийгүй жилээс жилд эрчимтэй тэлж байгаа. Үүнийг дагаад авто замын ачаалал ч нэмэгдсээр буй юм. Энэ үеэр Хотын дарга Ерөнхий сайдад гол гудамж замын өргөтгөл 82.43 км, хотын тойрог замын сүлжээ 71.5 км, хороолол дундах холбоос 70.26 км замын төлөвлөлт болон гүүрэн байгууламж, нүхэн гарцуудын талаар танилцуулсан юм. Тэрбээр “Эдгээр төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээр түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулна. Зураг төсөл болон барилгын компаниудтай уулзахад үндэсний бүтээн байгуулалтад том компаниуд нь манлайлан, жижгүүд нь нэгдэж ороход бэлэн байгаагаа илэрхийлсэн” гэдгийг хэлж байлаа. Хурдны замыг олон улсын стандартын дагуу барихаар гадаадын 2-3 компанид хүсэлт тавьжээ.
Хан-Уул дүүрэгт жилд 10-20 мянган айл нэмэгддэг учраас сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ байнга тулгамддаг байна. Иймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Орон сууцны хорооллыг нийгмийн дэд бүтцийн хамт төлөвлөн байгуулах стандартыг бий болгох хэрэгтэй” гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ч мөн энэ чиглэлд холбогдох байгууллагатай уулзаж, анхаарч ажиллаж байгаагаа хэлж байлаа. Түүнчлэн тус дүүргийн төдийгүй нийслэлийн хамгийн том тулгамдсан асуудал нь Туул гол дагуу 30 гаруй байгууллага хайрга, дайрга олборлодог явдал. Гэтэл Туул голоос нийслэлийн иргэдийн 95.7 хувь, таван аймгийн 37 сумын иргэд ундаалдаг учраас цаашид ундны усны аюулгүй байдалд нөлөөлөхөд хүрээд байгаа юм. Ерөнхий сайд Хотын даргыг Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг танилцуулахыг хүссэн. Мөн тэрбээр “Төр зөвшөөрөл олгосон учраас эдгээр аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс уулзаж, Ажлын хэсэг байгуулж, нэг шийдэлд хүрэх хэрэгтэй” гэв.
Мөн дараагийн тулгамдсан асуудал нь арьс, ширний үйлдвэрүүдэд үйлчилгээ үзүүлдэг “Харгиа” цэвэрлэх байгууламж орон сууцны хороолол дунд үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад нөлөөлж байгааг тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд онцолж байлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Яармагийн замын ачааллыг 20 гаруй хувиар бууруулна. Уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхгүй бол түгжрэл нэмэгдэж байна. Ботаникийн цэцэрлэгээс Моносын уулзвар хүртэл Энхтайваны өргөн чөлөөгөөр хөнгөн галт тэрэг LRT явуулахаар төлөвлөж байгаа. Нийт 17 км замын 10 км нь газар доогуур, хоёр талдаа тус бүр 3.5 км ил явна. Долоон буудлаас Чингисийн өргөн чөлөөгөөр уруудаад, Энхтайваны гүүр даваад Буянт-Ухаа хүртэл 30 км орчим хөнгөн галт тэрэг буюу LRT явахаар төлөвлөсөн” гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ Үр дүн чухал. Тооцоо, судалгааг сайн хийж, гаднын мэргэжилтэнтэй хамтран ажиллаарай. Газар чөлөөлөлт болон бусад зүйлээ төлөвлөж, сайн тооцоорой” гэсэн юм. Ийнхүү ТЭЗҮ болон тооцоо, судалгааг зургадугаар сарын 19-нд танилцуулахаар боллоо.
Чингэлтэй дүүрэг
ЗУРГААН ДЭД ТӨВИЙГ 10 БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛЭХ ХОТЫН ДАРГЫН САНААЧИЛГЫГ ЕРӨНХИЙ САЙД ДЭМЖЛЭЭ
Ерөнхий сайд, Хотын дарга нар Чингэлтэй дүүргийн 10-р хороо Сэлбэ дэд төвд ажиллалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Сэлбэ дэд төв нь Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хороог хамрах хотын чухал бүтээн байгуулалт. Улаанбаатар хотод ийм 10 дэд төв байгуулахаар төлөвлөж байгаа. Баянхошуу, Сэлбэ, Толгойт, Дэнжийн мянга, Шархад, Улиастай дэд төвийн хэсэгчилсэн байдлаар инженерийн шийдлүүдийг шийдэж, үүнийг тойрсон нийгмийн барилга, байгууламж барихаар төлөвлөсөн. Дулаан, цахилгаан, цэвэр, бохир усаа өөрөө шийднэ. Эдгээр газарт төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж эхэлбэл иргэдийн газар эргэлтэд орж, үнэд орно” гэлээ.
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гурван үе шаттай төсөл хэрэгжиж байгаа. Эхний үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвөөр эхэлж, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвөөр үргэлжилж, гуравдугаар үе шатанд Толгойт, Шархад дэд төв хэрэгжих юм. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил 95 хувьтай яваа бол Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвийн ТЭЗҮ болон ажлын зураг төсөл нь батлагдаж, энэ оноос тендер зарлана. Дэд төвүүд дээр 150 болон 250 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бизнес инкубатор төвийн барилга, хүний хөгжлийн төв, спорт цогцолбор барих юм. Чингэлтэй дүүргийн хэмжээнд Дэнжийн мянга, Сэлбэ гэсэн хоёр дэд төв байгуулна. Сэлбэ дэд төвийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр нийт 156 га-д хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж, инженерийн дэд бүтэц, нийгмийн барилга, байгууламж барьж байна. Зургаан дэд төв 2024 он гэхэд ашиглалтад орно. Дэд төвүүд нь ашиглалтад орсноор 60 мянган айлын орон сууц барих инженерийн дэд бүтэц бэлэн болох юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хотын дарга Барилга, хот байгуулалтын сайдтай уулзаж, зургаан дэд төв ашиглалтад орсноор төрийн ямар байгууллагуудыг шилжүүлэх вэ гэдэг төлөвлөлт гаргаж, Засгийн газрын хурлаар танилцуулаарай. Хотын төвд төрийн байгууллагын оффис барихгүй, хотын зах руу гарахад нь дэмжиж ажиллаарай. Мөн хувийн хэвшилтэй хамтарсан түншлэлийн уулзалт хийх хэрэгтэй. Ингэснээр гэр хорооллын газар үнэд орж, эдийн засгийн эргэлтэд орно. Бусад хот 5-6 гол замтай бол манайх ганцхан төв замтай. Тиймээс зөвхөн ганц дам дагасан төвлөрөлтэй болохоор түгжрэхээс аргагүй байна. Үүн дээр Засгийн газар оролцоно. Түгжрэлийн гол голомтуудаа гаргаж, зургаан дэд төвөө 10 болгож болно. Гэхдээ хамгийн гол цэг буюу хамгийн их утаатай, дэд бүтэц тааруу газраа төлөвлөлт хийх хэрэгтэй” гэв.
Сонгинохайрхан дүүрэг
БАЯНХОШУУНД ЭКО ХОРООЛОЛ БАРЬЖ, ХОТЫН ШИНЭ ТӨВИЙГ БИЙ БОЛГОХООР ЗОРЬЖ БАЙНА
Баянхошуу дэд төвийн дэд бүтцүүдийг татаж, 3500 орчим айл газар чөлөөлж, 15 мянган айлын орон сууцны хороолол барих боломжтой гэдгийг Хотын дарга Ерөнхий сайдад танилцуулсан юм. Мөн дулаан, цахилгаан, бохирын эх үүсвэрийг шийдсэн гэдгийг онцолсон. Сонгинохайрхан дүүргийн хувьд нийт өрхийн 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Иймээс гэр хорооллыг орон сууцжуулах шаардлага зүй ёсоор тулгарч буй юм. Мөн Баянхошуу нь Улаанбаатар хотын утааны 10 голомтын нэг. Иймээс тус газар дэд төв байгуулж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор хувийн томоохон аж ахуйн нэгжүүд энэ газрыг сонирхож байгаа аж. Баянхошуу дэд төвийн хүрээнд 5.6 га талбайг чөлөөлж, газрыг орон сууцаар сольсон байна. 94 нэгж талбарын 280 өрх бүгд орон сууцанд хамрагдсан гэнэ. Энэ хэрээр яндангийн тоо буурч, төлөвлөлтийг бэрхшээлгүй хийх нөхцөл бүрджээ. Түүнчлэн 1.5 га-д ногоон байгууламж төлөвлөсөн байна. Дэд төвд иргэдийг суурьшуулахын тулд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, төрийн байгууллагуудыг төвлөрүүлнэ. Эко орон сууц насжилтын хувьд өндөр бөгөөд хотын шинэ төвийг бий болгохоор зорьж байгаагаа албаныхан хэлж байлаа.
Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төсөл таван үе шаттай хэрэгжих бөгөөд нийт 20 эко хороолол барихаар төлөвлөжээ. Эхний үе шатаар 10 га талбайд хоёр эко хороолол барих аж. Төслийг 2022 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч хугацаанаас нь өмнө газар чөлөөлөлтийг хийгээд эхэлсэн байна. Зураг төсөл боловсруулж, сонгон шалгаруулалт зарлагдахад бэлэн болжээ. Төсөл 2027 онд хэрэгжиж дуусах юм.
БАЯНГОЛЫН АМАНД ОРЛОГОД НИЙЦСЭН 2000 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА
Гурван газарт нийт 7000 айлын орон сууц барихаар болсноос Сонгинохайрхан дүүргийн Баянголын аманд 2000 айлын орон сууц барих юм. Санхүүжилтийг БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдэж байгаа аж. Баянголын аманд 450 га газарт 75 мянган хүн оршин суух хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгджээ. Дэд бүтэц нь 30 мянган хүн ам төвлөрөхөд зориулагдсан хүчин чадалтай. Өдгөө 10 га газарт 2000 айлын орон сууц барихаар төсөвлөсөн. 3000 хүний ажлын байр бий болгохоор тусгажээ. Хурдны зам ч мөн тус газрыг дайран өнгөрнө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маршрутаа сайн тооцоорой гэдгийг хэлж байлаа. Тэрбээр “Нийслэлчүүдийн хувьд түгжрэл, залуучуудын хувьд орон сууц гэдэг хоёр том асуудал байдаг. Тиймээс Засгийн газар үүнд оролцож байгаа” хэмээн ярилаа.
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРСНООР БОХИР УСНЫ 25 ХУВИЙГ ДАХИН АШИГЛАНА
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж анх 1964 онд байгуулагдсан. Хоногт дунджаар 170 мянган шоо метр бохир ус хүлээн авах чадвартай ч Улаанбаатар хотын хэрэгцээ 180-200 мянган шоо метр ус байгаа юм. Иймээс шинэ цэвэрлэх байгууламжийг яаралтай ашиглалтад оруулах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа. Энэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор хоногт 250 мянган шоо метр бохир ус хүлээн авна. Хоёр байгууламж нийт 400 мянган шоо метр бохир ус хүлээн авах чадвартай болж, тавин хувиар ажиллах боломж бүрдэх юм. Мөн шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор нийт бохир усныхаа 25 хувийг дахин ашиглаж, III, IV цахилгаан станц руу нийлүүлж, энэ хэрээр Улаанбаатар хотын цэвэр усны хэрэглээнд хэмнэлт гарна. Барилга угсралтын ажил 2020 оны наймдугаар сард эхэлсэн. Гэрээгээр ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын хоёр компани ажиллаж байна. 25 хятад инженер, техникийн ажилтан, 400 гаруй монгол хүн ажиллаж байгаа. Барилгын ажил дуусахад 2000 орчим монгол хүн ажиллах гэнэ. Гэрээний дагуу барилгын материалын 35 хүртэлх хувийг Монголоос авч байгаа аж.
Баянзүрх дүүрэг
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ САЙН ХЭРЭГЖИЖ БАЙНА
Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төслийн ажил 1694 га талбайд үе шаттайгаар хэрэгжиж байна. Үүнээс Баянзүрх дүүрэгт 598.2 га бүхий таван байршил 24 хэсэгчилсэн талбайд 14 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байгаа юм. Өмнө нь жилд дунджаар 1400-1500 айлын орон сууц ашиглалтад орж байсан бол 2021 оноос жилд 2500-2800 айлынхыг ашиглалтад оруулж эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд инженерийн шугам, сүлжээнээс гадна борлуулалтад анхаарал хандуулах хэрэгтэй байдаг. Сүүлийн үед Засгийн газар үүнд ихээхэн анхаарал хандуулснаар борлуулалт нэмэгджээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт Баянзүрх дүүрэгт хамгийн сайн хэрэгжиж байгаа гэнэ. Албаныхан дахин төлөвлөлтийг хийхэд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг хэлж байлаа. Тухайлбал, барилгын компани газраа чөлөөлөөд явж байтал дунд нь ганц нэг айл газраа чөлөөлдөггүй. Миний өмч гээд тэр газраа барилга барих зөвшөөрөл авч, төлөвлөлтийг эвддэг. Хэрэв тухайн иргэн орон сууцжуулах төсөлд хамрагдахгүй бол хэрхэх вэ гэдгийг шийдэх хэрэгтэй гэнэ. Нийслэл дээр саналаа нэгтгэж, болохгүй байгаа зүйлсийг салбар яамдаа хүргүүлсэн аж.
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЗРЫН АСУУДЛЫГ ШИЙДЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Мөн Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд энэ үеэр сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй, барих гэхээр газар олддоггүйг хэлж байлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ чиглэлд анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийлээд “Хотын түвшинд газрын асуудлыг шийдэж чадахгүй бол УИХ-ын түвшинд хуульчлах хэрэгтэй болно. Засгийн газрын хуралдаанаар газрын асуудлыг оруулж ирээрэй” гэсэн бол Хотын дарга Нэг хот нэг стандарт бодлогын бичиг баримт Засаг даргын зөвлөлийн хурлаар батлагдаад байгааг хэллээ.
300 ОРТОЙ ЖИШИГ ЭМНЭЛЭГ БАРИНА
Баянзүрх дүүрэг 360 мянга гаруй хүн амтай ч улсын эмнэлэггүй. Иймээс тус дүүрэгт 300 ортой, жишиг эмнэлэг байгуулахаар болжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмнэлгийн газартай танилцах үеэрээ “Хотын төвд эмнэлэг, барилга барих бус, цаашид 10 дэд төв барьж, төрийн байгууллагаа гаргахад анхаарна. Ингэснээр гэр хороолол, түгжрэлийн асуудал шийдэгдэнэ. Ийм ч учраас Баянзүрх дүүргийн эмнэлгийг улсын төсөвт эхэлж шийдэж байна” хэмээн ярьсан бол УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “8, 9, 12, 17, 24 хорооны төв хэсэгт эмнэлгээ барьж байгаа. Эмнэлгийн шугам сүлжээ, дэд бүтцийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийнэ. Цаашид дүүрэгт сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ахмадын сувилал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн сувилал барихад анхаарч ажиллана. Тулгамдаж байгаа асуудал нь инженерийн шугам, сүлжээ, дэд бүтэц. Амгалан дулааны станцыг өргөтгөж, цахилгаан, дулааны станц болгох шаардлагатай” гэв.
Д.СУМЪЯАБАЗАР: ШАРХАДНЫ ОРЧИМД ЭКО ХОРООЛОЛ БИЙ БОЛОХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ
Шархад дэд төвийн 5.5 га газрыг чөлөөлжээ. Шугам, сүлжээ, орон сууц, сургууль, цэцэрлэгийн ажлыг зэрэг эхлүүлж байгаагаараа Баянхошуу дэд төвөөс онцлогтой. Булаг, шанд ихтэй тул хөрсний усыг шинжилгээнд өгөхөд ундны усанд хэрэглэж болохгүй, ахуйн хэрэглээнд болно гэж гарчээ. Иймээс усны нөөцлүүр сав бэлтгэж, авто угаалга болон мод усалгаанд зориулж түгээдэг анхны хувилбарыг хийж байгаа гэнэ. Амжилттай хэрэгжвэл цаашид гэр хорооллын олон байршлын хөрсний усыг энэ жишгээр дахин ашигладаг болох зорилго тавин ажиллаж байна. Иргэд газраа чөлөөлөөд 43 ам метр хоёр өрөө, 69 ам метр гурван өрөө байртай болж байгаа гэнэ. Төвийн дулаан, цахилгаан халаалт гэсэн хоёр байдлаар халаалтаа шийджээ. Төвийн дулаан тасарвал цахилгаан халаалтаа ажиллуулна. Түүнчлэн гүний худагтай учир төвийн шугам тасалдаж, усгүй боллоо гэхэд гүний худгаасаа усаа татна. Шархад дэд төвийн хүрээнд ус, дулаан дамжуулах хоёр дэд төв барьжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах гол ажил бол дэд төвүүдийн инженерийн шийдлийг оновчтой байдлаар шийдэх юм. Тухайлбал, Шархад дэд төвийн 507 га нэгж талбарт 13 мянга орчим айлыг хамруулсан төлөвлөлтийг хэсэгчилсэн байдлаар хийх гэж байгаа. Шархадны чиглэлд дулаан хангамжийн асуудалд онцгойлон анхаарах хэрэгтэй. Үүнийг 2022 оны төсөв болон гаднын хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр шийдэх ажлын хүрээнд шуурхай зохион байгуулснаар Шархадны орчимд эрүүл, аюулгүй, эко хороолол бий болох нөхцөл бүрдэнэ” гэлээ.
Сүхбаатар дүүрэг
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН ДУЛААНЫ СТАНЦЫН ГҮЙЦЭТГЭЛ 95 ХУВЬТАЙ БАЙНА
Ерөнхий сайд, Хотын дарга нар Сүхбаатар дүүрэгт ажиллах үеэрээ Сэлбийн хурдны зам болон Сэлбэ дэд төвийн дулааны станцтай танилцсан юм. Сэлбийн хурдны зам нь Сэлбэ голын дагуу Улаанбаатар хотын төвийг захын гэр хороолол болон зуслантай холбож байгаа 25.2 км авто зам юм. Зам ашиглалтад орсноор хүн амын төвлөрөл ихтэй гэр хорооллын замуудын ачаалал, түгжрэл багасах, арилах нөхцөл бүрдэнэ.
Өнгөрсөн жил нийслэлийн таван дүүргийн 29 байршилд байнга булгийн ус гарч, хүндрэл үүсжээ. Бэлхийн голын үерийн хамгаалалтын барилга байгууламж 1980 онд баригдсан. Зуны цагт уулаас буусан их үер байгууламжийг хальж айл өрхүүд рүү урсах тохиолдол сүүлийн жилүүдэд гарах болжээ. Иймээс хөрсний усыг нь шийдсэн, иж бүрэн үерийн хамгаалалттай барилга байгууламж хийхэд 16 тэрбум төгрөг нэн шаардлагатай байгааг албаныхан хэлж байлаа. Ерөнхий сайд үүнийг ирэх жилийн улсын төсөвт тусгахаар болсон юм.
Азийн хөгжлийн банк, НЗДТГ-ын хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сэлбэ дэд төвийн 28 МВт хүчин чадал бүхий дулааны станцыг 2019 оноос барьж эхэлсэн. Станцын барилга, шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна. Зургадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад орно. Үүний дараа туршилт, тохируулга хийнэ.
НОГООН НУУРТ 1008 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл БНХАУ-ын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжинэ. Монголын талаас газар чөлөөлөх, зураг төсөл бэлэн болгох, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Харин Хятадын тал санхүүжилтийг бүрэн шийдэж, гүйцэтгэгч болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниа хариуцаж ажиллуулах юм. Бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 1.9 га газар буюу 36 нэгж талбарыг чөлөөлөх шаардлага бий. Эдгээр байршилд авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийх юм. “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл 30-н сарын хугацаанд хэрэгжих бөгөөд 21 давхар, зоорьтой, найман блок барилга баригдана. Давхартаа зургаан айл, нэг блок 126 айлтай байх юм. 50, 55 ам метр гэсэн хоёр өрөө байрны сонголттой байх аж. 4.2 га-д орон сууцны барилга барих нь нийт талбайн 10 хувь бөгөөд үлдсэнд нь ногоон байгууламж, зам, талбай, хүүхдийн тоглоомын талбай барина гэдгийг албаныхан онцолж байлаа.
Баянгол дүүрэг
ГАНДАНГИЙН ЕРӨНХИЙ ХЭВ МАЯГИЙГ АЛДУУЛАХГҮЙГЭЭР ТӨЛӨВЛӨЛТ ХИЙНЭ
Өнгөрсөн бямба гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Хотын дарга “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар арваннэгдүгээр сард танилцуулна. Үүний дараа хэсэгчилсэн төлөвлөгөө гаргаж, Гандангийн төлөвлөлтийг хийнэ” гэдгээ танилцуулахад Ерөнхий сайд “Зураг төсвөө гарган танилцуулж, хоёр долоо хоногийн дотор Засгийн газарт оруулаарай. Ирэх жил дэд бүтцийн ажлыг шийднэ. Гэхдээ Гандангийн ерөнхий хэв маягийг алдуулахгүй байхад анхаар. Мөн иргэдэд ач холбогдолтой байх шийдлийг эрэлхийлээрэй” гэсэн юм. Ганданг өв соёл дээр суурилсан соёлын аялал жуулчлалын бүс байдлаар хөгжүүлэх аж. Ингэхдээ 53 га газарт иргэдтэй ярилцаж, төлөвлөлт хийж, улс, нийслэл, бусад эх үүсвэрээр хөрөнгө оруулалтыг шийдэх юм. Үүнийг Засгийн газрын хуралдаанд 14 хоногийн дотор танилцуулахаар боллоо.
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ НҮХЭН ХОЁР, ГҮҮРЭН ХОЁР ГАРЦ БАРИНА
Баянгол дүүрэгт Геологийн төв лаборатори, “Хермес” төв орчмын хоёр байршилд нүхэн гарц, Барс зах орчмын төмөр зам, үерийн далан болон “Говь” ХХК-ийн хойд талаар Дунд гол дээгүүр хоёр байршилд гүүрэн гарц шинээр барина. Мөн 27.5 км автозамын өргөтгөл шинэчлэлтийг хийн, 10-р хорооллын баруун хойд уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөөд байна. Авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд дүүргийн замын хөдөлгөөний эрчим 27 хувиар буурах боломж бүрдэж, шинээр гүүрэн гарцыг барьснаар бүтээн байгуулалтуудын гол холбоос байгууламж болох ач холбогдолтой юм.
АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙРУУДЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХӨД ДЭМЖЛЭГ ШААРДЛАГАТАЙ
Нийслэлийн хэмжээнд 2014-2019 онд ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны нийт 57 барилга бий. Баянгол дүүрэгт 2015-2021 онд 37 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах шийдвэр гарчээ. Төслийн хүрээнд 17 багцын 15 барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах ажил хэрэгжиж, 24 айлын гурван орон сууцыг буулган, 246 айлын гурван орон сууц ашиглалтад оруулсан. 2021 онд гурван байршилд сонгон шалгаруулалт зарлаад байна. Мөн дүүргийн хоёрдугаар хороо Баруун дөрвөн замын баруун талд байрлах зургадугаар байр, 20 дугаар хороо “Номин” агуулах худалдааны төвийн урд нийт долоон байранд 12 удаа тендер зарласан боловч төсөл хэрэгжүүлэгч санал ирүүлээгүй байна. Нийслэлийн хэмжээнд 25 удаа тендер зарласан ч санал ирээгүй барилгууд бий. Иймээс үүнд анхаарал хандуулж, гүйцэтгэгч байгууллагуудын тус төсөлд оролцох сонирхлыг нэмэгдүүлэх эдийн засаг болоод бусад хэлбэрийн дэмжлэг, хөшүүрэг шаардлагатай байгааг албаныхан хэлж байлаа.
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДЭД ТӨВ БАЙГУУЛНА
Баянгол дүүргийн 9, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр 24.5 га талбай бүхий байршилд гэр хорооллын 200-300 өрхийг инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангах “Төрийн үйлчилгээний дэд төв” байгуулахаар төлөвлөсөн. Дэд төвд усан хангамж, ариутгах татуурга, дулаан хангамж, цахилгаан холбоо, дохиолол хангамжаас гадна Төрийн үйлчилгээний нэг цэгийн төв, Гал унтраах анги, Эрүүл мэндийн тусламжийн төв, “БАЯНГОЛ” соёл амралтын бүс байгуулах зэрэг цогц шийдэл бүхий бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм.
Төсөл хэрэгжсэнээр төвийн байршлаас алслагдмал гэр хорооллын 63079 өрх, 231,515 иргэдэд төрийн үйлчилгээг төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ. Мөн гэр хорооллын нутаг дэвсгэрийг орчин цагийн хотын соёл, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл аюулгүй, тохилог орчинтой болгон хөгжүүлэх ач холбогдолтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин