Тушаал өгсөн цэргүүдээ “мартчихдаг” хүн яаж ч ард түмнийг төлөөлөх билээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 47 секунд
Тушаал өгсөн цэргүүдээ “мартчихдаг” хүн яаж ч ард түмнийг төлөөлөх билээ

Тушаал өгсөн цэргүүдээ “мартчихдаг” хүн яаж ч ард түмнийг төлөөлөх билээ

 

"Тушаал авсан" 300 гаруй офицер өнөөдөр хүндхэн байдалтай гадны оронд сурч байна. Тэд Монгол Улсын Батлах хамгаалахын салбарт "хэрэгтэй” боловсон хүчин болохоор одоогоос жил гаруйн өмнө ар гэрээ орхин гадны улсад сурахаар мордсон байдаг. Сайн дураар бус тушаал авч, гэрээ байгуулж явсан гэдгийг тодотгох хэрэгтэй байх.

Тухайлбал, гэрээнд "сурах хугацаанд цалин олгоно” гэж заажээ. Гэвч сурч байгаа офицерууд жил гаруйн хугацаанд ямар ч цалингүйгээр өөрсдийгөө "болгож” байна. Өөрсдийгөө болгох нь ч яахав. Гэтэл тэдгээр 300 гаруй офицерийн ард ар гэр нь болох 1000 гаруй хүн үлдсэн гэдгийг Монгол Улс мартчихсан бололтой. Ихэнх нь зээлтэй. Харин тэрхүү зээлийг эхнэр, хүүхэд нь л төлж, дутмагхан амьдарч байна.

Нэг сар цалингүй гүрийхэд ямар хэцүү байдаг билээ. Гэтэл улсын тушаал авсан 300 гаруй офицер, тэдгээрийн ар гэрийнхэн жил гаруйн хугацаанд улсдаа мартагдан аж төрж байна.

Яагаад цалин өгөхгүй байгаа вэ? гэсэн асуултад "Хууль зүйн үндэслэл байхгүй” гэсэн хариултыг Батлан хамгаалах яамнаас өгсөн байгаа юм. Хууль зүйн үндэслэл байхгүй юм бол яагаад цалин өгнө гэж гэрээ байгуулсан байх уу. Мөн өмнө нь гадаадад сурч байсан офицерууд хууль бусраа цалин авч байсан байх нь уу. Энд хэн албан ёсны хариулт өгөх вэ.

 

 

 

Өмнө нь гадны оронд сурахаар явсан офицеруудын цалинг асуудалгүй олгодог байж. Гэвч энэ удаад гэрээнд тусгасан атлаа "хууль зүйн үндэслэлгүй” гэх шалтгаан хэлээд л офицеруудынхаа бүсийг жил гаруй хугацаанд "чангалж”. Гэвч бүс нь үүнээс цааш чангарах боломжгүй болчихлоо. Тиймээс офицерууд аргаа барж, Монгол Улсын Батлан хамгаалахын командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж эхэллээ. Мөн Батлан хамгаалахын сайд офицеруудын цалинг "намын санхүүжилтэд зарцуулчихав уу” хэмээн хардаж эхэлснээ ч дуулгалаа.

 

Дэлхийн улс орнууд Батлан хамгаалахын салбарын асуудлаа нэгдүгээрт тавьж, анхаарлаа хандуулдаг. Гэтэл манайд тушаал авсан сайн дурынхан л энд алба, чангалсан бүстэйгээ шүд зуун зүтгэж байна.

Яг цалингийн асуудлаар нягталбал, цагдаа, тагнуул, хилийн цэргийн албанаас ОХУ-д сурч буй офицерууд сар бүр цалингаа асуудалгүй авч, дээр нь байр, замын зардал зэргийг нэмэлтээр авдаг байх юм. Гэвч Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын тушаалтай гадны улсад сурч буй 300 гаруй офицер л нэг жил гурван сарын хугацаанд гар дээрээ цалин гэгч зүйл авалгүйгээр тушаалаа биелүүлж байгааг сонсоход бэрх байна.

 

 

 

Тиймээс Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон та тушаал өгсөн цэргүүддээ анхаарлаа хандуул. Мөн гэрээнд заасан цалинг нь олго. Түүний дараа нэр дэвшиж, ард иргэдийн сайн сайхны төлөө ажиллах үгүйгээ шийдсэн нь дээр болов уу. Тушаал өгсөн 300 цэргээ мартчихдаг хүн, яаж ч ард түмнийг төлөөлөх билээ дээ.

 

 

А.Аюуш

 

"Венийн үдэш" цэнгүүн Чингисийн талбайд болно
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.