Цалингийн шинэчлэл хийх хэрэгтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 21 секунд
Цалингийн шинэчлэл хийх хэрэгтэй байна

Цалингийн шинэчлэл хийх хэрэгтэй байна

Орчлон ертөнцийн зүй тогтолоор ямар ч амьтны оршин тогтнох үндэс нь хоол хүнс, оромж орон байр гэдэгтэй маргах ухаантан байхгүй байх аа. Хүн төрөлхтний хувьд өөрсдөө хоол хүнсээ бэлтгэж хэрэглэхийн зэрэгцээ нийгэмдээ амьдарч байгаа бусдаас бэлтгэсэн илчлэг чанар сайтай хүнсний бүтээгдэхүүнүүдийг солилцож, арилжин авч хэрэгцээгээ хангадаг. Бусдаас арилжиж авах түгээмэл хэрэгсэл нь мөнгөн тэмдэгт юм. Хүн мөнгөн тэмдэгтийг өөртөө олж авах, хуримтлуулах нийгмийн үндэс нь ажил хөдөлмөр эрхэлж хөдөлмөрлөх явдал мөн. Ер нь улс орны нийгэм эдийн засгийн зорилтуудыг шийдвэрлэхэд цалин хөлсний гүйцэтгэх үүрэг онцгой чухал хэрэгсэл болох ёстой. Манай улс зах зээлийн системд шилжсэн үеэс хойш хүний амьдралын гол түлхүүр болсон цалин хөлсний тал дээр төр, засаг анхаарлаа төдийлөн сайн хандуулаагүйгээс хүн амын 60 гаруй хувь нь амьдралын доогуур түвшинд шилжиж "Улны хүмүүс" гэдэг нэр хочтой болж байгааг анхаарах шаардлагатай. Төр, засгаас хүн амын бодит болон мөнгөн орлогыг нэмэгдүүлж, ард түмнийхээ аж байдлыг дээшлүүлэхийн тулд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг өөрчлөн, ажил үүргийн хуваарийг нь шинэчлэн боловсруулж, Хөдөлмөр цалин хөлс, нийгмийн хамгааллын яам болгон хөдөлмөрийн мөн чанар, үнэ цэнийг сэргээн тогтоож, амьдруулах зайлшгүй шаардлагатай байна. Манай улс 1975 онд УТК-ийн 18-р тогтоолоор нэг хүнд оногдох хүнсний бүтээгдэхүүний бүсчилсэн зохистой норм, Улаанбаатар хотын суурин нэг хүнд дунджаар оногдох хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний норм зэргийг батлан гаргаж байсан бол Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74-р тушаалаар хоногийн хоол, хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, амин дэм, эрдэс бодисын зөвлөмж, хэмжээг батлан гаргасан байна. Нөгөө талаар Үндэсний статистикийн газраас нэг хүнд ногдох хүнсний зарим бүтээгдэхүүний дундаж хэрэглээг 17-н жилээр гаргасан судалгаа байна.

Шинжлэх ухааны үндэслэлтэй гаргасан эдгээр норм, норматив, зөвлөмж, судалгааг үндэслэн хүн амын амьжиргааны доод түвшингийн мөнгөн илэрхийллийг яаралтай шинэчлэн тогтоож, улмаар цалин хөлсний талаар одоо мөрдөгдөж байгаа системийг өөрийн улс орныхоо нөхцөл байдал, онцлогт тохируулан боловсронгуй болгох нь нийгмийн өмнө тулгамдсан асуудал болж, онцгой чухлаар үгүйлэгдэж байна. Иймд цалин хөлсний талаар мэргэшсэн, ажил амьдралын дадлага туршлагатай ахмад үе болон эдийн засагчид, шинжлэх ухааны салбарын эрдэмтэн мэргэд судлаачдыг оролцуулсан баг хамт олныг бүрдүүлэх хэрэгтэй байна.

Ер нь төрийн байгууллагад ажиллагсдын ажил үүргийн хуваарийг улам боловсронгуй болгох, давхардлыг арилгах замаар орон тооны асуудлаа оновчтой шийдэж, төлөвлөж, цалин хөлсийг ажлын эцсийн үр дүнтэй нь уялдуулан олгохын зэрэгцээ шагнал урамшууллыг тусгайд нь авч үзэх шаардлагатай юм.

Нөгөө талаар төр, засгийн зүгээс одоо мөрдөгдөж байгаа тарифын сүлжээний тоог цөөрүүлэх арга замыг эрэлхийхийн зэрэгцээ тарифын коэффицентүүдийг дэвшилтэд өсөлттэй болгох, аж ахуйн байгууллагуудад мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн норм, нормчлолд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Мөн хөдөлмөрийн хүнд хортой нөхцөл, шөнийн цагаар ажилласны нэмэгдэл зэрэгтэй холбоотой асуудлуудад анхаарч, цалин, хөлсний системийг улам боловсронгуй болгох шаарлага байна.

ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ӨРТГИЙГ ЗӨВ ТОДОРХОЙЛОХ НЬ

Орчлон ертөнцөд амьдарч байгаа бүх амьтад тухайлбал хүн төрөлхтний амьд явах үндсэн гол нөхцөл нь хоол хүнс, газар нутаг, орон байр гэдэгтэй санал зөрөх ухаантан байхгүй байх. Эдгээрт олон талаас нь үнэлэлт дүгнэлт өгч, зөв шийдвэр гаргаж хэрэгжүүлэх нь тухайн улс, үндэстнийг тэргүүлж байгаа удирдагчид Засгийн газрын амин чухал ажил байх ёстой. Ялангуяа хүнлэг энэрэнгүй ардчилсан тогтолцоог сонгон авч хэрэгжүүлж байгаа манай улс онцгой анхаарах шаардлагатай.

Манай орны хувьд бидний эцэг өвгөд бүх төрлийн байгалийн баялагтай хосгүй сайхан газар нутгийг өвлүүлж өгсөн. Иймд хүн амынхаа амьжиргааны өртгийг зөв тодорхойлож, улмаар цалин хөлсний системийг боловсронгуй болгож, хүн ардынхаа ажиллаж хөдөлмөрлөх урам зоригийг нь бадрааж, улс орныхоо хэтийн том зорилтуудыг шийдвэрлэж хэрэгжүүлэхээс эхлэх хэрэгтэй байна.

Монгол Улсын 1998 оны “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай” хуулийн 6-1-д Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлс, нөхөн олговорын хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд хүн амын амьжиргааны доод түвшинг зохих хууль тогтоомжоор зохицуулна гэж заасан байдаг.

Мөн Үндэсний статистикийн хорооны даргын 2022 оны 1-р сарын 21-ний өдрийн А/11-р тушаалаар “Хүн амын амьжиргааны доод түвшинг бүс нутгаар нь, Баруун бүсийн аймгууд 238800, Хангайн бүсийн аймгууд 240400, Төвийн бүсийн аймгууд 239200, Зүүн бүсийн аймгууд 236400, Улаанбаатар хот 277800 төгрөгөөр тус тус тогтоосон байна. Энэ нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74-р тушаалаар батлагдсан “Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, амин дэм, эрдэс бодисын хэмжээтэй” уялдаа муутай байна. Иймээс дээрх тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Жишсэн дундаж хүнсний илчлэг, шимт бодисын хоногийн зөвлөмж хэмжээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ”-г үндэслэн дараах үзүүлэлтүүдийг гаргалаа.

Дээрх үзүүлэлтээс харахад монгол хүн амьд явхын тулд өдөрт дунджаар 11216 төгрөг, сард 336480 төгрөгийг зөвхөн хоол хүнсний зүйл авахдаа зориулахаар байна. Төр, засгийн зүгээс хүн амынхаа цаашдын бодлого зорилтыг тодорхойлж дөрвөн хүүхэд төрүүлэн өсгөж, бойжуулж байгаа ээжид одон өгч, хүүхдэд нь мөнгөн тэтгэмж олгож байна. Хэрэв гурван хүүхэдтэй, таван ам бүлтэй өрх айл гэрлэгсдийн дийлэнх хувийг эзэлдэг гэж үзвэл сард дунджаар 1682400 төгрөгөөр хүнсний хэрэглээгээ хангахаар байна. Үүнийг өрхийн тэргүүн аав ээж хоёр зохицуулна гэж үзвэл нэг хүнд нь 841200 төгрөг ногдож байна.

Үүнд байр, түлээ түлш, гэрэл цахилгааны үнэ өртөг оролгүйгээр зөвхөн хүнсний хэрэгцээний өртөг гарчээ. Иймээс хүн амын амьжиргааны доод түвшингийн одоогийн мөрдөж байгаа хэмжээг багаар тооцоход 3,4 дахин нэмэгдүүлж, улмаар цалин хөлсний системийг улам боловсронгуй болгож бүтээмж, гүйцэтгэлд суурилсан цалингийн шинэчлэлийг хийхийн зэрэгцээ Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамыг амьжиргааы эх үүсвэртэй уялдуулан Хөдөлмөр цалин хөлс, нийгмийн хамгааллын яам болгон өөрчилж улсын хэмжээнд хөдөлмөрийн норм нормчлол, ажил үүргийн хуваарь зэргийг боловсронгуй болгож, нэгдсэн удирдлагаар зохицуулах шаардлагатай байна.

Д.ШААРИЙХҮҮ /Эдийн засагч/

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

БНСУ-ын Элчин сайдын яам жуулчны виз олгохоо зогсоов
БНСУ-ын Элчин сайдын яам жуулчны виз олгохоо зогсоов
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.