“Хар” масс-ын удирдагч С.Ганбаатар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 58 секунд
“Хар” масс-ын удирдагч С.Ганбаатар

“Хар” масс-ын удирдагч С.Ганбаатар

 

Айлд орсон ч гарсан ч боргоод салдаггүй нохой байдаг даа. Түүнтэй адилхан С.Ганбаатарыг сайн зүйл ярьсан ч, саарыг  шүүмжилсэн ч буруутгадаг хэсэг бүлэг нөхөд байх юм. “Өөх өгөөд өөриймсдөггүй, мах өгөөд манайсдаггүй” гэдэгтэй адил гадны луйварчдаар тэжээлгэсэн тэдгээр ногоон  хавуудад  энэхүү нийтлэлээ зориулав. Тэдгээр хавууд  гадны луйварчны өгсөн угаадсанд тархи нь өөхлөөд  гэрийнхээ эздийг доромжилж бах таваа хангах нь болсонд ой гутлаа.

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг популист гэдэг. Популист гэдэг нь ард түмэн гэдэг утгатай латин үг юм.  Засгийн газрын дэмжлэгтэй хийгдсэн популистуудыг бут ниргэх хурал дээр (Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр явагдсан даа) “Бүх намуудын сөрөг хүчин болоод байгаа С.Ганбаатар  гэдэг нөхөр л ард түмнийг бэлэнчлэх сэтгэлд уруу татаад байна” гэж оношлов.Нэг талаар инээд ч хүрэх шиг.

 

Хүүхдийн мөнгө, төрсний, гэрэлсний, эх орны хишиг, эрднийн хувийг С.Ганбаатар санаачилсангэнэ. АН-ыг сая төгрөг өгнө гэхэд цоохор  морины наймаачин шиг МАН  ханш өсгөн 1,5 сая төгрөг болгосон шүү дээ. Оюутны 70, Эрдэнийн хувийн сая төгрөгийг санаачлагч Ц.Элбэгдорж  яах болж байна. Эдгээр намын удирдагч нар чинь “Бидний санаачилсан ажил үр дүнтэй боллоо” гээд хурал дээрээ ярьдаг юм биш үү.

 

Уг санаа нь бол эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, ядуурлын буруутанаа хайгаад байгаа бололтой. Цаанаа 2016 оны сонгуулиар “Бидний хийх гэж байсан үйлдвэржилэлтийн хувьсгалийг популистууд баллачихлаа” гэж улаан цайм гүтгэх ажиллагааны бэлтгэл юм. Нөгөөтэйгүүр Оюутолгойгоо гадныханд тавин өгснийг нь илчлээд байгаа С.Ганбаатарт өс санах болсон хэрэг. Оюу толгойн гэрээн зурагдахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улсаараа нэг алхлаа” гэсэн.

 

Гэрээ зурагдангуут л төмөр зам тавигдаж галт тэрэг давхиад л, ган хайлуулх үйлдвэрт төмрийн оч үсрээд л, Улаанбаатар хотын гэр хорооллын оронд барилгажилт явагдчихсан мэтээр ярьсан даа. Оюу толгойн гэрээг зурахын тулд бүх хэвлэл мэдээллээр үр ашиг, ажлын байр, бүтээн байгуулалт гэсэн үгс л хөвөрч байлаа. Тэр үед “Энэ гэрээ чинь манай талд ашиггүй боллоо” гэж С.Ганбаатар гудамжнаас хашгирсан.  Ханс Андерсены үлгэрт гардаг шиг “Хаан шалдан байна” гэж чанга хашгирлаа. 

 

Тэр үед ногоон хавууд нийлж байгаад С.Ганбаатарыг элэглэж шоолж, дунд хуруугаа гозойлгосон. Цаг хугацаа явах тусам С.Ганбаатарын хэлсэн үг ямар үнэтэй, гашуун үнэн байснийг ухаарч эхэллээ. Оюу толгойн гэрээ үр ашигтай, дэлхийд бахдам үйл явдал боллоо гэж модгор сүүлээ хөдөлгөн  хөөрцөглөж байсан ногоон хавууд өнөөдөр чимээгүй болжээ. Тэд өнөөдөр үнэнд гүйцэгдэж эхэлсэн  юм шүү.

 

Мөнхийн дарга хийх “овсгоотой”,  одоо бас том дарга болсон С.Баярцогтын хэлсэнээр монголчууд Оюу толгой гэдэг үнээтэй юм байна. Гадныхантай нийлж байгаад үнээндээ тэжээл, ус өглөө, хашаа хороогоо сэлбэлээ. Бид чинь энэ үнээний 34 хувийг эзэмших учраас тэжээл авахад мөнгө төгрөг гаргасан юм билээ. Тэгээд сүүгээ уух болсон чинь тэжээлийн зардал, хашаа барьсний төлбөр гээд дусал ч сүү өгдөггүй. Үнээ шинэ эзэнтэй болсон.Үнэгүй үнээтэй.

 

Бүр сүүлдээ гадны 15 банкны захирлууд Оюу толгойн  ашиг шимийг хүртэх болов. Ингээд хорь гучин жилийн дараа үнээ маань нүд аньчихаагүй бол монголчууд бид сүү уух юм гэнэ. Нөгөө үйлдвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд бүр цаашаа болов.  Монголчууд бид 34 хувьдаа тааруулаад өвс, ус өгөх тусам өр нэмэгдээд Оюу толгой алсраад байгааг С.Ганбаатар хэлж өглөө. Үнэн үг хэлсэн учраас С.Ганбаатарын эсрэг хурал хүртэл хийцгээж, хэвлэлээр шороотой хутгах гэж оролдох юм.

 

Популист гэхээр Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баяр, Сү.Батболд нарыг санагдуулаад байгаа учир аргаа бараад  “Хар массын удирдагч” гэх болжээ. Ийм хоч өгсөн нөхдөд энэ яриаг нэгэн яриаг сануулж байна. Эх орны дайн талдаа орж байх үед индэрт Сталин зогсчихсон цэргүүд “Эцэг Сталины төлөө” хэмээн  хашгиран фронт руу явцгааж байв. Сталин гараа даллангаа “Муу малууд” гэсэн гэдэг.

 

Манай “эрх баригч”нарын амнаас цухалзах  “Хар масс” гэдэг үг Сталины “Муу малууд” гэсэн утгатай ойролцоо сонсогдоод байдаг юм. Оюу толгойн гэрээг шүүмжилсэн болгон мэдлэг боловсролгүй, сүрэглэсэн хар масс болон хувирч эхлэв. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай Оюу толгойн гэрээг хамгийн ихээр шүүмжлэх болсон. Эрх баригчид арай л дайрч доромжилж чадахгүй байх шиг байна. Бусдыг нь бол дуртай үедээ доромжилж гутааж байх шив дээ.

 

Монгол Улсын байгалийн баялаг гадны зээл зуучлагчдын эрх мэдэл, банкны хүүнд сэмрэн, самран залгиулсаар байна. Гучин жилийн дараа Оюутолгой, Таван толгой, Цагаан суварга, Хөөт, Гацууртын орд монголчуудын өмч гэвэл шоронд орох биз. Тэр үеийг бүтээх гэж сүнсээ хүртэл зарсан ногоон хавууд өнөөдөр боргоцоож л байна. Бүдүүлэг харанхуйгаараа дуудуудсан хар массын (хар малуудын гэсэн ч яахав) удирдагч С.Ганбаатар хүүг бүгдээрээ дэмжих цаг ирнэ.

 

Би С.Ганбаатарыг  албан тушаалаа ашиглан тэрбум, тэрбумаар нь хулгайлаагүй учраас дэмждэг. Гадныханд  ашигтай гэрээ хийгээд олон сая ам.доллараар үнэлдэгдэх хаус худалдан аваагүй учраас дэмждэг. Сайдын тушаалыг  таван  зуун саяар зарж, төсөл тендер, газрын наймаа хийгээгүй, Эрдэнэт үйлдвэрт бараа шахаагүй учраас дэмждэг. Ард түмэнд одон тарааж тал засаагүй, яс янгинатал үнэн үг хэлдэг“босоо” Ганбаатарт дуртай байдаг юм. Эрх баригч болон тэдний тэжээвэрүүдэд  ад үзэгдсэн ч  Ард түмэн ойлгоно, алтаар үнэлэгдэх цаг ирнэ хүү минь.

Эх сурвалж: 24tsag.mn

Статистик: Улаанбаатарт худалдаалагдаж буй үхэр, хонины махны үнэ ханш
Статистик: Улаанбаатарт худалдаалагдаж буй үхэр, хонины махны үнэ ханш
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.