Улстөрчид Төрийн банкаар дамжуулан мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 32 секунд
Улстөрчид Төрийн банкаар дамжуулан мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байна

Улстөрчид Төрийн банкаар дамжуулан мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байна

-150 сая төгрөгийн үнэтэй барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр үнэлж, зээл олгожээ-

Төрийн банкаар дамжуулан онц их хэмжээний мөнгө цөлмөдөг шинэ төрлийн гэмт хэргийн бүлэглэл бий болжээ. Тодруулбал, нэр нөлөө бүхий улстөрч Төрийн банкны удирдах албан тушаалд өөрийнхөө гарын хүнийг томилдог. Тэр хүн нь мөн л банкинд өөрийнхөө нөлөөг тогтоохын тулд өөрсдийн хүмүүсийг шинээр ажилд авсан. Үүнийхээ дараа арилжааны банкны наад захын шаардлага нөхцөлийг хангахгүй чанаргүй зээл олгодог гэнэ.

Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Төрийн банкны удирдлагууд чанаргүй маш олон зээл өгсөн. Бүр дэлхийд хаана ч байхгүй бага хүүтэй, их хэмжээний мөнгөний зээлийг барьцаа хөрөнгө харгалзахгүйгээр өгсөн асуудал хууль хяналтын байгууллагынхны шалгалтаар тогтоогдсон гэнэ. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжианшинфа” ХХК гэх нэртэй автозамын компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгосон асуудал сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Энэ хэрэгт холбоотойгоор Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан шалгагдаж, цагдан хоригдоод байгаа.

Ямар шалгуур үзүүлэлтээр, хэний заавар, даалгавраар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжианшинфа” ХХК-нд 20 тэрбум төгрөгийг маш бага хүүтэй өгөх болсныг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Эх сурвалжийн хэлж буйгаар дээрх компани хэн нэгний нөлөөгөөр Монголын хамгийн их мөнгө төсөвлөгдсөн авто замын тендерт шалгардаг. Ингээд зогсохгүй Төрийн банк, Хөгжлийн банк зэрэг төрийн өмчит банкнуудаас зээл авдаг. Зээл авах асуудал нь “ногоон гэрэл”-ээр шийдэгддэг байна.

Энэ хэргийг лавшруулан цааш хөөгөөд эхлэхээр МАН-ын, УИХ-ын нэр бүхий гишүүд, сайд холбогдож, эрх ашгийг нь хамгаалдаг болох нь тогтоогдоод байгаа гэнэ. Ганц энэ компани ч биш “Алтай групп”-д 30 тэрбум төгрөг зээлсэн асуудал шалгагдаж эхэлжээ. Зээл олгосон нөхцөлийг шалгахад мөн л улстөрчдийн нөлөөгөөр маш богино хугацаанд олгогдсон чанаргүй зээл болох нь тогтоогдсон гэнэ.

Түүнчлэн албаны эх сурвалжийн мэдээлснээр Төрийн банкны зээлтэй холбоотой өөр ноцтой асуудал мөн байгаа ажээ. Заримаас нь тодруулбал, Улаанбаатар хот, хөдөө орон нутагт байгаа хямд үнэтэй объект барилгуудыг улстөрчдийн ойр дотны хүмүүс 150-300 сая төгрөгийн хооронд худалдаж авдаг. Ингээд үүнийгээ барьцаалж, Төрийн банкнаас зээл авдаг аж. Хямд үнээр худалдаж авсан барилгаа 1-2 тэрбум бүр зарим үед худалдаж авсан үнээс 20 гаруй дахин өндөр үнээр үнэлж борлуулдаг гэнэ.

Өөрөөр хэлбэл, Төрийн банкинд хуучин барилга худалдаж аваад түүнийгээ зээлийн барьцаанд өндөр үнээр тавьдаг. Зах зээлийн үнэ нь 200 сая төгрөг хүрэхгүй хуучны барилгыг банкны үнэлгээний хороо гурван тэрбум төгрөгөөр үнэлсэн тохиолдол ч бий аж. Ингээд нэр бүхий улстөрчийн ойр дотны хүний зээлийг нь банкнаас асуудалгүй гаргаад өгчихдөг. Нөгөө зээл авсан этгээд зээлээ цаг тухайн үед нь эргүүлэн төлөхгүй байсаар банк барьцаанд тавьсан барилгыг нь хураагаад авчихдаг ажээ.

Ингэж л Төрийн банкаар дамжуулан их хэмжээний мөнгө угаадаг технологи сүүлийн үед эрчимтэй хэрэгжих болжээ. Гэхдээ үр дүнд нь төрийн өмчит банк хохироод үлдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ард түмний татварын мөнгө “ёолдоггүй” гэдгийн бодит жишээ Төрийн банкнаас авч буй дээрх зээлүүдээр тодорхой харагдана.

“Хүрээнийхний булайг дэлгэнэ гэвэл далай” гэсэн үг байдаг шиг Төрийн банктай холбоотой гэмт хэргийн шинжтэй ноцтой баримтуудыг ар араас нь дэлгээд байвал барагдахгүй олон ажээ. Сүүлийн үед Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, төрийн томоохон албан тушаалтнуудын асуудал нийгэм даяар яригдах болсон. Тэгвэл Төрийн банкны хямд хүүтэй зээл өгсөн асуудлыг олон нийтэд дэлгэж тавих юм бол ЖДҮХС-аас ч илүү, даанч дээ гэж дуу алдмаар баримтууд байгаа аж. Улстөрчид Төрийн банкны мөнгөнд яаж гараа дүрдэг, тэдний хэн хэн гэх ойр тойрны хүмүүс зээл авсан гээд л бүх зүйл маш тодорхой байгааг албаны эх сурвалж онцолж байв.

Энэ удаад уншигч та бүхэнд хэн хэн ямар үндэслэлээр зээл авсан, хэний нөлөө орсон, хэдэн төгрөгийн үнэтэй барилгыг Төрийн банк хэдэн тэрбум болгож үнэлсэн талаарх баримтыг тодорхой дэлгэж тавьсангүй. Гэхдээ Төрийн банкинд өрнөж буй үйл явдал, гэмт хэргийн шинжтэй ноцтой үйлдлүүдээс харахад тус банкийг нэн яаралтай хувьчлах шаардлага бий болжээ.

Хэрэв хувьчлахгүй гэвэл ‘Хадгаламж, “Анод”, “Зоос” “Монгол шуудан” гээд дампуурсан банкуудын хувь заяаг давтах аюул маш ойрхон ирснийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан ч чанаргүй зээл олгосноос болж банк дампуурдаг гэдгийг эдийн засагчид тодотгож байна. Түүнчлэн “Чанаргүй зээл олгож, дампуурах дээрээ тулаад байгаа ийм цаг үед хувьчилчих юм бол арилжааны хувийн банкууд нь сэв хийтэл босоод ирнэ. Ингэснээр олон мянган харилцагчийн хөрөнгө мөнгө эрсдэлд орохгүй, төр засаг хохирч үлдэхгүй”хэмээн албаныхан анхааруулж байна.

 

Г.Батзориг

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

МАН-ын УЗ-ийн хурлаар Зам, тээврийн хөгжлийн шинэ сайдын нэр дурдагдав
МАН-ын УЗ-ийн хурлаар Зам, тээврийн хөгжлийн шинэ сайдын нэр дурдагдав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.