М.Зоригт: Сонгуульд нэр дэвших зав үнэндээ алга. Түүнээс чухал ажлууд намайг хүлээж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
32 минут 55 секунд
М.Зоригт: Сонгуульд нэр дэвших зав үнэндээ алга. Түүнээс чухал ажлууд намайг хүлээж байна

М.Зоригт: Сонгуульд нэр дэвших зав үнэндээ алга. Түүнээс чухал ажлууд намайг хүлээж байна

Тэр дypaapaa, өөрийнхөөрөө амьдардаг хүн.

Жилийн 365 хоногийн cap хүрэхтэй үгүйтэйд л гэртээ хонодог “хээрээр гэр хэцээр дэр”хийдэг нэгэн. Тэгсэн хэр нь үүндээ туйлын их сэтгэл тэнүүн, том зорилгын төлөө явж буй гэж омогшдог бидний цөөхөн монголчуудын нэг.

УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж төр түмнээ төлөөлж чамгүй хугацаанд саарал ордонд “амьдарсан” ч түүнээс ч илүү том эрх ашиг, зорилго, түүхийг энэ цаг үед бичиж үлдээж байгаагаараа бахархаж яваа хүмүүн Мөнхчулууны Зоригттой ярилцлаа.

-Налайх дүүргээс “Бидний цөөхөн монголчууд” төслийн нээлтийг гурван жилийн өмнө эхлүүлж байлаа. Тэр үед ямар зорилго тавьж байв, төсөөлж байсан үр дүндээ хүрч чадсан уу. Энэ төслийг эхлүүлж байхдаа өнөөдрийнх шиг өндөр үр дүнд хүрнэ гэж бодож байв уу?

-Налайх дүүрэг бол миний аав, ээж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн нутаг юм.

Энэ төслийг аавын нэрэмжит “Мөнхчулуун сан”, “Юнител” групп, МҮОНТВ хамтарч хэрэгжүүлдэг. Аавынхаа хөдөлмөрийн гараагаа эхэлсэн тэр нутагт очиж зарласан ч бид өнөөдрийг хүртэл тус дүүрэгт ажиллаж чадаагүй байна.

Одоо л бид улсын нийслэлд ажиллаж эхэллээ. Нар ээсэн нэг сайхан өдөр Налайх дүүрэгтээ очиж ажиллана гэсэн бодол тээж явна. Анх энэ төслийг эхэлж байхад алдар цуутай, олны дэмжлэг авсан төсөл болно, болохгүй гэж бодож байгаагүй, түүх л бүтээе гэсэн зүтгэлтэй.

Гэхдээ гэрэл зураг авна гэсэн хоббидоо хөтлөгдөөд явах бодолтой байсан ч найз нөхөд, олон сайхан хүмүүсийн санал зөвлөгөөгөөр баримтат кино, телевизийн нэвтрүүлэг, шууд эфирийн гээд гэрэл зургаас нэлээд хол гурван багтай болж өргөжжээ. Сүүлд манайх багаараа уулзахад өнөө гэрэл зураг нь бүр бүдгэрч дөрөвдүгээр асуудал болж хувирсан байх жишээтэй. Төсөл маань эхлээд гурван жилийг ардаа орхижээ.

Монголчууд энэ хугацаанд олноороо бодит дэмжлэг үзүүлсэнд хязгааргүй их баярлаж явдаг. Тэр их дэмжлэг маш том хариуцлага дагуулж ирдэг юм байна. Энэ хариуцлагыг нэр төртэй авч явах нь бидний үүрэг болж хувирчээ.

Монгол орноороо аялаад сайхан явна даа гэх бодолтой байсан бол өнөөдөр энэ олон хүний итгэл, хүлээлтийг яаж нэр төртэй авч явах вэ гэдэг үүрэг хариуцлага болоод байна.

-Танай төслийн багийнхан хэчнээн аймаг, суманд очоод байна вэ. Хилийн чанад дахь монголчуудад бас хүрч ажилласан байх аа?

-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд руу боломж л олдвол явахыг хичээдэг. Бид өнгөрсөн хугацаанд Тува, Өвөр байгалийн хязгаар нутаг, Буриадад ажиллалаа. Одоо сүүлийн гурав дөрвөн cap ӨМӨЗО-нд ажиллаж байна.

Монголоос таван аймгийг бүрэн дуусгасан. Гэхдээ Баян-Өлгий аймагт аймгийн төв, Баяннуур сумыг орхисон, тэр сайхан нутагт хэзээ нэгэн цагт дахин очиж өв, соёлыг нь түүх болгож бичиж үлдээнгээ бусад улирлын зургийг авах ёстой. Баян-Өлгийн аймагт өмнө нь дандаа өвөл ажилласан, одоо зуны улиралд очих шаардлага бий.

Увс, Хөвсгөл, Өмнөговь аймагт ажиллаж дуусгасан. Сэлэнгэ аймаг 60-70, Дорнод 20-30, Хэнтий аймаг 90 орчим хувьтай байна.

-Нэг аймагт ойролцоогоор гурваас дөрвөн cap ажиллаж байна гэлээ. Чухам юугтүүхчилж, зураглаж харуулж байна вэ?

-Гурван баг зэрэг ажиллаад 3-4 сарын хугацаа зарцуулж байна. Нэг суманд 4-5 хоног ажиллахад арайхийж л дуусгадаг. Нэг аймаг, суманд ажиллахын өмнө маш их бэлтгэл ажил хийдэг л дээ. Тухайн сумынхан нь биднийг очиход хамгийн сайн, онцлогтой гэсэн урлагийн таван үзүүлбэр, таваас доошгүй хүнээр сум орныхоо үүх түүхийг яриулахаар бэлдэнэ.

Сум орондоо байгаа хоёроос гурван эгэл баатруудыг бэлдэх ёстой гэх мэтчилэн гэрийн даалгавруудаа хийнэ.

Жишээ нь, таван хүний дотор байгаа иргэн Дорж гуайн гэрт очиж 2-3 цагийн яриа бичиж авдаг. 50 жилийн дараа тэр таван хүний яриаг бүтнээр нь сонсоход тэр үед амьдарч байгаа залуу хүн тухайн сум орон нутаг, энэ цагийн монголчуудын тухай бүрэн ойлгож мэднэ. Нэг сумын тухай таван хүн таван өөрөөр ярина гэдэг тухайн сумыг бүрэн мэдэхүйц мэдээлэл гэж хардаг.

Бүх албан байгууллагаар явж, гэрэл зураг, нийтлэл, яриа, сурвалжилга гээд бүх зүйлийг бичиж үлдээнэ. Нэг сургуулийн ой болох гээд манайд санал тавивал бидэнд түүнийг хийгээд өгөх бүрэн хэмжээний материал бэлэн байх жишээтэй.

Сум орон нутаг хийгээд байгалийн сайхан, түүхэн дурсгалт газар, хөдөөний эгэл жирийн малчин айл гээд юу ч үлдээхгүй бичиж түүхчилж үлдээж байна.

-Энэ бүгдийг хойч үедээ мөнхжүүлэн үлдээж байгаа нь сайн хэрэг. Монгол орноороо явж байхад мэдэхгүй, сонсоогүй, үзээгүй, хараагүй зүйлс танд бишгүй л таарч байгаа биз дээ?

-Аймаг, сум орон нутгийнхан биднийг их хүлээдэг. Ямар нэг зүйл дутуу үлдээчих вий гэж орон нутгийн удирдлагууд их чармайдаг учир бүгдийг нь бичнэ дээ. Зарим тохиолдолд сум, орон нутгийн удирдлагуудтай хамтдаа шинэ зүйлийг нээж үлдээдэг.

Жишээ нь, суманд нь маршал Х.Чойбалсан гуай очоод хоёр долоо хоног амраад олон олон асуудлыг шийдэж өгөөд явсныг өнөөдрийг хүртэл тухайн сум нь мэдээгүй байгаа юм. Бидний төслийн хугацаанд нэг өвөөгийн авдраас гарч ирсэн хар, цагаан гэрэл зургаас мэдэж авах жишээтэй. Манайх түүхийг гэрчилж үлдээхээс гадна нээн илрүүлэх ажиллагаа явуулж байна.

-Монголчууд 2,000 гаруй жилийн төрт ёсны баялаг түүхтэй ард түмэн. Хөдөөд л тэр их өв соёл, уламжлал байгаа ч зарим талаараа мартагдаж байх шиг. Энэ бүгдийг сэргээж, түүх болгож үлдээж байгаагаараа та бүхэн гавьяатай. Мартсаныг сэргээх, шинийг нээхэд багагүй эрэл хайгуул судалгаа хийж байна уу?

-Бид түүхийг гүнзгийрүүлж ухахыг хүсдэггүй. Одоо цагийн монголчуудын ахуй, аж байдал амьдралтай нь түүхчлэх гол зорилготой. Дорж, Дулмаа гуай өнгөрсөн цаг үеийн түүх яриад эхэлбэл “Зогс” гэдэггүй, бичиж аваад л архивладаг.

-Байгалийн дурсгалт зураг, дүрслэлийг хэрхэн баримтжуулж байна вэ. Төслийн хүрээнд цугларсан баримтуудыг хэрхэн хадгалдаг вэ. Энэ архив, дата баазыг улсад хүлээлгэж өгөх үү?

-Байгалийн зураг, фото, дүрслэл, видео зэрэг цэвэр бидний хобби. Тэр сайхан байгалийн үзэсгэлэнт төрхийг буулгаж авч үлдэх нь гэрэл зурагчин, зураглаач бидний “өвчин” байдаг. Хэдийгээр манай төслийн гол зорилго энэ биш ч ийм хальснууд хамгийн ихээр үлдэж байна. Өнгөрсөн хугацаанд бидний хуримтлуулсан 140 гаруй терабайт материал бий. Юнителийн дата төвд 200 орчим терабайт хардтай манай сервер бий.

Түүнд давхар хадгалуулаад явдаг. Ийм мэргэжлийн байгууллагад дата мэдээллээ хадгалуулах үнэхээр чухал. Тийм учраас мэдээлэл алга болчихно гэж бид айдаггүй. Бидний хийж байгаа энэ бүхэн Зоригоогийн халаасанд ороод цоожлогдоод алга болох хувийн өмч биш. Энэ бол нийт монголчуудын бүтээл байх ёстой.

Ер нь биднийг төсөл эхэлж байхад тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж гуай намайг хоёр гурван удаа дуудаж уулзаад ямар хэрэгтэй үйл хэрэг гэдгийг хэлж, тусгай захирамж гаргаж Монгол төрийн ивээлд оруулж байсан. Энэ захирамж одоо ч байдаг юм. Тэр хүрээнд ОБЕГ, ХХЕГ, БСШУЯ гээд олон байгууллага байнга холбоотой дэмжиж ажилладаг. Тэд Монгол төрийн ивээлд байна гэдэг утгаараа холбоотой, түүнээс төслийн үйл ажиллагаанд оролцоод хамтарч байгаа зүйл байхгүй.

Ер нь манай төсөл нээлттэй байгууллага, бүтэц. Эцсийн дүнд энэ төсөл явсаар Монгол түмний өмч болох ёстой. Монголчууд бид үнэт зүйлээ зөв ойлгох, мэдрэх нь чухал. Бидний үнэт зүйл юу вэ гэдгээ мэдрэхгүй өдрийн талхныхаа төлөө амьдраад байна.

Гэхдээ яах вэ, сүүлийн үед Засгийн газраас анхаараад эрдэмтэн мэргэдтэй уулзаад юм юм хийх гээд л байх шиг. Тэр бодлого нь нэг өдөр бидэн дээр бас ирэх байлгүй. Монголын төр нь бидэнтэй хэзээ нэг өдөр хамтарч ажиллах байлгүй дээ гэж боддог.

-Төслийн санхүүжилтийг хаанаас гаргадаг вэ. Хөдөөгийн зон олон таны яриад байгаа үнэт зүйлээ ойлгож байна уу. Анхдагч хэрэгцээгээ хангасан хүн л ахуйгаасаа давж сэтгэх байх л даа?

-“Бидний цөөхөн монголчууд” төслийнхөн Улаанбаатарт ажиллаж эхлэхэд хотын дарга “Та нарт ямар дэмжлэг хэрэгтэй байна” гээд уулзсан. Хэнтий аймагт ажиллах гэсэн юм гэхэд Н.Ганбямба дарга “Тэгэлгүй яах вэ” гээд уриалгахан хүлээж авч, сум орон нутгийн бэлтгэлийг хангах зохион байгуулаптын хувьд дэмжлэг үзүүлэх гээд аймаг, сум бүрийн удирдлага эрвийх дэрвийхээрээ тусална.

Аймаг, сумын эрх барьж байгаа удирдлага, сонгогдсон УИХ-ын гишүүд, нутгийн зөвлөлийн дэмжлэгийг авдаг шүү. Нүүдэлчин амьдралын хэв маягийг сонгоод амьдарч байгаа малчид үнэт зүйлээ маш сайн мэдэрдэг. Юуны төлөө, яах гэж, яаж яваагаа ч маш тодорхой мэднэ. Хотынхон дэндүү завгүй орчинд үүнийг харах сөхөөгүй л яваад байх шиг байна. Алс хязгаарын хамгийн хүнд байгалийн нөхцөлд амьдарч байгаа малчидтай уулзаад “Та хот суурин газар байгаа хүүхдүүд дээрээ очоод насны эцсийг барж болдоггүй юм уу.

Биед тань амар биш үү” гэхэд тэд “Монгол Улсын тусгаар тогтнолыг хил татаад тогтоочихдог юм биш. Тэнд нь хүн ард нь амьдарч байж жинхэнэ Монголын газар нутаг болдог юм. Энд би амьдарснаараа Монголын нутаг гэдгийг тамгалж сууна даа” гэнэ. Ийм хүмүүстэй юу ярих юм бэ. Тэр хүмүүсийн амьдралын үнэт зүйл нь эх оронтойгоо Монгол түмэнтэйгээ холбож харж байна.

Зөвхөн Зоригоо, Дулмаа гэж өөрийгөө харж амьдрахаас илүүтэй нийт нийгэм, баялаг үүх түүх, эх хэл бидний үнэ цэн гэдгийг тэд ойлгосон. Үүнд яаж хувь нэмрээ оруулах вэ гэх хүсэл монгол хүн бүрт байх шиг байгаа юм. Харин хэрэгжүүлэх боломжийг олгоход төр засгийн бодлого хэрэгтэй л дээ.

-Ингээд ярихаар соён гэгээрүүлэх ажил бага байгаатай холбоотой байх. Монголын хөдөөд үнэт зүйлээ ойлгож ухамсарласан хүмүүс үй олноороо байгаа нь сайн хэрэг. Энэ төсөл дуусахад ямар зорилгод хүрсэн байх юм?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголчуудыг соён гэгээрүүлнэ” гээд байгаа. Ганц Ерөнхий сайд ингэж хэлээд тэр дороо монголчууд соён гэгээрчихгүй. Соён гэгээрэх чинь иргэн бүрийн идэвхтэй оролцооноос хамаарна. Төрийн болон төрийн бус байгууллага, танай сонин, сэтгүүлч чи гээд бүгдийнх нь эрх тэгш оролцоо юм.

Би фэйсбүүкт “Tasam Sanchir” гээд хаягтай бүсгүйг хараад бахархсан, түүхийн гүн рүү орж Монголыг тамгалж явна шүү дээ. Тэр хүнийг бид дэмжих ёстой. Түүнээс сайдад тушаал өгөөд энэ хүн шиг яваад ир гэвэл явахгүй, олигтой зүйл ч гарахгүй. Энэ бодлогыг л би хэлээд байгаа юм. “Хүрээлэн” төслийнхөнд ч төрөөс үзүүлж байгаа дэмжлэг харагдахгүй л байна.

-Энэ бүгдийг ярихаар өнгөрсөн 20 гаруй жил явж ирсэн бид-ний тогтолцооны гажиг харагдаад байна. Түүхийг бүтээе үлдээе гэсэн бүхэнд төрийн дэмжлэг, оролцоо байхгүй байна шүү дээ?

-Шинжлэх ухааны салбарын байгаа дүр төрх ямар байна. Ихэнх залуус шинжлэх ухааны бүтээлүүдээ гадаадын өндөр хөгжсөн лаборатори, техник дээр тулгуурлаж хийж байна шүүдээ.

Аливаа агуулга, түүх, судалгаа бүх зүйл материаллаг зүйл дээр тулгуурладаг. Химийн салбарын нээлт өндөр хүчин чадалтай лабораторигүй явахгүй. Монголд тэр лаборатори алга. Уг нь төр нь бий болгох ёстой юм. Шинжлэх ухаан, боловсролын, эрэл хайгуулын салбарт төсвөөс гаргаж байгаа мөнгө дэндүү өчүүхэн, ор нэр төдий.

-Жижиг 76 тойрогтой, төсвөө 76 тийш нь хуваарилдаг. Асуудлаа том зургаараа харж хуваарилдаггүй нь ийм байдалд хүргэчихжээ. Жишээ нь, Төв аймгийн нэг суманд хэрэгцээнээс илүү сургууль, цэцэрлэг бариад хэрэггүй байхад л сонгогдсон түшээд нь тойрогтой ажил хийнэ гээд төсөв батлуулсаар байна. Үүнийг яаж болиулах юм бэ?

-Чиний хэлээд байгаа зүйлтэй би санал нийлнэ. 76 феодал өөрийн хамаарал бүхий аймаг, сумаас цааш харж чадахгүй байна. Өөрсдийгөө тухайн сум, орон нутгийн хаан гэж бодоод явж байгаа. Ингэсээр байтал том салбаруудад маш бага мөнгө хуваарилагдаад байна л даа.

-Та ч гэсэн тэр 76 феодлын нэг байсан шүү дээ?

-Би Улсын их хуралд байхдаа феодал царайлах нь ч хаашаа юм. Гэхдээ л өөрийнхөө тойрогт бусад гишүүнийхээс яаж илүү мөнгө хуваарилуулах вэ, тэнд байгаа сургуулийн дээврийг хэрхэн засуулах вэ л гэж боддог байсан. Орон нутагт байгаа гол асуудал угаас энэ л дээ.

Харанхуй гудамжид гэрэлтүүлэг хэрэгтэй, үүний төсвийг тойрогтоо тавиулах гэж гүйнэ. Энэ л надад хэрэгтэй болохоос хүрээлэн орчны төсөл огт хамаагүй. Тэр талаар ч боддоггүй байжээ.

-Нэг ёсондоо та вакум орчинд орчихсон байсан гэсэн үг үү. Угаас албан тушаал хүнийг орчноос тасалчихдаг юм аа даа?

-Нэг талаасаа тийм. Нөгөө талаасаа манай эдийн засгийн чадамж төдийлөн сайн биш. Гэхдээ сүүлийн үед асар хурдацтай тэлж байна. Бага мөнгөн дээр олон асуудал хуримтлагдчихаар нэг ясыг олон нохой булаалдах хэрэг гарна.

Улсын төсөв хэлэлцэх үеэр ийм л дүр зураг харагддаг. Засгийн газар хүчтэй байвал дээрийн миний ярьдаг бодлогын асуудлуудыг түлхүү оруулж ирж чадна. Нэг ёсондоо 76 гишүүний дээвэр, хана, туурганы асуудалд орохгүйгээр хүчтэй байна гэсэн үг.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх заалтууд байсан ч хэлэлцүүлгийн явцад унасан. Тодруулж хэлбэл, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж, сайд нараа томилж, чөлөөлдөг заалтууд унаж, хуучин хэвээр үлдээд байна. Тэгэхээр өнөө 76 гишүүн тойрогтоо төсвөө нэмүүлдэг байдал арилахгүй. Цаашлаад Ерөнхий сайдаа дуртай үедээ огцруулдаг хэвээр байх нь ээ?

-Ганц Монгол гэлтгүй дэлхийн хүн төрөлхтөн тулгамдаж буй асуудлуудаа шийдэж чадахгүй л явна. Хамгийн хурдацтай хөгжиж байгаа улс орнуудыг аваад үзэхээр эдийн засаг нь өсөж байгаа боловч цаанаа алдаж байгаа зүйлүүд асар их. “Бидний цөөхөн монголчууд” төслийнхөн Японд cap ажиллалаа. Япон хөгжиж байгаа ч япон хүний хөгжил, бие бялдар авах юм алга.

Хэт загваржсан, компьютержсэн энэ байдлыг би сайн зүйл гэж хэлэхгүй. Тэнд очсон монголчууд ёстой гял-тайж байна шүү дээ. Монголчууд чинээлэг, амьжиргаа орлого өндөр байх ёстой. Өндөр гэдэгт авдартаа олон сая төгрөгтэй байх биш, ядаж жилдээ хүүхдүүдээ аваад диснейд тоглуулаад ирдэг, хүүхдийнхээ сургуулийн зардлыг шийдчихдэг хэмжээг яриад байна.

-Энэ чинээлэг дундаж давхарга чинь бүрдэхгүй байна шүү дээ. Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүний бодит байдалтай авцалдахгүй үг байна?

-Эрэл хайгуулын шатанд бид явна. Аль болох сайныг эрэлхийлж байна. Тэр нь сайнд хүрч байна уу юу гэдгийг цаг хугацаа харуулдаг. Өнөөдөр бид тэр сайн үр дүнд хүрээгүй, Монголд зохицсон хэлбэрээ олж чадаагүй л явна гэсэн үг. Үндсэн хуулиар эрх баригчид оролдож байна. Үүнийг дагаад дагалдах бүх хууль өөрчлөгдөнө гэсэн үг. Магадгүй өнгөрсөн Үндсэн хуулиар олгогдохгүй байсан боломжууд бий болно.

Сайн ч, муу ч гэсэн өөрчлөлт хийгээд үзнэ, туршина, болохгүй бол дахин өөрчилнө. Хулгайч, хулгайч биш нь ч бай бүгд Монгол гэдэг эрх ашигт нэгдэж нийлж байгаа. Арга барил, өөрсдийн мэдээллийн орон зай, боловсролын түвшин гэдгээс харилцан адилгүй харагдана.

Монголыг алсаас харахад бид нар шиг асар богино хугацаанд нийгэм нь өөрөө ардчилалд суралцаж, төрийн тогтолцоо, эдийн засгийн өсөлт, соёл бүгд хурдан өсөж байна. Дотор нь байгаа чамд эмх замбараагүй харагдаад байж магадгүй.

Өндөр хөгжсөн Сингапурын явж ирсэн замналаас хурдацтай буюу 30-хан жилд төлөвших тал руугаа явж байна. Энэ маш сайн хэрэг. Тоталитар дэглэмд байсан бид өнөөдөр ямар улс орон болж хөгжив гэдгийг бид шүүмжлэхээсээ илүүтэй бодож бас үзэх хэрэгтэй.

-Ерөнхийлөгчийн засаглалын талаар нэлээд маргалаа. Манайд засаглалын ямар хэлбэр хамгийн тохиромжтой гэж та боддог вэ?

-Би хөдөө очсон газар бүртээ дээшээ гараад суучихдаг. Энэ бол нүүдэлчдийн сэтгэхүйд байдаг зан юм шиг байгаа юм. Хүн бүрийн шийдвэр гаргах оролцоог бий болгох чухал. Ерөнхийлөгчийн засаглалыг хаант улс гэж шууд ойлгож болохгүй.

Ерөнхийлөгчийн засаглалтай ардчилсан орон олон бий. Тэнд сонгуулийн хугацаанд Ерөнхийлөгч Засгийн газраа бүрдүүлэх, өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх, 76 гишүүнээс хамаарахгүй томоохон асуудлуудыг шийдэх боломжийг өгдөг. Шаардлагатай гэж үзвэл түүнийг сольж болно. 76 хүнийг солих гээд чадахгүй байгаа биз. Монголчууд өнгөрсөн хугацаанд даргыг сольж сурлаа.

Хэн ч байсан ялгаагүй. Гэхдээ би парламентын засаглалын талын хүн. Аливаа өөрчлөлт дандаа хөгжил дэвшлийг авчирдаг. Энэ удаагийн парламент аль нэгийг нь сонгох байх, өөрчлөлт хийгдээсэй ч гэж хүсэж байна. Гэхдээ дараагийн их хурал энэ өөрчлөлтийг авч гарахыг ч үгүйсгэхгүй.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн найман жилийн хугацаанд хийх гээд чад-сангүй. Хамгийн боломжит хувилбар нь энэ удаагийн УИХ байна. Та дэмжихгүй байгаа юм уу?

-Би 65 суудалтай нэг нам ноёрхсон парламент Үндсэн хуульд “гар хүрэх”-ийн эсрэг байсан. Аз болж Ардын нам эн тэнцүү хоёр хуваагдчихлаа. Энэ тохиолдолд хэлэлцээд баталсан нь дээр гэж бодож байна.

-Та улс төрийг өнөөдөр гаднаас нь харж дүгнэж байна. Их бохир байна уу. Одоо эргээд улс төрд орох бодол төрж байна уу. Ирэх сонгуулиар та даагаа нэхэх үү?

-Яг үнэндээ Үндсэн хуулийн хэлэлцүүлэг ямар шатандаа яваад байгааг чамайг хэлэх хүртэл мэдэхгүй байсан. Мэдэхгүй байна гэдэг улс төрийг сонирхох зав гарахгүй байна гэсэн үг. Телевиз үзэж, сонин уншилгүй маш удлаа.

Цахим орчинд хүмүүсийн илэрхийлж байгаа байр сууринаас хана авч байна. Ер нь улс төрөөс хол байгаа. Хүний нийгэмд юм юм л оршдог юм байна. Сүүлийн үед надад анзаарагдсан зүйл гэвэл, мафижсан, нуугдмал, зохион байгуулалттайгаар гэгээн сайхан дүрээр төрөөс хулгайлдаг байсан зүйлүүд ил боллоо. Энэ бол У.Хүрэлсүхийн хийсэн гавьяа гэж би хэлнэ.

Олон жил бугшсан зүйлүүдийг Хүрэлсүх л ил болголоо шүү дээ. Ирэх сонгуулиар нэр дэвших бодол үнэхээр алга. Надад түүнээс ч илүү хийх ажил байна.

-Тодруулбал?

-“Бидний цөөхөн монголчууд” “Nomadic geographic” буюу нүүдэлч-дийн газарзүй гэсэн том төсөл болон өргөжиж байна. ӨМӨЗО-ны “Одон” телевиз манай төслийн хамтрагч болж байгаа.

Нүүдэлчин соёлтой амьдардаг Казакстан, Дундаж Ази, ОХУ-ын нутагт амьдарч байгаа монгол угсаатан гээд том төслүүд дээр ажиллахаар боллоо. Эхлэл төдий байсан төслийг хариуцлагатай үед нь орхиж явж яавч болохгүй. Энэ цаг үед юун Улсын их хурал, гэр бүл манатай. Улсын их хуралд нэр дэвшихээс илүү чухал ажил хийж байгаа гэж өөрийгөө хардаг. Үнэнхүү хэрэгтэй ажил гэж монголчууд олноороо дэмжиж байна.

Тэр хүмүүсийн итгэл, дэмжлэг өөрөө хариуцлага. Надад итгэж найдаж байгаа олон мянган хүмүүсийн итгэл найдварыг хөсөр хаяад Улсын их хуралд нэр дэвшинэ гэдэг миний хувьд дэндүү жижиг асуудал болж хувирсан. Өнгөрсөн гурван жилд улстөрч байхаас илүү үнэ цэнэтэй ажил хийж байгаагаа ухаарсан.

-2016 оны сонгуульд өвдөг шороодчихоод одоо юу хийх вэ гэж бодож байгаад л энэ төслийг эхлүүлэх санаа төрсөн үү. Сонирхолдоо хөтлөгдсөн зан тань таныг төсөөлшгүй үр дүнд хүргэж дээ?

-Үнэхээр тэгсэн. Сонгуулийн дараа нэг хэсэг хийх ажилгүй, 30 гаруй залуус дугуйгаар Өмнөд Солонгосыг тойрно гэж байхыг сонсоод гуйж багт нь орсон. Тойрон аялалд яваад олон зүйлийг харж, мэдэрсэн л дээ.

Дээрээс нь манай охин надад “Аав та зүгээр байж байхаар ийм зүйл хийгээч” гээд Нью-Йоркийн гудамжид эгэл хүмүүсийн зургийг аваад ном гаргадаг гэрэл зурагчдын номыг өгсөн. Охин зоригжуулаад төлөвлөгөө гаргахад туслаад ажилтай болгосон доо. Тухайн үед хоббидоо хөтлөгдөөд зураг аваад явах нь гэж бодож байсан бол одоо төсөөлөөгүй үр дүндээ хүрчихээд сууж байна.

-Өмнөд Солонгос руу залуустай хамт дугуйгаар аялаад таны нүд нээгджээ дээ?

-Ер нь бол тийм. Ид хийж бүтээх насан дээрээ явж байгаа залуус нэгдээд хуримтлал ч байхгүй хэр нь хамгийн бага зардлаар аялсан. Эмээ, өвөө нарын жижиг буудалд хонож, хамгийн хямд өглөөний цайг нь ууна.

Өмнө нь би зөндөө гадаад явдаг байсан. Онгоцоор яваад таксинд суугаад хуралд сууж, дэлгүүр хэсээд ирдэг байлаа. Тухайн орны аж амьдралыг бүрэн дүүрэн мэддэггүй байж, харин дугуйгаар аялахдаа Солонгосын амьдралын гүн рүү орсон. Олон зүйл нүдэнд харагддаг юм билээ. Хүн бүрийн хариуцлагыг тэндээс олж харсан. Аливаа улс үндэстэн хөгжье гэвэл хариуцлагатай, эв нэгдэлтэй байх ёстой юм байна.

Монголчууд дэндүү цөөхүүлээ. Цөө-хүүлээ учраас хүн бүрийн хариуцлага, эв нэгдэл хамгаас чухал. Дээрээс нь энэрэнгүй, ядарсан нэгнээ тулаад түшээд авдаг чанар хэрэгтэй. Биднийг бага байхад ангийн маань хүүхэд өвлийн хувцасгүй байхад ангиараа нийлж пальто авч өгч байлаа.

Одоо ийм чанар маш ховор. Энэ зан чанарыг ойлгуулъя даа, бид цөөхүүлээ шүү дээ гэдэг санааг агуулж төслөө “Бидний цөөхөн монголчууд” гэж нэрлэсэн.

-Та хэзээнээс зураг авч эхэлсэн юм. Нэлээд хожуу үед болов уу гэж бодоод байна. Ардчиллын эхэн үед бизнесээ хөл дээр нь босгох гээд юун зураг манатай байсан болов уу?

-Тэр үед мөнгөгүй, камергүй ч байсан. Бага байхад аав маань их зураг авна, видео, аудио бичлэг хийнэ. Миний бага насны хэл, хөлд орж байгаа үеийн бүх зураг, магнитофоны хальс бүгд бий. Багаасаа аавтайгаа хамт угаалгын өрөөндөө ээждээ загнуулан гэрэл зураг угаадаг байлаа. Аав хаана ч явсан камертайгаа, надаар зураг авхуулна. Ангийн альбом, төгсөгчдийн монтаж бүгдийг хийдэг байсан.

Оюутан байхдаа камергүй байсан ч сүүлд мөнгөтэй болоод аппарат авч тасралтгүй зураг авч эхэлсэн дээ. Нийгмийн сүлжээ бий болсонтой холбоотойгоор тэр авсан зургуудаа олон нийтэд харуулах боломж бүрдсэн. Тэр үед л хүмүүс намайг зураг авдгийг тэр үед л мэдсэн гэсэн үг.

-“Бидний цөөхөн монголчууд” гэсэн хаштаг цахим сүлжээнд хамгийн их хандалт ав-даг судалгаа байна лээ. Олон нийтийн сүлжээнээс өөр газраар цацдаг уу?

-Ихэвчлэн гар утсаар авсан бичлэг, зургууд л олон нийтийн сүлжээнд тавигддаг. Том камераар авсан бичлэг багтахгүй. Дээрээс нь бид өөрсдийн сувгаа нээсэн. Маш олон хүмүүс фэйсбүүк ашигладаггүй. Тэдэнд зориулж ддиш, юнившн зэргээр гардаг.

Жил бүр бид гэрэл зургийн үзэсгэлэн гаргадаг. Хамгийн сүүлийн үзэсгэлэнг 25 мянган хүн үзсэн. Анхны үзэсгэлэнг 2,700 хүн үзэж байсан бол ийм өөрчлөлт гарлаа. Бид мөн ном эрхлэн гаргасан. Нийгэмд хүргэдэг олон арга байна. Бид өөрсдөө хүмүүсийнхээ дунд явж байна.

-Танай баг одоо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байна вэ. Энэ төсөл хэзээ дуусах вэ?

-30-аад хүний бүрэлдэхүүнтэй гурван багтай. Хөдөө гурван машинтай явдаг учраас 15-аас илүү хүн явдаггүй ч ээлжлээд явна. Маш олон хүн бидэнтэй хамт аялахыг хүсдэг болсон. Аль ч сум, аймагт яваад үзсэн “Мөнгө төл” гэхгүй шүү дээ. Энэ бол биднийг дэмжиж байгаа хэлбэр. Өнгөрсөн шөнө би Өмнөговь аймгаас ирлээ. Төсөл маань өнө удаан үргэлжилнэ. Надаар дуусахгүй, хойч үе маань аваад хувьсаад өргөжөөд тэлээд хэдэн зуун жил үргэлжлэх том төслийн эхлэл гэдгийг ойлгочихоод сууж байна. Энэ бол миний санаа биш. Олон мянган монголчуудын хүсэл. Манайд төслийн багийнханд хүлээлгэсэн итгэл хариуцлага ийм зүйл рүү шахаж байна.

-Жилийн хэдэн өдөр нь гэртээ хонож байна вэ. Гэрийн бараа хардаггүй гээд зэм хүртэх үе хааяа гарна биз дээ?

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд дөрвөн сард нь л гэртээ байсан. Бусад үед нь төслийнхөө ажлаар хөдөө гадаа явж байжээ. Миний насны хүмүүс ар гэрээ эмхэлчихсэн байдаг. Та нарын үеийн залуус хэцүү шүү дээ. Гэхдээ манай багт залуучууд бий.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Тань шиг хоббитой хүүхдүүд бий юү?

-Манайх хүү, охинтой. Охин маань гадаадад сурдаг. Амралтаараа ирэхдээ онгоцноос буунгуут бидний төслийн багт нэгдэнэ. Багтайгаа хөдөөгүүр явж, явж хичээлдээ явахын өмнөх өдөр машинаас буугаад буцдаг. Хэдийгээр хол байгаа ч сошиал медиагаар байнга холбогдоно, онлайнаар хийдэг манай хуралд байнга суух жишээтэй.

-Олон нийтийн сүлжээнд та ээжтэйгээ авахуулсан зургаа байсхийгээд оруулдаг. Та ээжтэйгээ амьдардаг юм уу?

-Хүмүүс намайг гэр бүлтэй, эхнэр, хүүхэдтэй юм болов уу гэж их ярьцгаадаг гэсэн. Тэд маань олон нийтийн сүлжээнд нээлттэй амьдрахыг хүсдэггүй. Хамтдаа авахуулсан зургаа сошиалд оруулчихъя гэхээр “Үгүй” гэдэг. Ганц зөвшөөрдөг нь миний ээж, Баабар хоёр.

Баабар хуушуур хийж, тамхи татаж байсан ч надтай зургаа авхуулаад сошиалд тавихыг зөвшөөрнө. Манай ээж ч мөн ялгаагүй. Тийм болохоор хүмүүс намайг ээжтэйгээ байдаг юм байна гэж боддог байх.

Хөдөөнөөс ирэнгүүтээ ээж дээрээ очиж хань болохыг хүснэ. Манай ээж шиг дураараа хүн байхгүй. Хүүхдүүдийнхээ гэрт ирээд хонодоггүй гээд л бод. Бид нар л очно, авч гарна, зугаалуулна.

 
 
Р.Чингис ЭЦГ-ын удирдлагуудыг цалингийн хувиар торгох шийдвэр гаргалаа
Р.Чингис ЭЦГ-ын удирдлагуудыг цалингийн хувиар торгох шийдвэр гаргалаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.