Д.Цэнгэл: Сүүлийн жилүүдэд Холливудын киноны орлого монгол киноныхоос бага болсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
30 минут 12 секунд
Д.Цэнгэл: Сүүлийн жилүүдэд Холливудын киноны орлого монгол киноныхоос бага болсон

Д.Цэнгэл: Сүүлийн жилүүдэд Холливудын киноны орлого монгол киноныхоос бага болсон

“Тэнгис” кино театрын Маркетингийн ахлах менежер Д.Цэнгэлийг энэ удаагийн “Чухал сэдэв” буландаа урьж ярилцлаа. Өнөө жил “Тэнгис” буюу хуучнаар “Ялалт” кино театр байгуулагдсаны  30 жилийн ой тохиож байгаа юм. 
-“Тэнгис” кино театрын 30 жилийн ой энэ жил тохиож байгаа юм байна. 30 жилийн туршид үзэгчдэд кино урлагийг түгээж байсан энэ театр ямар шат дараатай хөгжиж ирсэн талаар яриагаа эхлэх үү?

-Анх ЗХУ-аас манай улсад кино урлагийг нэвтрүүлж байлаа. Тухайн үедээ нэгдсэн төлөвлөгөөгөөр “Сэрэлт”, “Ард”, “Оч”,  “Элдэв-Очир” зэрэг олон кино театр үйл ажиллагаагаа явуулж байсан. Харин сүүлдээ кино театр арай өөр төвшинд ажиллах ёстой гэдэг үүднээс “Ялалт” кино театрыг байгуулсан юм билээ. Зориулалтын дуу шумтай, орц, гарцыг нь шийдэж, аюулгүй байдлыг хангаж барьсан байдаг. 

Театрын барилгыг цөөнгүй жил барьсаны эцэст 1985 оны дөрөвдүгээр сарын 29-нд албан ёсны нээлтээ хийж байсан түүхтэй. Тэр үед тавдугаар сарын 1-нд Ялалтын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан учраас “Ялалт” гэж нэрлэж байсан юм билээ. Анх байгуулагдахдаа хоёр үзвэртийн танхимтай, 600 гаруй хүнд үйлчлэх боломжтой кино театр үүд хаалгаа нээж байсан түүхтэй. Мэдээж 1990-ээд оны үед манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотойгоор кино театрууд эзгүйрсэн. 

Тиймээс барилга байгууламжийг нь өөр зориулалтаар ашиглаж байлаа. Хэдийгээр хэсэг хугацаанд эзгүйрсэн ч гэсэн кино театраараа үлдсэн ганц газар нь манайх. Хэдийгээр бид “Тэнгис” гэдэг нэртэйгээр 11 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа ч “Ялалт”-ын суурин дээр баригдсан учраас 30 жилийн ойг тэмдэглэх ёстой гэж үзсэн юм. “Ялалт”-аас “Тэнгис” хүртэлх 30 жилийн ой гэдэг утгаар нь тэмдэглэх учиртай. 

-“Ялалт” гэдэг нэр бараг л брэнд болчихсон байсан. Яагаад өөрчилсөн юм бэ?

-Зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, шинээр байр сууриа эзлэхийн тулд хуучин зүйлийг засч, сэлбэж авна гэдэг амаргүй. Яагаад гэвэл хүмүүсийн сэтгэхүйд “Ялалт” ямар байсан, яг тэр чигээрээ үлдчихсэн байгаа. Хэрвээ “Ялалт” чигээрээ байсан бол хүмүүс бүх зүйл нь шинэчлэгдсэн, гоё театр болсон гэж хүлээж авахгүй ч байсан байж магадгүй. Тийм болохоор “Тэнгис” гэдэг нэрийг 2003 онд удирдлагууд нь өгч байсан юм билээ. 

-Монголдоо л анхдагч кино театрын 30 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ. Эхнээсээ ажил хэрэг болоод явж байгаа байх?

-Өнгөрсөн жил бид 29 жилийнхээ ойг тэмдэглэж өнгөрүүлсэн. 29 жилийн ойн хүрээнд Ялалтын талбай дээр томоохон хэмжээний тоглолтыг зохион байгуулсан. Ард түмэндээ зориулаад тухайн жилдээ хамгийн их эрэлттэй байсан “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” гэдэг киног гадаа талбайд гаргасан. Сэрүүхэн байсан болоод ч тэр үү үзэгчид бага байсан л даа. Дээрээс нь шинэ удирдлагатай болсон ч гэсэн “Ялалт” кино театрын ахмад ажилчдыг хүлээж авсан.  

Мөн тухайн үед манай кино театрт гарч байсан киноны уран бүтээлчидтэй уулзалт хийж байлаа. Түүнээс гадна нэг зүйл байдаг нь СУИС, кино урлагийн сургуулийн оюутнууд кино театрын маркетингийн албаныхантай уулзаж, гарсан кинонуудын бүртгэлийг авахыг хүсдэг. 

Мөн хэзээ, ямар кино гарав гэдэг мэдээллийг их хайдаг. Кино нээлтээ хийх үеэр л сурталчлаад байхаас биш тухайн уран бүтээл архивт тэмдэглэгдэн үлдэхгүй байх аюул тулгарсан. Соёлын яам байгуулаад, соёлын газар дээрээ кино хариуцдаг хүнтэй болж байтал эргээд байхгүй болчихлоо. 

Түүх гэдэг хойч үедээ тэмдэглэгдэн үлдэж байх ёстой. Бид ч үлдээж байх ёстой юм. Манайд киноны талаар бичсэн ном, зохиол маш ховор байдаг. Интернэтээс дэлхийн кино урлагийн талаар хайвал олон мэдээлэл гарч ирнэ. Харин Монголын кино урлагийн сүүлийн 10 жилийн түүхийг хайвал олдохгүй. Нэгтгэж гаргасан ном, сэтгүүл ч алга. Тийм болохоор өнгөрсөн жил бид ярилцсан. “Монголын киноны нэвтэрхий толь” гэдэг ном байдаг юм байна. 

Энэ номыг бүтээсэн Д.Жигжидсүрэн, н.Цэцгээ гэдэг мундаг хүмүүс байгаа. Кино урлагийн салбараа гарын 10 хуруу шигээ мэддэг юм байна. Тийм болохоор кино урлагийн сүүлийн 10 жилийн түүхийг бичиж, тэмдэглүүлж үлдээе гээд зориуд “Монгол киноны нэвтэрхий толь-2” гэдэг номыг захиалж хийлгэсэн. 

Энэ сарын 29-ний өдөр нээлтийг нь хийхээр төлөвлөж байгаа. Амжих эсэхээ сайн мэдэхгүй байна. Номын эх бэлтгэгдээд дууссан, хэвлэх л үлдээд байна. Энэ ном гарснаар Монголын кино урлагийн сүүлийн 10 жилийн мэдээлэл уншигчдэд хүрнэ. Үзэгчдийн нэрлэдгээр “Банш” Батаа гэдэг ямар жүжигчин юм. “Чонон сүлд” кинонд тоглосон Р.Анхням гээд олон жүжигчний үүх түүхийг мэдэх боломжтой болно. 

Түүнээс гадна анх видео хуурцгаар гарч байсан кинонуудын талаар хэн ч мэдэхгүй болчихсон. Тиймээс тэдгээр кинонуудын түүх, гарч байсан постерыг нь олох гэж номын зохиолчид багагүй хичээсэн. Нэг хүнтэй 20 удаа ч утсаар ярьсан байх. Ийм амаргүй ажлын ард гарах гээд явж байна даа.
  
-2004 оноос хойш гарсан кинонуудын үүх, түүх бүгд багтаж байгаа байх нь ээ?

-Яг тийм. 2004 оноос хойш 2014 он хүртэл 10 жилийн хугацаанд маш олон кино гарсан байх. Гэхдээ номыг бүтээсэн уран бүтээлчид маань 282 киноны үүх түүхийг олж, энэ номд багтаасан. Киног бүтээхэд 21 мэргэжил шаардлагатай байдаг юм билээ. Яг бүрэн цогцоор нь кино бүтээхэд шүү дээ. 

Гэтэл мэргэжлийн багийг бүтнээр нь бүрдүүлсэн ч кино байгаа. Бүрдүүлээгүй, цомхон хийсэн ч кино байдаг. Гэх мэтээр олон мэдээллийг энэ номд багтаалаа. Тэр утгаараа кино урлагийн сургуульд сурч байгаа оюутан болон кино судлаачдад маш хэрэгтэй гарын авлага болж гарч буй ном юм. 

Түүнээс гадна манай театрын ахмад ажилтан н.Алтангэрэл гэдэг тайзны зураач бий. Тэр хүн дээр үед “Халтар царайт”-аас авахуулаад театрт гарч байсан киноны танилцуулгыг гараараа зурдаг байсан юм билээ. Тэр бүх материалууд өөрт нь байдаг. Тиймээс бид Занабазарын нэрэмжит музейд театртай холбоотой үзэсгэлэн гаргах гэж байна. 

Үзэсгэлэн энэ сарын 27-нд гарах байх. Энэ үеэр номын нээлтээ хийх төлөвлөгөөтэй байгаа. Кино уран бүтээлчид ч номын нээлтэд оролцох байх. Мөн номоо зах зээлд гаргана. Түүнээс гадна энэ сарын 29-ний өдөр “UBS” телевизтэй хамтраад, “Universe best songs” наадмын оролцогчдыг оролцуулсан, киноны дууны тоглолтыг хийхээр төлөвлөж байна. 

-“Монгол киноны нэвтэрхий толь” номд зөвхөн киноны танилцуулгыг оруулсан байдаг. Жүжигчдийн талаар дэлгэрэнгүй бичээгүй, намтар нь байдаггүй шүү дээ. Харин энэ удаагийн толь дээр жүжигчдийн үүх түүхийг багтааж өгч байгаа гэсэн үү?

-Яг дэлгэрэнгүй багтаасан гэж хэлж болохгүй. Бага зэрэг орж байгаа. Нэг жүжигчин байлаа гэхэд янз бүрийн кинонд тоглодог. Өөрөө хошин урлагийн хамтлагтай байдаг. Дээрээс нь янз бүрийн уран бүтээлд оролцдог шүү дээ. Тэр болгоныг нь дэлгэрэнгүй багтаахыг зорьсон. 

Энэ дашрамд хэлэхэд, манай уран бүтээлчид залуу хүмүүс мөртлөө уран бүтээлдээ жаахан хариуцлагагүй ханддаг юм шиг санагддаг. “Нэг дүрд ороод л гарсан. За байз, ямар кинонд тоглосон билээ” гэж хэлэх хүн ч байх жишээтэй. Хамтлагийн менежер нь уран бүтээлийнхээ жагсаалтыг өгдөггүй ч тохиолдол гарсан. 

Тийм болохоор энэ номд орхигдсон зүйл гарч ирэхийг үгүйсгэхгүй. Хэрвээ тийм байвал уран бүтээлчдийн өөрсдийнх нь хариуцлагагүйгээс л болсон гэсэн үг. Бидний зүгээс урлагийн сургуулийн найруулагч, зураглаачийн ангийг төгссөн төгсөгчдийг хүртэл шүүж, нэлээд шалгаж байж дэлгэрэнгүй оруулахыг хичээсэн. 

-Монгол киноны үүх түүх дахиад хэдэн арав, зуун жилээр үргэлжилнэ. Энэ нэвтэрхий толь цаашид 10 жилийн давтамжтай гараад явах уу. Тийм төлөвлөгөө бий юу?

-Төлөвлөгөө байгаа. Аливаа улсын түүх тэмдэглэгдэж үлдэх ёстой. Түүх соёл гэдэг тухайн улс ийм байж. Нийгмийнх нь өнгө төрх ийм байсан, тухайн үедээ залуучууд юу үзэж сонирхож байж вэ гэдгийг харуулдаг. Кино гэдэг тухайн нийгмийнхээ толь болж үлддэг гэхэд болно. Тийм болохоор киноны түүх бичигдэж үлдэх ёстой. Хэрвээ яам, эсвэл хэн нэгэн хариуцсан хүн нь хийхгүй бол боломжтой байгаа компани, аж ахуйн нэгж, хувь хүн хийж чадаж байгаа хүмүүсээр нь хийлгээд явах нь нэг талаараа хариуцлага гэж ойлгож болно. 

-2004, 2005 он гэдэг Монголын кино урлаг өөрчлөгдөж, хөгжлийн зам руугаа орж байсан үе. Жилд гардаг киноны тоо ч нэмэгдэж байсан байх. Тэгвэл тухайн үеийн үүх түүхээс сонирхолтой зүйлүүд энэ номд багтсан байх. Уншигчдад сонирхуулбал?

-Нэг зүйлийг сонирхуулаад хэлэхэд, хэсэг уран бүтээлчид манай театрт кино гаргах хүсэлт өгсөн байгаа юм. Бид номоо хийхдээ театрынхаа архивыг шүүж үзээд, энэ кино хаачив, хийсэн уран бүтээлчид нь хэн байв гээд бөөн эрэл, сурал боллоо. Тэгж тэгж арай гэж олоод очсон чинь хүсэлтээ өгчихөөд киногоо хийгээгүй. Эсвэл киногоо хийсэн мөртлөө театрт гаргаагүй. Ийм тохиолдол олон байдаг юм билээ. Тэр болгоныг бид энэ номд багтааж өгсөн. Судлаачийн ачаар монгол киноны энэ мэт түүхийг бид нэвтэрхий толинд багтааж чадлаа.
 
Хүмүүс амьд харилцааг би болгож, тухайн орчинд нь орж, дуу, дүрсийг нь мэдрэх гэж театр очдог юм  

-Нэг үе манай кино театрууд уначихсан байгаад эргээд сэргэлээ. Одоо бол харьцангуй олон кино театртай болчихлоо.  Хамгийн сүүлд “Хүннү молл” энтертайнмент төв нээлтээ хийлээ. Тэгэхэд үзэгчид ямар орчинд үйлчлүүлэх гээд байгаа юм бэ гэдэг хүсэл нь тэндээс харагдах шиг боллоо.  Энэ бүхэн өрсөлдөөнийг нэмж байгаа байх. “Тэнгис” кино театр ч гэсэн үзэгчдээ илүү татахын тулд арай өөр менежментээр ажиллах шаардлага ч гарч ирэхийг үгүйсгэхгүй шүү дээ?

-Манай улс гурван сая хүн амтай. Хүн амынх нь 50 хувь нь Улаанбаатар хотдоо амьдарч байна. Хөдөө, орон нутагт үзэгчид байгаа юу гэвэл бий. Яамнаас гаргасан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 235 кино үзвэрийн байгууллага байдаг гэж үздэг юм билээ. Тэгэхээр сум болгонд шахам нэг кино үзвэрийн төв байна гэсэн үг. 

Ямар нэг байдлаар кино үзэх боломжтой гэж ойлгож болох нь. Харин Монголын кино урлагийн түүхийг Улаанбаатар хотоор хязгаарлаад үзэх юм бол дөрвөн гол кино театр байна. “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо”. Дээрээс нь саяхан “Хүннү” кино театр нэмэгдлээ. Театр болгон өөрийн гэсэн онцлогтой. 

Тэгээд ч кино гэдэг эргэлт хурдацтай бүтээгдэхүүн гэж нэг талаас харж болно. Мэдээж хүнд сонголт байх тусмаа илүү хялбар. Зөвхөн кино үзэх гэж ирдэг байсан бол хажуугаар дэлгүүр хэсдэг, хүүхдээ тоглуулдаг байвал хэрэглэгчдийн ая тухыг хангаж өгнө гэсэн үг. Гэхдээ кино театрын бизнес гэдэг хэн болгоны хийгээд байдаг ажил биш.  Үзэгчийн зүгээс харах юм бол орж ирээд кино үзчихээд гараад явдаг. 

Гэтэл үүний цаана маш нарийн менежментийн үйл ажиллагаа явж байдаг. Бид багаар ажилладаг. Тасалбараа тасалдаг хүнээс гадна кино гаргадаг, олон нийтэд сурталчилдаг, санхүү тооцоог хийдэг салбар гээд л. Шинэ байгууллага гэхээр л бүх зүйл нь гоё болчих юм уу гэвэл үгүй.  

Тодорхой хэмжээний цаг хугацаа шаардлагатай. Байгууллагын үйл ажиллагаа жигдрэх хугацаа шүү дээ. Мэдээж шинэ кино театр нээлтээ хийхээр өрсөлдөгчийн судалгаа хийх үүднээс очиж кино үзнэ.  Би энд тухайн байгууллагыг сайн, муу гэж дүгнээд яах вэ. Гэхдээ “Хүннү” театрт үйл ажиллагаа нь жигдэртэл хэсэг хугацаа шаардагдана.  

Манай дээр ирж байгаа уран бүтээлчид аль кино театр илүү орлоготой, хүн их үзэж байгаа талаар мэдээлэл хуваалцаж л байна.  “Хүннү”-гийн хувьд хотын төвөөс хэтэрхий хол учраас ажлын өдрүүдээр тэнд хүнгүй байгаа. Амралтын өдрүүдээр хүн ихтэй байсан ч гэсэн хэрэглэгчид аль болох гэртэйгээ ойрхон кино театр руу л явахыг хүсдэг. 

Нэг удаа тэнд очиж үзнэ, хоёр дахь удаагаа бол нэг их ач холбогдол өгөхгүй болов уу гэж бид тооцож байгаа. Гэхдээ өрсөлдөж байгаа байгууллага юм чинь бид аль болох байнгын үйлчлүүлэгчээ алдахгүй байх, тэдэндээ таарсан урамшууллын бодлого явуулах тал дээр илүү их анхаарч ажиллана. Мэдээж үзэгчийг татах менежментийг байнга л өөрчилж, шинээр хийж байх хэрэгтэй л дээ. 

-Сая “Дэлхийн цирк Монголд” циркийн тоглолт болоход нэг зүйлийг анзаарлаа. Монголд 4-10 хүртэлх насны хүүхдэд үзэх үзвэр ховор болчихож. Кино театруудад хүүхэлдэйн кино гарч байгаа ч орчуулга байдаггүй. Хадмал орчуулгыг 1-3 дугаар ангийн хүүхдүүд тэр болгон гүйцэж уншихгүй шүү дээ.  Энэ тал дээр ямар бодлого баримталж байна вэ. Бяцхан үзэгчиддээ зориулаад орчуулгатай гаргаж болдоггүй юм уу?

-Өнгөрсөн жил бид кино нийлүүлж байгаа байгууллагуудаасаа хүүхэлдэйн киногоо монгол орчуулгатай гаргаач гэдэг хүсэлт тавьсан. Улмаар хүүхэлдэйн киногоо монгол хэлээр гаргаж үзсэн. “Free birds” гэдэг хүүхэлдэйн кино монгол хэлээр гаргасан. 2-3 хүүхэлдэйн киног монгол хэлээр гаргаж үзсэн. 

Монгол хэлээр гаргахад хүүхдүүд ойлгож байгаа болохоор сайхан л байсан нь тодорхой. Гэхдээ нөгөө талаас англи хэл сурч байгаа хүүхэд, залуучууд олон болчихсон байна. Кино үзэхийг англи сурах арга хэрэгсэл болгодог хүмүүс ч байгаа. Тийм болохоор үзэгчид дандаа монгол хэлээр гаргаад байхаар англиар гаргах цаг байхгүй юу гэж асуудаг. Тэр жүжигчнийх нь хоолойг сонсмоор байна. 

Женифер Лопес, Рианна гээд алдартай хүмүүсийн хоолойг нь сонсмоор байна гэдэг хүсэлт тавьдаг. Яг үзэгчийнхээ зүгээс авч үзвэл монгол хүүхэд ойлгоод үзэж байвал илүү хэрэгтэй. Харин нийлүүлэгч талаас аваад үзвэл, Монголд Женифер Лопесын дуу хоолойг орлож чадах жүжигчин байна уу. 

Техникийнх нь нөхцөл байна уу гэвэл бас л хангалттай биш. Тийм болохоор бид бүтээгдэхүүндээ сонголт хийгээд, бүр бага насны хүүхдэд зориулсан киногоо орчуулгатай гаргаж байна. Харин бүх насныханд зориулсан, гэр бүлийн кинонуудыг хадмал орчуулгатай гаргах сонирхолтой байдаг. 

-Зөвхөн хүүхэлдэйн кино гэлтгүй уран сайхны киног ч монгол дуу оруулалттай үзэх сонирхол залуучуудад байх шиг байдаг. Тэгэхээр өдөрт нэг удаа монгол дуу оруулалттай гаргадаг байж болохгүй юу. Залуус сонгоод л үзнэ биз?

-Тэгж зохицуулж болно. Гэхдээ бид аливаа шинэчлэлийг хийхдээ эрэлт хэрэгцээ хаана байна вэ гэдгийг илүү их хардаг. Монголчууд дуу оруулалттай үзэхийг хүсээд байна уу гэвэл ихэнх нь тийм биш. Цөөн тооны хүмүүс л монгол орчуулгатай үзэхийг хүсдэг. Манайд интернэт байна. IP TV ч байгаа. 

Театраас буусны дараа монгол дуу оруулалттай болгоод гаргачихаж байна шүү дээ. Театрт хүн яах гэж үздэг юм. Амьд харилцааг бий болгох гэж. Тухайн орчинд нь орж, дуу, дүрсийг нь мэдрэх гэж. Болзож байгаа залуус байвал тэврэлдээд, аймшгийн кинон дээр орилоод, хайр дурлалын кино байвал гараа барилцаад суухыг хүсдэг. 

Дээрээс нь жүжигчний сэтгэл хөдлөлийг орчуулж хүргэнэ гэдэг тийм ч сайхан биш.  Тэгээд дээрээс нь дуу оруулалттай гаргахад техникийн нөхцөл нь амар биш. Киноны дуу, шумыг 3-4 янзын зам дээр задалж байгаад, зөвхөн хоолойг нь аваад, монголоор дуу оруулаад, эргүүлээд нийлүүлдэг. 

Энэ мэтээр ажил ихтэй. Манайхан шиг зүгээр л дуу чангаруулагч барьж сууж байгаад шууд дуу оруулчихдаггүй юм. Тиймдээ ч зардал өндөртэй. Зүгээр л хадмал орчуулга хийгээд гаргаж байгаагаас 2-3 дахин зардал өндөртэй байдаг юм. 
 
Сүүлийн үед Монголын кино урлаг маш их хөгжиж байна. Холливудын киноны орлого монгол киноноос олж байгаа орлогыг гүйцэхгүй болж эхэлсэн. Ерөнхийдөө сүүлийн 2-3 жилийн хандлага ийм байгаа. Тэгэхээр бид нэгэнт үнэтэй авч байгаа киногоо нэмээд зардал гаргаад, дуу оруулах хэрэг байна уу. Эсвэл Монголынхоо уран бүтээлчдийг дэмжээд, киног нь гаргаад явах уу гэдгийг бас бодож үзэх л хэрэгтэй. 

-Янз бүрийн шүүмжлэл ирдэг л байх. Хүнд таалагдах ч юм байна, таалагдахгүй ч зүйл байх. Жишээлбэл, 3D шил ажиллахгүй байна, тоглоом нь хэтэрхий үнэтэй юм гээд зүсэн зүйлийг шүүмжлэл гарна. Энэ бүхнийг хэр сонсч, менежментдээ тусгадаг вэ?

-Хүн болгоны онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг зах зээл дээр гаргадаг шүү дээ, байгууллагууд. Ундаа гэхэд олон төрөл байдаг. Тэр дундаас сонгоод аваад уудаг. Кино үүнтэй адил, сонголттой байгаа. Хамгийн түрүүнд бид төрөл жанраар нь ангилж өгдөг. Дээрээс нь насны ангиллаар ялгана. 

Кино театрт кино гаргах гэж байвал бид түрүүлж үзнэ. Тэгээд “Танай кинонд архи согтууруулах ундаа, аллага хядлага гарах юм байна. Эсвэл энэ хэсэгт нь насанд хүрэгчдэд зориулсан хэсэг гарч байна” гэж хэлээд, насны ангиллаа зааж өгнө. Энэ мэтээр зохицуулж байгаа. Хэрвээ үйл ажиллагаатай холбоотой доголдол байвал хүмүүс гомдол бичээд өгнө. 

Эсвэл фэйсбүүк, твмттерээр биччихэж байна. Нэг үеэ бодвол аливаа байгууллагын удирдлагад үгээ хүргэнэ гэдэг маш амархан болчихсон үе шүү дээ. Утас цохиод, гомдлоо хэлээд явчихна. Тэр болгонд бид хүлээж аваад, алдаа дутагдлаа маш хурдан хугацаанд засаад, сайжруулаад л явдаг. 
 
Нэвтрүүлэг шиг кино хийчихээд театрт гаргахаар ирж байсан удаа бий, бид боломжгүй гээд л буцаасан  

-Та гадаадад мэргэжил дээшлүүлсэн, олон оронд очиж үзсэн хүн. Тэгэхдээ гадны орны кино театруудаар орж үзэж байсан байх. Гадаадын кино театруудын орчин ямар байдаг юм. Манай театруудад нэвтрүүлээд, илүү гоё болгочихоор зүйл нь юу байдаг юм бол?
-Би АНУ-ын Чикаго, Лос-Анжелес, Солонгосын Сөүл зэрэг хотуудын кино театраар очиж үзэж байсан. Саяхан Хонконг руу яваад ирлээ. Ер нь бол кино театрт ирж кино үзэх дуртай хүмүүс байсаар л байгаа.  Гэхдээ тасалбараа дугаарлахгүйгээр авчих, гэрээсээ захиалах гээд аль болох хялбар аргаар киногоо үзчих хүсэлтэй болчихож. 

Солонгос бол IT-гийн чиглэлээр маш хурдацтай хөгжиж байна. Утастайгаа байхад Солонгост ямар ч ажлаа бүтээж болно. Киноныхоо тасалбарыг захиалдаг. Театрт очоод, утсан дээрээсээ кодоо уншуулаад л орчихдог. Манайх энэ жишгийг нэвтрүүлсэн байгаа. “Тэнгис” кино театрын программыг ухаалаг утсанд суулгасан.  

Интернэт худалдаагаар тасалбараа худалдаад авчихна. Тухайн хүний цахим шууданд бар код нь оччихно. Тэрийг уншуулаад киногоо үзчихнэ.  Гэх мэтээр сонирхолтой бүтээгдэхүүнүүд олон байна. Гэр бүлээрээ кино үзэх, VIP танхимаар үйлчлүүлж болж байна. Өнгөрсөн 2013 оны аравдугаар сараас авахуулаад 28 хүний суудалтай VIP танхимыг нээсэн.  Маш тухтай үйлчлүүлж болно. Киногоо үзэхийн хажуугаар хүссэн бүтээгдэхүүнээс захиалаад идэж, ууж болно.  

Эсвэл тухайн танхимыг бүтнээр нь түрээсэлж аваад үйл ажиллагаа явуулж болж байна.  Өнгөрсөн Валентины баяраар нэг залуу хайртай бүсгүйдээ бөгж өгсөн. Тэгэхдээ 26 суудлыг нь цагаанаар бүтээгээд, дунд талын хоёрыг нь улаан хэвээр үлдээсэн. Цагаан бүтээлэг дээрээ сарнайн дэлбээ цацаад, том дэлгэцэн дээр дурсамжтай үеийн зургуудаа гаргаж байгаад гэрлээч гэж гуйж, бөгж бэлэглэсэн. Зөвхөн гадаадын кинон дээр л гардаг гэж боддог зүйлсийг манай залуучууд хийдэг болж. Энэ мэтээр бид өөрсдийнхөө боломжоор шинэлэг зүйлсийг нэвтрүүлж л байна. 

-Танай театр кино уран бүтээлчидтэйгээр хэрхэн хамтарч ажиллаж байна. Нэг хэсэг гаргасан киноны ихэнх хувийг кино тетр авдаг, уран бүтээлчдэд багахан хувь нь очдог. Үүнийг ШӨХТГ-аас шалгаад, өөрчиллөө гээд л байсан?

-Кино бүтээхэд маш олон мэргэжлийн хүн ажилладаг, цаг хугацаа шаарддаг. Гэхдээ халтуурдаад, богинохон хугацаанд киногоо гаргачихаж байгаа хүмүүс ч бий. Киног кино театрт гаргахын тулд үйл ажиллагааны зардал гарч таарна. Манай театр өглөө 10:30-аас авахуулаад шөнийн 23:30 цаг хүртэл ажилладаг. 80 гаруй ажилтантай.

Энэ хүмүүс олон цагаар ажиллана. Дээрээс нь нэг киног гаргахын тулд үйл ажиллагааны зардалд сая төгрөг зарцуулдаг. Тийм байхад кино театр илүү их ашиг хараад, аваад байна аа гэж ярьж байгаа бол буруу. Дэлхийн жишигт угаасаа л театр нь илүү хувь авч явдаг. Бид ч гэсэн тэр зарчимаар л явж байгаа.

Гэхдээ Монголын уран бүтээлчиддээ бол бид 50-иас илүү хувийг нь өгч байна. Дээрээс нь зөвхөн кино театрт гаргаад зогсохгүй уран бүтээлчид киногоо аваад хөдөө, орон нутгаар явж байна. IP TV-гийн видео санд өгчихөж байна. Одоо бол уран бүтээлчид алдагдал хүлээнэ гэж байхгүй. 

-Зарим киног үзээд гарч байгаа хүмүүсийн дийлэнх нь сэтгэл дундуур байх тохиол­дол байна. Тийм муу кино хийж байна, манай уран бүтээл­чид. Театрын зүгээс уран бүтээлчдийн хийж байгаа киног гаргахдаа цензур тавьдаг уу?

-Байлгүй яах вэ. Хэн дуртай нь, ямар ч хамаагүй кино авч ирээд гаргаад байвал ямар ч шүүлтүүргүй болчихно. Гэхдээ киноны хууль гэдгийг сүүлийн хоёр жилд л ярьж байна. Би ч гэсэн тэр киноны хуулийн багт нь орчихоод явж байгаа. Хуультай болгох уу, эсвэл энэ хэвээр нь байлгах уу гэдэг асуудал яригдаад явж байна. Би яг кино театрт ажиллаад, уран бүтээлчидтэй харилцдаг хүний хувьд хуультай байгаасай гэж хүсдэг. 

Яагаад гэвэл, хэн дуртай нь камер барьж гараад, ямар ч хамаагүй сэдвээр кино хийгээд, аллага, хүчирхийлэл харуулчихаад түүнийгээ хүмүүст үзүүлнэ гэвэл буруу. Кино гэдэг хүний сэтгэхүйд нөлөөлж чадахуйц маш том урлаг шүү дээ. Нэг жишаа татахад, бид Жангум гэдэг Солонгосын хоолны урлагийн талаар өгүүлсэн киног хошуурч үзсэн. Түүний дараа солонгос хоолны газрууд маш ихээр нээгдсэн. 

Аливаа улс ямар зүйлээ сурталчилмаар байна,  түүнийгээ киногоор дамжуулж гаргадаг.  Америк гэхэд кино урлагаа эдийн засгийн нэг бүтээгдэхүүн гэж үздэг. Түүнийгээ дагаад нэг кино хийхэд араас нь зүсэн зүйлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх жишээтэй. “Хүн аалз” гээд кино гарлаа. 

Дараа нь хүн аалзын зурагтай цамц, аяга гээд маш их бүтээгдэхүүний үйлдвэрлэл явагдаж байна шүү. Гэтэл Монголд бол ямар ч цензургүй, хэн дуртай нь кино хийгээд, тэр нь нэг их удахгүй уначихаад байгаа. Энэ бол ямар ч зохицуулалтгүйгээр кино урлаг маань явж байна гэсэн үг. Өрсөлдөөн өндөр байна гэдэг бол сайн. Гэхдээ голдиролыг нь чиглүүлж өгөхгүй бол эцэстээ энэ салбарын ашиг нь багасч, ямар нэг хэмжээгээр унана. 

Түүнээс нь өмнө үүнийг зохицуулах ёстой. Кино театрын хэдэн менежер уран бүтээлчийн хийсэн киног үзээд, шалгуураа тавьдаг. Танай киног тэдээс дээш насны хүмүүс үзэх боломжтой юм байна гэдгийг нь хэлдэг. Мөн техникийн шаардлага хангахгүй, ямар нэг киноны хэсэг авсан, аяыг нь хулгайлаад ашиглачихсан байвал бид соль гэдэг шаардлага тавьдаг.  

-2014 онд огт гаргахгүй гээд буцаа­сан хэдэн кино байгаа вэ?

-Байна аа, хоёр кино гаргахгүй буцаасан.  Нэвтрүүлэг шиг л кино байсан. Ямар ч мэргэжлийн уран бүтээлчид тоглоогүй байсан юм. Тэгээд л буцаасан.  
Эх сурвалж: www.mminfo.mn
Н.Пунцагболд
Гар одтой, улаагчин туулай өдөр
Гар одтой, улаагчин туулай өдөр
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.