Давж харилцдаг агуу их монгол
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 58 секунд
	 Давж харилцдаг агуу их монгол

Давж харилцдаг агуу их монгол

Аливаа нэг асуудлыг зүгээр л ном журмаар нь шийдчихгүй заавал дарга сайдын нэр барьж, үндсэндээ давж харилцаж байж  санаа нь амардаг, ажил нь бүтдэг ийм жишиг Монголд хэдийнэ тогтсон. “Би тэр даргын яриулсан хүн байна”, “Би тэр сайдын дүү нь байна, тэр гишүүний найз нь байна” гээд хэнхэлзээд ороод ирнэ. Ийм архаг өвчтэй хүмүүс Монголын нийгмээр дүүрэн байна. Наад захын жишээ гэхэд төрийн цагдаа руу салаавч гаргаж нохой шиг доромжилсон Баярцогт гэж нөхөр бий. Түүнийг “Ланд-200” машиндаа тээврийн хэрэгслийн тусгай дуут дохио ашиглан урсгал сөрөөд давхиж явахад нь цагдаагийн албан хаагч зогсоосон байдаг. Гэтэл тэрээр машинаасаа үсрэн бууж ирэн “Намайг зогсоодог чи хэн бэ” хэмээн албан үүргээ гүйцэтгэж буй төрийн цагдаа руу салаавч гаргаж эгээтэй л барьж аваад зодчихоогүй.

Тэр даруй өнөө цагдаагийнхаа хажууд “Амрыг эрье” хэмээн мэнд мэдэн “Танай цагдаа бичлэг хийгээд байна, та ярь даа, ах аа” гэж цагдаагийн томоохон албан тушаал бүхий дарга руу утсаар ярьсан. Салаавч Баярцогт тухайн үед Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байсан Сэлэнгийн Ж.Эрдэнэбаттай холбоотой гэх яриа хэвлэлээр гарч байсан. Ингэж л захын нэг аархсан хархүү том даргын нэр барьж, төрийн түшээдтэй холбоо сүлбээтэй гэдгээрээ сүр хүчийг үзүүлэн хууль бус үйлдэл гаргаж, дур зоргоороо авирласан. Тэрхүү хууль бус үйлдлийг нь хэн нэгэн зогсоох, эсэргүүцэл үзүүлэх юм бол ааг омог нь багтаж ядсан залуус хэнийг ч хэн гэлгүй, төрийг ч төр гэж тоолгүй уландаа дэвсэлж, гөлөг шиг доромжлон бах таваа хангах болсон. Салаавч Баярцогт бол даргын нэр барьж давж харилцдаг агуу их Монголын тодорхой нэгэн жишээ.

Мөн сэлэм Бямбацогт гэж бас бий. Нийслэл хотын Засаг дарга болж мандаж байсан Мөнхчулууны төрсөн дүү тэрээр аанай л ааг омгоо багтааж ядахдаа олон нийтийн газар сэлэм гаргаж хүн амьтны толгой цавчихдаа тулсан. Том даргын дүү, хэмжээлшгүй эрх мэдэлтэй гэдэгтээ эрдэж хүн амьтныг хэл амаар доромжлох энүүхэнд, бүр сэлэмдээ тулсан байх жишээний. “Нийслэл хотыг бол би атгана, ах минь ажил албатай байгаа цагт Улаанбаатар хот бол миний дор шүү дээ, намайг юу ч хийсэн хориглож чадах аавын хүү байна уу” гэж л аархсан байлгүй. Тиймдээ л сэлэм авч явж олон нийтийн газар дургүй хүргэсэн нэгний толгой тас цавчихыг санаархаа биз.

Ер нь тэгээд салаавч Баярцогт, сэлэм Бямбацогт гэлгүй монголчууд бүгд л давж харилцах гэсэн өвчтэй. Зам дээр хоёр машин шүргэлцэх төдийд жолоочид нь арслан барс шиг уур омогтой бууж ирэн нэгнээ оросоор баахан харааж зүхэж, ална шудна даа тулснаа бүгд л дор бүрнээ утсаа яриад унана. “Би машинтай мөргөлдчихлөө. Дүүргийн цагдаагийн дарга руу чи таньдгаараа яриадахаач, болохгүй бол би гишүүнд хэлье” гээд л сүрийг бадруулна. Нэг л их том том дарга, сайдууд руу жигтэйхэн ажил болгож ярьсан хүмүүс байдаг. Зүгээр хоорондоо ярилцаад ойлголцчих юман дээр ийш тийшээ баахан ярьж, бусдадаа садаа болж, замын хөдөлгөөнийг хааж лай ланчиг үүсгэдэг. Ном журмаар нь шийдчихнэ гэж ёстой гонж доо.

Аль нэг албан газарт дарга царайлсан цүнх барьсан залуу, эсвэл годгоносон жаахан охин “Би тэр гишүүний явуулсан хүн байна. Танай даргад гишүүн хэлсэн гэсэн. Би тийм ажилд орно” гээд л өөрөө өөртөө ажил, албан тушаал хэдийнэ өгчихсөн нэг нөхөр шуудхан ороод ирнэ. Ялангуяа төрийн алба ийм л даргын чихээсүүдээр дүүрсэн дээ Монгол Улс хөгжихгүй байгаа. Ажлын ямар ч дадлага туршлага гэж байхгүй төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил нь асуудалтай, нам дагаж давхисан, дарга сайдад долгинож нэр төр олсон цагаан гартай залуучууд л яам агентлагийн харьяа газруудаар дүүрэн байгаа. Бүгд л давж харилцаж, дарга сайдуудын яриулсан чихээсүүд. Монголын төр мэргэжлийн бус чихээсийн боловсон хүчинтэй, ном журмаараа ажилд ордог биш ноёдын томилгоогоор ажилтай болдог бичигдээгүй хуулийн дагуу явах болсон.

Давж харилцдаг энэ өвчин Монгол төрийн наадмыг ч гацааж шившгээ дэлгэж байсныг бид мэднэ. Одоо парламентад салаавч гаргаад сууж байгаа нэг бөх монгол төрийн наадмын зүүний магнайд гарах гээд юу болов. Мэргэжлийн албан ёсны байгууллага болох Монголын үндэсний бөхийн холбоо барилдах бөхчүүдийнхээ эрэмбэ чансааг үзүүлсэн амжилтынх нь дагуу гаргадаг. Үүнд ямар нэгэн будлиан байхгүй. Гэтэл тэр жилийн наадмын өмнөхөн төрийн тэргүүнээс дархан аварга хэмээх цол хүртсэн эрхэм гишүүн зүүний магнайд гарна гэж зүтгэсэн. Бөхийн холбооноос гаргасан эрэмбээр бол барууны магнайд гарах байсан. Гэтэл зүүний магнайд гарна гээд дайрчихав. Наадам эхэлдэггүй, өнөө нөхөр чинь бөхийн холбооны нөхдөөсөө даваад бүр Ерөнхийлөгчийн тамгын газрынхан руу ярьсан гэж байгаа. Бараг л Ерөнхийлөгчтэй яриад зүүний магнайдаа гарсан. Ийм шударга бус зүйлийг бид төрийнхөө наадмаар Монгол даяараа хараад сууж л байлаа.

Давж харилцдагийн бас нэг жишээ бол С.Зоригийн хэргийг тойрсон асуудал болчихоод байгаа. Анхан шатны мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчээс аваад прокурор, цагдаа, тагнуул, дээд шүүх гээд хууль шүүхийн байгууллага бүх шат дамжлагаар хянан хэлэлцээд С.Зоригийг бүлэглэн алсан нь баталгаатай гэж Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гурван этгээдэд 20-22 жилийн ял оноосон. Бүр гурван шатны шүүхээр хэлэлцээд хамгийн сүүлд улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нь шүүх хурлыг даргалж явуулаад дээрх гурван этгээд С.Зоригийг алсан нь баталгаатай байна гэж үзэн ял оноосон. Ингэж Зоригийн хэрэг хорь орчим жилийн дараа илэрсэн.

Гэтэл гурван шатны шүүхээр тогтоогдоод байсан хэргийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд нь албан ёсны мэдэгдэл хийж үгүйсгэсэн. “Содномдаржаа, Чимгээ нар Зоригийг алаагүй байна. Тэдэнд хилс хэрэг хүлээлгэсэн байна” хэмээн алуурчин гэх хоёр нөхрийн өмнөөс уучлалт гуйсан. Ингэснээр Монголын шүүх засаглал ямар ч үнэ хүндгүй болж, үндсэндээ Нямдорж гэдэг хүн Монгол Улсын хууль шүүх, прокурор, цагдаа, тагнуулын байгууллагыг давж мэдэгдэл хийн, тэдний илрүүлсэн хэргийг худлаа гэж зарлан, хууль шүүхийн нэр хүндийг шороотой хутгасан. Ц.Нямдоржийн зөв үү, эсвэл хууль шүүхийнхны олон жил мөрдөж мөшгиж тогтоосон зүйл баталгаатай байсан уу гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байгаа. Ямар чиг л байсан Хууль зүйн сайд нь хууль, шүүхийнхнийгээ давж ард түмний өмнө алуурчин гэх нөхдөөс уучлалт гуйчихаад байна.

Давж харилцдаг монголчуудын өвчин ийнхүү хууль шүүхээ завхруулаад, Монголд шударга үнэн гэдэг ойлголт байхгүй гэдгээ харуулаад зогсохгүй одоо бүр хэрээс хэтэрч Монголоосоо давж дэлхий рүү халих болсон. Түүний бэлээхэн жишээ гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Америкт хийсэн төрийн айлчлалын үеэр юу болов. Захын нэг товарищ л АНУ-ын Дональд Трамп руу хандаж Монгол Улсын Ерөнхийлөгчөө элдвээр хэлж гутаан доромжилж байх жишээний. Энэ бол арай дэндсэн асуудал. Монголчуудын давж харилцдаг, даргатай нь шууд ярьдаг агуу их зан бүр сүүлдээ ингэж элийрч балайран дэлхий нийтийн шившиг болж гүйцэх нь. Аливаад давж харилцдаг энэ тэнэглэл, сэтгэлгээний ядуурлаасаа нэн даруй салж, бүх зүйлд зүгээр ном журмын дагуу хандаж, стандарт зарчим баримтлахгүй бол улс орон улам л уруудан доройтох нь...

Д.Батболд 

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Вьетнам засварын ажилчид охидын биеийг үнэлүүлсэн үү?
Вьетнам засварын ажилчид охидын биеийг үнэлүүлсэн үү?
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.