“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-Д САНХҮҮЖИЛТ ОРЖ, ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ИДЭВХ СЭРГЭЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 21 секунд
“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-Д САНХҮҮЖИЛТ ОРЖ, ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ИДЭВХ СЭРГЭЛЭЭ

“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-Д САНХҮҮЖИЛТ ОРЖ, ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ИДЭВХ СЭРГЭЛЭЭ

-ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД НИЙТДЭЭ 982.0 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО-

Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн гэрээг Монголбанк тэргүүтэй холбогдох газруудтай байгуулж, зээл олгож эхлээд байна. Урьд өмнө тус салбарт аж ахуй эрхлэгчид мөнгөний эрэлд хатдаг байсан бол энэ асуудлыг ийнхүү төрөөс тусгай бодлогоор дэмжиж байгаад үйлдвэр эрхлэгчид сэтгэл хангалуун байна. Хаврын тариалалтын үеэр тариаланчид маань мөнгөний эрэлд хатаж, өндөр хүүтэй зээл авснаар өрийн дарамтад орсон жишээ цөөнгүй бий. Ерөөсөө бизнесийн салбарын нэг том дарамт бол зээлийн өндөр хүү юм.

Харин энэ удаад төрийн дэмжлэг дор уг зээлийг 5-6 хувийн хүүтэйгээр арилжааны 10 банкаар олгох бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны төсөвт зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 135,5 тэрбум төгрөг суулгажээ. Өөрөөр хэлбэл хүүгийн зөрүү 13 хувийг Засгийн газраас хариуцан төлөх бөгөөд бизнес эрхлэгчдэд 3-5 жилийн хугацаатай олгох аж. Нийтдээ 982.0 тэрбум төгрөгийн зээлийг олгох бөгөөд мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд 132.3 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжихэд 342,6 тэрбум, хүнсний боловсруулах сав баглаа, боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөгийг тус тус олгох юм. Зээлийн санхүүжилтийн гэрээг Сангийн яам, ХХААХҮЯ, Монголбанк, арилжааны банкууд байгуулаад буй. Үүнд Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Хас банк, Богд банк, Ариг, М банкуудаар дамжуулан зээл олгоно. Зээлийг зориулалтын дагуу, үр дүнтэй зарцуулснаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлдвэрлэлээ өргөжүүлэх, шинээр үйлдвэр байгуулах, технологио шинэчлэн, ашиг орлогоо нэмж, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

Тодотговол, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилан батлуулсан УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлсэн. Мөнхүү Засгийн газрын “Хүнсний хангамж, хөдөө аж ахуйн салбарын технологит ажлын талаар авах арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолоор хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг банкны эх үүсвэрт тулгуурлан олгох юм.

Өнгөрөгч онд Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал–Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж, үүнээс хөллөсөн ажил өнөөдөр бодит биеллээ олж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байсаар ирсэн, цаашид ч байх учиртай. Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал монгол үндэстэн хүчирхэг байна. Тиймээс Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн гол асуудал нь хүн ардаа эрүүл, шим тэжээлтэй, стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой, хүртээмжтэй хангах явдал” гэдгийг онцлон дурдаж байв.

Хүнсний асуудал бол манайд нэн тулгамдсан зүйлийн нэг байв. Хүнсний үйлдвэрлэл, үйлдвэрлэгчдэд тэр бүрий дэмжлэг байсангүй. Төрөөс томоохон бодлогоор үйлдвэрлэлийн салбарт техник технологийн шинэчлэл хийсэнгүй. Бизнес эрхлэгчдэд ажиллах таатай нөхцөл байсангүй. Өндөр хүүтэй зээлээр дарж байснаас өнөөдрийнх шиг боломж олгож байгаагүй учраас хөдөө аж ахуй, хүнсний салбарт хүндрэл бий болоод байсан юм.

Судалгаанаас харахад одоогийн байдлаар дэлхийн нийт хүн амын 30 орчим хувь буюу 2.3 тэрбум хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд орсон байна. Түүнчлэн 2030 он гэхэд дэлхийн нийт хүн амын найман хувь буюу 670 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн хэвээр байх төлөвтэйг олон улсын байгууллагуудын судалгаа харуулж байна. Мөн сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ огцом өссөнөөс шалтгаалан эрүүл, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж буй хүний тоо буурч байгааг ч НҮБ-ын судалгаанаас харж болох юм.

Нөгөө талаар хүн амын хүнсний нийт хэрэглээний 50 хувийг импортоор оруулж ирдэг улс орныг хүнсний аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй гэж үздэг аж. Гэтэл манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 40-50, жимс жимсгэнийн 90 орчим хувийг урд хөршөөс импортолж байгаа нь хүнс, тэжээлийн хувьд Хятадын хараат буюу эрсдэлтэйн цаадах эрсдэлтэй болсныг харуулж байгаа том үзүүлэлт.

Үүнээс улбаалан дурдахад манай улс сүүлийн жилүүдэд хорт хавдраар дэлхийд дээгүүр явж, хүн амын дунд зүрх судасны болон хоол боловсруулах эрхтэн систем, хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, нас баралтын голлох шалтгаан нь хүнсэнд байгааг тогтоосон. Уг нь Монгол Улс хүн ам цөөний зэрэгцээ 70 сая малтай, нэг сая гаруй га тариалангийн эргэлтийн талбайтай орны хувьд хүнсний хэрэглээндээ анхаарал хандуулахад эрүүл явж болно. Хамгийн наад зах нь бидний өдөр тутам хэрэглэж байгаа цагаан идээ, сүү сүүн бүтээгдэхүүн, махны хувьд ч асуудал үүссэн. Өнөөх л шүлхий, мялзангаас эхлээд олон төрлийн өвчин мал сүрэгт халдварлах болсон нь өвчний нэгэн том эх үүсвэр болж буй. Дээр нь гадна дотны сүлжээ хоолны газрууд хяналт шалгалтгүй ажиллаж байгааг ч дурдах хэрэгтэй.

Ийм хүндэрсэн цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ уялдаа холбоотой, санал нэгтэй ажиллаж “Хүнсний хувьсгал”-ыг эхлүүлээд байгаа нь сайн хэрэг бөгөөд “хувьсгал”-ын санхүүжилтийн гэрээг байгуулчихлаа.

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Харцага начингуудын халз барилдаан VIDEO
Харцага начингуудын халз барилдаан VIDEO
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.