Хорслын нүд нулимсгүй (Өгүүллэг)
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
34 минут 8 секунд
Хорслын нүд нулимсгүй (Өгүүллэг)

Хорслын нүд нулимсгүй (Өгүүллэг)

Бороо хур татруу, гандуухан зун. Наадам дөхөх тусам нар шарж уяачдын сэтгэлийг улам гонсойлгох. “Галширын уяачид уул тахиж, бороо хур гуйсан юм байх аа...” гэсэн яриатай зэрэгцэн “Эрхэм гишүүн Амбагын гэрт хулгайч ороод хамаг үнэт эдлэлийг нь аваад явчихжээ” гэх мэдээ цацагдлаа. 
- Өвгөн минь, цай цүйгээ ч уухгүй яагаад шороо тавих гэж байгаа тэнгэр шиг хөрхийчихөөд суугаа юм бэ? Цаад хэдэн хүүхэд чинь морио тарлачихаад ирж яваа харагдана. 
Эхнэрийгээ ингэж хэлэхэд Төмөржин хяламхийн муухай харснаа хоймрынхоо авдран дээрээс гар утсаа аваад гарав. Хуралтай юм уу хүмүүстэй уулзаж байгаа бол утсаа авдаггүйг нь мэдэх хэрнээ “Арилсан дотортой монди шүү. Тайван сууж чадаж л байгаа юм байх даа...” хэмээн дотроо Амбагад унтууцсаар овоонд чулуу нэмэнгээ хэд тойров. Гар утасныхаа чичиргээнээс давхийн цочсоноо Амбагын дугаараас дуудлага ирж байгааг хараад уяач эр уужрах шиг боллоо. 

- Таагүй мэдээ хургаж, хүрээлээд юу болоод байна аа?
-  Яахав дээ, хө. Наадам дөхөөд ирэхээр манай хэдэн буяны хөлийг гүйцэх адуу байхгүй болохоор аминдаа намайг доргиох гэж чулуу шидэж байгаа ухаантай юм байлгүй. За, тэр яахав. “Танхил зээрд”-ийн хөл гайгүй юу?
- Зүгээр, зүгээр. Муу юм нүүрлэчихэв үү гэхээс суух, байх газраа олж ядаад байна. “Босоо хар”-ын нөгөө тариа нь тасрах гээд...
- Наадахийг чинь мэдэж байгаа... Уужимхан харна шүү, хө. Чи одоо аймаг руу яаралтай гар. Маргаашийн онгоцоор их сайн лам очно. Уяа, гал дээрээ сан тавиулж, засал сайн хийлгээд ав. Нэлээд хэдэн хүн очно. Хоол, ундыг нь олигтойхон бэлтгэхээ надаар хэлүүлэх юу байхав. Өө тийм, морины эмч хүүхэн очно. Өгөх заавар, зөвлөгөөг бүр бичиж аваад хоцроорой, 
- Юун хүүхэн яриад унав даа. Уяа сойлгон дээрээ бүсгүй хүн ойртуулмааргүй байна шүү. 

- Барцад нь арилсан бүсгүй байгаа юм аа. Америкт морин тойруулгын газар олон жил ажилласан. Хурд, хүчний эмчилгээнд гаршсан хүн шүү!
- Гэр оронд чинь хулгай нүүрлээд, цаагуураа муу юмны дохио өгөөд байна даа, Амбага минь. Эм, тариа элдвийн юм хэрэглэж байснаас уг нь уяа сойлгоор нь давхиулаад үзвэл нэрэнд сэвгүй баймаар юм. За, тэгээд эзэн хүн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ?
- Төмөржин минь, тайван бай. Энэ зэргийн чулуунд доргино гэж байхгүй ээ. Би хоёр өдөр лам, хувраг, бөө гэж явж байна. Хэдэн үе, удмаараа нэрд гарсан бас нэг бөөг орой гэртээ залахаар тохирчихсон. Чөмөг нимгэнтэй хулгайч хэдэн аяга, хэт хутга, ангийн бууг минь аваад явсан байна лээ. Тэр муу хаашаа холдох вэ. Цагдаагийнхан миний гарт байгаа юм чинь. Олоод ясыг нь цайлгаад өгнө гэсэн...
- Ээ, төрийн минь сүлд... Улсын баяр наадам хаяанд тулсан энэ үед хударгатайхан л байж үзээрэй, Амбага минь... 
Амбагатай ярьчихаад Төмөржин наран өөд тоосрох их тал руугаа саравчлан харав. 
... - Хүүтэйгээ уулзах гэсэн юм. 
- Хүү чинь хэн билээ?
- Ундрах... Миний хүү хулгай хийх хүн биш. Яг юу болсон юм бол? 

Жижүүрийн постон дээр суух хошууч руу царайчлангүй харах эмэгтэй хоёр гартаа хувцас хийсэн бололтой ууттай юм барьжээ. 
- Хүн бүхэн л ингэж цэцэг, цэврүү шиг гэж хэлдэг юм. УИХ-ын гишүүний гэрийг ухчихсан Ундрахыг хэлээд байгаа юм уу? За, за дээшээ гараад 202 тоотод очиж мөрдөн байцаагчтай нь уулз. 
Гэрлэн дохио анивчуулан, зүрх зүсэм муухай дуу орилуулсаар хөдөлсөн саарал “фургон”-ы араас нулимстай нүдээр харж зогссон Будмаа:
- Үнэн, мөн нь олдоно оо, миний хүү... гэж чангахан хэлээд эргэлээ. 
... Амбага гишүүний утас руу туслах нь зөндөө залгасныг хараад “Ямар нэг хэрэг гарч дээ” гээд ярьтал
- Тойргоос хүмүүс ирчихээд тантай уулзчихаад буцъя гээд байна гэв. 
- Юун тойргийнхон бэ? Зав алга. Сүхбаатараас морьд ирчихсэн. Уяачдын гал бүгд буучихсан байна. Хэд хоног “Хүй долоон худаг”, “Шар хөвийн дөрөлж” хавиар конторлоно гэж ойлго, мэдэв үү? Наад хүмүүстээ “Гишүүн завгүй. Гадаадын төлөөлөгчидтэй уулзаж, тойрогтоо хэрэгжүүлэх төсөлд мөнгө авах гээд явж байна. Буц” гэж хэл. 
- Холоос ирсэн болохоор заавал уулзах юмсан гээд байх юм. 
- Иймхэн асуудал зохицуулчихаж чадахгүй, чи ер нь яасан урагшгүй нөхөр вэ? Дугтуйнд 10 мянга, 10 мянгыг хийгээд “Сайхан наадаарай. Наадам дөнгөж өнгөрөнгүүт гишүүн тойрогтоо очиж ажиллана” гэж хэл.... Хөөе, чи тэр гаалийн Дугар руу ярьж миний хэлснийг авахаа мартаагүй биз? Өнөө орой хэрэглэх мөнгө шүү... Наад хэдийгээ явуулчихаад над руу яаралтай дохь. 
Ханхайсан том эрээн майхны хойморт сууж, атгандаа багтахгүй шахам том чүнчигноров хөөрөг тойруулан уяаныхантайгаа цайлчихаад Амбага “Сүүж-Уул”-ын амралт руу яаран хөдөллөө. 

... Элдвийг бодоод, нүдээ анин хэвтэж байсан Лантуу хөлийн чимээнээр яаран өндийв
- Бүх асуудал О’кей байхад юунд ингэтлээ сандардаг юм бэ гээд Гадасаа худлаа инээснээ, 
- Сайхан хоол авчирлаа. Наашаа суу гэв. 
Шөнийн муухай зүүдээ ярих гэснээ Лантуу нэрлэхээд, 
- Юу болоод байгааг сайн ойлгохгүй л байна. Айж, эмээхгүй байх арга байгаа гэж үү гэснээ үхрийн шарсан хавирга авч өлссөндөө ум хумгүй зулгаалаа. 
- Томоо чамд мөнгө нэмж өгнө гэж байна лээ. Байрлалыг чинь ч өөрчилж, тухтай газар аваачина гэсэн. Нөгөө чихээсэнд орсон нөхрийг судалсан чинь ямар ч байсан өөрийгөө аваад гарах чадваргүй нөхөр байна лээ. Ээж нь гээд хормойгоо чирсэн эмэгтэй л цагдаагийн үүд сахиад сууж байдаг сурагтай. Манай Томоо хэнийг чихэхээ мэднэ ээ. 
Халуун цай, хоолны бараа харсан Лантуу Гадасаагийн энэ яриаг бараг чихнийхээ хажуугаар өнгөрүүлэв. Тэрбээр “Томоо, Томоо гээд үхэх шахдаг юм. Татварын хэдэн төгрөгөөр туйлж байгаа болохоор нь ингэдэг байх даа” хэмээн бодсоноо “Эд нарт одооноос бага зэрэг цохилт өгөх нь зөв байх” гэж өөртэйгөө зөвлөлдөв. 


Нэг л дүнсгэр байгааг нь анзаарсан Гадасаа нүд нь тогтохгүй ийш, тийш хулмалзаж байснаа,
- Оройн зоог чинь их сайхан хачиртай шүү гээд маасайтал инээлээ. Толгой дохих аядсанаа босч суниагаад Лантуу, 
- Хэдхэн хоноод наадам болох гэж байдаг. Хүн юм болохоор ил гармаар байна шүү гэж тэр Томоогоороо дамжуулаад эрхэм түшээ Хатантөмөрт хэлнэ биз... гээд Гадасаа руу эгцлэн харлаа. Тэгснээ түүнийг хариу үг хэлж амжаагүй байхад нь,
- Гишүүн чинь хэдэн насны морь давхиулах гээд байгаа билээ хэмээн асуув. “Морь уяулдгийг нь хүртэл мэдчихэж. Айхтар чөтгөр юм гээч... Тэгэхээр энэ новш бүх нарийн ширийнийг гадарлаж байгаа юм биш үү?” гэх асуултад ээрэгдэх зуураа, 
- Найз нь хурдан морь, малтайг нь болоод тэр Хатантөмөр гишүүнийг сайн мэдэхгүй ээ. Чи бид хоёрыг уулзуулсан хүн нь Томоо шүү дээ гэж Гадасаа тун итгэл муутай хэлэхийг Лантуу анзаарчээ. 
- Орой хоёр сайхан хүүхэн дагуулж ирнэ. Миний найз сонгож аваад эр хүний жаргалыг ёстой нэг эдлэх шиг болоорой хэмээн ярианы сэдвийг өөрчлөхийг хичээж байгаа нь илт байв. 

Гар утсаа авснаа, 
- Гарч байгаад залгая гээд Гадасаа өндийлөө. 
- Айх юм байхгүй. Даалгаврыг тийм сайн биелүүлсэн юм чинь шагналаа хүртчихээд хэвтэж байхаас өөр яадгийм. Найз нь орой эртхэн ирнэ ээ. Ингэж хэлээд гарсан Гадасаагийн араас нүд цавчилгүй харан хоцорсон Лантуу есөн ширхэг шүдэнзний модоо гаргаж ирээд ширээний ард суулаа. Оюутан байхдаа цыган эмэгтэйгээс сурсан энэ мэргэ нь таагүй юм хэлээд байгаа нь бас өнгөрсөн шөнийн зүүд нь түүнийг тавгүйтүүлж байв. 
... Хөлчүүхэн хөгшин эрийн гарыг дэрлэн хэвтэх бүсгүй “Тохой нийлүүлэн сууж хууль батлах, эсэх товчлуур дарж байгаа хэрнээ нэгийнхээ араас заавал шөвөгдөж явдаг нь эд нарын гэм биш зан болчихож дээ. “Автобус оруулж ирэхэд татвар оноохгүй байх хуулийн төсөл дээр Амбага шиг тус болсон хүн байхгүй” гээд л хэдэн өдөр хүзүү, сээрээрээ холбоотой явсан. Өөрт ашигтай юман дээр биендээ хачиг шиг наалдаж, нуух хаах юмгүй болчихдог мөртлөө нэгийнхээ дээр гарч, урд нь гишгэх гэхээрээ юу ч хийхээс буцахаа больчих юм. Гондомноос ялгаатай нь буцааж хэрэглэхгүй, уулзахгүй юм шиг орхисонтойгоо нэг их удалгүй эргэж наалдана гээч... Гадаад явна гэж гурван жил энэ хүний өвөрт хэвтлээ...” хэмээн бодох. 
- Хонгорхон минь, унтаад байгаа юм уу гээд Хатантөмөр бүсгүйг үнсэх адав. 
Архины эхүүн үнэр ханхийхэд нь ч биш “Хулгай хийсэн гэж огт гэмгүй залууг хэрэгт түлхээд байгааг нь” бодохоос Чингэрэлийн дур гутаж байлаа. Гэвч хоёр хөхийг нь үгтээн базалж, тачаадан шүлстэй уруулаараа озох эрээс Чингэрэл татгалзаж эс чадав. 
- Жирэмсэн болохгүй үе биз? хэмээн асуугаад Хатантөмөр бүсгүйн хэвлий дээр гараа тавив. Дургүй нь хүрсэн Чингэрэл дуугүйхэн толгой дохисон болоод “Би ер нь ямар тэнэг юм хийчихэв дээ. Надтай л адилхан хөгшин эхтэйгээ амьдардаг залуу юм билээ...” хэмээн шаналж хэвтлээ. 

... Халаасандаа гараа хийн хойш, урагш холхисноо, 
 - Тэр новш яагаад гишүүний талаар мэдээлэлтэй байдаг билээ. Гарваа, чи учрыг нь ол. Энэ тухай гишүүн сонсох юм бол эвгүй асуудал үүснэ ш дээ... гээд “Томоо” хэмээн авгайлагддаг Түдэв өөдөөсөө харан суугаа залуу руу дохив. Тэгснээ Гадасаад дөхөж очоод: 
- Дүнсгэр, хачин байна гээд донгио юм яриад байлгүй сайн харж, хяналтаа чангатгахаа мэдэж байна уу хэмээн зандарлаа. Түүнийг ийн омогдож, омогдож гарсны дараа Гарваа, Гадасаа, Хангай гурав бүлх залгичихсан юм шиг хэсэг суув. “Томоо” хэмээн өргөмжлөгдсөн Түдэвийг бүгдээрээ л дотроо харааж байсан боловч хэн нь ч ил гаргаж зүрхэлсэнгүй. Амнаас нь гарсан хий болгон салхиар дамжсан мэт сонорт нь хүрчихдэг учраас тэр. Гар, хөл нь болж, олон жил сүүдэр шиг нь дагаж яваагийнхаа хувьд Хангай түрүүлэн ам нээж, 
- Найдваргүй урхи тавьж, нууцаа алдсан нь тодорхой юм биш үү? Заавал хүүхнүүдээр дамжуулж чихээсний хүн олоод байхдаа яахав дээ, тийм ээ? Тэгж ярих юм бол тэр эрхэм гишүүн нь өөрөө тэвэрч хэвтдэг хүүхнээрээ олуулсан гээ биз дээ? Томоо яахаараа тэр хүний өмнө арилгасан сонгино шиг болж харагдах гэж ядаж явдаг юм бол? гэснээ ширээнийхээ нүднээс шилтэй архи гаргаж ирэв... 

... Мөнгөний сураг сонссон Шүрээгийн алга загатнах шиг болж, цагаа байн байн харан суулаа. 
- Захирал аа, уулзах хүмүүс чинь ирчихлээ.
- Тусгай өрөө рүү оруулаад уух юмаар үйлчилж бай. 
“Гэрийн үйлчлэгч, массажист бэлтгэх төв”-ийн захирал бүсгүйн толгойд “Амласан мөнгийг хэд ч нугалж болох юм биш үү?” гэх адармаатай бодол орж ирээд байв. 
- Хоёр цагийн дараа уулзъя гэж Хангай руу утасдчихаад Шүрээ ханын шүүгээнээсээ гоёмсог платье, костюмны хослол гаргаж өмсөөд, доош бууж рестораны захиалгат өрөө рүү орлоо. 
Гаднах төрх, хувцаслалт, хэл ярианы баялаг нь таалагдсан ч “Нэлээд яггүй амьтан байна” гэх дүгнэлтэд хүрсэн Шүрээ хоёр бүсгүйг гар таталгүй дайлж үзэхээр шийдэв. 
Зулаа нь ам түргэнтэй, барьц алдаж мэдэхээр санагдаж, Сийлэнг сонгон авч Шүрээ урьдчилан бэлтгэсэн тест маягийн асуултаа зугуухан тавьсаар өөрийн хүссэнээ мэдээд авч. “Айлд аваачиж ажил хийлгэхгүй. Төв дээрээ шууд тусгай сургалтад суулгаад цалинжуулахаар боллоо”. Захирал эмэгтэйн энэ шийдвэрт баярласан бүсгүйчүүд “Ганцаарчилсан даалгавар” авахаар Шүрээг даган дээш гарцгаав. Цэцэрлэгт байхаасаа нугарч эхэлсэн Сийлэнг наймдугаар анги төгсөх жил нь уран нугаралтынх нь багш эр хүчирхийлж, өөртөө гомдсон охин биеэ үнэлэгч болсныг сонсоод Шүрээ “Сексийн хувьд ямар ч залууг татах юм байна. Тэгээд ч эр хүнд ингэтлээ гомдсон болохоор хэзээ ч хяналтаа алдахгүй. Сэтгэл алдарна, урвана гэж айлтгүй юм биш үү?” хэмээн олзуурхаж. Гадасаад буюу жийрэг болгохоор шийдсэн Зулаад нэг их цаг зарцуулсангүй. “Муу санаа байхгүй. Цагаахан ийм амьтан энэ үед бас хэрэгтэй” гэж бодоод ажлаа богинохон хугацаанд амжуулсандаа Шүрээ маадгар гэж жигтэйхэн. 


“Шөнийн 00 цаг гэхэд ажилдаа орно” гэж Шүрээ хэлээд диско бааранд орох “эрх”-ээр хоёр бүсгүйг шагнан тэднийг туслахтайгаа хамт гаргав. 
... Бие биенийгээ догшин хамжиж, хөнгөхөөн аргаар мөнгө олчихдог Хангай, Шүрээ хоёр тухалдаг зочид буудалдаа болзсон цагтаа очлоо. Хүүхэнд мөнгө хайрладаггүй эрчүүдийн судсыг атгаж, ашиг олдог ажилд гаршсан амрагууд Хатантөмөр, Амбага хоёрын хагаралдааныг ашиглах хэд хэдэн хувилбар байгааг олоод харчихаж. 
Гадасаагийн араас Хангай нууц паролиороо ярьж, Сийлэнгээс байдлыг тандаж, Лантууг нам дарах зөвлөгөөг Шүрээ бичил захидлаар явуулж байв. Урлагийн байгууллагад ажиллаж байгаад гоо сайханч болж хувирсан Шүрээгээс холдож чаддаггүйнхээ нууцыг түүний тачаангуй, халууханд байдаг гэдгээ Хангай сайн мэднэ. Өөрөөсөө 20 шахам дүү бүсгүйтэй ханилаад удаагүй, жил дараалж гарсан хоёр хүүхэдтэй гээд түүнд ар тийш санагалзах, яарах шалтгаан их байвч Шүрээгээ дагахаар хэд хоног шилэрдэг самуун эр. Энгэрт нь зэрэгцүүлэн зүүсэн хоёр ромботой костюм нь үзмэр аятай шкафанд хадгалагдаж байдгийг нь эс харвал эзэмшсэн мэргэжлийнхээ ид шидийг огт үзээгүй хүн бол энэ Хангай. 

Хангай, Шүрээ хоёрыг амраглан жаргаж байхад “Лантууг Сийлэнтэй учруулчихаад Зулааг авч явахсан” гэж яарах Гадасаа тэдний хамрын нүхэнд орохоос бусдыг хийн жүжиглэж суулаа. 
... Түдэв, Хангай хоёрын үнэнч анд, гарын хүн Гарваа “Түргэний гол”-оор зээглэн буусан уяачдын галыг хэд хэд тойрчихоод “Хүй долоон худаг” руу давхив. Энэ үед эрхэм гишүүн Хатантөмөр улаан зээрд болчихсон “Хурандаа нарын хоншоорыг харъя. Хаях юмаа би хахтал чинь өглөө ш дээ” гээд ханцуй шамлан даналзаж “Халзан” Амбага өдийд мухар сүсгэндээ дарагдаад сүнс нь хальчихсан сууж байгаа...” гэснээ цагаа харав. “Яг одоо соёолонгийн түрүүг хэн авах нь тодорхой болж байгаа даа” гээд Хатантөмөр галзуурчихав уу гэлтэй ганцаар тачигнатал инээлээ. Тэгснээ “Энэ бүгдийг баллуурдахад наад мөнгө чинь хангалттай биз?” гээд хоромхон зуур царай нь өөрчлөгдөн хурандаа Номгон, Балтав хоёр руу ээлжлэн харж батгана шиг ногоон нүд нь хорсол илэрхийлэх... 
... Хүчтэй тариа хийсэн. Ядаж 20 минут хэвт. Сандаг эмчийг ингэж уцаарлахад, 
- Үхнэ гэж байхгүй ээ гээд Амбага босч хувцсаа өмслөө. “Машин гадаа байгаа биз?” гэж арга нь барагдсан янзтай зогсох эхнэр рүүгээ хяламхийснээ тэрбээр гараад явчихав. 

“Хатантөмөр новшийн “сүүдэр”-нүүд уяагаар эргээд байна гэнэ. Яаж ч сарвалзаад тэдний хэдэн морь миний хурдан буянуудын урд гишгэхгүй” хэмээн ганцаараа ярьж явснаа “Гэрт минь орсон хулгайчийг баривчлуулчихлаа” гэсэн чинь хэдэн төгрөгөө эргүүлж байдаг газрыг минь бас цөлмөчихөж. Юу л болоод байна даа. “Хулгай хар мөртэй. Засал хийлээ. Муу бүхнийг зайлууллаа” гээд хэдэн саяыг халааслаад явсан зайран Лувсангийн ид шид нь хаана байна? Хөвсгөлийн Цамбыг хосгүй сайн бөө гэхэд нь итгэсэн юмсан. Тэрний хийсэн хараал, хариулга нь хэзээ үйлчлэх хэрэг вэ?” гэх булингартаж, бачимдсан олон асуултыг өөртөө тавьсаар Амбага “нуувч”-ныхаа гадаа очив. 
“Даралт нь ихсээд эмнэлэгт хүргэгдлээ” гэсэн Амбагыг гэнэт ороод ирсэнд гайхацгаасандаа ам нээж амжаагүй байхад нь,
- Надад үлдэх юм гэж байхгүй болох нь. Намайг ч авч явах бололтой. Тэгэхэд та нар чинь яасан баяр баясгалантай сууж байх юм бэ гээд хоолой нь зангирснаа, 
- Би тэр Банк бус санхүүгийн байгууллагыг яаж өөрийн болгосныг та нарын зарим нь сайн мэдэж байгаа. Сонин, сэтгүүлийн бай болж, болж арайхийн намдаад ашгаа өгч эхлэнгүүт хулгайчид тавиад туучихаж... хэмээн амьсгаадан байж үглэв. Бусдыгаа дуугарч чадахгүйг мэдэх Гочоо их л тайвнаар Амбага руу харлаа. 

- Хэний шидсэн чулуу гэдгийг мэдсэн. Хариуг нь яаж барих вэ гэдэг дээр ярилцаад сууж байна. Тэднээс хурдан хөдөлнө үү гэхээс хоцрохгүй байх аа. Та ингэж өөрийгөө зовоох хэрэг юу байгаа юм бэ? Ард чинь асаалттай танк байхад. Эсвэл таны итгэл ингэтлээ алдраа юу?
Гочоогийн энэ үгэнд тайвшрав уу, аль элсвэл бухимдах нь багалзуурдчихав уу гэлтэй Амбага дуугаа хураагаад суучихав. 
... Хүлүүлчихсэн юм шиг бие бариад, үг яриа нь эвлэж өгөхгүй байсан Лантуу Сийлэнгийн санаачлагаар сэтгэлээ онгойтол сексджээ. Яагаад ч юм бэ түүнд бүх үнэнээ яримаар санагдаж. 
Хорвоогийн мөнх бусыг үзсэн эхнэрээсээ хойш алгын чинээ хоёр хүүхдээ хүн болгох гэж зүтгэж явахад нь ийм байдалд оруулснаа мэдсэн Сийлэн, 
- Би чамд тусална хэмээн бардам хэлэв. “Яаж?” гэж асуух гэснээ Лантуу “Муу ёрын зүүд зүүдэлсэн тэр шөнө хань минь надад туслах гээд яваад байсан шүү” хэмээн бодоод Сийлэнгийн яриаг чимээгүйхэн чагнаж хэвтлээ. “Гадасаатай нэг ангид сурч байсан” гэж хэлсэн болохоор Шүрээгийн даалгавраар ирснийг мэдэхгүй. Тэр сайхан царайны ард ийм том хор буцалж байж. Намайг хорны эсрэг баг болгон ашиглах гээд их мөнгө амласан хэрэг... Би ч тэрнээс ялгаа алга. Хорондоо бас хоронд нь хордох нь...”. Сийлэн ингэж бодсоноо санаа алдан хэвтэх Лантуугийн өврөөс сугарч босоод, 
- Чамайг Халиунаа гэдэг хүүхэнтэй хэн уулзуулсан юм бэ? гэж асуув. 

Лантуугийн ярианаас Чингэрэл гэх эмэгтэйг олж уулзах хэрэгтэйг ойлгоод, 
- Томчуудын тоглолтыг үнэгүй жүжиг гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хоёулаа нууцаа алдалгүй бас нэг тоглолт хийе. Хамгийн гол нь чи надад итгээрэй хэмээн Сийлэн зоримог хэллээ. 
- Юу хийчихэв ээ гэж олон хоног шаналсан асуултандаа хариулт авахын тулд би чамд итгэсэн... гээд Лантуу инээмсэглэв. 
... Машиныхаа улсын дугаарыг өөрчилчихөөд давхиж яваа Гарваа, түүний нөхдийг хаана очиж, юу хийх гэж байгааг мэдсэн Гочоо бэлэн байдал авчихсан нөхөд рүүгээ ярьж, 
- Бидний авсан мэдээ баталгаатай байж. Маршрутыг зөв тооцоолсон байна. Харин Хатантөмөрийн уяаныхан хаагуур, ямархуу байдалтай байна гэж асуув. 

... Нөгөөдөр хурд хүчийг үзэх морьдынхоо идэш хоолыг тааруулах гээд уяачид нойргүй хонож байлаа. Яг энэ үед Галшираас удамтай, сүүлийн хэдэн жил улсын наадамд айраг, түрүү булаалдсан зээрд соёлонг нь Гарваа тэргүүтэй нөхдийн аманд өгч амжжээ” гэдгийг мэдсэн Гочоо Амбага руу ярих гэснээ болив. “Нохойд барьдаг мод шиг ашигладаг мөртлөө хаялга муутайг нь яана. Даралт нь жаахан өгсөхөд гэмгүй” хэмээн бодоод Гочоо машиныхаа хөгжмийг чангалж, суудлаа тэнийлгэн биеийнхээ чилээг гаргахаар хэвтлээ. 
“Шатар тоглоод надад байнга хожигддог байснаа Түдэв мартаж дээ. Чиний бодол, хөдөлгөөн хоёрыг нэвт уншдаг болсныг минь миний багын найз мэдэхгүй л байна даа...” гэж бодон хөх инээд нь хүрч ирснээ “Амбага 50 тэрбум төгрөгөө хулгайд алдчихлаа гээд харвачих дөхөж байгаа юм чинь талыг нь гаргаад өгөхөд үг дуугарч чадах уу, аан?” хэмээн ганцаар ярьж бүр тачигнатал инээснээ Гочоо өөрөөсөө айх шиг болж ийш тийш харав. Машиных нь салхины шилэнд өөрийнх нь өрөвгөр дүрснээс өөр юу ч харагдсангүй. 
Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад хилээр алт гаргахыг завдсан хятад эрийг мөрдөн байцаалтаас оргуулсныхаа шанд 100 саяыг халаасалсан ч мөрдсөө хуулуулж, дүрэмт хувцсаа тайлж өгсөн энэ эр Амбагын ар талд гурван жил шахам зүтгэж байгаа гэх. Гочоог нүдний хор гаргаж амжаагүй хэвтэж байтал “баг”-ийнхан нь ирэв. “Салхинд гарч, ярих юм байна” гэж Амбагад дохио өгөөд Гочоо түрүүлэн хотын төв рүү давхилаа. 

... Хатантөмөр багтартлаа уурлан “Миний ганц хүүг хулгайд сэрдэж, цагдан хорьдог, яасан зоригтой улс вэ? Номгон, Балтав хоёрыг дууд” гэж хашгираад аягатай хүйтэн ус авч асган, цутган залгилав. Хурандаа цолоо хураалгачихсан Гочоод далаараа цэвэр тавиулсандаа бантсан Балтав, Номгон хоёр утсаа хаагаад алга болжээ. Хатантөмөрийг тайтгарч амжаагүй байтал Гарваа, Пүрэв хоёр толгойгоо унжуулсаар ар араасаа цувран орж ирэв.
- Хордсон ялаа шиг та нар чинь яаж хоцроо вэ? хэмээн шүлс үсчүүлэн омогдоод дараагийнхаа үгийг хэлж амжаагүй байхад нь эрхэм гишүүний утас дуугарч. 
- Юу уу..?  Ээ Бурхан минь… Миний “Танхил зээрд”-ийг үү гэснээ гар утсаа хана руу хага шидчихээд суун туслаа… 
Бага үдийн хэрд Хатантөмөр гишүүний “Танхил зээрд” соёолон машинд дайруулсан тухай мэдээ орон даяар цацагдав. Хүү нь хотын төвд байрлалтай Банк бус санхүүгийн байгууллагын касснаас их хэмжээний бэлэн мөнгө хулгайлсан хэрэгт сэжиглэгдэн цагдан хоригдсон, хурдан зээрд соёолонг нь машинаар дайрчихсан гээд уй гашууд автан толгойгоо өндийлгөх тэнхэлгүй байх үеэр нь Чингэрэл Хатантөмөр рүү утсаар ярьжээ. 

- Амбага гишүүний гэрт түлхүүр тааруулан орж, хулгай хийсэн хүн нь Ундрах биш гэдгийг цагдаагийнхан мэдсэн байна. 
Төрийн жолоо атгалцаж байна гээд тэнгэрт дүүлэх мэт нисч явсан эр нүдээ ч цавчихгүй, ам нь ангалзаад байлаа… 
“… Чингэрэл гэдэг эмэгтэй миний найзыг таньдаг юм билээ. Намайг “Их сайн бүсгүйтэй танилцуулъя” гээд хоолонд урьсан… Халиунаа гэх бүсгүйтэй хоёр хоног зугаацаж хоноход намайг согтоож, мансууруулж байгаад Амбага гишүүний гэр рүү дагуулан очсон. Түлхүүр өгч хаалгыг надаар онгойлгуулаад Халиунаа дотогш орсноо цүнхтэй юм бариад гарч ирсэн. “Томоо” гэгддэг Түдэв машиндаа суулгаж авч яваад урьд нь дэлгүүрийн агуулах байсан хөндий хоосон байшинд намайг байрлуулсан. Хэд хоногийн дараа “Чи хэрэгт орохгүй. Чихээсэнд хүн хийчихлээ” гэж хэлэхээр нь “Би ийм байдалтай удаж чадахгүй” гэсэн чинь Гарваагаар намайг зодуулж бараг хоёр хоног ухаангүй хэвтсэн… Халиунаа нь Амбага гишүүний хүүтэй үерхдэг байсан юм билээ. Тэр бүсгүй хар тамхи хэрэглэдгийг нь би санамсаргүй харж, мэдсэн… Сийлэнг надтай учруулж, баяр наадмын үеэр намайг сатааруулах гэсэн нь надад харин тус болчихлоо”. Лантуугийн мэдүүлгийг уншаад гарахдаа Түдэв, 
- За, гишүүн минь. “Нүгэл нүдээрээ гардаг” гэж айхтар үнэн үг байна шүү… Одоо танд надтай ярих юм байхгүй шүү… гээд утсаа таслав. 
Цагаа тулахаар “Томоо” хэмээн өргөмжлөгдөөд байсан авгайлгаасаа хүртэл ичихэд хүрсэн эр яаран ажил дээрээ очлоо. Татварын газрын хаалгаар бараг нулимстай орж “Хяналтын хэлтсийн дарга” гэсэн хаяг бүхий том хүрэн хаалгыг яаран онгойлгов. Нүд нь бүрэлзэж, газар онож байгаа эсэх нь мэдэгдэхээ больсон хөлөө зөөж ядсаар арайхийн ширээнийхээ ард очсон Түдэв эмх замбараагүй хөглөрөх бичиг цаасаа алгуурхан эмхэлж эхэллээ. Лантууг хүлээгээд цагдаагийн хэлтсийн үүдэнд зогсч байсан Сийлэн Шүрээ рүү залгасан боловч цаадахь нь гар утсаа авсангүй. 

Аалзны шүлс адил хэлхэлдсэн торны үндсийг хөндсөн болохоор тэр бүсгүй хүнтэй үг солих ч чадваргүй болчихоод байв. Лантуу, Сийлэн хоёр Чингэрэлтэй уулзаж талархал илэрхийллээ. Тэрээр үг дуугүй хэсэг уйлж сууснаа “Та хоёрын талархлын үг надад шийтгэл шиг тусч байна аа…” гэснээ шилэн аягтай ундаагаар амаа чийглэх аядан зайлав. Тэгснээ “Хатантөмөр хүмүүсээр юу хийлгэдэг, яаж ажилладгийг нь би сайн мэднэ. Гэхдээ Ундрах гэдэг залууг Амбага гишүүнийд бүргэд хаалга хийж өгснийг нь далимдуулан хилс хэрэгт гүтгэхэд гар, бие оролцчихоод өөрийгөө жигшиж, зэвүүцэж эхэлсэн… Ар гэрийг нь судалж, ажил мэргэжлээр нь далимдуулан түүнийг сонгож авсан. Наадам дөхсөн болохоор Амбага гишүүнийг хорлох ажлаа ингэж эхэлсэн юм. “Гэрт нь хулгайч орчихоор цаадахь чинь муу юм шүглэчихлээ” гээд харвах дөхнө…” гэж Хатантөмөр түүний сүсэг бишрэл дээр тоглох гэж байгаа нь тэр шүү дээ… Тэдний тухай яривал барагдахгүй. Та хоёрт биш ярьдаг газар нь ярина аа. Намайг уучлаарай, Лантуу, чи ч гэсэн хэрэгтэн болоход ойрхон байсан шүү” гээд нулимсаа залгин өмөлзөв. 
Түдэвийн заавраар Гарваа Амбага гишүүний уяаны хурдан хар соёолонг наадамд давхих боломжгүй болгох гэж үүрийн таван жингээр “Хүй долоон худаг”-ийн баруун урд дэнжид очиж “Баас хатавч өмхийгөө тавьдаггүй” гэдгийг тэднийхэн арай дутуу ойлгосон байж. Гочоо аль хэдийнэ халаасны хулгайч хоёр хүүхэд хөлслөн морьдын байршлыг солиулчихсан байв. 

Нойтон өвс, тэгээд тачирхан болохоор Гарваагийн тооцоолсон шиг дүрэлзэн ассангүй. Савтай бензин авчирсандаа олзуурхаж, өөрийгөө ухаантайд тооцсон эр “Шүдэнз хавираад зугт” гэж хамт мөлхөх хоёртоо хэлэв. Морио манаж, хараа салгахгүй зогсч байсан уяачид уулга алдан дуу хадаацгаан бужигналдаад ирж. Машинаа асаан хааз нэмэн хөдөлсөн Гарваад үнэгэн харанхуй нөмөрсөн үүрээр морины зүс анзаарах сөхөө байсангүй. “Хамгийн захад нь яваа. Мэдээлэгч нь ингэж хэлсэн болохоор нүдээ аниад “Land-105”-ын хурдыг нэмснээр хурдан соёолонг тэрий хадуулан унагав. 
… Гарваагаас хурдан соёолонгоо нэхэж гомдол гаргах юм бол Хатантөмөр хамаг булхайгаа дэлгүүлэх тул харамслаас өөр юмгүй хоцорч. Хэн нь ч дуугарч чадаагүй мөртлөө нүд салгахгүй харцгааж зогслоо. Хорсол, хонзондоо шатахаар нүднээс нь нулимс гардаггүй бололтой. Хатантөмөр хөдөлгөөнгүй суусаар байв. 
Амбага гишүүний эхнэрийн нэр дээрх мини банкийг тэдний арын албыг хариуцдаг Гочоо нь гардан ухчихаад цагдаад дуудлага өгөхдөө Хатантөмөрийн эрх ганц хүүг найзаар нь дуудуулан хэргийн газрын үүдэнд харанхуй шөнө аваачсан нь түүний хор байсныг эрхэм гишүүн хожим нь мэдсэн гэдэг. Хуудуутай бүх үйлдлээ нуухын тулд хурдан мориор өөрсдийгөө чимэх гэж оролддог болсон эрхмүүдийн хорсол, хонзонгийн золиосонд хайр татсан хурдан буянаа алдсандаа харамссан Төмөржин уяач зодог тайлж, хадаг зүүсэн хусуураа “Хүй долоон худаг”-т өргөөд нутаг буцсан хэдий ч элэг нь эгшиж өгөхгүй л байлаа…

 

Хаа ч цуг олны танил гэр бүлийн найзууд…
Хаа ч цуг олны танил гэр бүлийн найзууд…
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.