Хэнтий аймгийн Дадал сум дахь “Дэлүүн болдог” шинэ нисэх буудлыг барих бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 9-нөөс эхэлжээ.
Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох төр засгийн бодлого шийдвэрт үндэслэн ИНЕГ 2016 оноос Дадалын нисэх буудлыг шинэчилэн барих төлөвлөлтийг хийж ирсэн.
Энэ төлөвлөлт Их Эзэн Чингис хааны түүхт аялал жуулчлалын үндэсний парк байгуулах ажилтай уялдаж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дэлүүн болдог нисэх онгоцны шинэ буудлыг барих хөрөнгө оруулалт өнгөрсөн онд шийдэгдэж улмаар 2020 оны намар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх байсан ч “КОВИД-19” цар тахлын улмаас хойшлогдоод байсан юм.
Өдгөө дэлхий даяар цар тахлын эсрэг вакцинжуулалт эхэлж, КОВИД-ын дараах эдийн засгийн сэргэлт, аялал жуулчлалын эрчимтэй хөгжилд улс орнууд бэлтгэж эхлээд байна.
Тиймээс манай улс иргэний нисэх, аялал жуулчлалын салбарыг сэргээх, жуулчдын тоо урьд, урьдынхаас илүү өсөн нэмэгдэх хандлагатайг урьдчилан тооцоолж Хэнтий аймгийн Дадал сум дахь нисэх буудлын шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлжээ.
Бүтээн байгуулалтын ажлыг "Биг Монголиа билдинг" ХХК 2021-2022 оны хугацаанд хийж гүйцэтгэх юм гэж ИНЕГ-ын харьяа үйлдвэрийн газраас мэдээллээ.