-Хууль зөрчсөн төсөл хууль тогтоогчдын өмнө сөхрөв үү-
Засгийн газар Тавантолгойн төслийг эргүүлэн татлаа. Төрийн тэргүүн “цаг алдлаа” гэж зэмлэсний маргааш, удтал хүлээсний эцэст УИХ-аар хэлэлцүүлэхийн өмнө өөрсдийн хүсэлтээр “ухарч нүүсэн”-ий учир юунд байв. Үүнийг ажлын хэсгийн, Тавантолгойг гацаагчдын ялалт гэж битгий бодоорой. Хууль тогтоогчдын өмнө хууль зөрчсөн төсөл сөхөрч байна гэвэл үнэнд дөхөх биз. Магадгүй энэ “зөв ухралт”-ын цаана зөв урагшлах зам нь нээгдэж байж ч мэдэх юм.
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Ингэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээний төслөөс гадна хөрөнгө оруулалтын гэрээний хавсралт материал болох ашиглалтын тусгай зөвшөөрөл, хамтран ажиллах гэрээ, хамтын ажиллагааны төлбөрийн тооцоолол, газартай холбоотой эрх, тооцооллын томьёо, Ухаа худаг Гашуунсухайтын төмөр замын концессын гэрээ, Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэхтэй холбоотой төсөв санхүүгийн зардлын тооцоо, төслийн талаар ТББ-уудаас ирсэн саналуудыг, Засгийн газрын 150, 151 дүгээр тогтоолуудыг нэмж өргөн мэдүүлсэн байдаг. Гэтэл концессийн гэрээгээр ажиллах компани хэр цэвэр вэ, гадаад өр нь эрсдэлд хүргэх үү, Арбитрын шүүх дээр очиход англи хэл дээрх орчуулгыг дагах тул тэр орчуулга нь хаана байна вэ гэлцсээр өчигдөр Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “цаг алдаж”, Санкт Петербургт очоод Ерөнхий сайдын өгсөн мессежээр бол “нэг суурин дээрээ хэт удаан эргэнэ” гэгч нь болсон. Харин дотооддоо бол “хуулиа дагая” гэсэн байр суурьтай нэр бүхий гишүүдийг “төрийн дайсан” мэт үзэцгээж байв.
Гэтэл ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Бизнесийн дээд хэмжээний чуулга уулзалт-2015” дээр хэлснээрээ уг төслөө эргүүлэн татсаныг өнөөдөр УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэллээ. Бүтэн хоёр сар хууль бус төсөл зүтгүүлээд бөөн ажил удсан ч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсгийнхэнд “ялагдсан” энэ төсөл цаад утгаараа олонхоор түлхүүлж дэмжүүлж байгаад дэмжигдчихнэ гэж бодсоны цаана олон хууль, тогтоомж зөрчигдөх байв. Тиймээс ч хуулийн төслөө эргүүлэн татсаны цаана ямар нэг тохиролцоо, дарамт шахалт байгаагүй, хуулийн хүч байсных гэж харагдаж байна.
Юуны өмнө төмөр замаа Төрийн өмчит “МТЗ” компанидаа биш консорциумд өгье гэснээрээ Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2 дахь заалт, ҮАБЗ-ийн 2011 оны 35/32 зөвлөмжийн дагуу Засгийн газрын 2012 оны 121 тогтоол зөрчигдөх байв. Төрийн өмчит компани консорциумаас муу ажиллана гэж хэн баталсан юм бэ. Энэ бол тухайн төрийн л менежмент. Яагаад өмнө нь ашигтай ажиллаж чадаад байсан “МТЗ”-г энэ ажлыг нугалж чадахгүй гэж үзэж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг нь боомилов гэдгийн цаана “өөр асуудал” оршоод байсан болов уу. Консорциумаар гүйцэтгүүлэхээр “тохиролцоотой” байсан бол дээрх хуулийг эхлээд унших байж. Хүчтэй бол уг хуулиудыг цуцлуулах байсан аж. Тийм биш бол хэнд ч, юу ч амлах хэрэггүй юм. Магадгүй үүний дараа “Энержи ресурс” гомдолтой үлдэж байгаа нь лавтай. Гэхдээ төр үндэсний эрх ашигт, олонхид нийцсэн шийд гаргадгаараа хүчтэй байдаг. Жишээ нь мөнгөний бодлогын хүүг нэмснээр зээлээр хувийн хэвшлийн байгууллагаа ажиллуулдаг аж ахуйн нэгжүүд гомдолтой үлдээж, бага орлоготой болон бараг орлогогүй иргэдээ инфляцийн ачааллаас чөлөөлж талхных нь үнийг хэвээр үлдээдэгтэй төстэй гэх үү дээ.
Ийм “аврал, аллага”-ын харьцаагаа тэгшитгэхийг Шинэчлэлийн ч, Шийдлийн ч Засгийн газар ихэд хичээсэн. Харин энэ удаад төр “МТЗ”-г хуулийн дагуу байгуулсан. Хууль зөрчиж сульдаахгүй. Ингэвэл “Эрдэнэс Тавантолгой” шиг шүтээн мэт компани байгуулчихаад шүншигийг нь авчихаад хог дээр хаяж “дарж байж даргын хэргэм хүртээсэн” нэгэн хүнийг золиосолж буйтай адил хэрэг болно. Тиймээс төр өөрийн шийдвэрээр байгуулсан компани бүрээ ашигтай ажиллуулна. Энэ талаар орос ах нарын шийдвэртэй ижил байр суурь баримталж байна. Харин хятад ах нар шиг төрийн компаниа алдагдалтай ажиллаад ч хамаагүй бүхэл бүтэн улсыг өөрөөсөө хамааралтай болгох цалам шидээд ир гэж явуулдаггүй. Энэ бол манай төрт ёсны уламжлалт арга барил.
Тун удахгүй хуульд нийцсэн Тавантолгойн гэрээний төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Засгийн газар дахин өргөн барих биз ээ. Энэ төсөл нь Монголын төр Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замаа анхнаасаа л 51 хувийг нь эзэмшиж явна. Төмөр замын бусад чиглэлийн сүлжээгээ барих хөрөнгөө эндээс олно, БНХАУ-тай байгуулсан транзит тээврийн гэрээгээр Монгол Улс төмөр замын тээврийн хөнгөлөлттэй тариф авсан. Энэ хөнгөлөлтөө Монгол Улс ашиглана гэдгийг лавшруулсан төсөл байх ёстой.
Мөн АН-ынхан тэнэг л биш бол сонгуулиар амласандаа хүрч, “нүүрс иддэггүй”, зөвхөн түлж хэрэглэдэг, нүүрс гэдэг үгээс залхсан иргэдэд хамгийн их хамаатай хэсэг бол 1072 хувьцааны асуудлыг шийдэх төсөл оруулж ирэх байж гэж найдаж байна. Энэ асуудал саяын буцаагдсан төсөлд тусахдаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.4 дэх заалт, УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2011 оны 35/32 дугаар зөвлөмж, Засгийн газрын 2012 оны 121 тогтоол зөрчигдсөн. Тэр тусмаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд их хэмжээний хэлцэл хийгдэж байгаа тул Засгийн газрын зүгээс “Компанийн тухай” хуулийн “Их хэмжээний хэлцэл хийх” гэсэн 88 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг дагаж мөрдөх ёстой гэдгийг ч мэдээгүй царайлж гадны хөрөнгө оруулагчид нь “Наадах чинь танай л асуудал” гээд, манай төсөлчид “Манай л асуудал, дотроо ярья” гэсээр үл тоосон. Энэ алдаагаа засах байх гэж найдъя.
Нэгэнт энэ гэрээг байгуулснаас хойш Засгийн газар ямар ч нөхцөл тавьж болохгүй, борлуулалтын орлого зөвхөн гадагшаа урсана гэдгээ мэдэж байгаа бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг бүрдүүлж байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хангаж шийдвэрлэх нь улс төр, эдийн засгийн талаасаа оновчтой болов уу.
“Бүх орлого зөвхөн гадагшаа урсах” нөхцөлтэй энэ гэрээнээс Монголд хэзээ, ямар ашиг орж ирэх вэ гэдэг нь хамгийн чухал байсан. Хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам.доллар “орчим” гэдгээс өөр нааштай хариу өнгөрсөн хугацаанд сонссонгүй. Гэтэл гэрээнд “Энержи ресурс” компанийн ашиглаж буй Ухаахудагийн уурхайн нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулж тооцно гэсэн нь бүр ч дотор харлуулсан. Дээр нь “Энержи ресурс” компанийн “ММС” дэх өр, “Эрдэнэс Тавантолгой”-г хараар будахын цаана давуу тал болон хяналтгүй эрх хоёрын аль нь илүү ноёрхох бол гэдгийг сайтар ойлгож байж төрд зөвшөөрөл өгөх ёстой. Эсвээс өнөөдөр Тавантолгойг “тохиролцоот” консорциумдаа өгсний хариуд хожмын өдөр дүүжлүүрт толгойгоо угласантай адил хэрэг болно. Энэ нь “30 жил+30 жил” гэрээний хамгийн ноцтой мөн чанар нь хойч үед хор хохиролтой гэдгийг сануулсан хэрэг.
Ямартай ч Засгийн газрын оруулж ирсэн Тавантолгойн гэрээний төсөл эхний удаад өөрсдийнх нь хүсэлтээр буцаагдлаа. Хуулийн өмнө буцах шалтгаан тэдэнд байж. Одоо тэднээс хүлээх зүйл нь зөвхөн хуульд нийцсэн гэрээний төсөл оруулж ирж батлуулах явдал. Түүнээс биш “хурдал” гэхээр хурдасгаад, “гацаая” гэхээр гацаагаад байх асуудал огт биш.
Хэдийгээр “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалько”-д 140-өөд сая ам.долларын өртэй гэх боловч зээлийн дарамт, хяналтгүйгээр тавиад туух баялаг маань энэ өрийн дэргэд юусан билээ. Тэгээд ч “Эрдэнэс Тавантолгой”-д төр саад биш дэм болоод явбал өрөөс гарах бүрэн боломжтойг ажлын хэсгийнхэн хэлсэн.
Сүүлийн өдрүүдэд Тавантолгойгоос байгалийн илэрлээ гэцгээх боллоо. Үүнийг ашиглах гээд бас л хуульдаа өөрчлөлт оруулна, тендер зарлана, магадгүй мөнхийн ялагч мөнөөх л компани торойгоод гараад ирэх биз. Монгол компани оролцож ажиллабал баяртай байх хэдий ч нэг компаниас болж хуулиараа тоглодоггүй төртэй, нэг баялгаас болж тэр газар нутаг дээр монгол хүн гишгэхдээ “компаниас зөвшөөрөл авдаг”-гүй байхсан. Энэ бүх алдааг засч залруулан Монголын эрх ашигт бүрэн нийцүүлснээр Монголын төрд ажиллах эрхээ “сунгах” боломжтой ч болж мэдэх юм. Энэ удаад төслийг буцааснаараа “зөв ухралт” хийлээ, Засгийн газар!
У.Оргилмаа www.Baabar.mn нийтлэлч