Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль чимээгүйхэн өндөрлөж, МАН-ын дарга У.Хүрэлсүх зургаа дахь Ерөнхийлөгч боллоо. Одоо яах вэ гэвэл аанай л шинэ Ерөнхийлөгчийг дагасан томилгоо үргэлжилнэ. Юуны өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга гэж нэг чухал хүн хэрэгтэй. Тамгын газрын дарга бол Ерөнхийлөгчийг олон нийтэд бүрэн төлөөлөх хүн учраас хамгийн чухал алба бөгөөд У.Хүрэлсүхийн итгэлт нөхөр байх учиртай. Түүнээс бус Х.Баттулгын Тамгын газрын дарга З.Энхболд шиг Ерөнхийлөгчөө нэр дэвших эрхгүй болгочих хүн хэрэггүй гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа.
Тэгвэл Тамгын газрын даргаар түүний итгэлт нөхөр Я.Содбаатар очно гэсэн мэдээлэл байгаа нь үнэний ортой мэдээлэл байх. Я.Содбаатар У.Хүрэлсүхийн улс төрд олон жил хамтарсан итгэлт нөхөр юм. Тэрээр У.Хүрэлсүхийн танхимд Шадар сайдын алба хашиж байсан ч ажлын хариуцлага алдсан шалтгаанаар ажлаа өгсөн. Үүнээс өмнө Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байгаад Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэргээр ажлаа өгсөн гээд сайдын суудалд удаан тухалж амжилгүй өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга гэсэн албан тушаалд очихоор гэтэж байна. Ямартай ч эгэл ардын авах ёстой зээлд гар дүрж, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд гар дүрсэн энэ эрхэм 2020 оны сонгуульд хариуцлагын хүрээнд мандатгүй үлдэж байсан ч Шадар сайдаар дамжин өндөр албан тушаалд очно гэхээр өнөөх шударга төр, хариуцлага хаа байна вэ гэж хэн ч асуух байх.
Мөн бас нэг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд гар дүрж, түүнээс хойш албан тушаалгүй ч У.Хүрэлсүхийн Шадар хүн байсаар ирсэн Ж.Энхбаяр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга гэх албан тушаалд очих нь бас л тодорхой аж. Тэр ямар нэг албан тушаалгүй ч намын дотоод үйл хэрэг, аливаа шатны сонгуульд идэвхийлэн оролцож ирсэн нь шинэхэн Ерөнхийлөгчтэй хичнээн ойр болохыг харуулна. Тэгээд ч Ж.Энхбаярын хувьд Я.Содбаатараасаа илүү магадлалтай. Түүний очих албан тушаал нь цэрэг арми, хууль хүчний байгууллагатай тодорхой хэмжээгээр холбогддог учраас өөр сонголт ч үгүй байх. Зөвхөн эрхэм хоёр нөхрөөс харахад нэгэн цагт хариуцлага нэрийн дор нэр дэвших эрхгүй үлдэж байсан ч барьцаа ахиулан төрийн өндөр дээд албан тушаалд очих гэж байна.
Тэгэхээр Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарт тооцож байсан хариуцлага гэх зүйл бол зөвхөн уриа лоозон төдий зүйл байж, өнөөдөр ард түмэн мартсан гэж өнгөц бодож байгаа хэрэг юм болов уу. УИХ-ын гишүүн байхдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд гар дүрж байсан нөхөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болвол юу дуртайгаа хийж таарна. Өнөөх л хариуцлага, шударга ёс гэх зүйлийг амны уншлага мэт давтаж ирсэн төрийн өндөр дээд удирдлагууд маань мартагнуулж байгаад л “Жидүүчид”-ээ оруулж ирж байгаа бололтой.
Эх сурвалж: Түмэн.мн