Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 51 секунд
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1

Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрээн толгойн нүүрсний ордтой холбоотой ноцтой асуудал сүүлийн хэдэн жилийн турш яригдаж байна.Үүнийг эзэмшигч нь иргэн Х.Бүрэн-Эрдэнэ гэдэг хүн байна. Тэрбээр “Монгол Ураниум Ресурс” компанийн эцсийн өмчлөгч юм. Улмаар энэхүү нүүрсний лицензийг “Эрээн толгой” гэдэг компани байгуулаад түүн рүүгээ шилжүүлсэн.

Эдгээр компаниас болоод байгаль орчин, тэр дундаа усны нөөц сүйдэж буй талаар нутгийн иргэд, сум, орон нутгийн засаг захиргаа нь тэмцсээр ирсэн. Тэд өөрсдөө төр захиргааны байгууллагууд, шүүхэд ханддаг. Нутгаасаа сонгогдсон гишүүдэд ч дуулгадаг. Гээд хэн ч тоож сонсдоггүй байгаа юм.

Учир нь Эрээн толгойн ордыг эзэмшигчид эхнээсээ л хууль зөрчиж, асуудлыг "дээд түвшинд" шийдсээр иржээ. Тиймээс нутгийн иргэдийн эсэргүүцэл хэнд ч хүрдэггүй байсан бололтой юм. Наад захын жишээ л гэхэд тухайн орд оршдог Эрдэнэцагаан сумын IV багийн ИНХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн хурлаар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тухай 15 тоот тогтоолыг гаргасан. Гэтэл тэр өдрийн хурлаар ийм асуудал хэлэлцээгүй. Хуралд оролцсон гэх 97 хүний бүртгэл байдаггүй. Энэ мэтийн асуудлыг иргэд нь хэлж ярьсаар байгаа юм.

Тэгвэл энэ орд газартай холбоотой түүнээс ч ноцтой явдал хөшигний ард өрнөжээ. Тус компани ураны хайгуул хийж яваад олдсон нүүрсний ордыг эзэмшилдээ авсан. Энэ нь шууд хууль зөрчсөн үйлдэл бөгөөд үүнд нь Захиргааны хэргийн шүүхийн нэр бүхий шүүгч нар “дэмжлэг үзүүлсэн” байж болзошгүй байна.

Уг нь хуулиараа ураны буюу цацраг идэвхт бодисын хайгуулын лицензтэй бол тэр чиглэлээрээ ажиллах ёстой. Хайгуулын явцад олдсон ердийн ашигт малтмал буюу нүүрсний ордыг АМГТГ-т мэдэгдэж хүлээлгэж өгөх учиртай. Угаасаа ингэдэг. Ийм тодорхой явдлууд байдаг. Олон нийтийн хамгийн их мэдэх жишээ гэвэл “Бадрах Энержи” компани нь 3-4 жилийн өмнө ураны хайгуулын ажил гүйцэтгэж байхдаа Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас 20 гаруй километрийн зайд коксжих нүүрсний орд илрүүлсэн. Долоон тэрбум тонн орчим нүүрсний таамаг нөөцтэй гэх ордын бүх хайгуулын ажлын тайланг хийж гүйцэтгэсэн. Ингээд хуулийн дагуу төрд шилжүүлсэн байдаг. Улмаар XV-022117 тоот хайгуулын лицензийг нь төрийн мэдлийн “Эрдэнэс Баянбогд” компани байгуулж шилжүүлсэн. Тус компанийн 34 хувийг “Эрдэнэс Монгол” компани, үлдсэн 66 хувийг орон нутгийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” хувьцаат компани эзэмших болсон юм.

Тэгвэл 2007 оны долдугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан “Монгол Ураниум Ресурс” /РД: 5150884/ компанид Цөмийн энергийн газраас 2010 оны арванхоёрдугаар сарын 30-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Хэрмийн цагаан өндөр хэмээх газарт 74 427.98 гектар талбайд уран хайх лицензийг эзэмшүүлжээ. Ингээд 2011 оноос эхлээд хайгуулын ажлаа хийжээ. Харин 2011-2017 онд Эрээн толгойн хүрэн нүүрсний ордод хийсэн гэх эрэл хайгуулын ажлын үр дүн, тайлангаа 2018 оны гуравдугаар сарын 29-нд АМГТГ-ын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулжээ. Тус зөвлөл хүрэн нүүрсний ордын нөөцтэйг зөвшөөрч, 2018 оны тавдугаар сарын 17-ны ХХ-05-17 дугаар бүхий дүгнэлтээр “...“Монгол Ураниум Ресурс” компанийн хайгуулын ажлын үр дүнгээр илэрсэн хүрэн нүүрсний нөөцийг Улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэх нь зүйтэй. Уг хүрэн нүүрсний нөөцийг хүлээж авах, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг АМГТГ-ын даргад хүргүүлэх”-ээр шийджээ. Ийн АМГТГ-ын даргын 2018 оны долдугаар сарын 10-ны 11/58 дугаар бүхий Нөөцийг хүлээж авч, бүртгэх тухай тушаалаар Эрээн толгойн хүрэн нүүрсний ордын нөөцийг бүртгэж, улсад хүлээн авсан байна. Энэ хооронд “Монгол Ураниум Ресурс” компани дээрх хүрэн нүүрсний ордыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авахаар ажиллаж эхэлжээ.

Тодруулбал, 2018 оны зургадугаар сарын 27-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийн дагуу хайгуулын ажлын үр дүнг үндэслэн хүрэн нүүрсний ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст гаргасан байна.

Түүнчлэн 2017 оны арваннэгдүгээр сарын 28-ндм17/29мтоот албан бичиг, 2018 оны долдугаар сарын 24-нд 18/39 тоот албан бичгээр тус тус “Ураны хайгуулын лицензийн бүртгэлээ өөрчилж, ашигт малтмалын хайгуулын лиценз болгох хүсэлт тавьжээ. Харин АМГТГ-ын Кадастрын хэлтэс лиценз олгоогүй байна. “Монгол Ураниум Ресурс” компанийн өргөдөл, хүсэлтүүдийг зөвшөөрөөгүй гэсэн үг. Тэгмэгц “Монгол Ураниум Ресурс” компани шүүхэд ханджээ. Тэд “АМГТГ-ын Кадастрын хэлтэст ураны хайгуулын лицензийн бүртгэлээ өөрчлөх, ашигт малтмалын хайгуулын лиценз болгох, мөн хүрэн нүүрсний хайгуулын болон ашиглалтын лицензийн хүсэлтийг удаа дараа тавьсан боловч одоог хүртэл ямар нэг байдлаар хариу ирүүлээгүй байна” гэсэн нэхэмжлэлийг гаргажээ. Түүндээ “...“Монгол Ураниум Ресурс” компанийн хайгуулын үр дүнд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр, АМГТГ-ын хүрэн нүүрсний нөөц бүртгэж, улсын нөөцийн санд бүртгэсэн шийдвэр зэргийг үндэслэж, “Монгол Ураниум Ресурс” компанид хүрэн нүүрсний ашиглалтын лиценз олгох захиргааны акт гаргахыг АМТГТ-ын Кадастрын хэлтэст даалга, Мөн лиценз дээр байгаа ураны лицензийг ердийн ашигт малтмалын лицензэд бүртгэхийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах”-ыг шаарджээ.

Үүнд нь АМГТГ-ын Кадастрын хэлтэс “...“Монгол Ураниум Ресурс” компанид Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хэрмийн цагаан өндөр нэртэй газрын 74 427.98 гектар талбайд ураны хайгуулын Ц-003Х тоот лицензийг 2010 оны арванхоёрдугаар сарын 30-нд олгосон байна.

Цөмийн энергийн газрын Цацраг идэвхт малтмалын хэлтсийн даргын 2013 оны арванхоёрдугаар сарын 30-ны 17 дугаар шийдвэрээр “Монгол Ураниум Ресурс” компанийн Ц-003Х лицензийг 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ныг хүртэл сунгаж шийдвэрлэсэн байна. Цөмийн энергийн газрын чиг үүрэг АМГТГ-т шилжин ирснээр “Монгол Ураниум Ресурс” компанийн Ц-003Х лицензийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Хэрмийн цагаан өндөр нэртэй газрын 74 427.98 гектар талбайд ураны ХV-018247 тоот болгож лицензийг бүтгэсэн байна. Цөмийн энергийн тухай хуулийн 15.2 дахь хэсэгт “Дараах үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон лицензээр эрхэлнэ”, үүнд 15.2.1-т “Цацраг идэхт ашигт малтмал эрж хайх”, 15.2-т “Цацраг идэвхт ашигт малтмал ашиглах” гэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 3.1-т “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж заасан. Иймээс Цөмийн энергийн тухай хуулийн дагуу олгогдсон ураны хайгуулын лицензтэй талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу ердийн ашигт малтмал буюу хүрэн нүүрсний лиценз олгох боломжгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 24.1-т “Хайгуулын лицензтэй талбайд зөвхөн уг лиценз эзэмшигч нь ашиглалтын лиценз хүсэж, өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан. Эрдэс баялгийн зөвлөлийн 2018 оны тавдугаар сарын 17-ны хуралдаанаар хэлэлцэж, Эрээн толгойн нүүрсний ордын нөөцийг Улсын нэгдсэн санд бүртгэсэн хэдий ч ураны хайгуулын талбайд гаргасан хүрэн нүүрсний ашиглалтын лицензийн өргөдлийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Цөмийн энергийн тухай хуулийн 28.4.1-т “Хайгуулын талбайн хилийн дотроо цацраг идэвхт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон лицензийн үндсэн дээр эрэх, хайх” гэсэн зохицуулалт байсан.

Гэвч уг заалтыг 2015 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. Тиймээс энэ тохиолдлын уран болон хүрэн нүүрсний хайгуулын болон ашиглалтын лицензийн зохицуулалт нь тусгайлан зохицуулсан хуулиудад тусдаа байх тул ураны хайгуулын талбайд хүрэн нүүрсний ашиглалтын лиценз шууд олгох зохицуулалт үгүй байна” гэсэн тайлбарыг өгчээ. Уг нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2018 оны есдүгээр сарын 28/-ны өдөр хэлэлцээд 128/ШШ2018/0602 дугаар бүхий шийдвэрийг гаргасан байна. Шүүгч Н.Дуламсүрэнгийн даргалсан тус шүүх хуралдаанаас “Шүүх нэхэмжлэгч “Монгол Ураниум Ресурс” компанийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр болон “Монгол Ураниум Ресурс” компанийн хайгуулын ажлын үр дүнд нөөц бүртгэж авсан тушаал, шийдвэрийг үндэслээд хүрэн нүүрсний орд дээр ашиглалтын лиценз олгож, цацраг идэвхт бодисын биш ердийн ашигт малтмалын лицензээр бүртгэхийг хариуцагчид даалгасугай” хэмээжээ.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Олимпийн тамирчид сүлд дуутай боллоо
Олимпийн тамирчид сүлд дуутай боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.