Сонгууль эхлээгүй байна шүү, улстөрчид өө. Өмнөх ажлаа хийцгээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 28 секунд
Сонгууль эхлээгүй байна шүү, улстөрчид өө. Өмнөх ажлаа хийцгээ

Сонгууль эхлээгүй байна шүү, улстөрчид өө. Өмнөх ажлаа хийцгээ

Сонгууль эхлээгүй, 2016 он болоогүй шүү гэдгийг улстөрчдөд сануулахгүй бол болохгүй нь ээ гэж бодогдох болов. Ширээн дээрх хуанлигаа сөхөж харах хүртэл хэмжээнд зарим нь улстөржиж, ард түмэнд хайртай гэх “маск”-аа зүүжээ. 

Парламентад суудалтай, суудалгүй улс төрийн намууд, хувь улстөрчид, шинээр нэр дэвших сонирхолтой залуучууд гээд улстөржихгүй хүн гэж алга.

Тэд бүгд нэг зорилготой. Тэр бол ард түмэнд таалагдаж, парламентад суудалтай нь амлалтаа биелүүлэх гэдэг хүслээр зангидагдан улстөржиж явна.

Сонгуулийн ажилдаа орчихоод яваа олон улстөрчөөс юун түрүүнд УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг нэрлэмээр байна. Магадгүй том зорилго өвөртлөн өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэж ч мэднэ гэдгээ цухалзуулаад эхэлчихсэн. Түүний барьж авсан улс төрийн “хөзөр”, олон нийтэд таалагдах хувилбар нь Оюутолгой байсан. Анх л С.Баярцогттой Оюутолгойн асуудлаар мэтгэлцэж байсныг санаж байгаа байх. Харин одоо бол Засгийн газар Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг оруулахаар болсон нь С.Ганбаатарын хувьд ирэх 2016 оны сонгуулийнх нь том сурталчилгаа болох биз.

Мөн УИХ-ын гишүүн Г.Уянгыг нэрлэхгүй өнгөрч болохгүй мэт санагдаж байна. Энэ хүн С.Баярцогт, Ч.Сайханбилэгт хоёр дургүй. Дургүй гэдгийг нь одоо тайлбарлая. Шинэ Засгийн газар байгуулагдах үед Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөх гэж л гарч ирлээ гэж хэлж байлаа. Улс орныг хөгжүүлэх бус доройтуулсаар байгаа учир тэднийг огцруулах ёстой гэж хамгийн их ярьдаг нь УИХ-ын гишүүн Г.Уянга. Мэдээж түүнд иргэдэд таалагдах хүсэл бий учир популизм хийж байгаа.

Энэ нэрс нэлээд урт үргэлжилнэ. Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ намын бодлого гэхээс илүү хувь хүний улс төрөө сайн хийж яваа харагдаад байгаа юм. Монгол УлсынЕрөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшсэн энэ эрхэм нэлээд өндөрт гарч ирсэн. Энэ нь түүнд Ерөнхийлөгч болох боломж бий юм байна гэдэг бодлыг төрүүлсэн нь лавтай. Ийм ч учраас тэр ганцаарчилсан “тоглолт” хийж, Засгийн газрыг муулж, олон толгойнуудыг муулж, шүүмжилж, одооЕрөнхий сайдыг огцруулах тухай ярьж байна.

Хувь улстөрчдийн тухай яривал үүгээр дуусахгүй ээ. Харин одоо намууд хэрхэн сонгуулийн ажилдаа оров гэдгийг харъя. Ардчилсан намынхан одоо УИХ-аар хэлэлцэж байгаа Үл хөдлөх хөрөнгийн барьцааны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр дамжуулан иргэддээ газрыг өмчлүүлнэ гэсэн амлалтаа биелүүлэх ажилдаа “мордсон”. АН-ынхан газрыг өмчлүүлж, газраа томсгох, газар дээрээ амьдрах орчноо сайжруулах, худалдах гээд олон боломжийг олгохоор байгаа. Газраа өмчилсөн иргэдэд боломж олгож, эдийн засгийн эрх чөлөөг нь бий болгох хэрэгтэй гэдгийг АН-ын дарга хэлсэн юм. 

Харин Ардын намынхны хувьд бол Тэтгэврийн зээлийн хүүг тэглэх асуудлыг ярьж байгаа.Үүнийг нь АН-ынхан дэмжихгүй, боломжгүй гэх асуудлыг ярьсан. МАН-ынхан уг асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авчихсан юм. “Шударга ёс” эвслийн тухайд Оюутолгойн асуудлыг улстөржүүлж буй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт 14 хоногийн хугацаа өгчихөөд шаардлагыг нь хүлээж авахгүй бол засгаас гарах аль эсвэл Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг зарим гишүүн нь яриад эхэлчихсэн. Энэ мэт улстөржилт хэдийнэ эхэлчихлээ. Гэхдээ ард түмэн бидэнд та нарын улстөржилт, ажил гацаадаг байдал чинь огт хэрэггүй. Харин өмнөө төлөвлөсөн ажлаа олигтойхон шиг гүйцэтгээд, үр дүнг нь мэдрүүлээд өг гэж л саналаа өгсөн юм шүү гэдгийг дахин нэг бодоод үзээрэй. Тиймээс сонгууль болоогүй шүү, зүгээр л өмнөх ажлаа хий...

Ц.Цацрал

Дээгий жүжиглэхгүй “продюссерлэнэ”
Дээгий жүжиглэхгүй “продюссерлэнэ”
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.